| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0001/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/01 |
| Огноо | 2022-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,
Шүүгдэгч: Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Т овогт Ч-ын Г-д холбогдох 2235000000249 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 22-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Хяргас сумын ... дүгээр багийн ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Т овогт Ч-ын Г /РД:........../.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ч.Г нь хохирогч Л.С-ын эзэмшлийн Хаан банкны ............ тоот дугаарын данснаас 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хүртэл 15 удаагийн үйлдлээр нийт 6.270.000 төгрөг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ч.Г-ийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь хохирогч Л.С-ын эзэмшлийн Хаан банкны ........ дугаарын данснаас 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хүртэл 15 удаагийн үйлдлээр нийт 6.270.000 төгрөг авсан болох нь:
Хохирогч Л.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би ХААН банкны ................. дугаарын харилцах данс эзэмшсэн. Би тухайн дансыг олон жилийн өмнө нээлгэсэн. Яг хэдэн жилийн өмнө, хэзээ нээлгэсэн гэдгээ одоо сайн санахгүй байна. Би тухайн дансыг нээлгэсэн цагаас хойш дансандаа мөнгө хийж, тухайн мөнгөнөөсөө өөрөө авч зарцуулдаг байсан. Би өдрийг нь сайн санахгүй байна 2022 оны 08 дугаар сарын эхээр би Улаанбаатар хотоос автомашин авах гээд Хаан банк орж эдийн засагч Ч.Г-той уулзаад өөрийн дансан дахь мөнгө шалгуулаад дээрээс нь нэмж 5.000.000 төгрөг малчины зээл авахаар уулзсан. Тухайн үед би зээл аваагүй. Гэхдээ би дансандаа байнга хуримтлал үүсгэдэг байсан. Миний эзэмшдэг дансанд ойролцоогоор 6.470.000 /зургаан сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн хуримтлал үүссэн байсан. Би 2022 оны 08 дугаар сарын сүүлээр /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ Увс аймгийн Улаангом сум ороод ХААН банкны өөрийн эзэмшлийн .......... дугаарын данснаас мөнгө авах гэтэл миний дансанд ямар ч мөнгө байгаагүй. Тэгээд би ХААН банкны өөрийн эзэмшлийн ....... дугаарын дансны хуулгыг авч үзэхэд миний дансанд байсан мөнгийн Увс аймгийн Хяргас сумын харьяат Ч.Г гэдэг залуу хадам ээж Т гэдэг хүний данс руу шилжүүлж авсан байсан. Би өөрийнхөө дансанд байсан мөнгийг Ч.Г-ийг авахыг огт зөвшөөрөөгүй. Ч.Г миний данснаас мөнгө гаргаж авсныг би тухайн үед анх мэдсэн. Тэр үед Ч.Г нь ХААН банкны Увс аймгийн Хяргас сум дахь тооцооны төвийн ..... ажилтай байсан. Тухайн үед Ч.Г нь миний зөвшөөрөлгүйгээр миний дансанд байсан мөнгийг авч ашигласан байсан. Би өөрөө интернет банк болон мобайл банк ашигладаггүй байсан бөгөөд Ч.Г нь интернет банк ашиглаад миний дансанд байсан мөнгийг авч ашигласан байсан. Ч.Г нь миний дансанд байсан мөнгийг авч ашигласны дараа би Ч.Г-той уулзахад Ч.Г "Би чиний дансанд байсан мөнгөөр мөрийтэй тоглоом тоглосон. Мөнгийг чинь зөвшөөрөлгүй авсанд уучлаарай" гэж хэлээд миний дансанд байсан мөнгийг буцааж өгсөн. Одоо надад Ч.Г-с нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37, 39-40дахь тал),
Гэрч Ч.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Хяргас сумын харьяат Ч.Г нь ХААН банкны Увс аймгийн Хяргас ......-д ажиллаж байсан. Ч.Г нь ХААН банкны Увс аймгийн Хяргас тооцооны төвд 2018 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ................ зэрэг ажпуудыг хийж байсан. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай ХААН банкны харилцагч иргэн Л.С нь "Миний эзэмшлийн дансанд байсан мөнгө алга болсон байна. Энэ асуудлыг шалгаж өгнө үү” гэж манай банканд гомдол гаргасан. Иргэн Л.С-оос гаргасан гомдлыг манай салбар хүлээж аваад, ХААН банкны төв рүү явуулсан бөгөөд уг гомдлыг манай банкны Дотоод аудитын газрын зайны хяналтын аудитор шалгасан байсан. ХААН банкны Дотоод аудитын газраас хяналт шалгалт хийгээд иргэн Л.С-ыг дансанд байсан мөнгийг ХААН банкны Хяргас ....... ажилтан Ч.Г авсан болохыг тогтоогоод манай салбарт хариу ирүүлсэн. Улмаар ХААН банкны Увс салбарын захирал Х.Б бид 2 болсон асуудлыг тодруулахаар Увс аймгийн Хяргас суманд очиж ажилласан. Захирал Х.Б бид 2-ыг ХААН банкны Хяргас тооцооны төвд очиж ажиллах үед уг тооцооны төвийн .......... ажилтай Ч.Г нь Улаанбаатар хотод явж байгаад ирсэн байсан. Тэгээд Ч.Г-той биечлэн уулзаад “Иргэн Л.С-оос гаргасан гомдлыг манай банкны Дотоод аудитын газрын зайны хяналтын аудитор шалгасан. Гэтэл иргэн Л.С-ын дансанд байсан мөнгийг чи авсан талаар дүн ирүүлсэн. Чухам ямар асуудал болсон юм бэ" гэж тодруулахад Ч.Г иргэн Л.С-ын данстай өөрийнхөө ашигладаггүй утасны дугаарыг холбож, интернет банк ашиглаж өөрийн данс болон бусад хүний данс руу гүйлгээ хийж байсан юм. Энэ миний буруу. Би хохирлыг нь төлж барагдуулна” гэж өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн. Х.Б захирал бид 2 Увс аймгийн Хяргас суманд очиж ажиллахдаа ХААН банкны Хяргас тооцооны төвийн санхүүгийн баримтууд болон “Хаан банкны системд нэвтэрч ямар нэгэн хяналт шалгалт хийгээгүй. Зөвхөн Ч.Г-той уулзаж, болсон асуудлыг тодруулж ажиллахад дээрх нөхцөл байдал тогтоогдсон. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ХУР систем ашглахаа больсон бөгөөд манай ажилчид нь өөрсдөө шууд хүний хувийн мэдээллийг харах боломжтой болсон гэхдээ манай байгууллагын дотоод журамд харилцагчийн зөвшөөрлөөр хувийн мэдээллийг харан гэж заасан байдаг юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43, 45 дахь тал),
Гэрч Ц.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн мөнгө нь манай хүргэн болох Ч.Г нь надаас мөнгө хэрэгтэй байна гээд 2022 оны 4 дүгээр сард 4,000,000 төгрөгийг надаас зээлсэн байсан. Тэгээд би 2022 оны 8 дугаар сард би Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэх болон айлын найранд явах гээд мөнгө хэрэг болохоор нь Ч.Г-оос мөнгө авъя гэхэд Ч.Г нь над руу шилжүүлсэн юм. Тухайн үед би хэний данснаас ямар мөнгө шилжүүлсэн талаар огт мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),
8. Гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ч.Г нь Хяргас сумын тооцооны төвд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр борлуулалт үйлчилгээний ........ мэргэжилтэй, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ........ хийж байгаад буцаад 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс ...... хийж байгаад 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс ....... албан тушаалтай ажиллаж байгаад 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, түүнээс хойш манай тооцооны төвд ажиллаагүй. 2022 оны 8 дугаар сарын үеэр Л.С гэх залуу манай тооцооны төвийн теллер Ч.Г асууж ажил дээр орж ирсэн. Тухайн үед би Л.С гэх хүнээс ямар ажлаар явж байгааг тодруулахад “Би аймгийн төв рүү орж данснаасаа мөнгө авах гэтэл миний дансанд байсан мөнгө алга болсон байна. Би аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаад хэн гэдгийг нь тодруултал миний таньдаг хүн байсан учир би залгатал хэдэн хоногийн дараа буцаагаад өгнөө гэж хэлсэн болохоор би өргөдлөө буцаагаад авсан” гэж надад хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Л.С гэх хүн орж ирэхэд би юу болсон талаар асуухад миний хохирол бүрэн барагдуулсан гэж надад хэлсэн. Тэрнээс өөр зүйл би мэдэхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),
Шүүгдэгч Ч.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай банк нь дээр ирж өөрийн эзэмшлийн ....... дугаарын данснаас бусдын данс руу “Мотоциклийн үнэ” гэж 2.950.000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед би иргэн Л.С-ын өөрийнх нь зөвшөөрлөөр дансны мэдээлэлд нэвтэрч, гүйлгээ хийсэн бөгөөд дээрх гүйлгээг хийсний дараа Л.С-ын дансанд 6.437.000 төгрөг үлдсэн. Л.С зөвхөн банкаар шүйлгээ хйидэг бөгөөд виза карт, цахим банк огт ашигладаггүй бөгөөд мотоциклийн мөнгө хийсэнээс хойш ямар нэгэн гүйлгээ дахиж хийгээгүй. Би 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны хүртэл хугацаанд Хаан банкны ................ дугаарын данснаас би орлого, зарлагын гүйлгээ хийсэн. Хаан банкны ......... дугаарын дансны эзэмшигч Л.С юм. Би 2021 оны 7 сард өөрийнхөө хадам ээж Ц.Т-аас 4.000.000 төгрөг зээлж авсан. Хадам ээж Ц.Т 2022 оны 7 сарын сүүлээр хадам ээж Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явах болсон бөгөөд мөнгөний шаардлага гарсан учраас би хадам ээжээс зээлж авсан мөнгөө эргүүлж өгөхөөр шийдсэн. Гэтэл надад өөрт мөнгө байгаагүй. Тэгээд би Хаан банкны харилцагч Л.С-ын эзэмшлийн ......... дугаарын дансанд мөнгө байсныг санаад тухайн данс дээр интернэт банк нээж үзэхээр шийдсэн. Би Хаан банкны харилцагч иргэн Л.С-ын эзэмшлийн ......... дугаарын дансанд мөнгө байсныг санаад тухайн данс дээр интернэт банк нээж үзэхээр шийдсэн. Би хаан банкны ......... дугаарын дансны интернэт банкны дугаарын дансанд байсан мөнгөнөөс 4.000.000 төгрөгийг өөрийн нээсэн интернэт банкийг ашиглаж хадам ээж Ц.Т-ын эзэмшлийн ......... дугаарын данс руу шилжүүлсэн. Би эхэлж зарлагын гүйлгээ хийсэн 4 сая төгрөгийг хадам ээж Ц.Т-аас зээлсэн мөнгөө буцааж өгөхөд ашигласан. 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр би Л.С-ын эзэмшлийн .........дугаарын данснаас өөрийнхөө эзэмшлийн ......... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг өөрийн нээсэн интернэт банкны эрхийг ашиглаж шлжүүлэн авсан. Би тухайн үед өөрөө Улаанбаатар хот руу шилжүүлж авсан. Тэр 2 сая төгрөгийг би Улаанбаатар хот руу явах зардал болон өөрийн эмчилгээнийхээ зардалд ашигласан. Би Улаанбаатар хотод байхдаа буюу 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны иргэн Л.С-ын эзэмшлийн ......... дугаарын данснаас интернэт банк ашиглаж 60000 /жаран мянга/ төгрөгийн зарлагын гүйлгээ, 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 2000 төгрөгийн зарлагын гүйлгээ, 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 2000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийсэн. Тухайн гүйлгээг хийхдээ юунд зарцуулж зарлагын гүйлгээ хийснээ одоо огт санахгүй байна. Мөн би 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Л.С-ын эзэмшлийн ......... дугаарын данснаас интернэт банк ашиглаж өөрийн эзэмшлийн .........дугаарын данс руу 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг шилжүүлж авсан. Би тэр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг автобус унаа, хоол ундныхаа зардалд ашигласан. Би дээрх мөнгүүдийг авч байхдаа боломжтой болохоороо буцааж хийнэ гэж бодож байсан юм. Тэгээд би 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр мөнгөний боломж гарахаар нь Хаан банкны өөрийнхөө эзэмшлийн ......... дугаарын данснаас Л.С-ын эзэмшлийн ......... дугаарын данснаас интернэт банк ашиглаж мөрийтэй тоглоом тоглодог данс болох ......... дугаарын данс руу 200.000 /хоёр зуун мянга/, 60000 /жаран мянга/ төгрөгийг интернэт банк ашиглаж мөрийтэй тоглоомын данс болох ......... дугаарын данс руу шилжүүлж покер гэх тоглоом тоглосон. Би тэр тоглоомонд хэдэн төгрөг алдсан, хэдэн төгрөг хожсон болохоо санахгүй байна. Мөрийтэй тоглож олсон мөнгөө өөрийнхөө эзэшлийн ......... данс руу шилжүүлж авсан юм. Би 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мөрийтэй тоглоомноос өөрийнхөө эзэмшлийн ......... дугаарын данснаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг интернэт банк ашиглаж мөрийтэй тоглоомын данс болох ......... дугаарын данс руу шилжүүлж покер гэх тоглоом тоглосон. Би тухайн үед мөрийтэй тоглоомын данс руу шилжүүлж покер гэх тоглоом тоглосон. Би тухайн үед мөрийтэй тоглоомын данс руу шилжүүлж тоглосон 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг бүгдийг нь алдсан. Би 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын иргэн Сайнбилэг гэдэг хүнээс 1.000.000 /нэг сая/ төгрөг зээлж авсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа буюу 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би С гэдэг хүнээс зээлж авсан мөнгөнөөсөө 461.000 төгрөгийг Л.С-ын ээмшлийн ......... дугаарын данс руу шилжүүлж хийсэн. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би Хаан банкны иргэн Л.С-ын эзэмшлийн ......... дугаарын данс руу 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөг мөрийтэй тоглоом тоглоод, алдаад дууссан. 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкны Л.С-ын эзэмшлийн ......... дугаарын дансны үлдэгдлийг үзэхэд 61000 төгрөг үлдсэн байсан бөгөөд би тэр мөнгөнөөс 60000 төгрөгийг өөрийн эзмшлийн ......... дугаарын данс руу шилжүүлж хувийн хэрэгцээнд ашигласан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны ......... дугаарын жинхэнэ эзэмшигч болох Л.С-ын над руу утсаар залгаж “Чи яагаад миний дансанд байгаа мөнгийг авч байгаа юм бэ. Би мөнгөө буцааж авмаар байна” гэж хэлэхээр нь би “Намайг уучлаарай. Надад мөнгөний хэрэгцээ гараад байхаар нь би чиний дансанд байсан мөнгийг интернэт банк ашиглаад авчихсан. Би мөнгийг чинь удаахгүй буцааж өгнө” гэж хэлсэн. Улмаар би Улаанбаатар хотод байж байгаад 2022 оны 9 дүгээр сард ирсэн. Намайг Хяргас суманд исэний дараа Л.С өөрийнхөө эзэмшлийн ......... дугаарын дансны хуулгыг нь авчихсан манай гэрт ирсэн. Тэгээд би Л.С-той уулзаж, дансны хуулгаас нь авсан мөнгөө бүгдийг нь тооцож үзэхэд би Л.С-ын эзэмшлийн ......... дугаарын данснаас авч ашигласан 6.273.000 /зургаан сая хоёр зуун далан гурван мянган/ төгрөгийг авч ашигласан. Улмаар би 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Л.С-ын данснаас авч ашигласан 6.273.000 /зургаан сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөгийг Л.С-ын эзэмшлийн дансанд буцааж хийж өгсөн. Тэрнээс хойш би Л.С-ын данснаас дахин мөнгө аваагүй. Би хохирогч Л.С-д учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Би 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Л.С-ын данснаас авч ашигласан 6.273.000 /зургаан сая хоёр зуун далан гурван мянган/ төгрөгийг Л.С-ын дансанд буцааж хийж өгсөн бөгөөд одоо ямар нэгн гомдол санал байхгүй болсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-78, 80 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Ч.Г хохирогч Л.С-ын эзэмшлийн Хаан банкны ......... дугаарын данснаас 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 15 удаагийн үйлдлээр нийт 6.270.000 төгрөгийг зөвшөөрөлгүйгээр, нууцаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээгээр тодорхойлон тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж, 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.
Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцогдоно.
Шүүгдэгч Ч.Г нь хохирогч Л.С-ын эзэмшлийн Хаан банкны ......... дугаарын данснаас 15 удаагийн үйлдлээр 6.270.000 төгрөгийг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Л.С-ын мөрдөн байцаалтын шатанд “Ч.Г миний эзэмшлийн .........тоот данснаас авч ашигласан 6.274.000 /зургаан сая хоёр зуун далан мянга/ төгрөг буцаан төлсөн. Өөр ямар нэгэн өр авлага, хохирол байхгүй. Энэхүү тайлбар бичгээр гомдолгүй гэдгээ нотолж байна.” гэх нотариатчиар гэрчлүүлсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 106 дахь тал)-ыг хэрэгт хавсаргасан байгааг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ч.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Г урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Ж.Ч-ын өгсөн: “Ч.Г манай 2 дахь хүү болон Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Ч.Г 2012 онд Улаанбаатар хотод .............. сургуулийн Эдийн засгийн нягтлан бодох бүртгэлийн ангийг 2016 онд төгсөж ирээд 1 жил хөдөлмөр эрхэлж байгаад 2017 онд Хяргас сумын Хаан банкны тооцооны төвд ..... ажилд орсон. Ч.Г 2018 онд өрх тусгаарласан манай сумын Б гэх охинтой гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Миний хүү Ч.Г их үг дуу цөөнтэй, бусадтай хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй бусдад тусархуу, архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэж байгаагүй их төлөв даруу хүүхэд юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал), Гэрч Н.О-гийн өгсөн: “Ч.Г миний ач хүү юм. 2018 онд өрх тусгаарласан бөгөөд манай сумын Д.Б гэх охинтой гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Миний ач хүү Ч.Г нь их үг дуу цөөнтэй бусадтай хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй бусдад тусархуу, архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэж байгаагүй их төлөв дөруу хүүхэд юм. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал) -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Г-т 7 /долоо/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Ч.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1- 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ч-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Г-т 7 /долоо/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ч.Г-т зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Ч.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ