Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 0785

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Э.М-ын нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: “М” ХК-д холбогдох,  

 

Даатгалын нөхөн төлбөрт 35,842,656.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Э.Мын төрсөн эх Ш.Чимэдцэрэн Голомт банктай 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ1170006489 дугаартай орон сууцны зээлийн гэрээгээр 40,600,000 төгрөгийг 20 жил буюу 240 сарын хугацаатай зээлж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуаран гудамж 34 байр 26 тоот хаягт байршилтай 41,04 м.кв талбайтай орон сууцны зориулалттай Ү-2204050968 бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдан авсан бөгөөд зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Э.М хамтран үүрэг хүлээсэн.

Улмаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “М” ХК-тай Ш.Чимэдцэрэн “өвчний улмаас нас барах” эрсдэлээ хамгаалж “орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1701007968 дугаартай гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулсан, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өвчний учир нас барсан. Даатгуулагчийн хамтран зээлдэгч даатгагчид нөхөн төлбөр гаргуулахыг хүсэж 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хандсан боловч “нөхөн төлбөр олгохгүй нөхцөл 8.7-д архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол”-д нөхөн төлбөр олгохгүй гэж мэдэгдсэнийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 9/2904 албан бичгээр “нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон хэмжээгээр олго” гэсэн боловч одоог болтол “М” ХК нөхөн төлбөр олгохгүй, та нар шүүхдээд ав гэдэг байна.

Даатгуулагч нь архаг хууч өвчний улмаас нас барсан гэж үзэхгүй. Ярих боломжгүй, ухаангүй эмнэлэгт очсон хүн өөрийгөө сүүлийн хэдэн жил даралт ихсэх өвчнөөр өвдөж байгаа тухайгаа тайлбарлах боломжгүй юм. 3 хоног сэхээнд эмчлүүлж байгаад нас барсан явдал нь архаг хууч өвчтэй байсныг илэрхийлэхгүй. Архаг хууч өвчин бол урдаас эмчлүүлж байсан, эмнэлгийн байгууллагын хяналт дүгнэлтээр тогтоогдсон байхыг хэлэх байх. Даатгалын нөхөн төлбөрийн хувь хэмжээг даатгалын гэрээгээр тохиролцоогүй тул Голомт банкны зээлийн үлдэгдэл дүнгээр тооцох гэж үзэж байна.

Иймд нөхөн төлбөрийг даатгуулагч Ш.Чимэдцэрэн нас барсан үеийн буюу 2018 оны 4 дүгээр сарын 01-ний байдлаар банканд төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 35,842,656.80 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгчийн гэнэтийн ослын 1703007968 тоот даатгалын гэрээний даатгуулагч Ш.Чимэдцэрэн нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны орой 19:50 минутын орчимд гэртээ байх үедээ бие нь муудаж улмаар бөөлжин ухаан алдаж, комын байдалд орж 103-аар Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэгдэж тус эмнэлэгт 2018 оны 3 дугаар сарын 27-оос 30-ны өдөр хүртэл 3 хоног Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өвчний улмаас нас барсан байна.

Даатгуулагч Ш.Чимэдцэрэнгийн нас барсан шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2630 тоот Өвчний түүх дээр гол зовиур нь “Артерийн даралт ихэснэ” мөн Өвчний түүх дээр “Артерийн даралт ихсэх өвчинтэй, сүүлийн хэдэн жил даралтын эм тогтмол ууж байгаа” хэмээн тэмдэглэсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн эмнэлгээс ирүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02/227 тоот албан бичигт Ш.Чимэдцэрэн нь “Артерийн даралт ихсэх өвчин 3-р зэрэг, Тархины аалзавчин хальсны доорх цус харвалт, Амьсгал зүрх судасны хурц дутагдал” гэх оношоор нас барсан хэмээн тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд даатгуулагчийн үхэлд хүргэсэн аалзавчин хальсан доорх цус харвалтад хүргэх үндсэн шалтгаан нь артерийн даралт ихсэх өвчин ба түүнээс үүдсэн бичил судасны эмгэг, амилиод ангиопати, судасны гажгийн улмаас судас хагарах замаар тархины эдийн дотор, ховдолд цус харван орох замаар үүсдэг буюу үхэлд хүргэх суурь шалтгаан нь даатгуулагчийн өмнөх өвчлөл болох артерийн даралт ихсэх өвчин байсан. Иймд даатгуулагчийг үхэлд хүргэсэн өвчин эмгэг нь архаг хууч эмгэгт хамаарч байна.

Үхэлд хүргэсэн суурь шалтгаан нь артерийн даралт байх тул даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болоогүй гэж үзсэн. Түүнээс гадна даатгуулагчийн даатгуулсан зээл нь хамтран зээлдэгчтэй байсныг хэлмээр байна. Голомт банкны тодорхойлолт болон ипотекийн зээлийн журмын дагуу хамтран зээлдэгч Э.М нь 33,03 хувь, үндсэн зээлдэгч Ш.Чимэдцэрэн нь 66,97 хувийн үүргийг зээлийн гэрээгээр хүлээсэн болохыг хэлмээр байна.

Даатгагч нь зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1703007968 тоот гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл 8.7-д “Архаг хууч өвчний улмаас үүдэх хохирол”-д нөхөн төлбөр олгохгүй гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч “М” ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 35,842,656.80 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.М болон түүний эх Ш.Чимэдцэрэн нар 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “Орон сууцны зээлийн ЗГ1170006489 тоот гэрээ”-г “Голомт банк” ХХК-тай бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Голомт банк” ХХК нь 40,600,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй байхаар тохирч шилжүүлэх, зээлдэгч Э.М, Ш.Чимэдцэрэн нар 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2033 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 01-ний өдрүүдэд тохирсон хэмжээгээр зээл, түүний хүүг буцаан төлөх замаар зээлийг төлж барагдуулахаар тохиролцсон байна.

 

            Худалдан авсан орон сууц болон зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдэлээс хамгаалах зорилгоор үндсэн зээлдэгч Ш.Чимэдцэрэн нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1701007968 тоот гэрээ”-г “М” ХК-тай 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцыг 58,000,000 төгрөгөөр үнэлж, хураамжид 69,600 төгрөгийг, зээлийн үлдэгдлийг 36,437,386.33 төгрөгөөр тооцож, хураамжид 48,724.86 төгрөгийг тус тус төлсөн уг гэрээнд Э.Мыг хамтран зээлдэгч гэжээ.

 

Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний зүйл нь нэгдүгээрт Ш.Чимэдцэрэнгийн худалдан авсан орон сууц, хоёрдугаарт “Голомт банк” ХХК-аас орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр байгаагаас үзвэл шүүх зохигчдын хооронд хөрөнгийн болон зээлийн даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Сайн дурын үндсэн дээр байгуулагддаг, ердийн даатгалд хамаарах дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3-т заасанд нийцсэн, бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэрээний хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр даатгуулагч Ш.Чимэдцэрэн нь өвчний улмаас нас барсан байна.

 

Талууд даатгалын хураамж төлсөн эсэх, даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч нас барсан эсэх, нэхэмжлэл гаргагч нь түүний төрсөн охин мөн эсэх болоод зээлийн гэрээний дагуу үндсэн болон хамтран зээлдэгч нарын гүйцэтгэх үүргийн хэмжээ 66,97% болон 33,03% байсан эсэх асуудалд маргаагүй тул шүүх энэ үйл баримтыг нотлох шаардлагагүй гэж үзнэ.

 

Харин даатгуулагчийг үхэлд хүргэсэн өвчин нь даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарах архаг хууч өвчин мөн эсэх асуудал маргааны зүйл болсон байна.

           

“Баянзүрх-Эмнэлэг” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02/227 тоот тодорхойлолт болон тус эмнэлгээс 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 21 цаг 44 минутад нээсэн 2630 тоот өвчний түүхэд Ш.Чимэдцэрэнг “Тархины аалзавчин хальсны доорх цус харвалт (I.60), артерийн даралт ихсэх өвчин III зэрэг, амьсгал, зүрх судасны хурц дутагдал” оношоор хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нас барсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...дээрх өвчний түүхэд “Артерийн даралт ихсэх өвчтэй, сүүлийн хэдэн жил даралтын эм тогтмол ууж байгаа, Артерийн даралт ихсэх өвчин III зэрэг” гэж тэмдэглэгдсэнээр Ш.Чимэдцэрэн нь архаг хууч өвчтэй байсан нь тогтоогдож байгаа, энэ нь даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарна... гэх нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг ...ухаангүй өвчтөн өөрөө тэр тухайгаа хэлж, өвчний түүхэд бичүүлэх боломжгүй, архаг хууч өвчтэй байсныг нотлох өөр ямар ч баримт байхгүй, 3 хоног эмчилгээ хийлгэснийг архаг хууч өвчтэй байсан гэж үзэхгүй... гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж мэтгэлцсэн.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ш.Чимэдцэрэнг үхэлд хүргэсэн тархины цус харвалт, амьсгал, зүрх судасны дутагдлын үндсэн шалтгаан нөхцөл нь архаг, хууч өвчний улмаас үүссэн” эсэх асуудлыг мэргэжлийн шинжээчээс тодруулахыг хүссэн талуудын хүсэлтийг хангаж, энэ талаар дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Гуравдугаар төв эмнэлгийг тус тус шинжээчээр томилсон боловч шинжээч нар “цогцост эмгэг судлалын шинжилгээ хийгээгүй, дүгнэлт гаргахад шаардагдах СРТ-СРА болон ангиографийн шинжилгээ хийгдээгүй”-н улмаас дүгнэлт гаргах боломжгүй гэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д зааснаар шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзсан байдаг.

 

Шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй буюу бүрэн бус, шүүх нөхөн гүйцээх замаар шинжилгээний объектыг шаардлага хангуулах ямар ч боломжгүй тул шүүх маргаан бүхий үйл баримтын талаар хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарт үндэслэн дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Даатгуулагчийг үхэлд хүргэсэн “Тархины аалзавчин хальсны доорх цус харвалт (I.60), амьсгал, зүрх судасны хурц дутагдал” онош бүхий өвчин нь зөвхөн артерийн даралт ихсэх өвчнөөс үүдэлтэй гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Учир нь, хэрэв дээрх онош бүхий өвчин нь гагцхүү артерийн даралт ихсэх өвчний үр дагавар байсан бол шинжээч нар шүүхээс тавьсан асуултад хариулах боломжтой байсан, гэтэл шүүхээс тавьсан асуултад хариулт өгөхөд цогцост хийсэн эмгэг судлалын болон СРТ-СРА, түүнчлэн ангиографийн шинжилгээний хариу зайлшгүй шаардлагатай гэж шинжээч нар үзэж, дүгнэлт гаргахаас татгалзсан тул тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэсгүйг илтгэж байна.

 

Иймд даатгуулагч артерийн даралт ихсэх өвчний III зэрэг оноштой гарсан нь амь насаа алдах үндэслэл болоогүй гэж үзнэ.

 

Тэгээд ч артерийн даралт ихсэх өвчнөөр даатгуулагч удаан хугацаанд өвдсөнийг хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй, өвчний түүхийн асуумжид хэн хариулсан, тухайн хариулт нь өвчтөний эмнэлгийн карт эсхүл өөр ямар нэг баримтад үндэслэсэн байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тэгэхээр Ш.Чимэдцэрэнг үхэлд хүргэсэн шалтгааныг артерийн даралт ихсэх өвчнөөс үүдэлтэй, уг өвчин нь түүний хувьд архаг хууч өвчин байсан гэж үзэх бүрэн үндэсгүй, өөр бусад архаг хууч өвчин нь үхэлд хүргэх шалтгаан болсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх даатгалын гэрээгээр тохирсон эрсдэлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан даатгалын тохиолдолд бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч нөхөн төлбөр төлөх үүрэгтэй.

 

Нөхөн төлбөрийн хэмжээний хувьд зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцохоор даатгалын гэрээний 8 дугаар зүйлд заасан тул 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 35,842,656.80 төгрөгийн даатгуулагч буюу үндсэн зээлдэгч Ш.Чимэдцэрэнгийн гүйцэтгэх үүргийн хувь хэмжээ /66,97%/-нд ногдох хэсэг болох 24,003827.25 төгрөгийг ойлгоно.

 

Харин хамтран зээлдэгч буюу нэхэмжлэгч Э.Мын хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн хувь хэмжээ 33,03 учир даатгуулагч нас барснаар хамтран зээлдэгч зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул зээлийн үүргийг бүхэлд нь даатгагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч “М” ХК-аас 24,003,827.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Мд олгож, Э.Мын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,838,829.55 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан “М” ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 24,003,827.25 төгрөгийг гаргуулж Э.Мд олгож, Э.Мын нэхэмжлэлийн шаардлагаас 11,838,829.55 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,969.1 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА