Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Хны Нд холбогдох 2217000000103 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Хны Н /РД:....../, Д аймгийн Х суманд .... оны .... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “......” ХК-ийн технологийн автомашины оператор ажилтай, Г аймгийн Ш сумын ... дүгээр баг, ... дугаар байрны .... тоотод оршин суух, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Х.Н нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн орчим Ш сумын ... дүгээр баг, ... дугаар байрны ... тоот гэртээ Н.И, З.Б нартай “гэрт хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар З.Бын зүүн өгзөг хэсэгт хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 9 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ороход хүнгүй байхаар нь ганц юм уугаад унтъя гэж бодоод дэлгүүр явж байтал И, П нартай таарсан. Тэгээд Наран дэлгүүр ороод Джек дэниэлс нэртэй виски 1 аваад манай гэрт уусан. Дахин архи авах гээд хүн амьтанд харагдаад яах уу гээд Быг дуудахад 1 шил Джек дэниэлс нэртэй виски авч ирснийг уугаад талд нь орж байхад И, Б нар хоорондоо муудалцаад байхаар нь одоо манай гэрээс яв гээд айлгах гэж байгаад Бын бөгсөнд нь хутгаар хүрсэн. Миний согтолт гайгүй байсан болохоор болсон асуудлыг мэдэж байгаа. Хутга тавиур дээр халбага, сэрээний саванд байсан. Тэр хоёр хоорондоо ноцолдож байхад газарт унасан байх, би хутгыг газраас аваад гарахгүй болохоор нь жаахан айлгах гэж байсан юм. Намайг Этэй утсаар ярьж байхад тэр хоёр гэрт баахан юм нураагаад муудалцаад байсан. Намайг гэрээс яв гэж хэлэхэд эхлээд гарах гэж байснаа буцаад зууралдаад байсан. Би гэм буруугаа болон прокуророос сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Б хохиролд мөнгө нэхээгүй. Гаргасан үйлдэлдээ шаналж, гэмшиж байна. Энэ асуудлаас болоод эхнэртэйгээ маргалдаад сэтгэл санаагаар унасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин ийм алдаа гаргахгүй гэв.

2. Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн үед Х.Н нь над руу залгаад бид хэд ууж байна, дэлгүүрээс 1 шил архи аваад гэрт ир гэхээр нь би Наран дэлгүүр ороод Джек Дэниэлс гэсэн нэртэй 1 литр савлагаатай виски нэг шилийг аваад очтол Х.Н, Н.И, Б.П нар байсан. Бид 4 нэлээн согтчихсон гал тогоонд юм ярьж сууж байтал Н.И чи ажил төрлөө сайн хийж болдоггүй юм уу гэх мэтээр над руу агсраад байхаар нь би уурлаад бид хоёр хэрэлдээд босож ирээд муудаад барилцаж аваад бие биеэ заамдаад зогсож байтал Б.П, Х.Н нар салгасан. Тэгтэл Н нь уурлаад 2 пизда минь болиоч та нарын зодолддог газар чинь биш шүү, манай гэрт яагаад муудаад байгаа юм бэ гар зайл гээд хөөсөн. Н.И нь чимээгүй болохгүй хэрүүл өдөөд хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр дахиад барилцаж авах гэтэл Н нь гартаа хутга барьчихсан зайл манай гэрээс дахиж битгий ирээрэй гээд орилж байгаад миний бөгс хэсэг рүү хутгаараа дүрчих шиг болсон. Бид нар цагдаа дээр ирээд биедээ үзлэг хийлгэж байтал миний зүүн хонгоны доод хэсэгт хутгалуулсан оромтой цус гарсан байхаар нь эмнэлэг орсон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-36 хуудас/

3. Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 9 цагийн үед Х.Н бид хоёр гэртээ харих гээд байрны гадаа тамхи татаад зогсож байтал Х.Н ганц шил архи уугаад унтах уу гэхэд Н.И байрны гадаа таараад бид 3 ганц шил архи уухаар тохироод Наран нэртэй дэлгүүр ороод Джек Дэниэлс гэсэн нэртэй 1 литр савлагаатай виски нэг шил, 0,5 литр савлагаатай Тайгер нэртэй шар айраг 2 шил, 1 том ундаа, 1 килограмм бууз аваад Х.Нийн гэрт орж Н.И, Х.Н нарын хамт ууж эхэлсэн. Бид 3 ууж дуусгаад дахиад нэг шил архи авах гээд З.Б луу залгаад захитал удалгүй З.Б нь гаднаас Джек Дэниэлс гэсэн нэртэй 1 литрийн савлагаатай виски нэг шилийг авч орж ирээд бид 4 хамт уусан. Бид 4 нэлээн согтчихсон гал тогоонд юм ярьж сууж байтал гэнэт З.Б, Н.И нар нь хоорондоо маргалдаад ална, шулна гээд босож ирээд зууралдаад дээр доороо ороод барилдаад эхлэхээр нь Х.Н бид 2 боль гээд би Н.Иыг хориод Х.Н З.Быг аваад салгасан. З.Б, Н.И нар нь чимээгүй болохгүй орилоод хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгтэл Н нь уурлаад 2 пизда минь болиоч та нарын зодолддог газар чинь биш шүү, гэр орны юм эвдлээ шүү дээ, ууж идэж чадахгүй бол зайл гэхэд үгэнд нь орохгүй байсан. Би Н.Иыг чимээгүй болгох гээд хажууд нь зогсож байтал Х.Н нь гартаа шар өнгийн иштэй хутга барьчихсан зайл манай гэрээс гээд З.Быг түлхээд гаргаж байтал Н.И нь хөөе чи наад хутгаараа хүн амьтан гэмтээчихнэ аваад ир гээд Х.Нийн гарт байсан хутгыг булааж авахаар нь би хоорондоо муудаж байгаад янз бүр болчихно гээд Н.Иын гарт байсан хутгыг нь аваад ариун цэврийн өрөөний хаалганы булан руу шидчихсэн. Бид нар цагдаа дээр ирээд биедээ үзлэг хийлгэж байтал З.Бын зүүн хонгоны доод хэсэгт бага зэрэг шалбарчихсан байсан. Тухайн үед Н.И, З.Б нар нь гал тогооны өрөөнд нь муудалцаад ширээ, сандал, шүүгээ зэргийг нь нураагаад байсан болохоор Х.Н нь уурлаад Н.И, З.Б нарыг боль гэтэл болихгүй муудалцаад байсан болохоор маргалдсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-39 хуудас/

4. Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 225 дугаар дүгнэлтэнд: “З.Бын биед зүүн өгзөгний доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас 2022 оны 11 дүгээр сарын 08-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Л.Ж гэжээ. /х.х-ийн 55 хуудас/

5.  Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтааар тооцох тухай тогтоол /х.х-ийн 3-6, 7-17, 24 хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 78 хуудас/

7. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 113-114 хуудас/ зэрэг болно.

Шүүхн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн орчим Г аймгийн Ш сумын ... дүгээр баг, ... дугаар байрны ... тоот гэртээ Н.И, З.Б нарыг гэрт нь хэрүүл маргаан үүсгэж, эд зүйл эвдлээ гэх шалтгаанаар маргалдан улмаар З.Бын зүүн өгзөгний доод хэсэгт хутгалж зүүн өгзөгний доод хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Х.Нийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Нийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Б, гэрч Б.П нарын өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Г аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 225 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Х.Н нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Х.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хангаж, шүүхэд хэргийг ирүүлжээ.

Шүүгдэгч Х.Н нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд Н.И, З.Б нар нь бусдын гэр оронд архидан согтуурч улмаар хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, гэрийн эд зүйл эвдсэн зүй бус үйлдлийн улмаас үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Х.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгчийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг шүүгдэгч Х.Н нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Нийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, бусдад төлөх гэм хорын төлбөргүй зэргийг тус тус харгалзаж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Х.Нийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар цэнхэр өнгийн эрэгтэй дотуур өмд, тод цэнхэр өнгийн 2 шилбэндээ гэрэл ойлгогчтой ажлын өмд, улаан өнгийн шорт, цэнхэр өнгийн женсэн ажлын өмд, бор өнгийн хутгыг тус тус устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Хны Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нид оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нид оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн бор өнгийн модон иштэй хутгыг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар цэнхэр өнгийн эрэгтэй дотуур өмд, тод цэнхэр өнгийн 2 шилбэндээ гэрэл ойлгогчтой ажлын өмд, улаан өнгийн шорт, цэнхэр өнгийн ажлын өмд зэргийг тус тус устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА