Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/242

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         хохирогч Ц.А,

         шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Сүхбаатар дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Бд холбогдох эрүүгийн 2219000000333 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: У.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч У.Б 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Victory club баарны үүдэнд хохирогч Ц.Атой эхнэрийн биед хүрлээ, үгээр доромжилсон гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа цохиж “дээд зүүн 2 дугаар шүдний булгарал, дээд, доод уруулын зулгаралт” бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч У.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 21-ний орой ажлаас гарч яваад А ахтай таарч маргаан үүсгэсэн. Зарим зүйлээ сайн санахгүй байгаа. Хэргийн хувьд маргахгүй. Тухайн үед архи уусан байсан. Нэхэмжилсэн хохирлыг төлнө. Он гаргаад шүдийг нь хийлгэж өгнө. Торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Ц.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 21-нд би эхнэртэйгээ баарнаас гараад ирсэн. Бтэй таарч маргалдсан. Намайг цохисноос үүдэн шүд унасан. Тэгээд би яваад өгсөн. Шүд хийлгэх зардлыг судалж асуухад 2.500.000 төгрөг гэж байна лээ, үүнийгээ нэхэмжилнэ. Шүдтэй болчихвол санал гомдол алга. Би амьдралыг нь мэдэх юм. Тэгэхээр ажлаа хийж байвал хохирлыг төлөхөд хэрэгтэй болов уу гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

            -Хохирогч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр... баарны үүдэнд байж байхад Б гэх зүс таних залуутай таарсан. Манай эхнэр Цэрэнлхам согтуу байсан учир Бат-Эрдэнийг хальт шүргэсэн юм. Тэгээд Б янхан, жомбого гэх үгээр манай эхнэрийг харааж байсан. Би тэгэхээр нь уурлаад чи ингэж болохгүй, юу гээд хуцаад байгаа гэж хэлээд загнасан. Тэгтэл Б чамайг зодно гэж хэлээд нүүр хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 6-7 ху/,

          -Гэрч Ц.Цэрэнлхамын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: нөхөр А найз Дэлгэрцэцэг, Майчулуун нарын хамт гарч явах үед Б гэх хүн намайг үүдэнд тааран элдэв үгээр доромжилж байхад нөхөр А Бтэй очиж уулзан энэ манай эхнэр чи яагаад элдэв үгээр доромжлоод байгаа юм гэхэд Б үгийн зөрүүгүй манай нөхрийг нүүрэнд цохиод амнаас нь цус гаргасан гэсэн мэдүүлэг /хх 22 ху/,

         -Яллагдагч У.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр рүү шилжих шөнө манай дүү Ган-Эрдэнэ ирж авсан байсан. Надад дүү хэлэхдээ А ахтай та муудсан байсан гэж хэлсэн. А ахтай очиж уулзахад би элдэв үгээр согтуудаа эхнэрийг нь хэлж уурлуулсан гэж байсан. ...А ахаас уучлалт гуйсан, эмчилгээний мөнгө өгнө гэсэн мэдүүлэг /хх 9, 20 ху/,

          -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/0504 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Ц.Аын биед дээд зүүн 2 дугаар шүдний булгарал, дээд, доод уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан дээд зүүн 2 дугаар шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Учирсан дээд, доод уруулын зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй би цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

          5.Учирсан гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт х 25-26 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас /хх 12 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 16-17, 20 ху/,

          -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 36-60, 74-79 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч У.Б 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Victory club баарны үүдэнд хохирогч Ц.Атой эхнэрийн биед хүрч, үгээр доромжилсон гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа цохиж дээд зүүн 2 дугаар шүдний булгарал, дээд, доод уруулын зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч У.Бат-Эрдэнийн...А ахтай таарч маргаан үүсгэсэн. Зарим зүйлээ сайн санахгүй байгаа. Тухайн үед архи уусан байсан. Нэхэмжилсэн хохирлыг төлнө” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Аын “...Манай эхнэр Цэрэнлхам согтуу байсан учир Бат-Эрдэнийг хальт шүргэсэн юм. Тэгээд Б янхан, жомбого гэх үгээр манай эхнэрийг харааж байсан. Би тэгэхээр нь уурлаад чи ингэж болохгүй, юу гээд хуцаад байгаа гэж хэлээд загнасан. Тэгтэл Б чамайг зодно гэж хэлээд нүүр хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ц.Цэрэнлхам, яллагдагч У.Б нарын мэдүүлэг, хохирогчийн биед дээд зүүн 2 дугаар шүдний булгарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон  шинжээчийн 02/0504 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч У.Бат-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч У.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруу болон хохирол төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

          Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ шүд хийлгэх зардал 2.500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч У.Б төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 2.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Аод олгох нь зүйтэй байна.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч У.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бат-Эрдэнийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бэс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Шинэ зууны 28-60 тоотод оршин суух Цагаанбаатарын А /РД:ЕЮ79040318/-д олгосугай.

          6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА