Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 114/2024/0524/З |
Дугаар | 221/МА2024/0723 |
Огноо | 2024-11-14 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2024/0723
“Тд” ХХК, “Ам” ХХК
нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 647 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “Тд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Ам” ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Тд” ХХК,
Нэхэмжлэгч: “Ам” ХХК
Хариуцагч: “Этт” ХК, “Этт” ХК-ийн ЭТТХК/20240101101 тоот далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд: “Э” ХХК,
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч “Тд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгч “Ам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, С.М, Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, У.Х нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа,
Хэргийн индекс: 114/2024/0524/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
“Тд” ХХК: “Этт” ХК-ийн ЭТТХК/20240101101 дугаартай Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын Багц№1-т “Э” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/791 дугаартай бичгээр ирүүлсэн “Тд” ХХК-ийг хассан шийдвэр, дээрх хууль бус шийдвэрүүдийн үндсэн дээр байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЭТТ-2024/1229 тоот Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээ-г тус тус хүчингүй болгож, тендерийн үнэлгээ хийхийг даалгах,
“Ам” ХХК: “Этт” ХК-иас зарласан далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/20240101101 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-д “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, “Ам” ХХК-ийн тендерээс татгалзсан 01/790 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, дахин үнэлгээ хийхийг даалгах, “Этт” ХК болон “Э” ХХК-уудын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн №ЭТТ-2024/1229 Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээ-г хүчингүй болгуулах,
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 647 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 21.1.3, 21.3, 16 дугаар зүйлийн 16.5, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Тд” ХХК-иас “Этт” ХК, тус компанийн ЭТТХК/20240101101 тоот далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/20240101101-01 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-т “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Тд” ХХК-ийн тендерээс татгалзсан 01/791 шийдвэрийг хүчингүй болгох, тендер шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг даалгах, “Этт” ХК болон “Э” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №ЭТТ-2024/1229 тоот Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “Ам” ХХК-иас мөн хариуцагч нарт холбогдуулан гаргасан Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/20240101101-01 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1-т “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Үнэлгээний хорооны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Ам” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, дахин үнэлгээ хийхийг даалгах, “Этт” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/790 шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭТТ-2024/1229 тоот Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны өрөмдлөгийн ажил гүйцэтгэх (багц 1) гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгч “Тд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уаас гаргасан давж заалдах гомдолд:
Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 14.1." Тд" ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийн тухайд: 14.1.4. Хуулийн холбогдох зохицуулалт болон... оролцогчийн санхүүгийн чадавхыг үнэлэх баримтыг тендерийн баримт бичигт урьдчилан тодорхойлох эрх хэмжээ захиалагчид хадгалагдаж байх ба энэ нь санхүүгийн чадавхыг тодорхойлох баримт бичгүүдийн зөвхөн 1-ийг сонгож тендерийн баримт бичгийг заах үүргийг захиалагчид үүсгэхгүй" гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болсон тухайд:
4.Учир нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Оролцогчийн санхүүгийн чадавхыг нотлох баримт бичгийг тухайлан нэр заан тодорхойлсон. Мөн зүйлийн 16.3-т "...16.2-т заасан аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулах баримт бичигт заана" гэж заасан.
5.Мөн хуулийн дээрх зохицуулалтыг эрх олгогдсон этгээд болох Сангийн сайдын А/259 дугаар Тушаалын Хавсралтаар баталсан "Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийн жишгийн ТШЗ 18.2-т "хуулийн 16.2, 16.4-т заасан дараах баримт бичгээс сонгож шаардаж болох ба бусад баримт бичиг шаардахыг хуулиар зөвшөөрөөгүй болохыг анхаарна уу. Жишээлбэл:..." гэж тухайлан хуулийн зохицуулалтыг анхааруулан дурдсан байхад шүүх хуулиар тухайлан зохицуулсан заалтыг болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон дээрх нөхцөл байдлыг илтэд гуйвуулан тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн дүгнэлт хийсэн нь илтэд үндэслэлгүй болсон.
6.Харин оролцогч болох манай компанийн зүгээс санхүүгийн чадавхыг тодорхойлсон хуульд заасан баримтыг гаргаж өгсөн буюу тухайн ТШЗ-ын 18.1-т заасан 30 хувь болон 20 хувийн шаардлагыг бүрэн хангаж байгаа болно. Хуулийн 16.3-т заасан дээрх шаардлагыг захиалагчийн зүгээс зөрчиж, манай зүгээс тухайн тендерт гаргаж өгсөн баримтын хүрээнд буюу "ТШЗ-ын 18.1-т заасан 30 хувь болон 20 хувийн шаардлагыг бүрэн хангаж" байгаа эсэхийг захиалагч үнэлэх ёстой байсан.
7.Шийдвэрийн үндэслэх хэсгийн " ... 15.6. “Э” ХХК-г шалгаруулсан албан бичигт тендерийн хүчинтэй хугацааг 30 хоног гэж бичсэн нь баримт бичгийн бүрдэл дутуу гэж үзэх үндэслэл болохооргүй байна." гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болсон тухайд:
8.Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т "тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах" маш тодорхой заасан. Гэтэл Захиалагчийн шаардлагын ТШЗ 23.1-т "..хүчинтэй байх хугацааг ажлын 30- аас багагүй өдөр байхаар маягт 1-д заана.." гэж тус тус шаардлага тавьсан байхад "Э" ХХК-ийн Захиалагчид ирүүлсэн албан бичигт буюу Маягт№1-т тендерийн хүчинтэй хугацааг "... 30 хоног..." гэж хуанлийн 30 хоногоор хүчинтэй байхаар тусгаж хуулийн болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг зөрчсөн.
9.Гэтэл шүүх хуульд тухайлан заасан хугацааг "Худалдан авах төрийн үйл ажиллагааг хялбаршуулах зорилго бүхий цахим систем дэх автоматаар үүсгэгдсэн" нөхцөл байдлаар тайлбарлан илтэд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Мөн анхан шатны шүүхийн шүүгч 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэрийг уншиж сонсгон, үндэслэлийг тайлбарлахдаа дээрх "...30 хоног..." гэж дурдсан нь техник шинжтэй алдаа гэж дүгнэхээр байна гэсэн атлаа бичгээр гаргасан шийдвэртээ энэ талаар огт дурдаагүй нь тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж үзэж байна.
10.Нэхэмжлэгч “Ам” ХХК-ийн төлөөлөгч Д.Баатараас гаргасан давж заалдах гомдолд:
"Ам" ХХК-ийн илгээсэн тендерийг шаардлага хангасан талаар ЭТТХК/20240101101 дугаартай тендер шалгаруулалтын хүрээнд "Ам" ХХК-ийн илгээсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт заасан "Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл"-ийг захиалагчийн шаардсанаар ирүүлээгүй буюу санал болгосон өрмийн багийн удирдагч Н.Гын дээд боловсролын диплом төрийн үйлчилгээний e-mongolia системд байршаагүй байх тул тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн татгалзсан. Анхан шатны шүүхээс захиалагчийн дээрх шийдвэрийг зөвтгөж холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах байдлаар огт үндэслэлгүй байна.
11.Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-ийн 1.2-т "Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-ээр дамжуулан санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй" гэж заасан. Уг шаардлага нь зөвхөн оролцогч компаниуд тендерийн материалаа худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn веб сайтаар илгээх буюу тендерийн материалыг аливаа хэвлэсэн байдлаар хүргүүлэхийг хориглосон агуулгатай заалт билээ. Бид ч уг шаардлагын дагуу тендерийн баримт бичиг дэх хүний нөөцийн мэдээллээ бүхэлд нь цахим файл хэлбэрт оруулж, tender.gov.mn веб сайтаар санал болгосон. Гэвч хариуцагчийн зүгээс "цахимаар илгээсэн диплом бус зөвхөн e-mongolia систем дэх цахим мэдээллийг үнэлнэ" гэх тайлбар гаргаж, үүнийг шүүх дээрх шаардлагын дагуу зөвтгөж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ТШЗ 19.2-ийн 1.2-т заасан шаардлагыг буруу ойлгож хэрэглэсэн явдал болсон. Түүнчлэн ТШЗ 19.2-ийн 1.3 дахь хэсэгт "Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. Тендерт оролцогч нь Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/-д байршсан эсэхийг урьдчилан шалгах шаардлагатайг анхаарна уу" гэж заасан. Уг шаардлагын хүрээнд ажилтны дээд боловсролын мэдээлэл e-mongolia системд байршсан эсэхийг урьдчилан шалгаж, хэрэв байхгүй бол шаардлагатай арга хэмжээг авахыг анхааруулсан байх бөгөөд бидний зүгээс Геологич Н.Гын сургууль төгссөн дипломыг цахим файл хэлбэрт оруулан хавсаргаж илгээсэн бөгөөд ТШЗ 19.2-ийн 1.3-т зөвхөн е-mongolia систем дэх мэдээллийг үнэлэх, эсхүл дипломын хуулбарыг үнэлэхгүй байх зэрэг боловсролын мэдээллийг ямар хэлбэрээр илгээх тухай нарийвчилсан хатуу шаардлага огт байхгүй.
12.Дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх "...тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримтыг нэмэлтээр ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.. 1", "дээд боловсролын дипломыг төрийн үйлчилгээний цахим системд бүртгэх үүрэг нь хувь иргэнд ногдоогүй, Боловсролын ерөнхий газрын чиг үүрэгт хамаарна" гэх үндэслэл бүхий дүгнэлт өгсөн атлаа "Ам" ХХК-ийн тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “Ам" ХХК-ийн тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэр, тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн ч уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
13."Э" ХХК-ийн илгээсэн тендер шаардлага хангаагүй талаар. ТШЗ-ны 13.2-т "Оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер дараах баримт бичиг, мэдээллээс бүрдэнэ", 13.2.7-д "ТШЗ-ны 21-д заасан ажлын төсөв", ТШЗ-ны 21.1-т "Оролцогчийн санал болгож буй үнэ, үнийн хөнгөлөлт нь энэ зүйлд заасан шаардлагад нийцсэн байна", 21.2-т "Тендерт ирүүлэх өртгийн төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм, нормативыг үндэслэн нэр төрөл тус бүрээр нэгж болон нийт үнийг эрх бүхий этгээдээр баталгаажуулж ирүүлнэ" гэж тус тус заасан. Үүний дагуу нэхэмжлэгч компаниуд дээрх шаардлагад нийцсэн ажлын төсвийг тендерийн материалд хавсаргаж илгээсэн ч тендерт шалгарсан гэх "Э" ХХК нь уг төсвийг огт илгээгээгүй талаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад тогтоосон. Шүүхийн зүгээс ч мөн энэ талаар тендерийн баримт бичигт заасан баримт бичгийн бүрдлийг "Э" ХХК хангаагүй байна гэж дүгнэсэн. Гэвч шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх дүгнэлтдээ огт нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.
14.Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бгаас гаргасан давж заалдах гомдолд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн 15.1.1. ЭТТХК/20240101101 дугаар бүхий далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 13.2.7-д "ТШЗ-ны 21-д заасан ажлын төсөв", 14.1-т "Оролцогч Ѵ бүлэгт заасан маягтын мэдээллийг хуулийн 21.1.3-т зааснаар цахим системд үүсгэсэн маягтад бөглөж, илгээнэ", 21.2-т "Тендер ирүүлэх өртгийн төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм, нормативыг үндэслэн нэр төрөл тус бүрээр нэгж болон нийт үнийг эрх бүхий этгээдээр баталгаажуулж ирүүлнэ" гэж зааснаас үзвэл, захиалагч нь өрөмдлөгийн ажлын төсөв шаардсан гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "төсвийн задаргаа шаардаагүй" гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын "тендерийн баримт бичгийн бүрдэл хангаагүй тендерийг шалгаруулсан" гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна...
15.Мөн шийдвэрийн 16 дахь хэсэгт Дээрх 15 дахь хэсэгт дурдсанаас үзвэл, хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:", 28.1.3-т "шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах" гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ...” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дүгнэж, уг хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг зөвтгөж Гуравдагч этгээд "Э" ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн бүрдэл хангагдсан, шаардлагад нийцсэн талаар болон нэхэмжлэгч нарын "тендерийн баримт бичгийн бүрдэл хангаагүй тендерийг шалгаруулсан" гэх тайлбар үндэслэлгүй талаар Дүгнэлтийг тус тус хийсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
1.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Тд” ХХК, “Ам” ХХК-аас хариуцагч “Этт” ХК, “Этт” ХК-ийн ЭТТХК/20240101101 тоот далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.“Этт” ХК-иас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох” Багц 1, Багц 2 тендер шалгаруулалт зарласан.
3.“Этт” ХК, “Этт” ХК-ийн Үнэлгээний хорооноос Багц 1 “Далд уурхайн хайгуулын 63,000 тууш метр өрөмдлөг хийх ажилд” “Э” ХХК нь 20,790,000,000 төгрөгийн үнийн саналаар 1-т эрэмбэлэгдэн гэрээ байгуулах эрх олгохоор[1] 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрлэжээ.
“Тд” ХХК-ийн гомдлын тухайд:
4.Нэхэмжлэгч “Тд” ХХК-иас “Этт” ХК-ийн “Э” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон болон “Тд” ХХК-ийг тендерээс хассан шийдвэрийг хүчингүй болгож, тендерт ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийг гаргасан.
5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно:”, 16.2.1-д “харилцагч банкны мэдэгдэл”, 16.3-т “Захиалагч энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана” 16.5-д “Оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна.” гэж заасан.
6.Мөн Сангийн сайдын 2023 оны А/258 дугаар тушаалаар батлагдсан “Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг болон Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/20240101101 тоот тендер шалгаруулалтын баримт бичгийн” 18-д “Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт”, 18.1-д “Хуулийн 16.5-д зааснаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан санхүүгийн чадавхын шаардлага хангасан байна”, 18.2-т “Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 16.2, 16.4-т заасан баримт бичгээс сонгож Өгөгдлийн хүснэгтэд заана”, 18.3-т “Оролцогчийн дансны мэдээлэл, түүний үлдэгдлийн талаар харилцагч банкны мэдэгдлээс бусад банк, санхүүгийн байгууллагын мэдэгдлийг оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд харгалзан үзэхгүй. Захиалагч энд зааснаас бусад асуудлаар харилцагч банкны тодорхойлолт ирүүлэхийг шаардахгүй” гэж заасан.
7.“Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох” тендер шалгаруулалтын /зааварчилгаа/ баримт бичгийн II.Бүлэг өгөгдлийн хүснэгтийн ТЗШ 18.1-д Санхүүгийн чадавхын шаардлага: Шаардана. 1.Борлуулалтын орлогын хэмжээ: 2021, 2022, 2023 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь багц тус бүрийн батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувь болон түүнээс багагүй байна. 2.Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ: Багц тус бүрийн батлагдсан төсөвт өртгийн 20 хувиас багагүй байна гэж, ТЗШ 18.2-т Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичиг: ...2. Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд: Тендерт оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдэл; Харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлнэ. /Харилцагч банкны судлан үзэж зээл олгох боломжтой тухай тодорхойлолтыг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй/ гэж тодорхойлон заажээ.
8.Нэхэмжлэгч “Тд” ХХК-иас дээр дурдсан “Тендерт шалгаруулалтын зааварчилгааны ТШЗ 18.1, 18.2-т заасан түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нотлох баримтаар ирүүлээгүй, тодруулбал, захиалагчаас шаардсан тендерт оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдэл, харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолтыг ирүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас[2] тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Тд” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй юм.
9.Түүнчлэн хуулиар тодорхойлоогүй баримтыг нэмж шаардсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчээс дурдсан хуульд заасны дагуу тендер шалгаруулалтын баримт бичгийг хүлээн аваад эрх бүхий байгууллагад тодруулга авах хүсэлтийг гаргаагүй, уг баримт бичгийг хүлээн зөвшөөрч тендер сонгон шалгаруулалтад оролцож, тендер шалгаруулалтын шийдвэр гарсны дараа энэ үндэслэлээр маргасан гэдэг нь тогтоогдож байна.
10.Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн шийдвэрээр “...захиалагч нь тендерт оролцогчийн санхүүгийн чадавх нь борлуулалтын орлогын болон түргэн хөрвөх хөрөнгийн тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хэмжээг зэрэг хангасан байхыг шаардсан байхад нэхэмжлэгч “Тд” ХХК нь санхүүгийн чадавхыг тодорхойлох зөвхөн нэг шаардлагыг хангасан баримтыг хүргүүлж, уг баримтаар үнэлгээ хийхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тендер шалгаруулалтын баримт бичиг нь хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзсэн бол тендерийг нээхээс өмнө захиалагчаас тодруулга хүсэх замаар тайлбарлуулах, эсхүл эрх бүхий этгээдэд гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр байсан байхад нэхэмжлэгч нь энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
11.Иймд нэхэмжлэгч “Тд” ХХК-ийн “...хуулийн дээрх зохицуулалтыг эрх олгогдсон этгээд болох Сангийн сайдын А/259 дугаар Тушаалын Хавсралтаар баталсан "Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийн жишгийн ТШЗ 18.2-т "хуулийн 16.2, 16.4-т заасан дараах баримт бичгээс сонгож шаардаж болох ба бусад баримт бичиг шаардахыг хуулиар зөвшөөрөөгүй болохыг анхаарна уу. Жишээлбэл:..." гэж тухайлан хуулийн зохицуулалтыг анхааруулан дурдсан байхад шүүх хуулиар тухайлан зохицуулсан заалтыг болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон дээрх нөхцөл байдлыг илтэд гуйвуулан тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн дүгнэлт хийсэн нь илтэд үндэслэлгүй болсон. ...оролцогч болох манай компанийн зүгээс санхүүгийн чадавхыг тодорхойлсон хуульд заасан баримтыг гаргаж өгсөн буюу тухайн ТШЗ-ын 18.1-т заасан 30 хувь болон 20 хувийн шаардлагыг бүрэн хангаж байгаа болно. Хуулийн 16.3-т заасан дээрх шаардлагыг захиалагчийн зүгээс зөрчиж, манай зүгээс тухайн тендерт гаргаж өгсөн баримтын хүрээнд буюу "ТШЗ-ын 18.1-т заасан 30 хувь болон 20 хувийн шаардлагыг бүрэн хангаж" байгаа эсэхийг захиалагч үнэлэх ёстой байсан.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
“Ам” ХХК-ийн гомдлын тухайд:
12.Нэхэмжлэгч “Ам” ХХК-иас “Этт” ХК-ийн “Э” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон болон “Ам” ХХК-ийг тендерээс хассан шийдвэрийг хүчингүй болгож, тендерт ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийг гаргасан.
13.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн ..., туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно”, 17.2.3-т “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл”, 17.3-т “Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж заасан.
14.“Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох” ЭТТХК/20240101101 тоот тендер шалгаруулалтын баримт бичгийн II Бүлэг. өгөгдлийн хүснэгтийн 19.2-т Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг: 1. Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: 1.1. Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтын дагуу ирүүлнэ. 1.2. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. (Хүний нөөцийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр дамжуулан илгээх зааварчилгааг хэрэглэгчийн хөтөч хэсэгт орж танилцана уу.) 1.3. Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. (Тендерт оролцогч нь Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/-д ажилтны дээд боловсролын дипломын мэдээлэл байршсан эсэхийг урьдчилан шалгах шаардлагатайг анхаарна уу.) гэжээ.
15.Нэхэмжлэгч “Ам” ХХК-иас тендерийн ажлыг гүйцэтгэх өрмийн багийн ахлагчаар Н.Гыг санал болгосон бөгөөд тендер нээсэн өдөр түүний боловсрол, мэргэжил, туршлагын талаарх мэдээлэл нь цахим мэдээллийн санд байршаагүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
16.Тодруулбал, захиалагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.2.3-т “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадвар, туршлагын мэдээлэлд заана”, мөн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2-т “техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичгийг мэдээлэл, солилцооны Хур системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгах”-аар тус тус заасныг үндэслэн тендерийн ажлыг гүйцэтгэх өрмийн багийн ахлагч Н.Гын боловсрол, мэргэжлийн ур чадвар, туршлагын мэдээллийг ирүүлээгүй нэхэмжлэгч “Ам” ХХК-ийн тендерийн баримт бичгийг хууль болон захиалагчаас гаргасан баримт бичгийн шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй. Энэ үндэслэлээр хариуцагчийн нэхэмжлэгчийг тендерээс хассан шийдвэрийг хуульд нийцээгүй гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй байна.
17.Мөн нэхэмжлэгч “Ам” ХХК-иас тендер шалгаруулалтын баримт бичгийг хүлээн аваад эрх бүхий байгууллагад тодруулга авах хүсэлтийг гаргаагүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар захиалагч өөрөө эрх бүхий байгууллагаас тодруулга авах боломжтой байсан гэж маргажээ.
18.Үүнийг анхан шатны шүүхээс “....тендер шалгаруулалтын баримт бичигт шаардаагүй баримтыг нэмэлтээр ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй боловч шаардаагүй материалыг ирүүлсэн нь түүнийг үнэлэх үүргийг хариуцагчид үүсгэхгүй, харин шаардсан баримтыг ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болох тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавсралтаар ирүүлсэн энэ дипломыг үнэлэх нь бусад оролцогчдоос маргах үндэслэлийг бий болгох тул бид тендер шалгаруулалтын баримт бичигт урьдчилан заасан баримт бичгийг үнэлэх хэлбэрийг хангаж ажилласан гэх агуулга бүхий тайлбар илүү үндэслэлтэй байна. Хэдийгээр дээд боловсролын дипломыг төрийн үйлчилгээний цахим системд бүртгэх үүрэг нь хувь иргэнд ногдоогүй, Боловсролын ерөнхий газрын чиг үүрэгт хамаарч байх боловч энэ нь захиалагч байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдээс тендер шалгаруулалтын баримт бичигт заасан баримтыг тендерт хүргүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохооргүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
19.Иймээс нэхэмжлэгч “Ам” ХХК-иас “...цахимаар шалгах боломжтой, олон нийтэд нээлттэй мэдээллийг оролцогчоос бусад хэлбэрээр шаардаж хүндрэл учруулахгүй байх талаар зохицуулсан байхад цахимаар шалгах боломжгүй баримтыг боломжит хэлбэрээр илгээснийг үнэлээгүй нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
“Э” ХХК-ийн гомдлын тухайд:
20.Хэрэгт авагдсан баримтаас “Э” ХХК-иас захиалагчид ирүүлсэн цахим маягт 1-д “ажлын 30 ба түүнээс дээш өдрийн тоо гэсэн хэсэгт 30” гэж заасан гэдэг нь тогтоогдож байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Сонирхогч этгээд болон оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт нийцүүлэн техникийн болон үнийн саналыг бэлтгэх ба тендер нь дараах шаардлагыг хангасан байна:”, 21.1.1-т “тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах”, 21.1.3-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээх”, 21.3-т “Энэ хуулийн 21.1.3-т зааснаар илгээсэн мэдээлэл тендерийн бусад баримт бичигтэй зөрчсөн бол цахим системийн мэдээллийг баримтална”, ТШЗ 23.1-т "..хүчинтэй байх хугацааг ажлын 30-аас багагүй өдөр байхаар маягт 1-д заана.." гэж тус тус заасныг зөрчсөн, хууль, тендерийн баримтад заасан хугацааны шаардлагыг “Э” ХХК-иас зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
21.Иймээс нэхэмжлэгч “Тд” ХХК-иас Үнэлгээний хорооны “Э” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг эс зөвшөөрч “...”Э” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь тендер шалгаруулалтын тавьсан нөхцөл шаардлагыг хангаагүй. Тухайлбал,“Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т "тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар" маш тодорхой заасан. Гэтэл Захиалагчийн шаардлагын ТШЗ 23.1-т "..хүчинтэй байх хугацааг ажлын 30-аас багагүй өдөр байхаар маягт 1-д заана.." гэж тус тус шаардлага тавьсан байхад "Э" ХХК-ийн Захиалагчид ирүүлсэн албан бичигт буюу Маягт №1-т тендерийн хүчинтэй хугацааг "... 30 хоног" гэж хуанлийн 30 хоногоор хүчинтэй байхаар тусгаж хуулийн болон тендерийн баримтад заасан шаардлагыг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
22.Түүнчлэн нэхэмжлэгч “Ам” ХХК-иас “ТШЗ-ны 13.2-т "Оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер дараах баримт бичиг, мэдээллээс бүрдэнэ", 13.2.7-д "ТШЗ-ны 21-д заасан ажлын төсөв", ТШЗ-ны 21.1-т "Оролцогчийн санал болгож буй үнэ, үнийн хөнгөлөлт нь энэ зүйлд заасан шаардлагад нийцсэн байна", 21.2-т "Тендерт ирүүлэх өртгийн төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм, нормативыг үндэслэн нэр төрөл тус бүрээр нэгж болон нийт үнийг эрх бүхий этгээдээр баталгаажуулж ирүүлнэ" гэж тус тус заасан. Үүний дагуу нэхэмжлэгч компаниуд дээрх шаардлагад нийцсэн ажлын төсвийг тендерийн материалд хавсаргаж илгээсэн ч тендерт шалгарсан гэх "Э" ХХК нь уг төсвийг огт илгээгээгүй талаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад тогтоосон.” гэж маргажээ.
23.Далд уурхайн хайгуулын өрөмдлөг хийх гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичигт захиалагчаас “ажлын төсөв” ирүүлэх талаар шалгуур тавиагүй гэдэг нь хариуцагчийн “Энэхүү тендер шалгаруулалтын баримт бичиг ТШББ-ийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд ажлын төсвийн задаргаа ирүүлэх талаар шалгуур заагаагүй, тендерийн өгөгдлийн хүснэгтэд төсвийн задаргааг ирүүлэх талаар шаардаагүй, үнийн саналаа л ирүүлсэн. ...Энэ зөвхөн гэрээний хэрэгжилтийн явцад хамааралтай, шалгарсан компанийн дотоод зохион байгуулалтын асуудал, өөрөө энэ ажлаа бүрэн хариуцан гүйцэтгэнэ, ...өрөмдлөг хийх ажлыг 20 тэрбумаар хийлгэнэ, энэ дүнгээс хэдэн төгрөгийн ашиг, алдагдал гаргаж хийх нь шалгарсан компанийн өөрийн эрсдэл болж байна. Энэ арга замыг захиалагч өөрөө сонгож, задаргааг шаардаагүй. ...энэ асуудал дээр төсвийн задаргаа буюу нэгж үнэ ямар байх, хуваарилалт ямар байх талаар баримтууд захиалагчийн хувьд шаардлага байхгүй. Учир нь бидний зүгээс нийт төсөвт өртөг ямар байх талаар дүнг зарлаж, уг төсөвт багтаагаад ажлыг хийж чадна гээд саналаа илүүлж байгаа тохиолдолд нарийвчилсан задаргаа буюу гүйцэтгэгч компанийн дотоод зохион байгуулалтын ажил манай компанид ач холбогдолгүй юм.” зэрэг тайлбараар тогтоогдож байна.
24.Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ.”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.3-д “захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гэсэн хуулийн заалтыг хариуцагчаас зөрчсөн, тодруулбал, хариуцагчийн гуравдагч этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хууль зөрчсөн бөгөөд түүний шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
25.Үүний учир анхан шатны шүүхийн “гуравдагч этгээд “Э” ХХК-ийн тендерийн баримт бичгийн шаардлагыг тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 13.2.7-д ТШЗ-ны 21-д заасан ажлын төсөв, 14.1-т Оролцогч V бүлэгт заасан маягтын мэдээллийг хуулийн 21.1.3-т зааснаар цахим системд үүсгэсэн маягтад бөглөж, илгээнэ 21.2-т Тендерт ирүүлэх өртгийн төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм, нормативыг үндэслэн нэр төрөл тус бүрээр нэгж болон нийт үнийг эрх бүхий этгээдээр баталгаажуулж ирүүлнэ гэж зааснаас үзвэл, захиалагч нь өрөмдлөгийн ажлын төсөв шаардсан гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төсвийн задаргаа шаардаагүй гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын тендерийн баримт бичгийн бүрдэл хангаагүй тендерийг шалгаруулсан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс маргаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар:
26.Энэхүү захиргааны хэргийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.А шүүгчид хуваарилсан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ЗТ2024/0806 дугаар тогтоолоор шүүгч Б.Агээс шүүгч Л.Бт шилжүүлсэн, Ц.Мшүүгчийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ЕШ2024/0886 дугаар Ерөнхий шүүгчийн орлон гүйцэтгэгчийн захирамжаар даргалагч шүүгчээр албажуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.9-д зааснаар Ерөнхий шүүгчийг эзгүйд аль нэг шүүгч түүнийг орлох тул Н.Д Ерөнхий шүүгчийг орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг хэрэгт хавсаргах шаардлагагүй.
27.Харин захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн бүртгэлээс үзэхэд, тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ЗТ2024/0832 дугаар тогтоолоор, хэргийг шүүгч Л.Баас шүүгч Б.Ад шилжүүлсэн, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ЗТ2024/1042 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Б.Агээс шүүгч Ц.Мд шилжүүлсэн гэдэг нь тогтоогдов.
28.Иймээс уг зөвлөгөөний тогтоолыг хэрэгт хавсаргаагүй нөхцөл байдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81.1-д заасан “Шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилсон шүүгч даргална.” гэх заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэрийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн, цаашлаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.
Харин анхан шатны шүүх энэ алдаа, зөрчлийг дахин давтан гаргахгүй байхыг цаашид анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Тд” ХХК, “Ам” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ