Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 126/ШШ2021/0031

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

             Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Чийг ажилаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томлуулах тухай” шаардлага бүхий С.Чийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.С, гэрч Ц.Ж, О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймагт 2020 онд орон нутгийн сонгууль болж Орон нутгийн сонгуулиар Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан нам олонхи болсноор Ардчилсан Намаас аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар сонгогдсоноор шинээр сонгогдсон Засаг дарга  нь төрийн албан хаагчдыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг шаардах, зөвшөөрөхгүй бол санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны шалгалт оруулан зөрчил илрүүлж, сахилгын арга хэмжээ авч ажилаас чөлөөллөдөг асуудал хэвийн үзэгдэл болсон. Үүний нэг жишээ бол Нэгдсэн эмнэлгийн дарга С.Ч би ажлаас халагдсан явдал юм.  Аймгийн Ардчилсан Намын дарга Ш.И нь Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдсоноор харьяа хэлтэс агентлаг байгууллагуудын дарга нарыг солих халах арга барилаар ажилаа эхэлсэн. Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 22-нд нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай явж танилцаагүй байж, удирдлагын баг, албадын дарга, тасгийн эрхлэгч нартаа анх уулзахдаа  даргыг чинь солино ийм аргаар байгууллага удирддаггүй юм гээд 12 сарын 24-нд өрөөндөө намайг дуудан ажилаа өөрийн хүсэлтээр өгөхийг шаардсан. Би ийм улс төрийн байдлаар өгөхгүй 8 жил даргаар ажиллалаа надад хийсэн ажил ч бий төлөвлөсөн ажил ч байна ажилаа өгөхгүй гэтэл Засаг дарга ямар нэг сайн, муу байдлаар авч болох байлгүй дээ та бичлэг хийгээгүй биз дээ гэж хэлсэн. Ингээд 2021 оны  01 дүгээр сарын 06-ны өдөр А/08 тоот захирамж гарган манай байгууллага  дээр зориудын чигэлсэн хяналт шалгалт хийх хүмүүсээ өөрөө нэр заан шалгалтын удирдамж нь дугааргүй хэн боловсруулсан нь тодорхойгүй удирдамжинд заагдсан Эрүүл мэндийн сайдын 4-н тушаалын 3 нь хүчингүй болсон нь 1 нь хамааралгүй хөдөө аж ахуйн салбарт  хамааралтай тушаал шалгуулахаар Нэгдсэн эмнэлэгт санхүүгийн хяналт доод аудитын хяналт шалгалт оруулж, томилсон баг нь ажилчдыг айлган сүрдүүлж дарамтлан шалгасан болно. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А/36 тоот захирамж гарган миний дуудлага худалдаагаар авсан хувийн гражийн газрын эзэмших эрхийг цуцалсан, үүнийг би Засаг дарга намайг өөрийн үгэнд оруулахын тулд албаны  эрх хэмжээгээ  ашигласан арга гэж харж байгаа бөгөөд ийм аргаар төрийн ажлыг хийж байгаад харамсаж байна.

Ингээд би Санхүүгийн хяналт, дотоод аудитын шалгалтын дүнг зөвшөөрөхгүй гэдгээ хэлж тавьсан актуудын талаар дээд шатанд нь гомдол гаргасан байтал албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж төрийн ажлыг  хувийн телевиз /Хөвсгөл ард түмний/ телевизээр эвлүүлэг хийлгэн ард түмэнд баталгаажаагүй бодит бус мэдээллийг хийж байгууллагын болон миний алдар нэрд удаа дараа халдаж байсан. Тус санхүүгийн хяналт аудитын албанаас хийсэн шалгалтаар намайг халчих батлагдсан зөрчил байгаагүй тул 2021 оны 04 сарын  08-ны өдөр А/197 тоот захирамж гарган Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилж надад 2021 оны 04 сарын 13-ны өдөр хүргүүлсэн. Өмнө нь 2020 онд ЭМЯ-ны сайдын Эмнэлгийн бие даасан байдлыг хэрэгжүүлэх тухай А/334 тоот тушаал гарган орон нутгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг ээлж дараатайгаар байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулинд зааснаар хагас бие даасан удирдлагын тогтолцоонд 2022 онд бүрэн шилжих болно тэр болтол хүлээж бай гэж манай Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоолоор томилогдсон Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг ажиллуулахгүйгээр хүлээлгэсэн. Эрүүл мэндийн яамнаас энэ жил манай аймгийн нэгдсэн эмнэлгийг Төлөөлөн удирдах зөвлөлтэй болгох төлөвлөлтөнд нь ороогүй байхад салбарын хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх дүр үзүүлж шинээр ба Төлөөлөн удирдах зөвлөл байгуулж уг Төлөөлөн удирдах зөвлөл нь Нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг надаас авч өөрийн Ардчилсан Намын гишүүн, аймгийн ИТХ-ийн төлөөлөгч аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Оюунжаргалд өгөхийн тулд өмнө байгууллагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд байсаар байтал өөрийн намын болон Нэгдсэн эмнэлгээс сахилгын арга хэмжээ авагдан ажилаас чөлөөлөгдсөн иргэдийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд оролцуулан шинээр Төлөөлөн удирдах зөвлөл байгуулж улмаар уг Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 тоот тогтоол гарган ирүүлж, Нэгдсэн эмнэлгийн ажлыг ажил хүлээлцэх комисс болох Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь дарамтлан хүчээр авлаа. Хэдийгээр би Төлөөлөн удирдах зөвлөлийн  тогтоолоор ажилаа өгсөн ч гэсэн аймгийн эрүүл мэндийн газрын даргатай байгуулсан миний хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй байгаа гэж үзэж байна.

Анх 2013 оны 6 сарын 17-ны  өдрийн Б/48 тоот аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар намайг Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд томилон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд түүнээс хойш би алдаа  дутагдал гаргалгүй,тасралтгүй 8 жил ажилласан. Энэ хугацаанд би өөрийн хариуцсан ажлаа бүтэн жилээр гүйцэтгэлийн төлөвлөгөө гарган батлуулж Эрүүл мэндийн газарт хагас бүтэн жилээр биелэлтийг дүгнүүлэн 86.3-96%-ийн үнэлгээ авч ажлаа сайн гүйцэтгэсэн гэж үр дүнгийн урамшуулал ур чадварын  нэмэгдэл авч ажиллаж байсан. Мөн 2020 онд манай эмнэлэг ХНХЯ-аас шалгаруулсан эрүүл ажлын байрыг дэмжигч улсын тэргүүний байгууллагаар, аймагтаа 2018-2020 онуудад нэгдүгээр байранд 2020 онд аймгийн Засаг даргын Тамгын газраас зүтгэл-итгэл-сэтгэл нэрлэсэн жилд тусгай байранд шалгаран амжилттай ажилласан. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний магадлан итгэмжлэлийн хугацаа 4 жилээр хөдөө орон нутгаас ганцаараа сунгуулсан эмнэлэг юм. Ийм үр дүнтэй ажиллаж байтал Төлөөлөн удирдах зөвлөл нь намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлснийг ойлгосонгүй, ямар ч байгууллагын удирдлага нь ажилтныг ажлаас халах чөлөөлөхдөө Төрийн албаны буюу Хөдөлмөрийн  тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан яагаад, ямар үндэслэлээр халж, чөлөөлж байгаагаа тодорхой заах ёстой гэж би ойлгож байна. Гэтэл энэ талаар би Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоос харсангүй. Энэхүү Төлөөлөн удирдах зөвлөл нь дээд шатны байгууллага байхгүй тул би үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж тус шүүхэд хандаж байна. Иймд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Энэ нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Нотлох баримт шинжлэхэд захим асуудлыг шинжлүүлье гэж бодож байна. Яг юутай маргаад байгаа юм бэ гэхээр төлөөлөн удирдах зөвлөлийн С.Чийг ажлаас чөлөөлөх тухай 06 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэгдсэн эмнэлгийнхээ даргын ажилд эгүүлэн томилуулъя гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа. Яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр хариуцагч талаас эрүүл мэндийн яам хэрэгжүүлэгч байгууллага биш ч гэх шиг, эрүүл мэндийн яам ерөнхийдөө мэдэхгүй гэсэн зүйл яриад байх шиг байна. Тэгэхлээр эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг бид бүгдээрээ урдаа гаргаж тавьсан байгаа. Энэ дээр ТУЗ-ын ямар журмаар байгуулах юм, эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдаад түүний дараа хэрэгжүүлэхтэй холбоотой олон олон журмууд батлагдан гарч ирсэн. Жишээ нь: Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулалтын үнэлгээ хийх заавар, шалгалтын нэгдсэн үнэлгээний хуудсыг бусад шалгагчдын оноог харьцуулан дүгнэх хүснэгтийг, 5.тухайн албан тушаалтны бүрдүүлсэн материалд илэрхийлсэн өргөдлийг 6 дугаар хавсралтаар гэх мэт ийм тушаал жишээ нь Эрүүл мэндийн сайд 454 гэсэн тушаал гардаг. Эмнэлгийн бие даасан байдлыг хэрэгжүүлэх тухай гэсэн А/334 дугаартай 2020 оны тушаал байгаа. Эмнэлгийн бие даасан байдал гэдэг чинь юу вэ гэхээр ТУЗ-тай холбоотой асуудал. Энэтэй холбоотой тушаал гаргаад ямар ямар ажил хийхээ дүгнүүлчихсэн байгаа. Хариуцагч тал мэдэж байгаа байх. Өнөөдөр эмнэлгийн байгууллага улс орон битгий хэл улс орны хэмжээнд тулгамдсан цар тахалтай холбоотойгоор эмнэлгийн үйл ажиллагаа хаана хаанаа маш хүнд байдалтай байгаа. ТУЗ-тай холбоотой асуудал үндсэндээ хаягдчихаад байж байгаа. Өмнө нь байгуулагдсан ТУЗ-ыг ажиллаагүй байхад өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн хуралд тийм эрх хэмжээ байхгүй байсан юм гэж байна. Тэгвэл тэр тогтоолыг бариад ажлаас нь халах ёстой байсан. Маргалдъя, тэгэлцье гэж байгаа бол нэхэмжлэлийнхээ хүрээнд ярихаас өөр аргагүй. Сая нэхэмжлэгч “2020 оны 11 дүгээр сард орон нутгийн сонгууль болоод үүнээс хойш 1 сарын дараа аймгийн Засаг дарга сонгогдсон. Ингээд удирдлагын багийн хамт олон дунд очоод үглэдэг, яншдаг, чамайг ийм ийм байна” гэсэн нэгэнт байгууллагын удирдлагуудыг цуглуулчхаад удирдлагыг нь ингэж сайн муугаар хэлээд байгаа нь хов зөөж байгаа авгай шиг аймгийн Засаг даргын хувьд тэгж болохгүй. Хоёрдугаарт нэг биш удаа нэхэмжлэлд дурдагдсан байгаа. Сайн муу арга барилаар чамайг авна гэж хэлчхээд яасан бэ гэхээр 12 дугаар сарын сүүлээс эхлээд Засаг дарга өөрийн дэргэдэх санхүүгийн хяналт дотоод аудитын албаар нэгдсэн эмнэлэгт шалгалт оруулаад зөрчил илрүүлж С.Чийг халах гээд байна. Үүнтэй холбоотой шалгаж байх хооронд нь Хөвсгөл Ард түмний телевиз, фэйсбүүкээр нэг биш удаа нэгдсэн эмнэлэгтэй холбоотой асуудлыг нэвтрүүлгээр цацсан. Үүнтэй холбоотой батлагдаагүй мэдээлэл тавьж нэр төрд халдсан учраас нэр төрөө сэргээлгэхээр иргэний хэргийн шүүх дээр нэхэмжлэл явж байгаа. Мөн дотоод аудитын шалгалт хийгээд маш их хэмжээний зөрчил илэрсэн юм шиг үзэж ТУЗ дээр шалгалт хийсэн аудитор А.Догсмаа танилцуулаад тэрийгээ сонссоор байгаад өглөөний 9, 10 цагаас эхлээд оройны 5, 6 цаг хүртэл хүлээсэн гэдэг. Энэ дотоод аудиторын шалгалт хийгдсэн нь үнэн боловч дотоод аудитын шалгалт хууль бус хийгдсэн байна, энэ шалгалтаар тавигдсан актууд илт хууль бус юм гэдгийг сангийн яам зөвшөөрсөн баримт ирсэн байдаг. Хавтаст хэргийн материалд байгаа байх гэж бодож байна. Нөгөө талаар ямар нэгэн хүнийг ажилд авахдаа, ажлаас халахдаа үндэслэл бүхий хуулийн зүйл заалтыг барьдаг. Жишээ нь ажлаас чөлөөлсөн 06 тоот тогтоол маань С.Чийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөөд байгаа нь тодорхойгүй байна. Тарийн албаны хуулийн заалтыг бариад байгаа юм уу, эсвэл Хөдөлмөрийн хуулиар энэ хүнд арга хэмжээ авч ажлаас чөлөөлөөд байгаа юм уу, албан тушаалаас нь чөлөөлөх ямар үндэслэл байгаа юм бэ гэдэг хуулийн зүйл заалтаа тодорхой барьж захиргааны акт гаргах ёстой байхад яасан нь мэдэгдэхгүй захиргааны акт гаргаж байна. Энэ захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд 27.2-т зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй. Таныг ажлаас чөлөөллөө, ийм ийм боллоо гэж албан ёсоор сонсох ажиллагаа явуулсан баримт хавтаст хэргийн материалаас харсангүй. Тийм учраас сонсох ажиллагаа явуулаагүй байна. Хоёрдугаарт: Саяны татгалзсан нэхэмжлэлийн талаар ярихгүй гэсэн боловч энэ дээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхой болгож, зөвтгөж оруулж ирнэ. Энд яагаад ийм зүйл ярих гээд байна вэ гэхээр ТУЗ гэдэг чинь нэгсэн эмнэлгийн даргын ажлыг С.Чоос авч Оюунжаргалд өгөхийн тулд байгуулагдсан ийм байдал харагдаж байгаа. Хэлэлцэх олон олон асуудал байдаг байх. Тэгэхэд анхдугаар хуралдаанаар нэгдсэн эмнэлгийн даргын ажлын байрыг зарлана гэсэн. Нэгдсэн эмнэлгийн дарга С.Ч өөрийн тайлангаа тавих гээд маш тодорхойгоор 2, 3 үг асуугаад одоо гарч болно гэж хэлж байгаа юм. Тэгэхлээр хариуцагч талаас “С.Ч энэ талаар хүсэлтээ гаргаж байсан тухай баримт байгаа” гэсэн зүйл ярьсан. Хэрвээ тийм баримт байгаа бол би хавтаст хэргийн материалаас хараагүй. Хуурамчаар хийсэн байх. Би өчигдөр хүртэл хавтаст хэргийн материал ирж үзэхдээ хараагүй. Тийм учраас тийм баримт байгаа бол нотлох баримтын шаардлага хангах юм уу, үнэхээр С.Чийн гарын үсэг мөн юм уу, биш юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Тийм учраас ямар үндэслэлээр тухайн ажлаас чөлөөлж байгаа юм бэ, ТУЗ-ын ажиллагааг хэрэгжүүлэх гэж байгаа бол сонсох ажиллагаа явуулаад энэ хууль ингэж үйлчилж эхлэх гэж байгаа учраас гээд үүнийгээ тодорхой тавих ёстой байгаа болохоос биш Засаг дарга нь дуудаж уулздаг, сайн муу аргаар авна гэдэг заналхийлсэн байдалтай эцсийн бүлэгтээ ямар тушаал гаргаж байгаа юм бэ. Ямар үндэслэлээр ажлаас халж байгаа юм, ямар учраас чөлөөлөөд байгаа юм. Өмнө нь гаргасан ТУЗ-ыг хэрвээ халж, сольж байгаа бол 30 хувийг нь солино гэсэн зүйл наад хуульд чинь байгаа. Хэрвээ хардаг бол. Өөрт байхгүй эрхээ эдлээд иргэдийн хурлын тогтоол гаргасан байна гэвэл иргэдийн хурлын тогтоолд тийм үндэслэл огт байхгүй байна. Тийм учраас Засаг дарга ийм төлөөлөн удирдах зөвлөл байгуулаад энэ төлөөлөн удирдах зөвлөл нь анхдугаар хуралдаанаараа нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг зарлах ийм асуудал нь хууль бусаар энэ хүнийг ажлаас чөлөөлье гэсэн анхнаасаа ийм захиалгатай юм байна гэж хараад байна л даа. Үүнийг юугаар хэлээд байна вэ гэхээр С.Чийг ажлаас чөлөөлөөд байгаа 06 тоот тогтоол дээр Хөдөлмөрийн болон Төрийн албаны хуулийг үндэслэсэн ямар нэгэн зүйл заалт байхгүй байгаа учраас энийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Эрүүл мэндийн тухай хуулийн 17 зүйлийн 17.4, Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг энэ хуулийн 16.10-т заасан суман дахь  нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ хэмээн 2020 оны 05 дугаар сарын 15-нд өөрчлөн найруулж батлагдсан. Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30-д “Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг аймаг, дүүргийн Засаг дарга шууд батламжилна” гэж зохицуулсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/197 дугаар “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах тухай” захирамжаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батламжилж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн А/454 дугаар тушаалыг тус тус үндэслэн Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн материал ирүүлэх хугацааг тогтоож сонгон шалгаруулалтыг зарласан. Энэхүү сонгон шалгаруулалтанд нэхэмжлэгч С.Ч оролцох боломжтой байсан ч оролцоогүй бөгөөд сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдаж шаардлага хангасан Нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулсан.

 Нэхэмжлэгч С.Ч нь Нэгдсэн эмнэлгийн захирал сонгон шалгаруулах ажиллагаанд огт оролцоогүй бөгөөд тиймээс Нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах ажиллагаатай холбоотой гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй билээ. 2016 онд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээр эмнэлгийн удирдлагыг хараат бус, бие даасан болгож хөгжүүлэх зорилт тавьж, Эрүүл мэндийн яамнаас энэ хугацаанд холбогдох дүрэм журмыг батлаж бэлэн болгосноор хэрэгжиж эхэлсэн билээ.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл шинээр байгууллагдаж эмнэлгийн захирлыг 5 жилийн хугацаатайгаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох чиг үүргийн хүрээнд Эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулсан тул эмнэлгийн өмнөх даргыг /захирал/ чөлөөлсөн нь хуулийн дагуу үйл ажиллагаа юм.

 Мөн Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулж өгнө үү гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дэх хэсгийн аль заалтад үндэслэж гаргасан буюу шүүхээс ямар шийдвэр гаргуулах хүсэлтэйгээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн тодорхойгүй шаардлагыг хүлээн авч хэрэг үүсгэсэн байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд С.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт дараах тайлбарыг хэлье. Нэгдүгээрт: Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал яриад байгаа. Хэрвээ хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Тэгэхлээр харьяаллын хувьд та өөрийнхөө бодож байгаагаас өөр харьяаллын шүүхэд хандсан байна. Хоёрдугаарт: Та “Эрүүл мэндийн газрын даргатай би хөдөлмөрийн гэрээ хийсэн” гэж байна. Тэгвэл та хариуцагчаар эрүүл мэндийн газрын даргаа хариуцагчаар сонгоод, эрүүл мэндийн газрын даргатайгаа маргах ёстой. Өнөөдөр энэ эмнэлгийн ТУЗ-тай маргах шаардлага байхгүй. Тэгэхлээр та “би эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон, энэ хүний тушаалаар чөлөөлөгдөх ёстой” гэж үзэж байгаа бол аймгийн Эрүүл мэндийн газрын даргатайгаа иргэний хэргийн шүүхээр маргах боломжтой. Гэхдээ яагаад өнөөдөр энд ирж байна вэ гэвэл таны анх 2013 онд томилогдож байсан нөхцөл байдал, хууль эрх зүйн нөхцөл байдал чинь 2016 онд өөрчлөгдсөн. Яагаад өөрчлөгдсөн гэвэл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх эрх мэдэл байхгүй болсон. Харин эмнэлгүүд дээр төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаад, төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн захирлыг томилох, чөлөөлөх эрх мэдэл тухайн хуулиар шилжсэн. Тэгэхлээр нэхэмжлэлийн шаардлага дээр бас нэг ойлгомжгүй зүйл байгаа нь аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр чөлөөлж нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилж өгнө үү гэсэн байгаа. Өнөөдөр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга гэдэг албан тушаал байхгүй, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал гэдэг албан тушаал байгаа. Тэгэхлээр та дарга дээр очно гэж байгаа бол тийм албан тушаал нэгдүгээрт байхгүй. Тэгэхлээр нэхэмжлэлийн шаардлага чинь дарга гэдэг байхгүй албан тушаал дээр очъё гэж хүсээд байгаа бол үндэслэлгүй байгаа юм. Тухайн 2016 оноос 2021 оныг хүртэл С.Чагнаадож гэдэг хүн эмнэлгийн дарга, эмнэлгийг удирдаж байсан хүний хувьд энэ хуулийг мэдэж байсан байх гэж бодож байна. Дараагийн асуудал гэвэл эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг мэдсэн, мэдээгүй дээр бид нар тийм ч ач холбогдол өгөхгүй байна. Яагаад гэвэл С.Ч гэдэг хүнд хуулиараа очоод “энд сонгон шалгаруулалт болж байгаа. Та энэнд заавал оролц гэдэг мэдэгдэл өгөөд, оролцооч гэж гуйгаад, урилга өгөх шаардлага байхгүй. Сонгон шалгаруулалтыг бид нар хуулийн дагуу зохион байгуулна, олон нийтэд зарлана гэж байгаа. С.Ч гэлтгүй шаардлага хангасан бүх хүн оролцох боломжтой. Эмнэлгийн ТУЗ-д С.Ч гэдэг хүнд урилга өгч та заавал сонгон шалгаруулалтад оролцооч гэх шаардлага байхгүй. Хэрвээ тэгэх юм бол бусад оролцогчдын эрх ашгийг зөрчиж байгаа хууль зөрчсөн үйл ажиллагаа болно. Өмнө нь дарга байсан уу, эмнэлгийн хэлтсийн дарга байсан уу, тухайн эмнэлэгт ажилладаг эмч байна уу, тухайн эмнэлэгт ажилладаггүй хүн байна уу хамаа байхгүй. Эмнэлгийн даргын тавигдах шаардлагыг хангасан бүх хүн тухайн сонгон шалгаруулалтад оролцох боломжтойгоор зохион байгуулах ёстой. Хэрвээ эмнэлгийн өмнөх даргыг оролцуулах гээд тэрэнд давуу байдал олгоод байх юм бол энэ чинь хуулиа зөрчсөн үйл ажиллагаа болно. Та “надад мэдэгдэх ёстой, надаас зөвшөөрөл авах ёстой” гэж яриад байх шиг байна. Тийм боломж байхгүй. Мөн би ТУЗ-ыг зөвшөөрөөгүй, ТУЗ-ын хурлыг орхиод гараад явсан гэдэг асуудал яриад байна. Гэтэл эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиар ТУЗ гэдэг байгууллага чинь эмнэлгийн захирал, удирдлагын дээд шатны байгууллага. Тухайн эмнэлгийн захирал ТУЗ-д ажлаа хариуцан тайлагнана, тухайн ажлын тайланг үнэхээр чанартай гүйцэтгэсэн гэж үзвэл үргэлжлүүлээд явна. Чанаргүй үнэхээр шаардлага хангахгүй байгаа бол зохих арга хэмжээг авна. Дээд шатны байгууллагаа хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг асуудал байхгүй. Сая “Төрийн албаны хууль, Хөдөлмөрийн тухай хууль ч юм уу бусад хууль тогтоомжийг үндэслэж чөлөөлөөгүй байна” гэж байна. Манайх энэ харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах харилцаа гэж үзэхгүй байна. Сонсох ажиллагаа хийгээгүй гэж байна. Сонсох ажиллагааг бид нар яагаад хийх ёсгүй гэж үзэж байна вэ гэхээр Захиргааны хуулийн 11.2 гэдэг зүйл заалтад “захиргааны үйл ажиллагааны хэлбэрийн хувьд хуульд өөрөөр заасан бол захиргааны хуульд заасны дагуу хэрэглэнэ” гэж байна. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр тухайн шийдвэр гаргах ажиллагааг тусгайлан зохицуулаагүй харилцааг захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмын дагуу гаргадаг. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасны дагуу ТУЗ-ын гаргасан эмнэлгийн захирлыг томилохтой холбоотой асуудлыг сонгон шалгаруулалт явуулж томилно гэдгийг хуулиар тусгайлан заагаад түүн дээр тусгай журам гарсан. Энэ эмнэлгийн дарга сонгон шалгаруулалтын дагуу сонгогдсоноор өмнөх эмнэлгийн удирдлагын хугацаа дуусдаг. Тэгэхлээр эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж дуусаад дараагийн эмнэлгийн захирлын шаардлага хангасан этгээд сонгогдсоноор  өмнөх удирдлага хэрэгжүүлж байгаа хүнийг чөлөөлөх эрх нь ТУЗ-д үүсдэг. Тэр хүрээндээ л чөлөөлсөн. Тэгэхлээр 2013 оноос хойш 2021 оныг хүртэл 8 жилийн хугацаанд ажилласан. Хуулийн хугацаа 5 жил байгаа буюу 5 жил ажиллаад сонгон шалгаруулалт явагдана. Нэгдүгээрт: Хуулийн хугацаа хэтэрсэн, хоёрдугаарт: энэ хуулийн шилжилтээр ТУЗ байгуулагдсаныхаа хувьд сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай, сонгон шалгаруулалт явуулаад шинээр сонгогдсон захирлыг томилсон харилцаа байгаа. Түүнээс биш таныг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу таныг сахилгын ямар нэгэн зөрчил гаргасан гэж үзээгүй, тэрэнтэй холбоотой асуудал байсан бол өөр харилцаагаар зохицуулагдана. Түр орлон гүйцэтгэгчээр томилох ёстой гэж байна. Ийм зүйл байхгүй буюу тийм эрх зүйн харилцаа үүсээгүй. Тийм учраас дараагийн захирлыг томилоод явсан байгаа гэв.

Гэрч Ц.Ж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Анхны хуралдаан дээр төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгосон, нэгдсэн эмнэлэг дээр болсон санхүүгийн аудитын дүнг танилцуулсан, нэгдсэн эмнэлгийн дарга тайлан тавьсан, сүүлд нь нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт зарлах асуудлуудыг хэлэлцсэн. Тэр хурал дээр маргаан, зөрчилдөөн гараагүй. Аудитын дүн дээр А.Догсмаатай жаахан санал зөрөлдсөн байх. Тэр дээр юм асуух гэж байна гэсэн чинь би хариулахгүй гээд гараад явсан. Тэгээд С.Ч дарга гарч тайлангаа тавиад, гар гэж хөөгөөгүй байх. Асуух асуулт байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгвэл та гарч байж болно гэж байсан” гэв.

Гэрч О.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “4 дүгээр сарын 19-ний өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд хуралдсан. Нэгдүгээрт: Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг танилцуулаад зөвлөлийн үлгэрчилсэн дүрмийг баталсан. Хоёрдугаарт: Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн журмаараа нэгдсэн эмнэлгийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцдэг. Энэ тайлан танилцуулагдсан. Дараа нь 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нэгдсэн эмнэлэг дээр шалгалт хийгдсэн. Энэ хуралдаанаар шалгалтын дүн хэлэлцэгдсэн байгаа. Дараа нь нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалттай холбоотой журам танилцуулагдсан. Сүүлд нь хурлын шийдвэр гарч танилцуулагдсан. Тухайн өдрийн хуралдаанд С.Ч дарга оролцсон. Аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа яригдаж байгаа учраас ТУЗ-ын төлөөлөгчдөөс гадна нэгдсэн эмнэлгийн дарга дотоод аудитын албаны ахлах аудитор А.Догсмаа хоёр танилцуулга хийсэн учраас оролцсон. Хуралдааны дарааллын дагуу хэлэлцээд явсан. Гурав дахь асуудал дээр аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт хийсэн дүнгийн талаар ахлах аудитор А.Догсмаа танилцуулга хийсэн. Ингэж танилцуулж байх явцад С.Ч дарга тэр хоёр жаахан маргалдсан. Дараагийн асуудал дээр нь нэгдсэн эмнэлгийн 2020 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэгдсэн. Тэгээд С.Ч дарга тайлангаа тавиад гарсан байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэн С.Ч  нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд  холбогдуулан “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Чийг ажилаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

А/ Хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаар:  

1. Маргаан бүхий захиргааны акт болох  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор: Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.10.5 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний  тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.18, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 дугаартай “Журам батлах тухай” тушаал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дүрмийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэж, уг тогтоолоор:

“... Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж ...” шийдвэрлэжээ. /ХХ-ийн 6 дугаар хуудас/

2. Иргэн С.Ч нь гомдол гаргаснаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1а/2574 дугаар албан бичгээр “... 2021 онд арван төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэгт Төлөөлөн удирдах зөвлөл байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнд:

Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн  мэргэшлийн 3 эмнэлэг, 1 бүсийн оношилгоо эмчилгээний төв, 2 аймаг /Сэлэнгэ, Увс аймаг/, 4 дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хамаарч байгаа юм. Хуульд заасан бусад эмнэлгүүд 2022 онд хагас бие даасан удирдлагын тогтоолцоонд бүрэн шилжиж дуусна. ... Иймд хуулийг гажуудуулахгүй, зөв хэрэгжүүлэх, салбарын бодлогын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, аймаг, нийслэлийн  Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар,  Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд энэ  чиглэлээр Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах нь зүйтэй” гэсэн хариуг түүнд өгчээ. /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/

3. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/197 дугаар “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах тухай” захирамжаар “... аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батламжилж, ... “Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14.00 цагаас зохион байгууллагдана. Иймд тус хурлаар Нэгдсэн эмнэлгийн 2020 оны үйл ажиллагааны тайлангийн дүнг хэлэлцүүлэхийг мэдэгдье” гэх мэдэгдлийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан С.Чид хүргүүлж, улмаар уг албан бичгийг С.Баярмаад цохолт хийж шилжүүлсэн байна.  /ХХ-ийн 15-17 дугаар хуудас/

4. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр “Сонгон шалгаруулалт явуулах тухай” тогтоолоор ... 1. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтанд оролцох иргэдийн материал ирүүлэх хугацааг 2021 оны 04 сарын 22-ны өдрөөс 05 сарын 12-ны өдрийн 18 цагаар дуусгавар  болохыг тогтоож, 2. Нээлттэй сонгон шалгаруулалт явуулах тухай зар хүргэх загвар, мэдээллийг хавсралтаар баталж, материал ирүүлэх хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахыг нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч О.Дд, холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд тус тус даалгасан байна. /ХХ-н 10-11 дүгээр хуудас/

5.  Аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт явуулж, ... сонгон шалгаруулалтын зарыг аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудас, “Эрүүл мэндийн яам”-ны пэйж хуудсанд байршуулж мэдээлэл хүргэж ажилласан байх ба Сонгон шалгаруулалт зарласан материал ирүүлэх хугацаанд Г.О, Б.Мөнхдалай нар материал ирүүлж, Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/8454 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд нийт 75.9 оноогоор Г.О шалгарсан ... гэх илтгэх хуудсыг нарийн бичгийн дарга М.О бичиж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Ууганбаяр танилцаж гарын үсэг зурсан байна. /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/

Улмаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар тогтоолоор ... Сонгон шалгаруулалтад өндөр оноо авч тэнцсэн Гунгаагийн Оюунжаргалыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн томилсон нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ”, мөн  Эрүүл мэндийн тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.10.5 -д “эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх”  гэсэн заалттай нийцэж байх тул  хариуцагчийг  буруутгах үндэслэлгүй байна. /ХХ-ийн 75 дугаар хуудас/

Б/. “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Чийг ажилаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр “Сонгон шалгаруулалт явуулах тухай” тогтоолоор ... 1. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтанд оролцох иргэдийн материал ирүүлэх хугацааг 2021 оны 04 сарын 22-ны өдрөөс 05 сарын 12-ны өдрийн 18 цагаар дуусгавар  болохыг тогтоож, Нээлттэй сонгон шалгаруулалт явуулах тухай зар хүргэх загвар, мэдээллийг хавсралтаар баталж, материал ирүүлэх хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангаж ажилласан нь хуульд нийцэж байх ба энэхүү Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтанд нэхэмжлэгч С.Ч нь оролцоогүй болох нь нотлогдож байх тул уг сонгон шалгаруулалт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, талаар гомдол гаргах эрхгүй юм.

7. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт явагдаж, сонгон шалгаруулалт зарласан материал ирүүлэх хугацаанд Г.О, Б.Мөнхдалай нар материалаа ирүүлж, Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/8454 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд нийт 75.9 оноогоор Г.О шалгарч,  нэгдсэн эмнэлгийн захиралаар томилсон нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 зүйлийн 17.4-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг энэ хуулийн 16.10-т заасан ... суман дахь  нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ” гэсэн заалттай нийцэж байх тул хариуцагчийг буруутган, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоох боломжгүй, хуулийн үндэслэлгүй байна.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 06 сарын 17-ны өдрийн б/48 дугаар тушаалаар С.Ч  нь Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон 2021 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл 8 жил ажиллсан байх ба Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.4-д “Эмнэлгийн захирлыг төлөөлөн удирдах зөвлөл таван жилийн хугацаагаар томилох бөгөөд дахин нэг удаа улируулан томилж болно”, мөн Эрүүл мэндийн тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.10.5 -д “эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх” гэж заасан учраас ... сонгон шалгаруулалтыг зарласан нь хуульд нийцнэ, харин С.Ч нь ... зарласан уг сонгон шалгарууланд оролцсон бол түүнийг дахин нэг удаа улируулан томилж болох”-оор  заажээ.

Иймд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.10.5 заасныг баримтлан иргэн С.Чийн гаргасан “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Чийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ЭНХТАЙВАН