Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 895

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “МС” УТҮГ -ын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: “БМ” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 1,305,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баяраа, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Хариуцагч компаниас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 900,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги 405,000,000 төгрөг буюу нийт 1,305,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Манай байгууллага 2017 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан “өвөр хаврыг өнтэй давъя” арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгон шалгарсан “БМ” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2017/Ү/08 тоот зээлийн гэрээ байгуулж, 900,000,000 төгрөгийг хүүгүй зээлэх гэрээг 9 сарын хугацаатай байгуулсан.

Зээлийг урьдчилгаа болон ОХУ-ын экспортлогч аж ахуйн нэгжээс ирүүлсэн нэхэмжлэхэд үндэслэн тухай бүр шилжүүлэх замаар олгох гэрээний нөхцөлийн дагуу хариуцагч компанид бүрэн олгосон. Гэтэл хариуцагч компани нь авсан зээлээ 2018.04.01-ний дотор 20 хувь, 2018.05.01-ний дотор 20 хувь, 2018.06.01-ний дотор 20 хувь, 2018.07.01-ний дотор 20 хувь, 2018.08.01-ний дотор 20 хувиар тус тус буцаан төлөхөөр гэрээнд заасан хугацаанд нэг ч төгрөгийг төлөөгүй тул шүүхэд хандсан.

Шүүхэд нэхэмжлэл гаргах үед үндсэн зээлийн үлдэгдэл 900,000,000 төгрөг, хуваарийн дагуу тооцож, хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,5 хувиар бодогдсон алданги 405,000,000 төгрөг болсон тул хариуцагчаас нийт 1,305,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 900,000,000 төгрөгийг төлөхөд маргахгүй. Алданги төлөхийг зөвшөөрөхгүй.

Хариуцагч компани нь 2017.12.01-ний өдөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа МСтай зээлийн гэрээ байгуулсан. 2017.12.13-ны өдрөөс үе шаттайгаар 900,000,000 төгрөг зээлсэн. Зээлийг 2017.12.13-ны өдөр 225,000,000 төгрөг, 2018.01.19-ний өдөр 225,000,000, 2018.02.06-ний өдөр 125,000,000, 2018.03.06-ны өдөр 162,500,000, 2018.03.28-ны өдөр 82,500,000, 2018.03.30-ны өдөр 80,000,000 төгрөгөөр тус тус авсан. Ингэхдээ ОХУ-ын харьяа байгууллагын нэхэмжлэхийг үндэслэн тус улсын аж ахуйн нэгжүүд рүү шууд шилжүүлэх замаар авсан. Зээл нь өвс тэжээл импортлох бодлогын гэрээний хүрээнд байгуулсан, ашгийн төлөө бус үйл ажиллагаанд зориулагдсан. Ийм учраас хүүгүй байгуулсан. Зээлийн гэрээнд гэрээний хугацааг 9 сарын хугацаанд буцаан төлөхөөр тохирсон.

Талууд зээлийн гэрээг байгуулахдаа буруу ойлгосон юм уу гэж бодож байна. Гэтэл гэрээгээр тохирсон хугацаа болоогүй байхад зээлийг буцаан төлөхөөр тохирсон нь зээлдүүлэгч буруу ойлгосон гэж үзэхээр байгаа юм. Иргэний хуульд зааснаар хугацаатай зээлийг хугацаа дууссанаар төлөх, хугацаа дуусаагүй бол түүнээс өмнө төлж болохоор зохицуулсан байдаг.

Зээлийн гэрээг байгуулахдаа буцаан төлөх хуваарь дээр буруу ойлгосон, зээлдүүлэгч нь зээлийг бөөн олгоод буцаан авах мэт гэрээ хийсэн боловч, тодорхой хугацааны турш хэсэгчлэн олгосон тул зээлийг бүрэн ашиглах, зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Зээлийн гэрээнд хүү тогтоогоогүй боловч алданги тооцохоор тохирсон. Гэрээнд хариуцагч гарын үсэг зурахдаа яарч зурснаас өндөр дүнтэй алдангийн талаар анзаараагүй. Хоног тутмын 0,5 хувийн алданги гэдэг бол маш өндөр хувь. Хүүтэй зээлээс ч өндөр хувиар тогтоогдсон байгаа. Энэ нь хариуцагчид хохиролтой нөхцөл байдал болсон гэж үзэж байна. Бид зээлийг авсан гэдэгтээ маргахгүй, буцаан төлөх нь үнэн. Гэхдээ алдангийг төлөхгүй л гэж маргаж байгаа.

Зээлийн гэрээ зорилгодоо нийцсэн зээлийн гэрээ байсан уу? гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгч нь 2018 оны 5 сараас эхлэн зээл, түүний алдангийг гэрээний хугацаа дуусаагүй байхад л нэхэж эхэлсэн. Бид импортоор оруулж ирсэн өвс, тэжээлээ Дундговь аймгийн малчдад түгээж, бодлогын гэрээнд заасан үнээс хэтрүүлэхгүй үнээр зарж, авсан мөнгөөрөө зээлээ төлөх ёстой байсан.

Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзаж, хариуцагч алданги зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байгааг үндэслэн шийдвэр гаргаж өгнө үү. Хэрэв алданги төлөх үндэслэлтэй гэж үзвэл Монгол банкнаас гаргасан зээлийн хүүгийн жигнэсэн дундаж хэмжээнээс хэтрүүлэхгүй хэмжээгээр алдангийн хэмжээг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, тэдний хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МС” УТҮГ нь хариуцагч “БМ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 900,000,000 төгрөг, алданги 405,000,000 төгрөг буюу нийт 1,305,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч нь үндсэн зээл 900,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 900,000,000 төгрөгийн зээлийг ОХУ-аас малын тэжээл импортлон борлуулах “Малын тэжээл хангамжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхэд зориулж, хүүгүй олгох гэрээг 9 сарын хугацаатай байгуулжээ.

           

Гэрээгээр зээлдүүлэгч нь зээлийн 25%-ийг урьдчилгаа гэж шилжүүлэх, үлдэх 75%-ийг Төрийн банкны нөхцөл бүхий дансанд байршуулж, ОХУ-ын аж ахуйн нэгжийн нэхэмжлэх, МСгийн зөвшөөрөл, “БМ” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн нэхэмжилсэн хэмжээгээр ОХУ-ын тэжээл экспортлогч аж ахуйн нэгжид тухай бүрд нь шилжүүлэх, зээлдэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний хооронд сар бүрийн 1-ний дотор зээлийн 20% болох 180,000,000 төгрөгийг буцаан төлөх замаар 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлийг бүрэн барагдуулах үүрэг хүлээсэн байх ба хэрэв төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгч талд төлөхөөр талууд тохиролцсон байна.

 

Талууд гэрээ байгуулсан эсэх болоод гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

 

            Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 225,000,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 225,000,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 125,000,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 162,500,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 82,500,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 80,000,0000 төгрөг буюу нийт 900,000,000 төгрөгийн зээлийг гэрээний дагуу олгосон, хариуцагч нь нэг ч төгрөгийн зээлийг буцаан төлөөгүй үйл баримт талуудын маргаагүй тайлбар болон Төрийн банк дахь хариуцагч компанийн децозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тус тус тогтоогдсон.

 

            Хариуцагч нь шилжүүлэн авсан 900,000,000 төгрөгийн зээлийг буцаан төлөх үүрэгтэй эсэхэд маргаагүй, харин хэзээ төлөх, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх асуудалд маргасан.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.9-д “зээлийн хугацаа 9 сар” гэж заасан байх тул зээлийг буцааж төлөх хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байхаар талууд тохирсон гэж үзэхээр байна.

 

            Гэвч зээлийн гэрээний 3.7, гэрээний хавсралт зэрэгт зээлийг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор байхаар өөр хугацаа тохирсон нь маргааны үндэс болжээ.

 

            Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан ба гэрээгээр тохирсон 2 өөр хугацааг шүүх зээлийн гэрээнд заасан зээлдэгчийн гүйцэтгэх үүргийн шинж чанар, зээлийг буцаан төлөх нөхцөл байдалтай харьцуулан үзвэл хариуцагчийг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний дотор зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь, зээлийн зориулалт нь малын тэжээл, хангамжийг сайжруулах, гэрээгээр зээлдэгч нь импортолсон тэжээлийг орон нутагт хүргэх, борлуулах ажлыг зохион байгуулах, борлуулалтын орлогоос зээлийг буцаан төлөх үүргийг хүлээсэн байх тул энэ үүргийг гэрээнд заасан богино хугацаанд буюу хамгийн сүүлд зээлийн үлдэгдэл 80,000,0000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлснээс хойш 2 хоногийн дараа буцаан төлөх үүргийг гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд зээлийг буцаан төлөх үүргийг 9 сараар тогтоосон тохиролцоог гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болон хуульд нийцсэн гэж үзсэн болно.

 

            Дээрх үндэслэлээр 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зээлийг буцаан төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т нийцээгүй гэж үзнэ.

 

            Талууд зээлийн гэрээ /1.2 заалт/-гээр ОХУ-ын нийлүүлэгч аж ахуйн нэгжийн нэхэмжлэхэд үндэслэн зээлийг хэсэгчлэн шилжүүлэхээр тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 208 дугаар зүйлийн 208.1-д нийцсэн бөгөөд хэрэгт ОХУ-ын нийлүүлэгч аж ахуйн нэгжээс дээрх төлбөрийн нэхэмжлэхийг хэдийд ирүүлсэн талаарх баримт авагдаагүй тул нэхэмжлэгчээс хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 80,000,000 төгрөгийг олгосон явдалд түүнийг гэрээгээр тохирсон хугацаанд зээл шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй болно.

 

            Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаа болох 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дотор зээлийг буцаан төлөөгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэгч олгосон зээл 900,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

            Талууд гэрээгээр зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн, хариуцагч хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийг шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргаснаас үзвэл хариуцагч нь 73 хоног /2018.09.02-2018.11.14 хүртэл/-ийн хугацаа хэтрүүлсний алдангид 328,500,000 /(90,000,000х0,5%)x73хоног/ төгрөг төлөх үүрэг үүссэн.

 

            Гэхдээ зээлийн гэрээний зориулалт, хугацаа, импортоор оруулж ирсэн тэжээлийг зээлдэгч өөрөө худалдан борлуулж, малчдын гар дээрээс хураасан орлогоос зээлийг буцаан төлөхөөр гэрээгээр тохирсон хариуцагчийн үүргийг харгалзан шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж, хариуцагчаас 164,250,000 төгрөгийг гаргуулах нь хууль зөрчихгүй гэж үзлээ.

 

            Иймд хариуцагчаас нийт 1,064,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан “БМ” ХХК-аас 1,064,250,000 төгрөг гаргуулж “МС” УТҮГ-т олгож, “МС” УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагаас 164,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 5,479,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Ө.УЯНГА