Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2012/ШЦТ/272

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Д.Д******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д*******д холбогдох эрүүгийн 2215000000266 дугаартай, 163/2022/0264/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Д******* Д*******, Завхан аймгийн Тэлмэн суманд ... оны ... дугаар сарын ...1-ний өдөр төрсөн, эрэгтэй, Булган аймгийн Хангал сумын ...... газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 47 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД......./,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Цуврайн ам” гэх газраас 2 ширхэг түлээний зориулалттай шинэс төрлийн 0.281 м3 босоо мод хөрөөдөж, хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 22.567 төгрөгийн шууд хохирол, 67.701 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000266 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Д******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Цуврайн ам” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас бусад зориулалтаар 2 ширхэг хуурай шинэс төрлийн 0.281 м3 босоо мод хөрөөдөж, хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 22.567 төгрөгийн шууд хохирол, 67.701 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д*******гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

  1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл “...Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Хангал сумын Цуврайн ам гэх газарт болсон байв. Оролцогч Д.Д*******гаар модны хожуулыг заалгаж үзлэг хийхээр тогтов. №1 гэж дугаарласан модны хожуулын диаметр 21 см, газраас 15 см өндөр, №2 гэж дугаарласан модны хожуулын диаметр 10 см, газраас 18 см өндөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх /хавтаст хэргийн 02-03 дахь тал/,
  2. Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт/ хавтаст хэргийн 04-07 дахь тал/,
  3. Д.Д*******гийн хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн 32-34 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “...Д.Д*******гийн ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэхэд ашигласан 32-34 ОРО улсын дугаартай ачааны цагаан өнгийн KIA BONGO тээврийн хэрэгсэл...” гэх /хавтаст хэргийн 08 дахь тал/,

4. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол ......... улсын дугаартай ачааны КIА ВONGO тээврийн хэрэгслийг Д.Д*******д хариуцуулан битүүмжилсэн...” /хавтаст хэргийн 10 дахь тал/,

5. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл “...хууль бусаар мод бэлтгэхэд ашигласан гэх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа улаан өнгийн маниултай, баруун талдаа шар өнгийн тагтай Кубань гэсэн бичиглэлтэй хуучны хэвийн ажиллагаатай хөрөө 1 ширхэг...” гэх /хавтаст хэргийн 04 дэх тал/,

6. Иргэний нэхэмжлэгч Ж.Батдоржийн өгсөн “...Д.Д******* нь мод бэлтгэсэн байсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учирсан хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 35 дахь тал/,

  1. Гэрч Д.Л******* өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр малдаа яваад ирэхэд аав Д.Д******* түлшний мод бэлдчихлээ хамт очоод ачаад өгөөч гэхээр нь аавыг дагаад аав Д.Д*******гийн эзэмшлийн Бонго жи-2 загварын ....улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Хангал сумын 2-р багийн нутаг Цуврайн дунд ам гэдэг газарт очиж бэлтгэсэн байсан модыг ачаад Орхон аймаг руу тээвэрлэж яваад цагдаад саатуулагдсан юм. Аав Д.Д*******гийн эзэмшлийн Бонго жи-2 загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн юм. Аав Д******* модыг бэлтгэсэн яг ямар мод бэлтгэсэн талаар нь мэдэхгүй байна.Намайг малд яваад ирэхэд бэлдчихсэн байсан хамт ачаад өгөөч гэхээр нь очиж ачиж өгсөн юм. Булган аймгийн Хангал сумын 2-р багийн нутаг Цуврайн дунд ам гэх газраас бэлтгэсэн. Манай гэрээс холгүй 1 км орчим зайтай газар...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

 

  1. Гэрч Б.Н******* өгсөн “...Би тухайн өдөр хувиарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд Булган аймгийн Хангал сумын нутаг Орхон аймаг ордог бетонон зам дээр тээврийн хэрэгсэл зогсоож шалгаж байх үед цагаан өнгийн мод ачсан ачааны машин ирэхээр нь зогсоож шалгаж байх үед мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Тэгээд эрхийн бичгийг үзэхэд цэвэрлэгээний ажил гэсэн байсан ба тээврийн хэрэгслийн жолоочоос босоо мод унагаасан уу гэж асуухад 2 ширхэг босоо мод унагааж бэлтгэсэн талаар хэлэхээр нь экологийн асуудал хариуцсан байцаагч дэслэгч Э.Ганзоригт шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 47 дахь тал/,
  2. Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчин Д.О******* “...Киа Бонго тээврийн хэрэгсэл 3.602.583 төгрөг, хөрөө 98.000 төгрөг бүгд 3.700.583 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-60 дахь тал/,
  3. Хялганат сум дундын ойн ангийн шинжээч Ш.А 2022 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтэд: Булган аймгийн Хангал сумын 2-р багийн нутаг Цуврайн дунд ам гэдэг газарт 49,114051, 104,130078 гэсэн солбилцолын цэг дээр 2022 онд мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдсэн байна. Мод бэлтгэсэн Цуврай гэдэг газар ойн бүсчлэлийн хувьд 3-р муж буюу ашиглалтын бүсэд орж байна. Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн Шинэс хуурай түлээний мод болно. Мод бэлтгэх эрхийн бичигт Цэвэрлэгээний ажлаар гэж бичигдсэн тохиолдолд босоо мод унагааж болохгүй, унианги /газар унасан/ модыг бэлтгэнэ. Тухайн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь унианги мод нь 147.123, босоо мод нь 22.567 нийт 169,692 төгрөг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1-р хавсралтыг үндэслэн үнэлгээг хийв. Шинэс 1,32-1,40м, 38 ширхэг модны экологи үнэлгээ нь унианги мод 1,8319м3, босоо мод нь 0,281 мЗ нийт 2.1129мЗ буюу унианги мод нь 147,123, босоо мод нь 22,567 нийт 169,692 төгрөг болж байна. Босоо мод унагааж бэлтгэгдсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 22,567 /хорин хоёр мянга таван зуун жаран долоон мянга/ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 71-72 дахь тал/

 

  1. Булган аймгийн Хангал сумын Цуврайн ам гэх газраас Д.Д*******д цэвэрлэгээний ажлын зориулалтаар мод бэлтгэх эрх олгосон 22-075240 дугаартай эрхийн бичиг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

  1. Яллагдагч Д.Д*******гийн өгсөн “...Би уг тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө Хангал сумын төв орж байгаль хамгаалагч Эрдэнэбатаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Улмаар мод бэлтгэх эрхийн бичигт заасан газар болох Булган аймгийн Хангал сумын 2-р баг Цуурай гэх газарт уулнаас унианги мод түүж ачиж байгаад өөр аятайхан мод олдохгүй байхаар нь босоо 2 ширхэг модыг хөрөөдөж унагаагаад улмаар ачихад тааруулж хөрөөдчихөөд өөрийнхөө хүүг мал дээр байхаар нь очиж мод ачилцаад өг гэж хэлээд дагуулаад уул руу явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа улаан өнгийн маниултай, баруун талдаа шар өнгийн тагтай Кубань гэсэн бичлэгтэй хуучны хэвийн ажиллагаатай цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Л, Б.Н нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт, хэргийн газарт болон мод, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Д.Д*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд байх бөгөөд шүүгдэгч Д.Д******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Цуврайн ам” гэх газраас эрхийн бичигт зааснаас бусад зориулалтаар 2 ширхэг хуурай түлээний шинэс төрлийн 0.281 м3 босоо мод хөрөөдөж, байгаль экологид 22.567 төгрөгийн шууд хохирол, 67.701 төгрөгийн шууд бус хохирол учруулсан, Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Д******* нь 22-075240 дугаартай эрхийн бичигт заасан цэвэрлэгээний зориулалтаар бус 2 ширхэг босоо мод унагаасан үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Д*******гийн эрхийн бичигт зааснаас зориулалтын бусаар ойгоос мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл юм.

Хялганат сум дундын ойн ангийн инженер Ш.А 17 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Д.Д*******гийн бэлтгэсэн унианги мод нь 1.8319 м3 , босоо мод нь 0.281 м3 нийт 2.1129 м3 буюу унианги мод нь 147.123 төгрөг, босоо мод нь 22.567 төгрөг гэх дүгнэлтээр шүүгдэгч Д.Д******* нь хууль бусаар 0.281 м3 хуурай түлээний шинэс төрлийн мод бэлтгэсэн нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Д.Д*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 22.567 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль, орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 67.701 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна. /хавтаст хэргийн 71-72 дахь тал/

Иймд экологи эдийн засгийн хохирол 67.701 төгрөгийг шүүгдэгч Д.Д*******гаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.  

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Д*******г ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Д*******г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 90-93 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д******* нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар мал маллан Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн Цуурай гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Д.Д*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй, буруугаа ойлгож байна гэх саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Д.Даваажанцагийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдал, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Д******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Кубань загварын цагаан өнгийн цахилгаан хөрөө, 32-34 ОРО улсын дугаартай “Бонго жи-2” загварын тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Д.Д*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Бонго жи-2” загварын  32-34 ОРО улсын дугаартай 3.602.583 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн Кубань загварын 98.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн хуучны хэвийн ажиллагаатай цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 38 ширхэг 0.281 метр куб түлээний хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Д******* Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, шүүгдэгч Д.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Д*******гаас байгаль экологид учруулсан хохирол 67.701 /жаран долоон мянга долоон зуун нэг/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан 2022 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож битүүмжлэгдсэн  3.602.593 /гурван сая зургаан зуун хоёр мянга таван зуун ерэн гурав/ төгрөгийн үнэлгээ бүхий 32-34 ОРО улсын дугаартай Бонго жи-2 загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 38 ширхэг буюу 0.281 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 98.000 /ерэн найман мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа улаан өнгийн маниултай, баруун талдаа шар өнгийн тагтай Кубань загварын цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д*******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ