Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/273

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Л.Ж******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ж*******д холбогдох эрүүгийн 2215000000295 дугаартай, 163/2022/0265/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т******* овогт Лх*******авын Ж*******, Увс аймгийн Тэс суманд ... оны ... дугаар сарын .....-ны өдөр төрсөн, Орхон аймгийн Б.тоотод оршин суух бүртгэлтэй боловч Бул........ган аймгийн Хангал сумын .тоотод түр оршин суух, бүрэн дунд болов.....сролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 27 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй /......../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Л.Ж******* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Дунд хайлантай” гэх газрын ойгоос түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн 98 ширхэг буюу 8.7483 м3 мод хууль бусаар бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 702.593 төгрөгийн шууд хохирол, 2.107.779 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000295 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.Ж******* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Дунд хайлантай” гэх газрын ойгоос түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн 98 ширхэг буюу 8.7483 м3 мод хууль бусаар бэлтгэн, Булган аймгийн Хялганат тосгоны төв рүү ЗИЛ-131 загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 702.593 төгрөгийн шууд хохирол, 2.107.779 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ж*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй, учруулсан хохирол төлбөрийг төлнө гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2215000000295 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

  1. Иргэний нэхэмжлэгч Г.Х******* өгсөн “...Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дунд хайлантай” гэдэг газраас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хангал сумын 4 дүгээр багийн иргэн Л.Ж******* нь хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

  1. Иргэний нэхэмжлэгч П.Б******* өгсөн “........улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслийг “Хялганат орд” ХХК-ны захирал Янжиндулам гэдэг хүнээс 2015 оны үед 8.000.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тухайн үедээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй болохоос миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Л.Ж******* манай гэрт орж ирээд ахаа би Хайлантай гэдэг газар машинаа шаварт суулгачихлаа таны машинаар татаад гаргаад ирье гэхээр нь би өгч явуулсан юм...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 40 дэх тал/,

 

  1. Гэрч Ч.М******* өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн үед Ган-Очир над луу залгаад Сэлэнгэ сумын 3-р баг “Дунд хайлантай” орж Зил-131 машинаар машин татаж гаргачихаад ирье гэж хэлсэн. Тэгээд би Ган-Очир дээр яваад очиход Ган-Очир, Ж*******, Билгээ нар байсан. Тэгээд дунд Хайлантай орж ланд-80 маркийн машиныг татаж авсан. Тэгтэл Ж******* буцахдаа хоосон буцаж байхаар жаахан мод ачаад авъя гэсэн тэгээд дунд Хайлантайгаас Зил-131 дээр мод ачаад Хялганат руу явж байгаад гарам дээр эргүүлийн цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

  1. Гэрч Т.Г******* өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн үед Бямбацогт над руу залгаад Ж*******гийн машин Сэлэнгэ сумын 3-р баг “Дунд хайлантай”-д шаварт суусан байна гэн чи миний Зил-131 машинаар татаад гаргаад өгчих гэж хэлсэн. Тэгээд би Б******* Зил-131 машиныг унаад Ж*******, Дагавар, Билгээ нарын хамт Дунд хайлантайд очиход Ж*******гийн Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэл шаварт суусан байсан. Тэгээд Ж*******гийн Ланд круйзер 80 загварын машиныг шавраас татаж гаргаад б******* байхад Ж******* энд түлээний мод байгаа ачаад манай гэрт буулгаад өгөөч гэсэн тэгэхээр нь би наад мод чинь бичиг баримттай асуудалгүй биздээ гэхэд асуудал байхгүй бичиг баримттай гэж надад хэлсэн. Тэгэхээр нь Ж*******, Давар, Билгээ бид 4 тухайн модыг Сэлэнгэ сумын 3 дугаар баг Дунд хайлантай гэх газраас машинд ачаад 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед Хялганат тосгон руу явж байгаад “Дунд хайлантай” гарам дээр эргүүлийн цагдаа нарт саатуулагдсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

  1. Гэрч Ц.З******* өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн үед Ган-Очир над руу залгаад Сэлэнгэ сумын 3-р баг Дунд хайлантай орж зил 131 машинаар машин татаж гаргачихаад ирье гэж хэлсэн. Тэгээд би Ган-Очир дээр яваад очиход Ган-Очир, Ж******* нар байсан. Миний араас Давар ирсэн. Тэгээд “Дунд хайлантай” орж ланд-80 маркын машиныг татаж авсан. Тэгээд Дунд хайлантайгаас мод түлээний хуурай мод ачсан. Уул нь машин татах гэж яваад л гэнэт мод ачихаар болсон тэрийг Ган-Очир, Ж******* хоёр л мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлэг/ хавтаст хэргийн 55 дахь тал/,

 

  1. Шинжээчийн №18 дугаартай “...Булган аймгийн Сэлэнгэ сумын “Дунд хайлантай” гэх газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй. Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р багийн нутаг “Дунд хайлантай” гэдэг газар 49.30 1888 104.223019 гэсэн солбилцлын цэг нь ойн бүсчлэлийн хувьд 3-муж буюу ашиглалтын бүсэд орж байна. Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн шинэс хуурай түлээний мод болно. Тухайн бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 702.593 төгрөг болж байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 90 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн OULIGEN загварын, зүүн талдаа ягаан өнгийн маниултай, баруун талдаа ягаан өнгийн тагтай, хар өнгийн цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.Мягмар, Т.Ган-Очир, Ц.Зуунбилэг нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт, хэргийн газарт болон мод, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Л.Ж*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд байх бөгөөд шүүгдэгч Л.Ж******* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Дунд хайлантай” гэх газрын ойгоос түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн 98 ширхэг буюу 8.7483 м3 мод хууль бусаар бэлтгэн тээвэрлэж, байгаль экологид 702.593 төгрөгийн шууд хохирол, 2.107.779 төгрөгийн шууд бус хохирол учруулсан, Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Ж*******гийн зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Л.Ж******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Дунд хайлантай” гэх газрын ойгоос түлээний зориулалттай хуурай шинэс төрлийн 98 ширхэг буюу 8.7483 м3 мод хууль бусаар бэлтгэж, Булган аймгийн Хялганат тосгоны төв рүү ЗИЛ-131 загварын 94-04 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Ж*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Л.Ж*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 702.593 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль, орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 2.107.779 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна. /хавтаст хэргийн 92 дахь тал/

Иймд экологи эдийн засгийн хохирол 2.107.779 төгрөгийг шүүгдэгч Л.Ж*******гаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.  

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Ж*******гийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Ж*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Л.Ж*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 105-109, 120 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, захиргааны зөрчил шийдвэрлэлтийн лавлагаа, Булган аймгийн Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ж******* нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 54 “Б” 06 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Ойчдын 14-04 тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Л.Ж*******г 3 /гурав/ сарын хугацаагаар Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж, шүүгдэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй, буруугаа ойлгож байгаа гэдгийг тус тус илэрхийлжээ.

Шүүгдэгч Л.Ж*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч Л.Ж*******г 3 /гурав/ сарын хугацаагаар Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Ж*******д анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Ж******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн OULIGEN загварын хар өнгийн цахилгаан хөрөө, иргэний нэхэмжлэгч П.Б******* ..... улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Л.Ж*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ЗИЛ-131” загварын  ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч П.Бямбацогтод буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2.517.405 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн OULIGEN загварын 157.500 төгрөгийн үнэ бүхий зүүн талдаа ягаан өнгийн маниултай, баруун талдаа ягаан өнгийн тагтай, хар өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 98 ширхэг 8.7483 метр куб түлээний хуурай шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн болон 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Л.Ж*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т******* овогт Лх*******авын Ж*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Ж*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Ж******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Ж******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ж*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Ж*******гаас байгаль экологид учруулсан, экологи эдийн засгийн хохирол 2.107.779 /хоёр сая нэг зуун долоон мянга долоон зуун далан ес/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн болон 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 94-04 БУА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч П.Б******* өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 2.517.500 /хоёр сая таван зуун арван долоон мянга таван зуу/ төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн 157.500 /нэг зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий хар өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 98 ширхэг 8.7483 м3 түлээний хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ