Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/261

 

 

2022           11           30                                    2022/ШЦТ/261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Philips Thomas Wesley нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Philips Thomas Wesley-д холбогдох эрүүгийн 2215000000288 дугаартай, 163/2022/0257/Э индекстэй хэргийг хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Америкийн Нэгдсэн Улсын иргэн, Philips Thomas Wesley, Америкийн Нэгдсэн Улсад 1958 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Б******* 6-601 тоотод түр оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 64 настай, эрэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Philips Thomas Wesley нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Рашаант сумаас ертөнцийн зүгээр зүүн талд 2 км орчим газарт улсын чанартай А/0301 авто замд ******* загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж замын хөвөөнд байсан явган зорчигч П.Ц*******, М.Г******* нарыг мөргөж улмаар П.Ц*******ийн биед хүндэвтэр хохирол, М.Г*******ын биед хөнгөн хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000288 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Philips Thomas Wesley нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Рашаант сумаас ертөнцийн зүгээр зүүн талд 2 км орчим газарт улсын чанартай А/0301 авто замд ******* загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж замын хөвөөнд байсан явган зорчигч П.Ц*******, М.Г******* нарыг мөргөж улмаар П.Ц*******ийн биед хүндэвтэр хохирол, М.Г*******ын биед хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Philips Thomas Wesleyөгсөн: мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Зам тээврийн осол болсон гэх газар нь Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Пуужин толгой гэх газраас баруун тийш 3 км, сумын төвөөс 2 км зайд болсон байв. Тухайн осол болсон газрын зам орчны байдал нь ердийн асфальтан зүүнээс баруун чиглэлтэй уруу, цастай, замын гадаргуу нь хальтиргаатай, нойтон, суурингийн гадна, үзэгдэх орчин хангалтгүй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, хашлагагүй, хайсгүй, 7 метр өргөнтэй зам байв. Үзлэгийн баг очиход цагаан өнгийн Toyota Land 78 загварын 98-25 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн хойшоо харсан чиглэлтэй, зүүн урд хэсгээрээ эвдрэлтэй байсан. Уг тээврийн хэрэгслийн ертөнцийн зүгээр баруун талд цагаан өнгийн Toyota Probox загварын 95-28 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун хойшоо харсан, баруун хойд талаараа эвдрэлтэй зогсож байсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-10 дахь тал/,

3. Зам тээврийн осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

4. Хохирогч П.Ц*******ийн өгсөн: Миний бие 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөөний 05:00 цагт Ула******* хотоос Говь-Аптай аймаг руу С.Б*******ны Toyota Probox загварын 95-28 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна 2 хүний хамт явж байгаад Булган аймгийн Рашаант сумын нутагт зам дээр явж байгаад замын хажуу хэсэг рүү унаж онхолдсон. Тэгээд сууж явсан машинаа замын хажуугаас гаргаад улсын чанартай А/0301 зам дээр гарч ирээд Toyota Probox загварын 95-28 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард зогсож байтал цагаан өнгийн машин ирж мөргөсөн. Миний хажууд зогсож байсан Г*******ын хамт мөргөсөн. Удалгүй Рашаант сумын цагдаа, эмнэлгээс хүмүүс ирээд сумын эрүүл мэндийн төвд авчирч эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

5. Хохирогч М.Г*******ын өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөөний 05:00 цагт Ула******* хотоос Говь-Алтай аймаг руу С.Б*******ны Toyota Probox загварын 95-28 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4 хүний хамт явж байгаад Булган аймгийн Рашаант сумын нутагт зам дээр явж байтал замын хажуу хэсэг рүү унаж онхолдсон. Тэгээд сууж явсан машинаа замын хажуугаас гаргаад улсын чанартай А/0301 зам дээр гарч ирээд Toyota Probox загварын 95-28 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард зогсож байтал цагаан өнгийн машин ирж мөргөсөн. Удалгүй Рашаант сумын цагдаа, эмнэлэгээс хүмүүс ирээд сумын эрүүл мэндийн төвд авч ирж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Бидний сууж явсан тээврийн хэрэгслийг С.Б*******н гэдэг хүн жолоодож явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

6. С.Б*******ны иргэний нэхэмжлэгчээр өгсөн: Уг эвдрэлтэй холбоотой миний гомдлыг гадаад улсын иргэн барагдуулчихсан байгаа. Би цаашид цагдаа, шүүхээр явмааргүй байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

7. Гэрч С.Б*******ны өгсөн: Миний бие Toyota Probox загварын 95-28 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Ула******* хотоос Говь-Алтай аймгийн Дарви сум руу 3 хүн суулгаад 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөөний 05:00 цагийн үед хөдөлсөн. Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд явж байхад цас орж эхэлсэн. Тэгээд манан татаад байсан. Баруун талд машин замын хажуу руу орсон байсан. Тэгээд зүүн талд машинтай хүмүүс зогсож байсан. Тэгээд би тормосоо гишгэсэн чинь гулгаад замын зүүн урагш зүгт хараад замын шороотой далангийн хэсэг рүү онхолдсон. Тухайн үед зөөлөн явж байсан болохоор машинд сууж явсан зорчигч нар зүгээр байсан. Тэгээд замын хажуу руу онхолдсон машинаа босгоод миний бие машинаа унаад зам дээр гаргаад зогсоод машиндаа сууж байсан чинь л араас хүчтэй зүйл цохих шиг болсон. Тэгээд буугаад хартал хамт явсан 2 хүн маань замын хажуу руу уначихсан байсан. Тэгээд араас мөргөсөн цагаан өнгийн жийп машинаас 2 гадаад улсын иргэн бууж ирээд намайг зүгээр үү гээд цаана унасан 2 хүнийг асуугаад юм нөмрүүлээд хэвтүүлж байсан. Миний бие цагдаа болон эмнэлэгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14359 дугаартай: П.Ц*******ийн биед цээжний зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн шилбэний булчингийн няцрал, мөчдөд цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14315 дугаартай: М.Г*******ын биед баруун хацарт шарх, баруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

10. Автотээврийн үндэсний төв төрийн амчит үйлдвэрийн газрын шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10312 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 59-65 дахь тал/,

11. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай: Жолооч Philips Thomas Wesley нь цагдаагийн газрын хайлт мэдээллийн санд жолоодох эрхийн “BCCED” ангиллын жолоодох эрхтэй байна. Жолооч Philips Thomas Wesley нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтыг зөрчсөн гэх  магадлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/,

12. Яллагдагч Philips Thomas Wesley-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: Би Монгол хэлээр уншиж бичиж, ярьж чадна. Би Монгол Улсад 30 жил амьдарч байна. Би орчуулагчгүй мэдүүлэг өгнө. Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ула******* хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу харих гээд явж байгаад Булган аймгийн Рашаант сум руу орох гээд явж байхад гадаа бага зэрэг манантай, зам болохоор хэсэг газраа цастай байсан. Миний урд талд цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн ард явж байгаад жижиг овгор газар давсан. Тэгэхэд замын баруун талд жижиг ачааны бүхэгтэй машин замаас гарч унасан байсан. Харин миний урд явж байсан машины урд тал нь харагдаагүй. Тэгээд миний урд явж байсан приус машин гэнэт эсрэг урсгал руу ороод хурдаа хасаад бүүр удаан явсан. Би араас нь харж байтал зам дээр пробокс маркын тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд би эсрэг урсгал руу орж чадаагүй гулгаад тухайн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн. Тэгэхэд тэр мөргүүлсэн машины хажуу талд байсан 2 хүнийг давхар мөргөсөн. Тухайн үед тормоз гишгээд зогсоогүй гулгачихсан. Мөн жолооны хүрдийг өөр тийш нь дарах гэсэн боловч ямар нэгэн боломжтой зай зам дээр байгаагүй юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Philips Thomas Wesley нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Рашаант сумаас ертөнцийн зүгээр зүүн талд 2 км орчим газарт улсын чанартай А/0301 авто замд ******* загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж замын хөвөөнд байсан явган зорчигч П.Ц*******, М.Г******* нарыг мөргөж улмаар П.Ц*******ийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Мөрдөгчийн 19 дугаартай магадлагаагаар шүүгдэгч Philips Thomas Wesley-г Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэм тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд уг магадлагаа нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал болон хохирогч, гэрч нарын мэдүүлэгт дурдсантай агуулгын хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Philips Thomas Wesley-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 14359 дугаартай: П.Ц*******ийн биед цээжний зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн шилбэний булчингийн няцрал, мөчдөд цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Philips Thomas Wesley нь тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчих нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж дүгнэсэн болно.

Philips Thomas Wesleyгийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг хангасан.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Philips Thomas Wesley нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Philips Thomas Wesley-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг /1/ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Philips Thomas Wesley-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Ц*******ийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14359, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14315 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд хохирогч П.Ц*******, М.Г*******, иргэний нэхэмжлэгч С.Б*******н нар нь гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бидний хохирлыг бүрэн барагдуулсан гэдгээ илэрхийлсэн /хавтаст хэргийн 95-96 дахь тал/ байх тул шүүгдэгч Philips Thomas Wesley-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Philips Thomas Wesley-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Philips Thomas Wesley-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 83-84, 111-112 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, цагдаагийн газрын цахим системийн зөрчлийн талаарх лавлагаа, мэдээлэл болон шүүхэд Завхан аймгийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Philips Thomas Wesley нь ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл суманд газар тариалангийн ажил эрхлэн амьдардаг байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Philips Thomas Wesley нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг прокурор хангаж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/138 дугаартай тогтоолоор яллагдагчид холбогдсон хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Philips Thomas Wesley-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Philips Thomas Wesley-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Philips Thomas Wesley нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Philips Thomas Wesleyавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэрээр бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Америкийн Нэгдсэн улсын иргэн Philips Thomas Wesley-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Philips Thomas Wesley-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн, хорих ялаар солих тухай сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Philips Thomas Wesley нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Philips Thomas Wesleyавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Philips Thomas Wesley нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.СУВД-ЭРДЭНЭ