| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2019/00653/и |
| Дугаар | 00865 |
| Огноо | 2019-03-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 00865
| 2019 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2019/00865 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Д.К ББСБ, ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Ч.Ариунгэрэлд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 14 984 645 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соронзонболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Д.К ББСБ, ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.А нь Э.Д.К ББСБ-тай 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЗГ18/0295 тоот цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.Зээлдэгч Ч.А нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 838 692 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2018 оны 9 сарын 25-ны өдрөөс хойш, ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөт хийгээгүй байна.2019 оны 1 сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 13 542 437 төгрөг, хүү 1 424 768 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 440 төгрөг нийт 14 984 645 төгрөгийн үлдэгдэлтэй байна.Иймд хариуцагч Ч.А нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох нийт 14 984 645 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.А шүүхэд гаргасан тайлбартаа:Би Эм Ди Кредит ББСБ-аас 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25 хүртэл 24 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй 15 000 000 төгрөгийн зээлийг өөрийн нэр дээр барьцаа хөрөнгөгүй, цалингийн зээлээр, өр орлогын харьцаа хангаагүй итгэлцлээр зээлж аваад төлвөл зохих графикийн дагуу 2018 оны 7 сарын 25-ны өдөр 839 000 төгрөг, 2018 оны 8 сарын 25-ны өдөр 839 000 төгрөг, 2018 оны 9 сарын 25-ны өдөр 839 000 төгрөг, нийт 2 517 000 төгрөг төлсөн.Зээлэнд 1 457 563 төгрөг, зээлийн хүүнд 1 059 615 төгрөг төлж байгаад зээлийн үлдэгдэл 13 542 437 төгрөг, 2019 оны 1 сарын 31-ний өдрийн байдлаар үлдэгдэлтэй нь үнэн болно.2018 оны 10 сарын 19-ний өдөр хүртэл графикт хугацаанд төлж байсан болно.Иймд Э.Д.К ББСБ-ын харилцах дансаар нийт зээл хүүнд хэдэн төгрөг төлсөн нь зээлийн төлбөрийн хуваарийн дагуу төлж байсан нь нотлогдоно.Намайг ЭЦГазрын Эрүүгийн гэм хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн 1809046760956 дугаартай тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 18.6 дугаар зүйлийн 3.2-т заасан хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар ч ажил хөдөлмөр эрхлээгүй тул зээлийг төлөх боломжгүй тул Э.Д.К ББСБ-аас авсан 15 000 000 төгрөгийн зээлийг одоо шалгагдаж байгаа уг хэрэгт нэгтгэж шийдэж өгнө үү.Учир нь Э.Д.К ББСБ-аас авсан зээл нь одоо шалгагдаж байгаа хэргийн хохирогч нарын хохиролд төлөгдсөн тул нэгтгэн шийдүүлэх саналтай байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ хийсэнд маргахгүй байна.Ч.А тухайн үед төрийн банкны салбарын захирал ажилтай байсан, олон зээлтэй байсан, эргэж төлөх найдвар муутай байсан, нэхэмжлэгч байгууллагын зүгээс таньдаг гэдгээр барьцаагүй зээл олгосон байдаг.Хариуцагчийн санхүүгийн байдал доройтсон тул үндсэн зээлийг төлнө гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Д.К ББСБ, ХХКомпани хариуцагч Ч.Ад холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 13 542 437 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1 424 768 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 17 440 төгрөг нийт 14 984 645 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Ч.А нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Э.Д.К ББСБ, ХХКомпаниас 15 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй зээлж авсан болох нь тэдний хооронд хийгдсэн ЗГ18/0295 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулгын баримтуудаар нотлогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т зээлдэгч гэрээний заалтуудыг болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар арга хэмжээ аваагүй бол ББСБ өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж талууд тохирсон байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан байна.
Хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийн эргэн төлөлтийг хийгээгүй нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон гэж үзэх үндэстэй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан байна.
Зохигч талуудын хооронд хийгдсэн барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар нэмж тооцно гэж талууд тохирсон байх бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 13 542 437 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1 424 768 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 17 440 төгрөг нийт 14 984 645 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т заасныг баримтлан Ч.А-с 14 984 645 /арван дөрвөн сая есөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулан Э.Д.К ББСБ, ХХКомпанид олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 873 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 873 /хоёр зуун гучин хоёр мянга найман зуун далан гурван/ төгрөгийг гаргуулан Э.Д.К ББСБ, ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН