Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар  2022/ШЦТ/254

 

 

2022           11            22                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.О******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О*******ад холбогдох эрүүгийн 2215000000269 дугаартай, 163/2022/0250/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Б*******гийн О*******, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Булган аймаг, Рашаант сумын 1 дүгээр багийн Найрамдал хорооллын А-311 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 43 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О******* нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Н*******ийг хэл амаар доромжилон зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000269 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2022 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Н*******ийг хэл амаар доромжилон зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.Н*******ийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай нөхөр Б.О******* намайг яасан орой ирдэг гичий вэ гэж хэлсэн. Танил эгч Цэрэннадмидтай ойрд уулзаагүй гээд цай унд, айраг, пиво хувааж уусан ба надад дээлийн торго, ороолттой бэлэглэсэн. Тухайн болсон явдлыг нөхөр Б.О*******ад хэлсэн. Тэгээд бид хоёр хүүхдүүдийн хамт амарсан. Шөнө дунд манай нөхөр Б.О******* орноосоо босоод миний үснээс татаад унтаж байсан орноос татаж босгосон. Тэгэхээр нь би хүүе ээ чи яаж байгаа юм бэ гэж асуусан чинь чи сая юу гэсэн бэ гээд асуусан. Тэгэхээр нь би унтаж байсан юм чинь юу ч хэлээгүй гэсэн чинь надад хэн юу хэлэв гэж манай нөхөр О******* хэлсэн. Тэгээд намайг зодоод, үсдээд гараараа толгой, нүд, хөл, шилэн хүзүү, давсаг, ор руу 2-3 удаа толгойн хэсгээр мөргүүлж хоолойг минь багалзуурдсан. Тэгэхээр нь би О*******аас чи намайг алчих гэж хэлсэн чинь чамайг алсан байсан ч яадаг юм гээд намайг зодож цохихоо больсон. Б.О******* нь эрүүл ч бай согтуу ч бай ааштай, надтай зандарч аашилж харьцдаг, байнга архи ууна, ажил төрөл хийдэггүй, ажил хийгээд олсон мөнгөө өгдөггүй, гэр орондоо зарцуулдаггүй, хоол хүнсний зүйл, хувцас авдаггүй. Ихэнхдээ архи уудаг. Архи уух бүртээ агсам тавьдаг үр хүүхдүүдээ айлгадаг. Агсам тавихдаа элдэв хараал хэлж намайг гичий, янхан, банзал гэх мэтээр харааж хардаж гэр оронд байж суухын аргагүй байдалд оруулдаг. Хүүхдүүдийнхээ дэргэд хараал хэлдэг, надад агсам тавьдаг, намайг зоддог. Би. Б.О*******тай  2007 оноос хойш амьдарсан. 2015 оноос эхэлж архи ууж надад агсам тавьж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй. Өмнө нь мэдүүлэхдээ уурандаа гомдолтой гээд мэдүүлэг өгсөн. Бид хоёр энэ хэргийн асуудал дээр сайн дураараа эвлэрсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9, 12 дахь тал/,

3. Гэрч Ч.Ц******* өгсөн: Ч.Н******* манайд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед ирсэн. Сумын төвийн ногооны дэлгүүрээс бараа хүнс авчихаад гэр рүү явж байхад Н*******тэй тааралдаад манай гэр рүү хамт явсан. Н******* нөхөр болох О*******ын талаар ярихдаа хий юм хараад эмнэлэгт үзүүлсэн талаар ярьсан. Өнөөдөр сайхан л унтаж амарч байна ашгүй дээ гээл жаргал зовлонгоо ярьсан. Н*******т гарын бэлэг болгож дээлийн торго, ороолт, алчууртай өгөөд 22 цаг болж байхад гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

4. Гэрч Ч.С******* өгсөн: О*******ын хүүхэд болох Есөн-Эрдэнэ манайд үүрийн буюу 05 цаг өнгөрч байхад орж ирээд манай аав болох О******* ээж Н*******ийг зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн эзэмшлийн 85985308 дугаарын утсаар 88133069 дугаарын утас руу залгаж юу болоод байгаа талаар асууж тодруулахад утсыг О******* аваад эгчийг чинь 2-3 удаа алгадсан. Одоо зүгээр унтсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13911 дугаартай: Ч.Н*******ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, дух зулай, баруун чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух зүүн зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүү, хүзүү, баруун болон зүүн чихний дэлбэн, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, тохой, зүүн шуунд цус хуралт, умдагт цус хуралт, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахаар тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.О*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шиг санагдаж байна. Манай эхнэр маань гэрээс гараад явсан. Улмаар өдөр 12 цагийн орчимд гэртээ ирээд надаас 12000 төгрөг авсан. Тухайн үедээ тоглох гэж байгаа гэж хэлээд явсан. Улмаар оройн 23 цагийн орчимд гэртээ ирсэн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. Тэгэхээр нь би чи архи уусан байна гээд загнахад өөдөөс хэрүүл маргаан хийгээд байхаар нь би эхнэр Н*******ийг гараараа 2-3 удаа алгадсан. Мөн хөл нүцгэн хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд унтаж амарчихаад маргааш өдөр нь гомдол гаргасан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

7. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 44-46 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.Н*******, гэрч Ч.Цэрэннадмид, Ч.Санжаажамц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13911 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.О*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Б.О******* нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Н*******тэй “оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргалдсан байна.

Б.О******* нь маргалдах явцдаа хохирогч Ч.Н*******ийн толгой, нүд, хөл, шилэн хүзүү, давсаг руу алгадах, өшиглөх хэлбэрээр зодсон гэж хохирогч мэдүүлснийг гэрч Ч.Санжаажамц давхар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13911 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, дух зулай, баруун чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух зүүн зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүү, хүзүү, баруун болон зүүн чихний дэлбэн, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн бугалга, тохой, зүүн шуунд цус хуралт, умдагт цус хуралт, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Б.О*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Б.О*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Б.О******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.О******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Н*******ийн бие, эрх чөлөөнд халдсан байнгын шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.О*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ч.Н******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримтыг гаргаж ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд одоо бид хоёр эвлэрсэн, надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.О*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.О*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.О*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг  харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хавтаст хэргийн 39-44 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.О******* нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Булган аймаг, Рашаант сумын 1 дүгээр багийн Найрамдал хорооллын А-311 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.О******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/134 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Б.О*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Багаахүүгийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О*******ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.О******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СУВД-ЭРДЭНЭ