| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2019/00379/и |
| Дугаар | 00573 |
| Огноо | 2019-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 00573
| 2019 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 182/ШШ2019/00573 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Н.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Ц-д холбогдох,
Зээл, алдангид 8.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч З.С, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, гэрч Т.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн найз Т.Үүрийнсолонго болон түүний нөхөр Ц.Т нарын хүсэлтээр 2018 оны 07 сарын 31, 2018 оны 09 сарын 10, 2018 оны 09 сарын 19-ний өдөр тус бүр 2 сая төгрөгийг 4 удаа, нийт 8 сая төгрөгийг Ц.Тийн болон Т.Үүрийнсолонго нарын Хаан банкны дансанд шилжүүлж зээлдүүлсэн ба, зээлийн хүүг 10 хувь байхаар амаар тохиролцсон. Түүнээс хойш надаас авсан зээл, зээлийн хүүд 1.100.000 төгрөг төлсөн. 2019.01.19-нд хариуцагч Ц.Т нь авсан зээлэндээ 700.000 төгрөгийн хүү төлнө гэж надаад бичгээр бичиж өгсөн баримт байгаа. Иймд үндсэн зээл 8 сая төгрөг, хүүд 700.000 төгрөг, нийт 8.700.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас 1.100.000 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлд 7 сая төгрөг, хүүнд 600.000 төгрөг, нийт 7.600.000 төгрөг болгон багасгаж нэхэмжилж байна гэв.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Дээс 2018.07.31-нд 2 сая төгрөг, 2018.09.10-нд 800.000 төгрөг, 2018.09.19-нд 1.900.000 төгрөг, эхнэр Т.Үүрийнсолонгын дансанд 2018.09.06-нд 600.000 төгрөг, 2018.09.10-нд 1.000.000 төгрөг, 2018.09.13-нд 150.000 төгрөг, 2018.11.20-нд 1.790.000 төгрөг, 2018.12.03-нд 40.000 төгрөг, нийт 8.280.000 төгрөгийг эхнэр Т.Үүрийнсолонго болон хариуцагч Ц.Т нарын дансны хуулгуудаар тогтоогдож байна. Уг мөнгөнөөс 4.380.000 төгрөгийг буцаан төлсөн нь мөн бидний дансны хуулгуудаар нотлогдоно. Харин нэхэмжлэгч Н.Дтэй бичгээр байгуулсан гэрээ хэлцэл байхгүй тул хүү төлөхгүй, харин үлдэгдэл 3.900.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Дийн гаргасан хариуцагч Ц.Төд холбогдох зээлийн төлбөрт 8.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Ц.Төөс зээлийн 8 сая төгрөг, зээлийн хүүд 700.000 төгрөг, нийт 8.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад хариуцагчийг 1.100.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж, зээлд 7.000.000 төгрөг, зээлийн хүүд 600.000 төгрөг бүгд 7.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэж тайлбарласан.
Хариуцагч Ц.Т 2018.07.31-нээс хойш нэхэмжлэгчээс 8.280.000 төгрөгийг зээлдэж өөрийн болон эхнэр Т.Үүрийнсолонгын дансаар шилжүүлж авсан, уг зээлээс 4.380.000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул хүү төлөхгүй, зээлээс үлдэх 3.900.000 төгрөгийг төлнө гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.
Хариуцагч Ц.Т нь нэхэмжлэгч Н.Дээс 2018.07.31-нээс хойш 2018.07.31-нд 2 сая төгрөг, 2018.09.10-нд 800.000 төгрөг, 2018.09.19-нд 1.900.000 төгрөг, эхнэр Т.Үүрийнсолонгын дансаар 2018.09.06-нд 600.000 төгрөг, 2018.09.10-нд 1.000.000 төгрөг, 2018.09.13-нд 150.000 төгрөг, 2018.11.20-нд 1.790.000 төгрөг, 2018.12.03-нд 40.000 төгрөг, нийт 8.280.000 төгрөгийг зээлдэж авсан тухайд маргаангүй байна.
Нэхэмжлэгч Н.Дийн Хаан банкны харилцах дансанд хариуцагч Ц.Т, түүний эхнэр гэрч Т.Үүрийнсолонго нарын харилцах данснаас 2018.07.31-нээс хойш нийт 4.380.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, гэрч Т.Үүрийнсолонгын мэдүүлэг, хэрэгт авагдсан хариуцагч Ц.Т, гэрч Т.Үүрийнсолонго нарын Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Н.Д зээл өгөхдөө 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр амаар тохиролцсон тул төлсөн мөнгөнүүдийг хүүндээ тооцно гэж тайлбарлаж байх боловч, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан гэж үзнэ.
Хариуцагч Ц.Тийн 2019.01.19-ний өдрийн нийт 700.000 төгрөгийг төлөх тухай бичгийн тайлбарыг хүү төлөхөөр зөвшөөрсөн гэж тайлбарлаж байх боловч уг бичгээр хийсэн баримтан дээр хүүгийн талаар тохиролцсон агуулгагүй байх тул хариуцагчийг хүү төлөхийг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгчээс хариуцагч талд өгсөн нийт 8.280.000 төгрөгөөс төлсөн 4.380.000 төгрөгийг хасч 3.900.000 төгрөгийг хариуцагч Ц.Төөс гаргуулж нэхэмжлэгч Н.Дд олгож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Ц.Төөс 3.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Дээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Төөс 77.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Дд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ