| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2022/0229/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/237 |
| Огноо | 2022-12-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагч В.Батдэлгэр /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Ж.Ч нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Чад холбогдох эрүүгийн 2203005510520 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ж.Ч
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Ч нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23:10 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Сайншанд өртөөний зорчигчийн танхимаас иргэн Д.Зын эзэмшлийн Y-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3506000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ж.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашдаа ажил хийж амьдарна. Би ажил хийж хохирлоо барагдуулъя гэж хохирогчдоо хэлсэн. Би хувиараа барилга дээр ажилладаг. Тухайн үед архи уусан байсан. Хийсэн хэргийн хувьд маргах зүйлгүй, ойлгож гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явахаар суудлын 275 дугаар галт тэрэгний 10 дугаар вагоны 67 дугаар суудалд билет авч, зорчиж явахдаа Сайншанд өртөөнд 23 цаг 10 минутад галт тэрэг зогсолт хийсэн. Би ус авахаар галт тэрэгнээс буугаад Сайншанд өртөө рүү ороход өртөөний үүдний хэсэгт хүмүүс гар утсаа цэнэглэж байсан. Тухайн үед миний утас цэнэггүй байсан болохоор би цэнэглэгчээ цүнхнээсээ гаргаад Y-51 маркийн гар утсаа цэнэглэж тавцан дээр орхиод хамт нэг вагонд зорчиж явсан эмэгтэй зорчигчийн зааланд сууж байхаар нь тэр эмэгтэйд “миний утсыг харж байгаарай, эгч нь гарч ус аваад ирье” гэж хэлээд гараад ус аваад ирэхэд миний утас байхгүй болсон байсан. Би галт тэрэг рүү ороод утсаа захиж үлдээсэн эмэгтэйгээс “миний утсыг авсан уу” гэхэд “яана аа, эгч ээ хүүхдээ бие засуулах гээд нойл ороод таны гар утсыг мартсан байна, алга болчихсон байна уу” гэсэн. Би сандраад Сайншанд өртөөний цагдаагийн хэсэгт очиход өрөөнд нь хүн байгаагүй. Галт тэрэг хөдлөх гээд байхаар нь буцаж суугаад галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч нарт мэдэгдсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагийн үед Сайншанд өртөөний цагдаагийн хэсгийн дарга гэх хүнтэй утсаар ярихад таны утсыг хулгайлсан хүнийг олж тогтоосон, согтуу хүн байхаар нь эрүүлжүүлэх байранд хийж саатуулсан, гар утсыг чинь танихгүй хүнд зараад архи аваад уусан байна гэж надад мэдэгдсэн. Миний гар утас Солонгос улсад үйлдвэрлэсэн, Y-51 маркийн гар утас байсан ба 2021 онд 500.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Гар утасны үнэлгээ 350.000, сим сэргээсэн 3.000 төгрөг, нийт 353.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх 20-21, 25 ху/,
-Яллагдагч Ж.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Зүүнбаянгаас Замын-Үүд явахаар гарсан. Тэгээд Сайншанд өртөөнд 21 цагт ирээд зорчигчийн танхимын урд талын хаалгаар ороод сандал дээр суугаад унтсан. Унтахын өмнө утсаа цэнэглээд унтсан. Тэгээд галт тэрэг хөдөлж явахын өмнө сэрсэн. Утсаа авах гээд босоход миний утасны хажууд хар өнгийн, дэлгэц нь цуурсан ухаалаг утас байсан. Зорчигчийн танхимд ямар ч хүнгүй байсан учир уг утсыг өөрийн утасны хамт салгаж аваад гарсан. Өртөөнөөс гараад Сайншандын төв рүү такси бариад Номин дэлгүүрийн урд талд байрлах Сидней үйлчилгээний төвийн орчим буусан. Тэнд 20 орчим насны залуутай таараад нөгөө утсыг 10.000 төгрөгөөр өгөөд уг мөнгөөр нь 0.5 литрийн Ерөөл архи худалдаж авч уусан гэсэн мэдүүлэг /хх 42-43, 46-47 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 30-33 ху/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10 ху/,
-Яллагдагчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурор тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 50-52, 59-60 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 61 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Ч нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23:10 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ХНН-ийн Сайншанд өртөөний зорчигчийн танхимаас иргэн Д.Зын эзэмшлийн Y-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ж.Чын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ажил хийж хохирлоо барагдуулъя гэж хохирогчдоо хэлсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Зын “...би цэнэглэгчээ цүнхнээсээ гаргаад Y-51 маркийн гар утсаа цэнэглэж тавцан дээр орхиод хамт нэг вагонд зорчиж явсан эмэгтэй зорчигчийн зааланд сууж байхаар нь тэр эмэгтэйд миний утсыг харж байгаарай, эгч нь гарч ус аваад ирье гэж хэлээд гараад ус аваад ирэхэд миний утас байхгүй болсон байсан. ...Галт тэрэг хөдлөх гээд байхаар нь буцаж суугаад галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч нарт мэдэгдсэн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагийн үед Сайншанд өртөөний цагдаагийн хэсгийн дарга гэх хүнтэй утсаар ярихад таны утсыг хулгайлсан хүнийг олж тогтоосон, согтуу хүн байхаар нь эрүүлжүүлэх байранд хийж саатуулсан, гар утсыг чинь танихгүй хүнд зараад архи аваад уусан байна гэж надад мэдэгдсэн“ гэсэн мэдүүлэг, хохирлын үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Мөн хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.
Шүүгдэгч Ж.Чын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан.
Шүүгдэгч Ж.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх үндэслэл болно.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ж.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Д.З нь мөрдөн шалгах ажиллагаанд гар утасны үнэлгээ 350.000, сим сэргээсэн 3.000 төгрөг, нийт 353.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чаас 353.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чаас 353.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, Алтан-Овоо 22-14б тоотод оршин суух, Боржигон овогт Дарцагийн З /РД:ЙЗ82011402/-д олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА