| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2022/0084/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/87 |
| Огноо | 2022-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Э.Нэргүй,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шархүү,
шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт С-ын Тд холбогдох эрүүгийн 2217000000109 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .... дүгээр сарын 10-нд Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, МАК ХХК-д оператор ажилтай,ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн Г аймаг С сум, эр баг Х байрны д оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, Бовогт С-ын Т /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Т нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 11-1-2 тоотод эхнэр Г.Бтай “амтгүй хоол хийлээ” гэх шалтгаанаар маргалдан түүн рүү тавагтай хоол шидэн, хажууд нь сууж байсан бага насны буюу 8 настай Т.Жгийн дух хэсэгт цохиж эрүүл мэндэд нь духанд урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000109 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн үед би гэртээ цай чаначихаад банкны зээлээ төлөх мөнгө олохоор гэрээсээ гарсан юм. Тухайн үед эхнэр бид 2 банкны зээл төлөх асуудлаас болоод бага зэрэг маргалдсан байсан. Гэрээс гараад төв эмийн сангийн урд талын ломбард ороход цоожтой байсан бөгөөд эхнэртэйгээ маргалдсанаас болоод бачимдаад байхаар нь дэлгүүрээс 0,33 литрын савалгаатай архи аваад сааданд сууж байгаад ганцаараа уусан. Тэгээд гэртээ ортол эхнэр архи уучихаад ирлээ гэх мэтээр хэрүүл хийгээд над руу уурлаад байхаар нь эргэж гараад дэнжийн Чандмань дэлгүүрээс 0,5 литрын савалгаатай Хараа нэртэй архи аваад мөн адил сааданд ганцаараа сууж байгаад уусан. Тэгээд гэртээ ороход эхнэр Б, охин Ж нар зурагт үзээд сууж байсан, эхнэр хоол халаагаад өгөхөөр нь идтэл ямар ч амтгүй, бөөн төмс хийчихсэн байхаар нь миний уур гэнэт хүрээд би чамтай арван хэдэн жил амьдрахдаа ийм амттай хоол хийж өгч байсан уу гэж хэлээд аягатай хоолоо эхнэр лүүгээ шидтэл манай охин эхнэрийн урд сууж тараад миний шидсэн аяганд оногдсон. Тэгээд манай эхнэр цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-ийн 46-47 хуудас/
2. Насанд хүрээгүй хохирогч Т.Ж мөрдөн байцаалтын мэдүүлэхдээ: 2022 оны 11 дүгээр сарын 26-ны орой би гэртээ ээж Бы хамт хоёулхнаа байсан. Тэгээд ээж бид 2 унтах гээд ор дэрээ засаад байж байтал аав гаднаас орж ирсэн. Орж ирэхдээ архи уусан бололтой архи үнэртэж байсан. Тэгээд ээж аавд орой хийсэн байсан шөлтэй хоол халаагаад өгтөл аав хоолоо идэж байгаад тахианы мөчөө яагаад жижиглээгүй юм гэж ээж рүү ууралсан бөгөөд манай ээж Б хариуд нь ямар нэгэн юм хэлээгүй. Тэгээд аав тахианы мөчөө идчихээд ээж рүү хоолныхоо аягыг шидсэн. Тухайн үед би ээжийн урд сууж байсан болохоор аавын шидсэн аяга миний духыг оносон. Аавын шидсэн аяганд би оногдсоноос болоод миний дух маш их өвдсөн. Ээж тухайн үед машин олж ирээд намайг эмнэлэгт авч яваад миний духыг боолгосон... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
3. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...тухайн үед банкныхаа зээлийг төлөөгүй байсан учраас манай нөхөр мөнгө олно гээд гэрээсээ гарсан. Тэгээд миний бие өвдөөд байсан болохоор 15 цаг хүртэл хэвтэж байгаад босоод охиноо дагуулаад хүнс авахаар дэлгүүрт явж байтал Т утсаар залгаад хаалгаа нээгээч гэхээр нь Оргил Ундраа дэлгүүр дотор байж байна одоо очлоо гэтэл Т дэлгүүр дээр хүрээд ирсэн. Т архи уучихсан байсан болохоор бид 2 мөнгөнөөс болоод маргалдсан. Тэгээд гэртээ иртэл Т буцаад гараад явсан. Тэгээд охин бид 2 хоол хийж идчихээд 22 цагийн үед ороо засаад унтах гэж байтал 22 цаг өнгөрч байхад Т гаднаас ороод ирсэн. Тэгээд би хоол идэх юм уу гэтэл өгвөл иднэ ш дээ гэх мэтээр хэрүүл өдсөн маягтай надтай харьцаад байсан. Хоол аягалаад өгтөл тахианыхаа махыг жижиглээд хийчихгүй яасан юм, би чамтай арван хэдэн жил амьдрахдаа ийм хоол хийж өгч байсан уу гэж хэлсэн. Тухайн үед Т над руу уурлаж байхад манай охин Ж аав та боль л доо, битгий ээж рүү уурлаад бай гэж хэлтэл чи дуугүй бай гэж хэлсэн. Тэгэхээр нь чи албатай юм шиг архи ууж ирчихээд яагад ингээд байгаа юм, бид 2 чамд архи уулгасан биш, миний бие өвдөөд байна гэтэл Т шөлтэй аягаа над руу авч шидсэн. Манай охин миний урд сууж байсан бөгөөд нөхрийн шидсэн шөлтэй аяга нь манай охины дух руу оночихсон, тэгтэл охины духнаас маш их цус гарсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
4. Говьсүмэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 237 дугаартай дүгнэлтэд:
-Т.Жгийн биед духанд урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
-Уг гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.11.26-нд үүсгэгдсэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 58 дугаар хуудас),
5. Шүүгдэгч С.Тд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 62 дугаар хуудас)
6. Гэрэл зургийн үзүүлэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 4-5, 6-8 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байр 11-1-2 тоотод байх гэртээ эхнэр Г.Бтай маргалдан түүн рүү тавагтай хоолоо шидэн бага насны буюу 8 настай Жгийн дух хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь духны урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Т.Жгийн мэдүүлэг, гэрч Г.Бы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 237 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
С.Т нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 11-1-2 тоотод эхнэр Г.Бтай “амтгүй хоол хийлээ” гэх шалтгаанаар маргалдан түүн рүү тавагтай хоол шидэн, хажууд нь сууж байсан бага насны буюу 8 настай Т.Жгийн дух хэсэгт цохиж эрүүл мэндэд нь духанд урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч С.Т насанд хүрээгүй хохирогч Т.Жгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч Г.Бы мэдүүлэг, Говьсүмбэр шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 237 дугаартай насанд хүрээгүй хохирогч Т.Жгийн биед хөнгөн хохирол учруулсан тухай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч С.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч С.Т нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч С.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Жгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч С.Тыг нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч С.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжээр торгох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Т эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч С.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч С.Тын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.5-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар яллах дүгнэлтэнд зүйлчлэн ирүүлснийг дурдав.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо гэр бүлийн асуудлаар ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч С.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн шаазан 17,5 см диаметртэй 1 ширхэг аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Тыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн шаазан 17,5 см диаметртэй 1 ширхэг аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ