Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Дийн Лд холбогдох эрүүгийн 2217000000107 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Дийн Л /РД:.. /, Д аймгийн С суманд .... оны .... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Г аймгийн С сумын 3 дугаар баг, Баянбулаг ... дүгээр гудамжны .... тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Д.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн орчим Г аймгийн С сумын ... дугаар баг, Баянбулаг .... дүгээр гудамжны .... тоот хашаанд байрлах өөрийн гэртээ эхнэр Ш.Үтай хувийн таарамжгүй харилцаа буюу өөрийг нь харааж зүхэж, хэрүүл хийлээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар халуун савтай цай авч шидэн, зүүн гарт нь онож, дотор нь байсан халуун цай гар дээр нь асгарч эрүүл мэндэд нь зүүн бугалга, шууны түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр архи ууж байхад эхнэр Ү харааж зүхээд байхаар нь халуун савтай цай түүн рүү шидэж гарыг нь түлсэн нь үнэн. Тухайн өдөр болсон үйл явдлыг бүгдийг нь санаж байна. Халуун саванд цай байсныг мэдэж байсан. Эхнэр Үд учирсан гэмтлийг би өөрөө учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Одоо бидний харилцаа хэвийн хамт амьдарч байгаа. Прокуророос сонсгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Хохирогч Ш.Үмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд манай нөхөр дэлгүүр яваад нэг шил архи аваад ир, хоёулаа хамт хувааж ууя гээд 10 000 төгрөг өгөхөөр нь би Амутай дэлгүүрээс 0,75 литрийн савлагаатай Стандарт нэртэй 1 шил архи худалдаж аваад гэртээ ирэхэд Г ах манай гэрт сууж байсан. Бид 3 архийг хувааж уухад би нэлээд согтсон бөгөөд зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн чинь би нөхөртэйгөө маргалдаад гэрийн зүүн талын орон дээр, манай нөхөр Л баруун талын орон дээр сууж байсан. Л уурлаад гэрийн баруун хойд талд байрлаж байсан ширээн дээрээс саарал бариултай улаан өнгийн халуун савтай цайг аваад над руу шидсэн. Тухайн халуун саванд өглөө нь чанасан халуун цай байсан. Халуун сав миний зүүн гар дээр оноод дотор нь байсан халуун цай гарын бугалга орчим асгарсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд удаагүй цагдаа нар хүрч ирээд манай нөхөр Лг аваад явсан. Би нөхөртэйгөө хэрэлдэж маргалдаж байсан үеийнхээ зарим зүйлийг санахгүй болтлоо согтсон байсан болохоор юунаас болж маргалдсан эсэхээ санахгүй байна. Би нөхөр Лтайгаа 1997 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан, дундаасаа 3 хүүхэдтэй. Манай нөхөр өмнө нь миний биед халдаж байсан зүйл байхгүй. Миний гар жаахан улайгаад хорсоод цэврүү үсэрсэн байсан. Би тэр өдрөө эмийн сангаас түлэгдэлтийн тос авч түрхсэн. Одоо ямар нэгэн өвчин зовиур, шарх сорви байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-18 хуудас/

3. Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагийн орчим найз Л-нд ирэхэд 0,75 литрийн Монгол стандарт гэх нэртэй архи гаргасан. Тэр архийг бид гурав хувааж уугаад Лийн эхнэр Ү нэлээн халчихсан хашхираад байсан. Миний хувьд нэлээн согтсон байсан болохоор юу ч мэдэхгүй байна, нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан. Ямар ч л байсан архи ууж байхад муудалцаад байсан. Ү муухай ааштай хүүхэн нөхрөө загнаад Л юу ч дугарахгүй суугаад байсан. Тэгж байгаад л халуун савтай цай цацсан байх. Л нь төлөв даруу зантай, ажилсаг хүний үгэнд орж хий гэсэн ажлыг хийдэг үг дуу цөөтэй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

4. Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 230 дугаар дүгнэлтэнд: “Ш.Үын биед зүүн бугалга, шууны түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь халуун хэмийн үйлчлэлийн улмаас 2022 оны 11 дүгээр сарын 16-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Л.Ж гэжээ. /х.х-ийн 32 хуудас/

5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 5-8 хуудас/

6. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-4, 12, 67-68 хуудас/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 52, 63-66 хуудас/

8. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 76-78 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн орчим Г аймгийн С сумын ... дугаар баг, Баянбулаг .... дүгээр гудамжны .... тоот хашаанд байрлах өөрийн гэртээ эхнэр Ш.Үыг харааж зүхэж, хэрүүл хийлээ гэх шалтгааны улмаас халуун савтай цай түүн рүү шидэж зүүн гарт нь оносон ба дотор нь байсан халуун цай зүүн гар дээр нь асгарч эрүүл мэндэд нь зүүн бугалга, шууны түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Д.Лгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Лгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Лгийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Ү, гэрч Н.Г нарын өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Г аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 230 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Д.Л нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Д.Л нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хүсэлт гаргасныг прокуророос хангаж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Л нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Д.Л, хохирогч Ш.Ү нар хамт архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Д.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Д.Лд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Лг хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан зэргийг тус тус харгалзаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, тус хугацаанд Г аймгийн С сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Хохирогч Ш.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Д.Лг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дээд болон доод хэсгээрээ саарал өнгөтэй, их бие хэсэг нь ягаан өнгөтэй халуун савны 5 ширхэг хагархайг устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дийн Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лг 1 /нэг/ сарын хугацаанд Г аймгийн С сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дээд болон доод хэсгээрээ саарал өнгөтэй, их бие хэсэг нь ягаан өнгөтэй халуун савны 5 ширхэг хагархайг  устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТТУЛГА