Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 55

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг, Улсын яллагч Э.*******, хохирогч Ц.*******, Ж.*******,  шүүгдэгч Д.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч В.*******, Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.*******, Гэрч Б.*******, Т.*******, шинжээч П.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас   Монгол  Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох 201613000079 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч Монгол Улсын харьяат, 1976 оны 04 дүгээр сарын 24-нд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 40 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой эрх зүйч мэргэжилтэй. Ам бүл 4-үүлээ, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Улиастай сумын баг худгийн амны тоотод оршин суудаг. Завхан аймгийн жолооч ажилтай. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл овогт ын ******* РД:// 

Шүүгдэгч Д.Дамдинбзар нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ. 
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны 1 дүгээр буудлын хажуугийн хатуу хучилттай замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай TOYOTA   Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад эсрэг урсгалд зорчиж явсан Ж.*******гийн улсын дугаартай Корса маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан болох нь тухайн ослын талаар мэдүүлсэн хохирогч Ц.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ”...Би 2016 оны 05 сарын 06-ны орой Ж.*******тай хамт гэр лүүгээ харих замдаа өөрийн зээ хүү З.ийг аваад Товцог баг руу автобусны 1-р буудал өнгөрөөд өгсөж явахад цаанаас 2-р буудлын орчмоос хурц гэрэлтэй машин гарч ирж харагдсан. Би тухайн үедээ ямар хурц гэрэлтэй машин бэ? одоогийн хүмүүс машиныхаа гэрлийг шилжүүлэхгүй хөдөлгөөнд оролцдог гэж Ж.*******д ярьж байсан. Тэгээд юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд машинд салхи орох шиг сонин болсон.  ...машиныг ******* жолоодож явсан. Би хүүгээ тэврээд урд суудалд сууж явсан. Би тухайн үед суудлын бүсээ зүүчихсэн явсан...гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Э.ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэр орой 22 цаг 30 минутын үед хадам ээж ирээд манай хүүхэд З.ийг аваад гэрлүүгээ явсан юм. Тэр хоёрыг яваад 20 орчим минут болсны дараа гэдэг хадам ах над руу утсаар яриад ээж, хоёр осол орсон байна гэж ярьсан. Би шинэ хорооны эхний буудал дээр очиход мөргөлдсөн 2 машин байсан. Цагдаагийн машин ирээд зам хаагаад зогссон цагдаа нар байсан. Ээж хүү хоёрыг эмнэлэг аваад явсан байсан. Тэгээд би тэндээс гэртээ хариад ааваар машин бариулаад эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиход манай хүү З. хүн харахын аргагүй нүүр ам нь нилэнхүйдээ цус болсон, толгойн ар хэсэг нь хагарсан, гутал хувцас нь урагдсан аймаар болсон байсан. Тэгээд тэр шөнөө эмнэлэгт эмчилгээ хийлгэж хоносон... “гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 05 сарын 06-ны орой 22 цагийн орчимд Ц.******* багшийн хамт өөрийн эзэмшлийн Корса маркийн улсын дугаартай автомашиныг жолоодоод явж байтал Товцог багийн автобусны 1-р буудал өнгөрч явахад урдаас гэнэт машины хурц гэрэл тусч гарч ирээд миний машины урдаас урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан машины зүүн тал руу мөргөсөн. Хүчтэй дуу чимээ гарсан. Тэгээд би юу болсны мэдээгүй. Нэг мэдсэн машиныхаа гадна талд Ц.******* багшийн зээ хүүг тэврээд зогсож байсан. Тухайн үед Ц.******* багш зээ хүүгээ тэврээд жолоочийн хажуу талын урд суудал дээр суусан 3-уулаа явж байсан. Миний машин шахагдаад замын хажуугийн далан руу хойд хэсгээрээ орсон урд тал нь далангийн ирмэг дээр байсан. Миний машины урд талын хэсэг нь нийтдээ эвдэрч чихэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг, 

Осол гарах үед байсан ослыг харсан талаараа мэдүүлсэн гэрч  Б.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би орой 22 цагийн орчимд гэрээсээ гараад Т.******* бид хоёр тэр машины арын суудал дээр хоёулаа зэрэгцэж суугаад гар утсаараа юм үзээд явж байтал тас няс гэх чимээ гараад урд суудал руу мөргөсөн. Тэгээд ухас гээд машинаасаа 2-лаа буугаад харахад бид хоёрын сууж явсан машин өөр нэг машинтай мөргөлдсөн байсан. Т.******* цагдаа руу утсаар ярьж дуудлага өгсөн. Мөргөлдсөний дараа жолоочийн нүүр нь цус болсон байсан. Түргэн тусламж иртэл жолооч машинаасаа буухгүй сандал дээрээ тонгойгоод суугаад байсан. Эмч ирээд машинаас нь гаргасан. Нөгөө машинд явсан хүмүүсийн талын хүн бололтой эрэгтэй хүн машинаас бууж ирээд хэн мөргөчихвөө алнаа гээд орилж байсан цохиогүй байх. Би сайн хараагүй. Тэгээд тэр хүмүүс өөр машинд сууж  эмнэлэг явсан. Эрэгтэй жолоочийг бид хоёртой хамт эмч түргэний машинаар аваад явсан...” гэсэн мэдүүлэг

Гэрч Т.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2016 оны 05 сарын 06-ны орой 22 цагийн үед 2-лаа хамт яваад эгчийг минь ажил дээрээс нь аваад ирье гэсэн. Бид хамт алхаж яваад шинэ хорооны 2-р буудлын доод талын туслах зам дээрээс төв рүү орох бараан өнгийн приус маркийн автомашинд суусан. Бид хоёр арын суудал дээр найзын хамт зэрэгцээд суусан. Би найзын хамт утсаар оролдоод явж байхад тухайн машин шинэ хорооны автобусны 1-р буудлын орчимд явж байхад гэнэт чанга тас хийх дуу чимээ гарсан. Би арын суудал дээр сууж явсан болохоор урд талын суудал мөргөсөн. Би найзын хамт машинаас хурдан үсрээд буусан. Миний сууж явсан тээврийн хэрэгсэлд жолооч бид 3-с өөр хүн байгаагүй. Би жолоочийг эрүүл согтуу явж байгааг мэдээгүй. Бид нарыг эмнэлэг дээр очиход эмч нар жолоочоос архи үнэртээд байна гэж хэлж байхыг сонссон. Тухайн осол болсны дараа жолооч нар хоорондоо зодолдож байсан эсэхийг анзаараагүй. Миний нүүрний зүүн шанаа хавдаад өвдөж байсан болохоор зодоон цохион болсон талаар мэдэхгүй ..." гэсэн мэдүүлэг, 
 
Гэрч Э.ын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 05 сарын 06-ны орой ажил ихтэй сууж байхад 22-23 цагийн орчимд ээж утсаар ярихдаа ажлынхаа хүнтэй гэр лүүгээ явж байна гэж ярьсан юм. Удалгүй 10 минут орчмын дараа ээж дахин утсаар над руу яриад ээж нь осолд орчихлоо 1-р буудлын тэнд гэж хэлсэн. Би сонсоод машинтайгаа явж очиход шинэ хорооны автобусны 1-р буудал дээр эмнэлгийн тэрэг ирчихсэн ээж, дүү, Ж.******* эгч гурав эмнэлгийн түргэний машин дотор ороод суучихсан. Хоёр машин мөргөлдсөн нэг машин нь зам дээр хөндлөн зогссон нөгөө машин нь замын хажуу руу орчихсон байсан. Зам хөндлөн зогссон хөх өнгийн приус маркийн машины жолооч нь рулээ дэрлээд хэвтчихсэн, түргэний эмч жолооч хоёр уг машины жолоочийг машинаас нь гаргаж авах гээд хаалгыг нь онгойлгочихсон зогсож байсан. Тэгээд би ээж, дүү, Ж.******* эгч гурвыг өөрийнхөө машинд суулгаж аваад шууд эмнэлэг рүү явсан. Түргэний машин Приус машины жолоочийг аваад бид нарыг эмнэлэг дээр ирсний дараа араас ирсэн. Намайг эмнэлэг рүү явж байхад цагдаагийн машин зөрөөд төвөөс шинэ хороо руу очиж байсан. Эмнэлэг дээр очоод тэд нарыг эмнэлэгт хэвтүүлэх, эмчилгээ хийлгэж, үзүүлж харуулах гээд маш их ажилтай. Маргааш нь ээж, Ж.******* эгч, З. аавтайгаа 4-лээ хот руу онгоцоор эмчилгээнд явсан ...” гэсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна. 
Энэ ослын улмаас хохирогч Ц.*******гийн биед хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн:  
1. *******гийн биед баруун уушигны няцрал, цээжний буруун, зүүн хөндий дэх шингэн хуралт, зүүн талын 4,5,9,10, баруун талын 2,3,4,5-р хавирганы далд зөрөөтэй хугарал, зүүн сарвууны 1-р хурууны 2-р үений мултрал, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”гэсэн №6887 дугаартай дүгнэлт,

Хохирогч Ж.*******гийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн:  1. Ж.*******гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”гэсэн №6888  дугаартай дүгнэлт,

Хохирогч З.ийн  биед хөнгөн гэмтэл учирсан болох нь  шинжээчийн: 
З.ийн биед дагзны хуйх, баруун завьж, баруун гарын 3-р хуруунд шарх, дух, зүүн хацарт сорви, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
1.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн №6886 дугаартай дүгнэлтүүдээр тус тус нотлогдож байна.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар жолоочийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль буюу түүнээс илүү байгаа нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан байна.
Түүнчлэн Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “...хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи... этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна.” гэж заасны дагуу түүний ууж хэрэглэсэн  архи нь согтууруулах ундаанд хамаарч байгаа бөгөөд Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн №201640042 дугаартай“...Д.*******аас авсан цусны шинжилгээ шинжилгээнд тэнцэж байна... цусанд 2.3 промиль спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр шүүгдэгчийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг нотолж байна. 
Иймд шүүгдэгч Д.*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А дахь хэсэгт заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэстэй.

Мөн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд  эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн  заалтуудыг зөрчсөн  болох нь   шинжээчийн: 
1. Эрүүгийн 201613000079 дугаартай хэргийн сэжигтэн Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2-7-н А-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 8 дугаар зүйлийн 8-2 т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтуудыг тус тус  зөрчсөн байна.
2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тухайн осол хэрэг гарахад нөлөөлсөн.
3. Тухайн замын нөхцөл байдал болон техникийн бүрэн бүтэн байдал нь осол гарахад нөлөөлөөгүй.
4. Эрүүгийн 201613000079 дугаартай хэргийн материалаас тухайн тээврийн хэрэгсэл осол гарах үед хэдэн км цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй байна.
5. Хохирогч Ж.*******, Ц.******* нар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна...” гэсэн  дүгнэлтээр тус тус нотлогджээ.

Иймд шүүгдэгч ын *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

Шүүгдэгч  Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар нотлогдож байна. 
Шүүгдэгч Д.*******т ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч, Монгол Улсын Эрүүгийн  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал болгов. 
Шүүгдэгч болон хохирогч иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй байна. 
Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.*******, З., Ж.******* нарын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.*******гийн  эд хөрөнгөд учруулсан гэм хорыг  арилгах нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргаж өгөн хэрэгт хавсаргуулсан нэхэмжлэлд холбогдох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэх, шүүгдэгчийн үйлдэлд шууд шалтгаант холбоотой гэм хорын зардлыг нотолж байгаа эсэх, тухайн баримтад бичигдсэн зардлыг хохиролд тооцон шүүгдэгч Д.*******аас гаргуулах үндэстэй эсэхийг хянан Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 95 дугаар зүйлийн 95.1, 95.2 дахь хэсгүүдэд зааснаар уг баримтуудыг бүх талаас нь бүрэн гүйцэт бодит байдлаар шинжлэн судалж доорх байдлаар үнэлж дүгнэлээ.
1. Хохирогч Ц.******* нь шүүгдэгч Д.*******аас эмчилгээний болон бусад зардалд нийт 4.462.948 төгрөг гаргуулахаар холбогдох баримтуудыг хавсаргаж ирүүлжээ. 
Шүүгдэгч  хохирогч  Ц.*******д эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардалд 1.600.000 төгрөг, эмнэлэгт томографийн шинжилгээ хийлгэсний төлбөр 195000 төгрөг, онгоцны зардалд 191.300 төгрөг нийт хохиролд 1986300 төгрөг төлсөн болох нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн эмнэлэгт томографийн шинжилгээнд төлсөн баримт болон мөнгө шилжүүлсэн орлогын баримтууд, хохирогчийн энэ талаар мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. 
Ц.*******гийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн хохиролд холбогдох баримтуудаас И-баримт/Ebarimt/-уудаар авсан гэх шатахууны 26 ширхэг баримтууд, хоол хүнс болон хэрэглээний зүйл худалдан авсан гэх 27 ширхэг баримт, эм тарианы гэх 20 ширхэг баримтууд хэн авсан нь тодорхойгүй, уг зүйлсийг зарцуулсан гэж шууд үзэх боломжгүй, уг баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул И-баримтаар авсан шатахуун болон эм тарианы  зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэсгүй. 
Хохирогч шүүгдэгчээс Улаанбаатар хотод түрээслэсэн байрны төлбөр,  цахилгаан  эрчим хүч ашигласны  төлбөр, цэвэр ус халаалт хэрэглэсний төлбөр нийт 166474 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг хэргийн хавтаст хэргийн 193, 194 дугаар хуудсанд хавсаргасан байгаа боловч үүнийг хохирогч  Ц.*******гийн эмчлүүлэх болон сувилгаатай холбогдон гарсан шууд зардал гэж үзэхгүй. 
Түүнчлэн  Б.,  Э.а  нар хохирогчийг  эмнэлэгт  асарсан  хугацааны  цалин болох нийт 750.000 төгрөг нэхэмжилж  үүнийгээ нотлохоор тухайн байгууллагуудын тодорхойлолтуудыг  ирүүлсэн байна.
Гэвч уг тодорхойлолтуудад Б., Э.а нар хохирогч Ц.*******г ямар хугацаанд асрахаар ажлаас чөлөөлөгдсөн эсэхийг тодорхойлоогүй байх тул  тэдний цалинг  шүүгдэгчээс гаргуулах  боломжгүй байна.
Хэргийн 193-р хуудсанд нийгмийн даатгал шимтгэлд 29800 төгрөг төлсөн  баримт авагдсан байгаа боловч хохирогч Ц.******* нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу төлж байгаа шимтгэлийг шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас эмчилгээтэй холбогдон гарсан зардал гэж үзэх үндэсгүй байх тул дээрх үндэслэлүүдээр Ц.*******гийн нэхэмжлэлээс нийт 2110365 төгрөгийг хасч  хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Харин нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байгаа эм тариа, эмчилгээ, шинжилгээний зардал, замын зардал зэрэг 366283 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
2. Иргэний нэхэмжлэгч Ж.******* нь шүүгдэгч Д.*******аас гэм хорын хохиролд 2.243.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч  Д.******* нь Ж.*******д машин засварлахад гарсан зардалд 1.570.000 төгрөг,  Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явсан онгоцны  зардал 191300 төгрөг, эмнэлэгт томографийн шинжилгээ хийлгэсний төлбөр 65000 төгрөг, нийт 1826300 төгрөг төлсөн ба үлдсэн бусад хохирлоо гаргуулах шаардлагыг шүүх хуралдаанд гаргажээ 
Ж.*******гийн Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд буцаж ирсний замын зардал 48800 төгрөг, эм тариа хэрэглэсний 96850 төгрөг, эм тарианы 192050 төгрөг, эмчийн үзлэгт 30000 төгрөг, мөн 47000 төгрөг,  MRI/ имарой/ 210.000 төгрөг нийт 673500 төгрөгний  зардал гаргасан нь  хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар  тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэстэй. 
Ж.******* нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бичигдсэн Жаргалсайхан гэх Улаанбаатараас Завхан аймагт зорчих тасалбарын үнэ  48800 төгрөгний зардлыг гаргуулахаар нэхэмжилж баримтыг хавсаргасан боловч түүний эрүүл мэндэд учирсантай холбогдон гарсан  шууд зардал гэж  үзэх боломжгүй тул хасч тооцох нь зүйтэй бөгөөд Д.*******ын Ж.*******гийн эмчилгээ болон бусад зардалд зориулан өгсөн 1826300 төгрөгийг хасч шүүгдэгчээс нийт 368400 төгрөгийг хохирогчид  олгох үндэстэй.
3. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.******* нь хохирогч  З.ийн  гэм хорын хохирол төлбөрт  1.514.491 төгрөг нэхэмжилсэн бөгөөд талууд энэ талаар маргаангүй байна. 

Шүүгдэгч  Д.******* нь иргэний нэхэмжлэгчид бэлнээр 600.000 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явсан онгоцны зардал 240100 төгрөг, эмнэлэгт томографийн шинжилгээ хийлгэсний төлбөр 65000 төгрөг нийт 905.100 төгрөг төлж барагдуулсан  ба үлдэгдэл 609391 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байсан боловч  хавтаст хэргийн 209-211 дүгээр хуудсанд авагдсан  И-баримт/Ebarimt/-уудаар авсан шатахуун болон хоол хүнс, эм тарианы гэх  баримтууд хэн авсан нь тодорхойгүй, уг зүйлсийг хохирогчийг эмчилгээ сувилгаанд зарцуулсан гэж шууд үзэх боломжгүй, уг баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул хохиролоос 249391 төгрөг  хасч шүүгдэгчээс 360.000 төгрөг гаргуулж  иргэний нэхэмжлэгч Э.д олгох нь зүйтэй. 

Хохирогч Ц.*******, Ж.*******, З. нар нь цаашид эмчлүүлэхтэй холбогдон гарах зардлыг хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дахь хэсэг, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.1, 291 дүгээр зүйлийн 291.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын *******ыг  согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж Ц.*******гийн биед хүнд, Ж.*******гийн биед хөнгөн, З.ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгуулиас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг Д.*******т анхааруулсугай.

4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг CD-г хохирогч Ц.*******, иргэний нэхэмжлэгч  Э.  нарт буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Д.*******ын авто машин жолоодох жолоочийн эрхийн  “В” ангилалын үнэмлэх, тээврийн хэрэгслийн 00401400 тоот гэрчилгээг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Д.*******ын эзэмшлийн  TOYOTA  Prius маркийн  автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлөгдөх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.*******д 368400 төгрөг, хохирогч Ц.*******д 366283 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.д 360.000 төгрөгийг шүүгдэгч Д.*******аас гаргуулж тус тус олгосугай.
10. Хохирогч Ц.*******, Ж.*******, З. нар нь цаашид эмчлүүлэхтэй холбогдон гарах зардлыг хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
12. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Н.ДЭЛГЭРМАА