Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагч М.Отгонбаатар,                     

         Иргэний нэхэмжлэгч Г.А,

         Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эд холбогдох эрүүгийн 2219000550061 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт:Ц.Э

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн Түдэв гэх нэршилтэй газарт өөрийн үхэрт сүрэгт байсан хохирогч Д.Бын эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий гэдэс цагаан сартай улаан бярууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Энхсолонгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Зүйлчлэлийн хувьд мал хулгайлсан гэж бодохгүй байгаа. Манай хүн хараад манай үхрээс салаад явчихсан юм биш үү гэхээр нь хүүхдүүдээ явуулж тууж авчруулсан. Хүүхдүүд туугаад ирэхээр нь харахад адилхан даавуу тэмдэгтэй байсан. Зүс, им адилхан байсан. Эдгээр үхэр манайхаас 20 орчим км зайтай баруун айлын усан дээр байж байхад нь авчирсан. Тэгээд нядлаад түрүүчээс нь толгойны арьсыг нь хуулсан. Тэгээд дээр нь сэвс асгах таарсан болохоос нууж барих гэж хуулаагүй. Хохиролд 1.200.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг,

-Иргэний нэхэмжлэгч Г.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ эмэгтэй надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Хохирол төлбөрөө төлөхгүй байсан. Хохирлын хувьд үнэлгээ нь 800.000 төгрөгөөр тогтоосон боловч зөвшөөрөөгүй. Тэгээд 1.200.000 төгрөгөөр хохирлоо төлүүлсэн. Одоо хохирол төлөгдсөн. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дурандаж үзэхэд 1 үхэр дутуу, харагдахгүй байсан. Тэгээд 01 дүгээр сарын 07-ны өдөр үхрээ Зүүнбаянгаас баруун урагш хайж үзэхэд нийт 4 тооны үхэр дутуу байхаар нь тэр орчмоор нь хайгаад явж байхад өөдөөс нохой хуцаад гараад ирсэн, энд ойрхон айл байгаа юм байна гэж бодоод цааш яваад Баярхүү гэх айлын гадаа ирэхэд тэднийх хашаандаа үхрээ хашсан, түүний хүү Баянмөнх нь танихгүй нэг залуу болон 3 эмэгтэйн хамт үхэр нядалсан, янзалж байсан. ...тухайн үед намайг очиход цагаан нүүртэй хүрэн бяруу нядалж, ширийг нь эвхээд тавьсан байсан ба тэр бяруу манай алга болсон үхрийн нэг мөн болохыг би таньсан. Би түүнийгээ хүүд хэлэхгүйгээр түүнээс манайх 4 үхрээ алдчихлаа, үзэгдсэн үү гэхэд мэдэхгүй гэж хэлээд байж байтал Баярхүү худаг дээрээс давхиад ирэхээр нь өөрийн хэдэн үхрээ хайгаад олохгүй байна, манай үхрийг харсан уу гэхэд танай үхэр ямар имтэй юм гэхээр нь манайх чихэндээ улаан өнгийн даавуу уясан гэхэд манайх ч бас улаан өнгийн даавуу уясан гэж хэлэхээр нь үхэр хашсан хашаан дээр хамт очиход би өөрийн алга болсон 2 үхрээ таниад энэ хоёр үхэр манай үхэр мөн байна гэж хэлэхэд Баярхүү манай эхнэрийн үхэртэй ээмэг нь ижил юм байна гэсэн. Тэгээд энэ үхэр дунд манай улаан гунж нь алга байна гэхэд тэрийг мэдэхгүй, энэ хоёртой байсан 1 бярууг нядалчихсан гэж хэлсэн. ... тэгээд би Баярхүүгээр дамжуулан эхнэрийг нь дуудуулж уулзахад эхнэр нь би үхрээ таньдаггүй ээ андуурчихжээ гэхээр нь та нар яаж байгаа юм бэ гэхэд тэр хоёр орных нь үхрийг өгье гэхээр нь би авахгүй энэ чинь эзэнтэй манай хүүхдийн юм гэж хэлээд хашаанд байсан 2 үхрээ туугаад явсан гэсэн мэдүүлэг /1 хх 47-48, 216-217 ху/,

-Иргэний нэхэмжлэгч Г.Анхзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай хадам аав тусад нь бэлчээрт гаргасан 7 тооны үхрээ эргэж очиход 4 тооны үхэр алга болсон байхаар нь Сайншанд сумын 5 дугаар багийн Түндэв гэх газраар малаа хайгаад явж байхад өөдөөс нь нохой хуцаад гараад ирэхээр нь энд ойрхон айл байгаа юм байна гэж бодоод яваад очиход миний 2 үхрийг хашаанд хашчихсан, 1 үхрийг нядалчихсан, 1 үхэр нь огт байхгүй байхаар нь яагаад манай үхрийг нядалж, заримыг нь хашаанд хашиж байгаа юм бэ гэсэн чинь Баярхүү гэдэг хүн билүү хүү нь билүү аль нэг нь андуурчихлаа, орны үхрийг нь өгье гэж хэлсэн гэсэн. ... манай алдагдсан 4 тооны үхрийн нэг нь урагшаа эвэртэй улаан зүсмийн гунж, зөв, баруун талын 2 чихэндээ цэнхэр, цагаан өнгийн даавуу /ээмэг/ уясан, тухайн өдөр нядалсан байсан үхэр нь гэдэс цагаан, сартай улаан бяруу байсан. Хашаанд хашсан байсан 2 үхрийн нэг нь цагаан духтай улаан зүсмийн үнээ, нөгөө нь гэдэс цагаан улаан зүсмийн охин бяруу байсан... нядалсан байсан үхэр нь гэдэс цагаан, сартай улаан бяруу 800.000 төгрөг...  улаан зүсмийн охин бяруу 800.000 төгрөгөөр тус тус үнэлж байна... нөрийн хамт Баярхүү гэдэг айлын хотонд очсон. Очиход тухайн айлын томчууд нь байхгүй, дээд тал нь 13 орчим насны 4 хүүхэд үлдсэн байсан. Тухайн үед дуудлагаар очсон цагдаа нар гэрийн эздийг асуухад тэнд байсан 4 хүүхэд “Шанд явсан” гэж хэлсэн. Намайг очиход тухайн хороон дээр 2 үхрийн толгой өлгүүрт өлгөсөн, 4 үхрийн шир нядалсан газраа эвхээд тавьсан байсан. Тэр дунд алдсан манай үхрийн ширэн дотор толгойг нь өвчөөд боогоод тавьсан байсан. ...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр харахад нэг үхэр байхгүй болсон байсан. Тэр үхрийг Баярхүү гэж энэ айлын хүмүүс авсан байх гэж би дотроо бодож байна гэсэн мэдүүлэг /1 хх 17-18, 121-122, 154 ху/,

-Гэрч Ц.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Эд хандаад үхэр чинь салчихсан байна, хүүхдүүдээ явуулаад туулгаж ирээд ижилд нь нийлүүл гэж хэлсэн. ...намайг мал усалж байхад Энхтайван гэх ах нь худаг дээр ирээд за эндээс ямар үхэр хийх юм болдоо гэж хэлэхээр нь би мэдэхгүй ээ, эзэн нь өөрөө мэдэх байх аа гэж хэлсэн чинь ах нь Дагвадорж, Цэлмүүн гэх хоёр хүүхэдтэй нийлээд туугаад явсан. ...Үхрээ бүгдийг нь хонины хашаанд хашсан байсан, улаан бяруу, улаан халзан бяруу хоёрыг унагачихсан байсан, тэгээд шүдлэн үхэр ямар үхэр янзлах вэ гэхээр нь би халтар бухыг нь зааж өгсөн, өөр зүйл надад байхгүй, би мал хийхэд нь оролцоогүй гэсэн мэдүүлэг /1 хх 22-23 ху/,

-Гэрч Ц.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Э гэрээсээ гарч ирээд Мэндбаярын идэшний 1 тооны үхрийг болон өөрийн хэрэгцээндээ хэрэглэх 2 тооны үхрийг зааж өгсөн. ...Сайншанд суманд ирээд манай төрсөн дүү Э, Мэндбаяр нар нь борлуулсан байх гэсэн мэдүүлэг /1 хх 30-31 ху/,

-Гэрч Б.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Энхтайван, Мэндбаяр, Э, бид  дөрөв 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Урд ухаагийн энгэрт байх хөдөө гэрийнхээ гадаа 3 тооны үхэр хийсэн. ...махыг нь Энхтайван, Мэндбаяр, Э нар саарал өнгийн RAV-4 маркийн автомашинд хийгээд Дорноговь аймгийн Сайншанд сум руу зарахаар гарсан. ...манай аав Баярхүү нь Э эгчийн үхэртэй адилхан эмтэй байсан учир тууж ирүүлээд Энхсолонгын үхэрт нийлүүлсэн. ...Энхтайван, Мэндбаяр, Э, бид 4 мал хийж байсан. Аав урдаас тэмээгээ туугаад ирж байсан. ...аавтай уулзаад зогсоод байсан. Бид нар наад талд нь малаа хийгээд байж байсан, тэгсэн явахдаа Болдоо гэх хүн нь хашаатай байсан үхрээс хоёр улаан үхэр гаргаж аваад туугаад явсан гэсэн мэдүүлэг /1 хх 34-36 ху/,

-Гэрч Ц.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э эгч гэрээсээ гарч ирээд миний махлах 1 тооны үхрийг болон өөрийн хэрэгцээндээ хэрэглэх 2 тооны үхрийг зааж өгсөн. ...Э эгч бид хоёр гэдэс гүзээг нь арилгаж цэвэрлэсэн. ...манай төрсөн эгч Энхсолонгын эзэмшлийн үхрүүд байсан гэсэн мэдүүлэг /1 хх 38-39 ху/,

-Гэрч Н.Нэргүйбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Баярхүү гэх айлын гадаа ирэхэд 4 жоохон хүүхэд байхаар нь танайхан хаашаа явсан бэ гэхэд хаашаа явсныг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн үед очсон цагдаа нар хэргийн газрын үзлэг хийсэн. Цагдаа нар үзлэг хийж байна гээд хэргийн газар руу намайг оруулаагүй. ... үзлэг нь дуусаж цагдаа нар арьс, шийрийг нь зөөж байгаа харагдсан ба 2 цагдаа улаан зүсмийн үхрийн арьс өргөөд явж байхад нь арьс нь дундаас нь өвчсөн үхрийн толгой унасан. Тэгээд нэг цагдаа нь хүрз гаргаж ирээд үхрийн сэвснүүдийг ухаж байтал сэвсний доороос өвчсөн толгойны арьс нь гарч ирсэн гарч ирсэн гэсэн мэдүүлэг /1 хх 50 ху/,

-Насанд хүрээгүй гэрч О.Дагвадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ... хойд эцэг Баярхүү ах малаа дурандаж  байгаад манай 3 үхэр баруун усанд байх шиг байна гэж хэлэхэд ээж Ц.Э манай үхэр байгаа юм бол туугаад ир гэхээр нь тэмээ унаад Дагвадоржийн хамт тэр 3 үхрийг тууж ирсэн. ...туугаад ирэхэд Ц.Э эгч манай 3 үхэр байна, сүрэгт нь нийлүүлчих гэж хэлэхээр нь тууж нийлүүлсэн. Манай ээж Мэндээ эгчийн хүрэн дүү зүсмийн үхэр болон улаан халтар зүсмийн бух, нөгөө улаан халзан зүсмийн бярууг Баянмөнх, Энхтайван нарт зааж өгч бариулж хашаанаас гаргаж нядлуулсан гэсэн мэдүүлэг /1 хх 43-45, 503, 506 ху/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Цэлмүүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ... Баярхүү ах малаа дурандаж  байгаад манай 3 үхэр баруун усанд байх шиг байна гэж хэлэхэд түүний эхнэр Ц.Э эгч манай үхэр байгаа юм бол туугаад ир гэхээр нь тэмээ унаад Дагвадоржийн хамт тэр 3 үхрийг тууж ирсэн. ...туугаад ирэхэд Ц.Э эгч манай 3 үхэр байна, сүрэгт нь нийлүүлчих гэж хэлэхээр нь тууж нийлүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3 тооны үхэр нядалсан. ...тухайн үед Ц.Э эгч 3 үхэр зааж нядлуулсан. Хашаанд хашсан байсан бүх үхэр дунд 05-ны өдөр миний тууж ирсэн 3 үхэр дунд нь байсан. Тухайн үед Энхтайван ах ямар үхэр хийх юм бэ гэхэд Ц.Э эгч хар хүрэн дүү зүсмийн бух, улаан цагаантай 1 үхэр, хүрэндүү өнгийн 1 үхэр нийт 3 үхэр зааж өгч нядлуулсан. ...нядалсан тэр үхрийг Ц.Э эгч тухайн үед энэ сүргээсээ тасраад байдаг юм гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /1 хх 40-42, 504 ху/,

-Яллагдагч Ц.Энхсолонгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Чихлээс нь арай өөр юм шиг харагдаж байсан, надаас өөр хүн чихлээсийг нь анзаараагүй байх. ...Баярхүү үхрээ зүсэлж мэдэхгүй, миний нэр дээр үхрүүд байдаг. ...манай  үхэр улаан даавуутай зөв талын чих араасаа ухам имтэй. ...хоёр хүүхдийг би гурван үхэр хөөж ирэхээр сайн анзаарч хараагүй, харин улаан халзан бярууг нядалсны дараа чихнийх нь имийг харсан чинь өөр байхаар нь би толгойных нь арьсыг хуулж авсан. ...улаан халзан бярууг би өөрөө Дорноговь аймгийн мах авдаг хүнд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой 750.000 төгрөгөөр зарж борлуулсан. Би өөрөө бярууны мөнгийг юманд хэрэглэсэн гэсэн мэдүүлэг /1 хх 25-28, 123-124, 141-142, 152, 198, 206, 238 ху/,

-Хохирогч Д.Б болон яллагдагч Ц.Э нарын үхэр сүрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 82-83, 84-85 ху/,

-Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 245-246 ху/,

-Ц.Баярхүү, Ц.Э нарын малын тооллогын баримт /1 хх 70-84 ху/,

-Хохирлын үнэлгээ /1хх 126-128 ху/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 239-241 ху/

-Хохирол төлсөн баримт /2хх 4 ху/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх 200-201 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 175 ху/,

-Шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 178-183 ху/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн Түдэв гэх нэршилтэй газраас хохирогч Д.Бын эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий гэдэс цагаан сартай улаан бярууг хулгайлсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Бын “...Баярхүү гэх айлын гадаа ирэхэд тэднийх хашаандаа үхрээ хашсан, түүний хүү Баянмөнх нь танихгүй нэг залуу болон 3 эмэгтэйн хамт үхэр нядалсан, янзалж байсан. ...тухайн үед намайг очиход цагаан нүүртэй хүрэн бяруу нядалж, ширийг нь эвхээд тавьсан байсан ба тэр бяруу манай алга болсон үхрийн нэг мөн болохыг би таньсан. Би түүнийгээ хүүд хэлэхгүйгээр түүнээс манайх 4 үхрээ алдчихлаа, үзэгдсэн үү гэхэд мэдэхгүй гэж хэлээд байж байтал Баярхүү худаг дээрээс давхиад ирэхээр нь өөрийн хэдэн үхрээ хайгаад олохгүй байна, манай үхрийг харсан уу гэхэд танай үхэр ямар имтэй юм гэхээр нь манайх чихэндээ улаан өнгийн даавуу уясан гэхэд манайх ч бас улаан өнгийн даавуу уясан гэж хэлэхээр нь үхэр хашсан хашаан дээр хамт очиход би өөрийн алга болсон 2 үхрээ таниад энэ хоёр үхэр манай үхэр мөн байна гэж хэлэхэд Баярхүү манай эхнэрийн үхэртэй ээмэг нь ижил юм байна гэсэн. Тэгээд энэ үхэр дунд манай улаан гунж нь алга байна гэхэд тэрийг мэдэхгүй, энэ хоёртой байсан 1 бярууг нядалчихсан гэж хэлсэнгэсэн, иргэний нэхэмжлэгч Г.Анхзаяагийн “...Намайг очиход тухайн хороон дээр 2 үхрийн толгой өлгүүрт өлгөсөн, 4 үхрийн шир нядалсан газраа эвхээд тавьсан байсан. Тэр дунд алдсан манай үхрийн ширэн дотор толгойг нь өвчөөд боогоод тавьсан байсан гэсэн, гэрч Ц.Баярхүүгийн “...Үхрээ бүгдийг нь хонины хашаанд хашсан байсан, улаан бяруу, улаан халзан бяруу хоёрыг унагачихсан байсан” гэсэн, гэрч Ц.Энхтайваны “Э гэрээсээ гарч ирээд Мэндбаярын идэшний 1 тооны үхрийг болон өөрийн хэрэгцээндээ хэрэглэх 2 тооны үхрийг зааж өгсөн“ гэсэн, гэрч Б.Баянмөнхийн “......Энхтайван, Мэндбаяр, Э, бид 4 мал хийж байсан. Аав урдаас тэмээгээ туугаад ирж байсан. ...аавтай уулзаад зогсоод байсан. Бид нар наад талд нь малаа хийгээд байж байсан, тэгсэн явахдаа Болдоо гэх хүн нь хашаатай байсан үхрээс хоёр улаан үхэр гаргаж аваад туугаад явсан” гэсэн, гэрч Ц.Мэндбаярын “...Э эгч гэрээсээ гарч ирээд миний махлах 1 тооны үхрийг болон өөрийн хэрэгцээндээ хэрэглэх 2 тооны үхрийг зааж өгсөн“ гэсэн, гэрч Н.Нэргүйбаатарын “...үзлэг нь дуусаж цагдаа нар арьс, шийрийг нь зөөж байгаа харагдсан ба 2 цагдаа улаан зүсмийн үхрийн арьс өргөөд явж байхад нь арьс нь дундаас нь өвчсөн үхрийн толгой унасан. Тэгээд нэг цагдаа нь хүрз гаргаж ирээд үхрийн сэвснүүдийг ухаж байтал сэвсний доороос өвчсөн толгойны арьс нь гарч ирсэн гарч ирсэн” гэсэн, насанд хүрээгүй гэрч О.Дагвадоржийн “...Манай ээж Мэндээ эгчийн хүрэн дүү зүсмийн үхэр болон улаан халтар зүсмийн бух, нөгөө улаан халзан зүсмийн бярууг Баянмөнх, Энхтайван нарт зааж өгч бариулж хашаанаас гаргаж нядлуулсан” гэсэн, насанд хүрээгүй гэрч Б.Цэлмүүний “...Тухайн үед Энхтайван ах ямар үхэр хийх юм бэ гэхэд Ц.Э эгч хар хүрэн дүү зүсмийн бух, улаан цагаантай 1 үхэр, хүрэндүү өнгийн 1 үхэр нийт 3 үхэр зааж өгч нядлуулсан” гэсэн мэдүүлгүүд, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Ц.Баярхүү, Ц.Э нарын малын тооллогын баримт, хохирлын үнэлгээ, хохирол төлсөн баримт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

        Шүүгдэгч Ц.Энхсолонгын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд түүний үйлдэл нь бусдын малыг  хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Солонго “...Зүйлчлэлийн хувьд мал хулгайлсан гэж бодохгүй байгаа. ...Зүс, им адилхан байсан. Эдгээр үхэр манайхаас 20 орчим км зайтай баруун айлын усан дээр байж байхад нь авчирсан. Тэгээд нядлаад түрүүчээс нь толгойны арьсыг нь хуулсан. Тэгээд дээр нь сэвс асгах таарсан болохоос нууж барих гэж хуулаагүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, үйлдсэн хэргээ нотлох үүрэг хүлээхгүй.

Гэвч шүүгдэгч Ц.Энхсолонгын гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, тэрээр шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа дүгнэлт гаргах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээж байгаа талаараа мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Э нь учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, хохирлоо төлсөн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхсолонгыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор шийдвэрлэв.

  Шүүгдэгч Ц.Эд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулах нь зүйтэй.

Хохирлын хувьд энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Г.Анхзаяад 1 тооны бяруу буюу үнэлгээний дагуу 800.000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Э нь 1.200.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг үхрийн толгой, 3 ширхэг үхрийн арьс, 8 ширхэг үхрийн шийрийг тус тус устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхсолонгыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Ц.Эд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч Ц.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг үхрийн толгой, 3 ширхэг үхрийн арьс, 8 ширхэг үхрийн шийрийг тус тус устгасугай.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА