Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/244

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагч М.Отгонбаатар,

         Хохирогч Д.Мөнхтогоо,

         Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бид холбогдох эрүүгийн 2219000000336 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: С.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Б 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Алтанжолоогийн 1-1104 тоотод хохирогч Д.Мөнхтогоотой хамт архи уусангүй гэх зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь эрүүний гол хэсэгт 3 см урт шарх, духны зүүн хэсэгт 5х4 см, 2.5х1.5 см, 1х0.2 см зулгаралт бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчийн толгой тус газар нь сандлаар дух хавьд нь цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Хохирогчийн нэхэмжилсэн 500.000 төгрөгийг төлнө гэж бодож байгаа. Хэргийн хувьд маргахгүй, миний буруу гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Д.Мөнхтогоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б дух, эрүү рүү цохисон. Би одоо болтол эмчилгээ хийлгээд эмээ уугаад явж байгаа. 20 гаран сая төгрөг болж байгаа. Эм тариа их үнэтэй болсон байна. Надад баримт байхгүй, цуглуулаагүй. Хохирлоо барагдуулмаар байна гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Д.Мөнхтогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 24-ний 23 цагийн орчимд орж ирээд гэрт байж байгаад гараад явсан. Тэгээд ахиж манай гэр лүү орох гэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ гээд хаалгаа нээж өгөөгүй. Тэгсэн өөрөө хаалга оролдож байгаад гэрт ороод ирсэн. Тэгэхээр нь би хутга аваад гарах гээд айлгасан. Тэгээд нөгөө залуу гарсан. Би тэгэхээр нь хаалга хаах гэтэл гэнэт хаалга татаад миний гарт байсан хутга уначихсан. Тэгээд нөгөө залуу намайг гараараа цохиод байсан. Сандалаар цохисон, гэрэлгүй юугаар яаж хэдэн удаа цохисныг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хаалга онгойлгоход сандал барьчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 5, 41 ху/,

          -Яллагдагч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...Д.Мөнхтогоо ахын гэрийн гадаа ирээд орох гэтэл хаалгаа дотроосоо цоожилсон. Мөнхтогоо би одоо архи уухгүй гээд байхаар нь би хаалганых нь цоожийг эвдээд гэрт ороод хоёулаа ахиад 1 шил архи хувааж уучихаад унтъя гэхэд би битгий солиороод бай би ахиж архи уухгүй гээд гал тогооны шүүгээнд байсан хоолны хар иштэй хутга бариад аваад далайхаар нь би арагшаа ухраад гэрийн хаалганы хажууд тулаад ирэхэд миний зүүн хөлний хажууд жижиг төмөр арамтай сандал таарахаар нь баруун гараараа аваад шууд Мөнхтогоогийн толгойн хэсэгт 1 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 15, 32 ху/,

           -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/0505 дугаартай дүгнэлтэнд:

          1.Д.Мөнхтогоогийн биед эрүүний шарх, духны цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй

        5.Учирсан гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 17-18 ху/,

         -Яаралтай тусламжийн хуудас /хх 19 ху/,

        -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 33-35 ху/,

        -Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 36-37 ху/,

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 49-54 ху/

         -С.Бид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурор тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-26, 32 ху/ зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч С.Б 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Алтанжолоогийн 1-1104 тоотод хохирогч Д.Мөнхтогоотой хамт архи уусангүй гэх зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь эрүүний гол хэсэгт 3 см урт шарх, духны зүүн хэсэгт 5х4 см, 2.5х1.5 см, 1х0.2 см зулгаралт бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хохирогчийн толгой тус газар нь сандлаар дух хавьд нь цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө, Хэргийн хувьд маргахгүй” гэсэн, хохирогч Д.Мөнхтогоогийн “...дух, эрүү рүү цохисон. Би одоо болтол эмчилгээ хийлгээд эмээ уугаад явж байгаа” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн өгсөн “...нөгөө залуу намайг гараараа цохиод байсан. Сандалаар цохисон гэрэлгүй юугаар яаж хэдэн удаа цохисныг би сайн мэдэхгүй байна ямар ч байсан хаалга онгойлгоход сандал барьчихсан байсан“ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед эрүүний шарх, духны цус хуралт, духны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 02/0505 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч С.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

          Энэ хэргийн улмаас хохирогч Д.Мөнхтогоогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь “...эмчилгээний төлбөр 20 гаран сая төгрөг болж байгаа” гэж мэдүүлж байх боловч эмчилгээтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.

          Хохирогчийн хувьд хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА