Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2021/0029/З |
Дугаар | 126/ШШ2021/0032 |
Огноо | 2021-10-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 126/ШШ2021/0032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Боржигон Ц.Б /РХ81022330/-ийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бт холбогдох “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63, Б/11 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Алтанхундага, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гэрч А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ц.Б нь Хатгал тосгоны захирагчийн 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 тоот захирамжаар Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны даргаар холбогдох хууль журмын дагуу томилогдон ажиллаж байгаад Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаартай хууль бус захирамжаар төрийн жинхэнэ албанаас халагдсан. Би энэ шийдвэрийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Үүнд:
1.Төрийн албаны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гаргаж буй захирамж нь А индексийн дугаартай, хүний нөөцийн асуудлаар ажилтныг ажилд авах, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах, халахтай холбоотой асуудлаар гарч буй захирамж нь Б индексийн дугаартай байдаг. Гэтэл намайг Захирагчийн ажлын албаны даргын үүрэгт ажлаас халахдаа А индексийн дугаартай захирамж гарган халсан нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолоор баталсан Архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг зөрчсөн.
2.Төрийн албаны тухай хуулийн 48.1 дэх заалтад /Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна/ гэж заасан.
Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Б нь надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг гэсэн зохицуулалтын чухам аль зүйл заалтад заасан, мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл гэсэн зүйлийн аль заалтад тусгасан зөрчлийг гаргасан болохыг захирамждаа тодорхой заагаагүй.
3.Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 12-ноос 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Хатгал эрүүл мэндийн төвийн их эмчийн магадлагаагаар эмнэлгийн чөлөөтэй байсан. Гэтэл энэ хугацаанд намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлээр 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг ба энэ тухай би намайг ажлаас халсан А/63 дугаар захирамж гарсны дараа мэдсэн. Сахилгын шийтгэлийг албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд гаргасан алдаа, зөрчилд оногдуулахаар байтал эмчийн магадлагаагаар чөлөөтэй байх хугацаанд ногдуулсан мөн надад мэдэгдээгүй нь уг захирамжид гомдол гаргах хуульд заасан миний эрхийг хязгаарласан.
4.Тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/39 дугаар захирамжаар ЗАА-ын албан хаагчдын ажлын цагийг тусгай горимд шилжүүлэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажлын цагийг өглөөний 09:00 цагаас өдрийн 12:00 цаг, өдрийн 14 цагаас оройн 17:00 цаг байхаар тогтоосон. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 09-ний 18 цагт болсон асуудлыг /Захирагчийн ажлын албаны Ланд крузер маркийн 13-78 ХӨА улсын дугаартай автомашин нь Даахийн хөндий гэдэг газар эвдэрсэн байсныг засварлан авчирсан үйл явцыг/ ажлын цагт хамруулан сахилгын зөрчилд тооцож шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 гэх захирамжаар надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Засгийн газрын 2018 оны Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалтыг үндэслэсэн.
Уг тогтоолын 1.7-д /Төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох/ гэж заасан.
Миний бие албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл огт байхгүй байхад сахилгын шийтгэлээр ажлаас халсан нь мөн үндэслэлгүй.
5.Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7 дахь заалтуудыг илт зөрчсөн. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэх талаар шалгалтын ажиллагаа огт хийгдээгүй.
Иймд Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ “...Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэх талаар шалгалтын ажиллагаа огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл миний ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон зөрчлийг шалгаж тогтоосон ямар нэг баримт надад огт танилцуулаагүй.
Би өөрийгөө ажлаас халсан шийдвэрийг хууль бус гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд хандахад шүүгчийн туслах нь “Та эхлээд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах шаардлагатай” гэсэн. Үүний дагуу би 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8, 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл миний гомдлыг хүлээн аваад 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр надад хариу ирүүлснийг би 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан.
Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг гардаж авсны дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр миний бие захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчаас шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ миний нэхэмжлэлд дурдсан “2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамж”-аар ажлаас халаагүй, харин 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар ажлаас халсан гэсэн байна.
Намайг ажлаас халсан шийдвэр гэж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжийг надад хүлээлгэж өгсөн. Тэрнээс биш Б/11 дүгээр захирамжийн талаар би огт мэдэхгүй. Хэрвээ захиргааны байгууллага өөрийн гаргасан захиргааны актын алдааг зассан гэж байгаа бол уг засварынхаа талаар оролцогч буюу надад мэдэгдэх ёстой. Гэтэл ийм асуудал огт болоогүй.
Захиргааны байгууллага буюу Хатгал тосгоны захирагчийн ажлын албанаас надад гардуулж өгсөн “2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамж”-ийг огт гаргаагүй гээд А/63 дугаартай өөр захирамжийг шүүхэд ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл өөрсдийн гаргасан хууль бус захиргааны актыг алдаагүй харагдуулах үүднээс А/63 дугаар дээр өөр захирамж гарган, Б/11 дугаартай захирамжаар намайг ажлаас халсан мэт баримт бүрдүүлсэн байна.
Иймд би өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн нэмэгдүүлж байна.
1/Хатгал тосгоны Захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамж хууль бус тул хүчингүй болгуулах,
2/Хатгал тосгоны Захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дугаартай захирамж нь хууль бус тул хүчингүй болгуулах,
3/Ц.Б намайг урд эрхэлж байсан Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа “2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр А/63 захирамжаар таныг ажлаас чөлөөллөө гэж ажлын хэсэг надад танилцуулсан. Тэрний дагуу би 5 дугаар сарын 03-ны өдөр уг захирамжийг хүлээж аваад 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Энэ захирамжийг хүлээж аваад танилцахад надад өмнө нь А/26 дугаар захирамжаар сахилгын шийтгэл оногдуулсан гэсэн байсан. Тэр өдрөө би энэ талаар мэдсэн. Мөн санхүүгийн зөрчлийг үндэслэж намайг ажлаас халсан байсан. Тухайн үеийн санхүүгийн шалгалт аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Нэргүй гэдэг хүнээр ахлуулан ажиллаж байсан. Хоёр удаа тамгын газар дээр, төсөвт байгууллагууд дээр бүгдэд нь шалгалт хийсэн. Тэгэхдээ надад гарсан зөрчил танилцуулчхаад дараа нь дүнгийн хурал хийхээрээ гаргасан дүгнэлтээ танилцуулна гээд явсан. Түүнээс хойш дахиж ирж дүгнэлтээ танилцуулаагүй. Тэгтэл ажлаас халагдсаны дараа санхүүгийн дүгнэлтийг үндэслэж ажлаас халсан гэж бичсэн байсан. Намайг 4 дүгээр сарын дундуур захирагчийн ажлын албаны машин барьж явсныг зөрчил гаргасан гэж үзсэн байсан. Энэ бол ажлын албаны машин эвдэрлээ, очиж олж ир гэсэн үүрэг даалгавар өгсөн учраас явсан. Машиныг засаад орой галчаар унуулаад Хатгал руу хөдөлгөөд би өөр машинтай түрүүлээд орж ирсэн байсан. Оройн 7, 8 цагийн үед хоолны газарт хоол идэж байгаад гадаа нь А.Бтэй таарсан. Тэгсэн “машин хаачсан бэ” гэхээр нь “нэвтрэх цэг дээр ирж яваа” гэсэн. “Ийм асуудал болоод машин чинь ирэхгүй байна” гэхээр нь би машинд нь суугаад хамт нэвтрэх цэг дээр очсон. Очиход машиныг зогсоогоод жолооч нь буучихсан байсан. Яасан бэ гэсэн чинь “араандаа орохгүй байна” гэсэн чинь жолоочийг нь “чи наад машинаа барихгүй шүү” гэсэн. Тэгэхлээр нь би тэр машиныг унаад Захирагчийн ажлын албаны хашаанд аваачиж тавьсан. Тэнд тавихад араас цагдаа орж ирээд “драйгер рүү үлээ, шалгана” гэхээр нь “би архи уугаагүй, ковидын үед үлээх шаардлагагүй” гэж хэлээд шалгуулаагүй гэртээ харьсан. Тэрнээс хойш 5 дугаар сарын 03-ны өдөр надад захирамж гардуулсан. А/26 захирамжийг 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халагдсан захирамж авахдаа мэдсэн. Тухайн үед би эмнэлгийн акттай байсан. Намайг ажлаас халах тухай сонсох ажиллагаа явуулаагүй. Нэг удаа “таныг ажлаас хална” гэж хэлсэн. Захирагчийн ажлын албаны өрөөнд намайг дуудахаар нь орсон чинь дотоод ажил хариуцсан мэргэжилтэн А.У, захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Б хоёр байсан. Тэгээд надад “таныг ажлаас халлаа” гэсэн. Яаж байгаа юм бэ гэсэн чинь “сахилгын шийтгэлээр ажлаас чинь халж байна” гэсэн. Өөр зүйл хэлээгүй гэв. Тэгээд би гарсан.
Санхүүгийн шалгалт манай Хатгал тосгонд хоёр удаа ирж шалгалт хийсэн байдаг. Эхний удаа он, сарыг нь санахгүй байна. Нэг эрэгтэй зөрчилгүй гэсэн санал дүгнэлт гаргаад явсан байдаг. Дараагийн удаа ирэхдээ бүх байгууллага дээр зөрчилтэй гэсэн санал дүгнэлт гаргаад дүнгийн хурал хийнэ, ковидтой учраас олон хүн цуглаж болохгүй, нэг нэгээрээ ирээд танилцчих гээд сум дундын эмнэлгийн амрах байранд дуудаж уулзаад танилцуулсан. Би танилцаад ийм ийм акт тавьсан байна. Би үүнийг чинь дүнгийн хурал дээр хэлнэ гэж хэлсэн. Энэ актын доторх асуудал нь өөр өөр л дөө. Б.Мөнхзаяа гэдэг хүний тэтгэмж дээр 2 сарын цалин олгосон гэж байсан. Тэр Б.Мөнхзаяа гэдэг дотоод ажилтан “эмчилгээний журмаар гадаад явах гэж байгаа, би 2 сарын цалинтай чөлөө авмаар байна, онлайнаар ажлаа хиймээр байна” гээд өргөдлөө өгөхөөр нь захирагч өргөдлийг нь цохож өгөөд явуулсан байдаг. Цохсон өргөдлийг нь би санхүүгийн албаныханд өгсөн. Намайг шөнө 22 цагийн үед эмнэлэг дээр дуудаад очсон чинь нэгдсэн дүгнэлтийг чинь би Захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бтэй уулзаж өгнө гээд явсан. Тэр шөнөдөө тэд Мөрөн явсан. Түүнээс хойш би дахиж санхүүгийн акттай танилцаагүй. Ажлаас халагдсаныхаа дараа санхүүгийн акт гэж ийм дүгнэлт ирсэн байна гэхээр нь танилцсан. Тэгэхэд үүний талаар гомдол гаргах эрхтэй шүү дээ гэж Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Нэргүй гуай хэлэхээр нь түүний дагуу Сангийн сайдад журмынх нь дагуу гомдол гаргаад түүнээс хойш ажлаасаа халагдсан. Тэр тухай дахиж олж мэдээгүй. Тэр актын биелэлт ирсэн гэж надад танилцуулсан зүйл байхгүй. Мөн 01 дүгээр сарын 13-ны өдөр архи уусан гэж байна. Маргааш өдөр нь байгууллагын шуурхай хурал болоход хурал дээр “чи уусан уу” гэхээр нь “би уугаагүй” гэсэн тэгэхэд “энэ н.Ганхишиг гэдэг хүн чамтай уусан гэж байна” гэсэн. Би эмнэлгийн акттай байсан. Машинтай эмнэлэг орж тариагаа авчхаад буцаад явах хооронд н.Ганхишиг таарсан. Шинэ ажилд томилогдсонд баярлаад гээд архи уучихсан явж байна гэсэн. Тэгээд бид хоёр амралтын газрын хашааны цаагуур тойроод хэсэг зогсож ярьж байгаад явсан. Тэгээд маргааш нь шуурхай хурал дээр н.Ганхишиг Ц.Б даргатай архи уусан гэж байна гэхээр нь би уугаагүй гэсэн. А, Б захирамж гэж байна. Надад гардуулж өгөхдөө “А” захирамж гардуулж өгсөн. Би ажлаа хүлээлцэнэ гээд мэдээж 6 жил захирагчийн ажлын албаны дарга хийсэн хүн хүлээлцэх, цэгцлэх юм зөндөө байгаа 10-нд ирж хүлээлцэнэ гээд 7 хоногийн дараа ирж хүлээлцэхэд надад А/63 дугаар захирамжийг н.Одгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг надад өгөөд гарсан. Өөр Б гэсэн захирамж өгөөгүй. Захирагчийн ажлын албанд 2013 онд хандиваар ирсэн хөрөнгө болох 25000,0 мянган төгрөгийн үнэ бүхий жимсний үйлдвэрийг иргэнд ямар журмаар ашиглуулж байгаа болох, түүнтэй байгуулсан гэрээ байгаа эсэх холбогдох баримт нь 2017 онд Захирагчийн ажлын албаны байр шатахад галд өртөж устсан учраас тодорхой мэдэхгүй байна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63, Б/11 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна ...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжийг хууль бус тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд тайлбар хэлье. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж хуульчилсан байгаа. Тэгвэл 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамж нь миний үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдсан агуулгатай мөн дараах олон тооны хууль, эрх зүйн зөрчил агуулсан байгаа. Нэхэмжлэлд дурдагдсан “А” дугаартай захирамж гаргасан нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хүний нөөцтэй холбоотой ажлаас чөлөөлөх, сахилгын шийтгэлтэй холбоотой тушаал дээр “Б” гэсэн захиргааны акт гарах ёстой байтал “А” гэсэн дугаартай захиргааны акт гаргасан байгаа. Өмнө нь эд нар үүнийг тайлбарлахдаа “А” гэсэн тушаалаар сахилгын шийтгэл аваагүй гэж хэлдэг хэдий ч өмнө нь 02 дугаар сард сахилгын зөрчил гаргасан гэж байгаа. Гэтэл энэ захирамж нь мөн А/26 гэсэн дугаартай байгаа. Энэ нь эрх зүйн зөрчил. Мөн А.Б гэдэг хүнийг Захирагчийн үүрэг гүйцэтгэгч гэж ойлгож байгаа. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар захирагч гэдэг бол сонгуулийн үр дүнд баталгааждаг албан тушаалтан. Энэ хүн бол Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон үүрэг гүйцэтгэгч гэж ойлгож байгаа. Гэтэл энэ хүн захирагч гэсэн захиргааны акт гаргаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл захиргааны акт бичгээр гаргахад ямар шаардлага хангах вэ гэдгийг заасан. Гэтэл энэ дээр Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтыг зөрчиж хаана гомдол гаргах тухай дурдаагүй буюу оролцогчийн эрхийг зөрчсөн байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэрт хувийн хэрэг, хяналтын хуудас, дагалдах хуудас гэж байх ёстой. Сая шүүхийн үзлэгээр нь энэ байхгүй гэдэг тогтоогдсон. Энэ асуудлын хамгийн ноцтой зөрчил нь сонсох ажиллагаа огт хийгдээгүй. Сонсох ажиллагааны тэмдэглэл гэсэн баримт хэрэгт гаргаж өгсөн байгаа. Сонсох ажиллагаа гэж юуг хэлэх талаар хуульд тодорхой заасан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “Бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл Ц.Бтэй хамааралтай захиргааны акт гаргах гэж байгаа бол энэ талаараа заавал мэдэгдэх оролцоог нь хангаж, тайлбар авах ёстой. Энэ зарчмыг зөрчсөн, ийм ажиллагаа явуулаагүй. Сонсох ажиллагаа гэсэн баримтыг нөхөж бүрдүүлсэн юм шиг байна билээ. Тухайн хүний тайлбарыг сонсох гэж сонсох ажиллагаа явагддаг байтал тэр тэмдэглэл дээр Ц.Б гэдэг хүн “та тайлбар сонсохгүй юм уу” гэсэн чинь “тайлбар сонсох шаардлагагүй” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл тэр тэмдэглэл сонсох ажиллагаа биш гэдгийг нотолж байна. Ц.Бийн ажлаас халагдах сахилгын шийтгэлийн 2 үндэслэл байгаа. Үүний нэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн зөрчил байгаа. Үүний дагуу захиргааны байгууллагаас ямар нэгэн шалгалт огт явуулаагүй. Харин цагдаагийн байгууллагаас 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Гэтэл 5 дугаар сарын 03-ны өдөр энэ хүнийг ажлаас нь халсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүний согтууруулах ундаа хэрэглэсэн гэж байгаа асуудлыг шалгасан ажиллагаа нь халснаас хойш явагдсан. Харин сонсох ажиллагааны тэмдэглэл нь 4 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдчихсэн. 1937 оны хэлмэгдүүлэлт шиг шийтгэчхээд араас нь шалгаад байгаа юм уу. Дээрхээс үзэхэд сонсох ажиллагааны тэмдэглэл гэж байгаа баримт нь сонсох ажиллагаатайгаа нийцэхгүй, агуулгын хувьд илт зөрчилтэй байгаа. Мөн Ц.Бийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь захирагчийн ажлын албаны дарга Ц.Б нь өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажлын цагаар албаны техник хэрэгсэл жолоодон архи согтууруулах ундаа хэрэглэж байгууллагын дотоод, гадаад нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж гэсэн байгаа. Зөрчил гарсан гэж байгаа өдрийн талаар 5 өөр ойлголт хавтаст хэрэгт авагдсан баримтад байгаа. Хариуцагчийн хариу тайлбарт 4 дүгээр сарын 22-ны өдөр гэсэн, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн А.У гэдэг хүний саналыг үндэслэж шийдвэрлэсэн гэсэн хариу тайлбар ирүүлсэн. Тэр хүний санал дээр 4 дүгээр сарын 30-ны өдөр энэ зөрчил гарсан гэж бичсэн, цагдаагийн байгууллагаас бид нар өөрсдөө авсан лавлагаа дээр 5 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 05 минутад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож гэсэн, өнөөдөр шинээр гаргаж өгсөн зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал гэсэн баримт дээр холбогдогчийн мэдүүлэг, тэмдэглэл хоёр дээр Ц.Бийг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээ шалгуулахаас зайлсхийсэн гэж арга хэмжээ авсан байгаа. Ц.Бийг 3100049210008530 гэсэн шийтгэлийн хуудсаар 400,000 төгрөгөөр торгосон байгаа. Зөрчлийн тухай хуульд жолооч тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа согтуу байвал эсвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд авдаг арга хэмжээ байгаа юм. Ц.Б дээр согтуу эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн гэдэг үндэслэлээр цагдаагийн ажилтан арга хэмжээ авсан болохоос биш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгийг нь тогтоогоод арга хэмжээ авсан зүйл яригдахгүй. Энэ зөрчлөөс болоод эрхийг нь хассан гэсэн зүйл ярьсан. Тухайн үед Ц.Б жолооны эрхгүй байсан. Тиймээс жолооны эрхийг нь хасна гэсэн ойлголт байхгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 19 дүгээр зүйлд “жолооны эрх дуусгавар болгох, сэргээх үндэслэлд дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дуусгавар болгоно” гээд “жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан” гэсэн байгаа. Тэр зөрчил гарсан гэж байгаа өдөр Ц.Б хөдөө машин засаж янзлах ажилтай явсан гэдэг. Гэтэл захирагчийн ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолт чиг үүрэгт эвдэрсэн машиныг очиж засаж янзлах гэж байдаг юм уу, үгүй юм уу. Үнэхээр байдаг бол энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж явсан байна. Байхгүй бол энэ хүн ажлын байрны чиг үүрэгт нь заагдаагүй ажлыг хийж явсан болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүнийг ажлын байрандаа байсан гэж үзэхгүй. Ц.Бийг ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж тогтоосон баримт байхгүй. Байгаа ганц баримт нь цагдаагийн байгууллагын мэдээллийн санд орсноороо 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 05 минутад гэж тэмдэглэсэн. Мөн торгуулийн шийтгэлийн хуудас байгаа. Энэ дээр Ц.Бийн зөрчил гаргасан газрыг нь Улаанбаатарын хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил гаргасан гэж цагдаагийн ажилтан торгосон байгаа. Сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь 5 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Ц.Бөөс 5 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлэг авсан байгаа. Халагдсаны дараа мэдүүлэг авсан байгаа. Энэ бүхнийг яагаад нэг бүрчлэн яриад байна вэ гэхээр захиргааны актад дурдсан Ц.Бийн гаргасан гэх зөрчлийг огт шалгаж тогтоогоогүй. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг ноцтой зөрчсөн байгаа. Үүнд 1.1-д “төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрт гомдол гаргахад энэ журмыг мөрдөнө гээд 2.1-д “сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан мэдээлсэн эсхүл холбогдох баримтыг мэдээлсэн, илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно”. Хамгийн түрүүнд гомдол гаргагчтай уулзаж тайлбар авах, зөрчил гаргасан хүнээс тайлбар авах зэрэг олон төрлийн ажиллагаа явагдах ёстой байсан ч ийм ажиллагаа огт хийгдээгүй. Энэ захирамж утга найруулгын, бичиг үсгийн хувьд илэрхий алдаатай. Энэ нь илт хууль бус шинжийг мөн агуулж байгаа. Өөрөөр хэлбэл “архи, согтуурлах ундаа” гэж байгаа. “Согтуурлах ундаа” гэж байхгүй байх. Мөн “байгууллагын төсвийн хөрөнгийг удирдан зохион байгуулахдаа Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн нь аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба, улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36/01, 02 дугаар дүгнэлтээр тогтоогдож өгсөн санал болон ёс зүйгүй үйлдэл удаа дараалан гаргаж” гээд ямар ч утгагүй. Тэгээд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль журам ноцтой зөрчиж гээд таслал тавиад байгаа үйлдэл гэсэн байгаа. Таслал гэдэг чинь бас нэг утга илэрхийлж байгаа. Ц.Бийг ажлаас халсан 2 дахь үндэслэл байгууллагын төсвийн хөрөнгийг удирдан зохион байгуулахдаа нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн гэж байгаа. Бичиг үсгийн алдаа нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх” гэсэн заалтыг зөрчсөн байгаа. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасныг бас зөрчсөн. Санхүүгийн хяналт аудитын албаны 2 актын хэрэгжих хугацаа нь дуусаагүй байхад тухайн хүнийг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Ц.Бд санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дээр энэ хүнд сахилгын арга хэмжээ аваад шийтгэл ноогдуулах гэж байгаа талаараа сонсох ажиллагаа огт явуулаагүй. Нөхөж бүрдүүлж өгсөн юм ч байхгүй. Энэ нь захиргааны үйл ажиллагааны журам зөрчсөн байгаа. Захиргааны актыг гаргахдаа хэд хэдэн хууль зүйн актыг үндэслэсэн байгаа. Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны дотоод журмын 10.1 дэх заалтыг үндэслэсэн. Энэ заалтад “энэхүү дүрмийн 1.4, 1.5 дахь заалт гээд энэ заалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 25.1.1-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. 26 дугаар зүйл нь одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар захиргааны ажилтныг томилох, чөлөөлөх үндсэн шалгуур гээд зөрчилтэй хууль оруулсан. Хуучин хууль барьсан юм шиг байна. Гэхдээ Захиргааны ерөнхий хуульд хууль зүйн үндэслэл нь тодорхой байх ёстой гэж заасан байхад хүчингүй болсон хуульд үндэслээд сахилгын арга хэмжээ авсан байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг баримталсан байгаа. Ц.Б нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч хүн. Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Өөрөөр хэлбэл энэ харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар үүсээгүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэж сахилгын арга хэмжээ авсан байгаа. 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дугаар тушаалын тухайд Б/11 гэсэн индексийн дугаараас бусдад нь яг А/63 дугаар тушаалтай адилхан, үг үсгийн зөрүүгүй байгаа. Хамгийн гол нь энэ захирамжийг хууль бус гэж нотолж байгаа зүйл нь Ц.Бд энэ захирамжийг гардуулж өгөөгүй. Хэрвээ гардуулж өгсөн бол энэ тухай баримтаа хэрэгт гаргаж өгөх ёстой. А/63 гэсэн захирамжийг Ц.Бд гардуулж өгсөн. Үүнийгээ Ц.Б өөрөө хэлж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад А/63 гэсэн хууль бус захирамжаар Ц.Бийг сахилгын шийтгэл ногдуулж халчхаад үүнийгээ алдаагүй харагдуулах үүднээс Б/11 гэсэн захирамжийг нөхөж гаргасан. Улмаар А/63 захирамжийн оронд 5 дугаар сарын 06-ны өдөр ажлын хэсэг байгуулах тухай гэсэн захирамж гаргасан зүйл харагдаж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал хариу тайлбартаа А/63 захирамжаар хүн ажлаас нь халаагүй гэж байгаа. Гэтэл манай үйлчлүүлэгчийн шүүхэд өгсөн А/63 захирамжийг хэн гаргаад, хэн гардуулаад байгаа юм бэ? Энэ А.Бийн гарын үсэг мөн байх гэх зэрэг зөрчилтэй зүйлүүд байна. Хэрвээ Б/11 гэсэн захирамж гаргах байсан бол Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан “мэдэгдэх ажиллагаа” явагдах ёстой хэдий ч явагдаагүй. Өөрөөр хэлбэл захиргааны акт хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хууль журмын дагуу мэдэгдэнэ, захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж тодорхой заагаад хуульчилсан байна. Үүнээс харахад хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн Б/11 дугаар захирамжийг хуурамчаар нөхөж бүрдүүлсэн, үүнийгээ далдлах үүднээс А/63 захирамж дээр өөр захирамж гаргасан байж болзошгүй байна. Энэ нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр илэрсэн. Б/11 захирамж нь бүртгэл дээрээ засвартай байгаа. Б/11 дүгээр захирамжийн бүртгэлийн дугаар дээр 261100028-30 гэсэн дугаартай байгаа. 29 дээр Б/11 байгаа, 30 дээр нь А/63 нь явж байгаа. Эндээс илт зохиомол, хуурамч баримт бүрдүүлж өгсөн нь харагдаж байна. Энэ нь асуудал нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 21.1 “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн эсхүл нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагч, прокурор, шүүхэд гаргаж өгсөн” гэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/26 гэсэн захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан гэж байгаа. Үүнийг мөн 5 дугаар сарын 03-ны өдөр Ц.Бд гардуулж өгсөн байгаа. Мөн энэ дээр сонсох ажиллагаа огт явагдаагүй. Сонсох ажиллагаа явагдсан гэж байгаа боловч агуулгын хувь, хэлбэрийн хувьд сонсох ажиллагаанд нийцэхээргүй баримт байгаа. Хамгийн гол нь энэ хүн 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд өвчтэй чөлөөтэй байхад нь 01 дүгээр сарын 13-ны өдөр зөрчил гаргасан гээд сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ сахилгын шийтгэлийг хэзээ гаргасан нь тодорхойгүй. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журам дээр сар болгон сахилгын зөрчлийн мэдээг төрийн албаны зөвлөлд хүргүүлэх ёстой. Гэтэл төрийн албаны зөвлөлд энэ хүнд сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдээ очоогүй байгаа. Ийм учраас энэ 2 захирамжийг хууль бус гэж үзээд хүчингүй болгуулах, миний үйлчлүүлэгчийн урьд эрхэлж байсан Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Д.С та сонсох ажиллагаа явагдсан гэж байна. Гэтэл таныг тэнд байсан гэдэг талаар сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгаагүй, Д.С гэдэг нэр байхгүй байна. Аливаа хурал цуглаан сонсох ажиллагааны тэмдэглэл чинь хаана, ямар цаг хугацаанд, ямар байранд хэн хэн оролцсон тухай дурдсан байдаг. Тэр дээр ямар ч хүний нэр байхгүй доод талд нь танилцсан А.Б, тэмдэглэл хөтөлсөн А.У гэсэн байгаа. А.У гэдэг хүн чинь 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилд орж байгаа шүү дээ. Ноорог үзье гэж хүсэлт гаргахад ноорог байхгүй бид шууд компьютер дээр бичдэг гэсэн тайлбар хэлж байгаа. Шүүхээс нотлох баримт шаардахаар нотлох баримтад нь тааруулж нотлох баримт гаргаж өгөөд байгаа. Тийм учраас нотлох баримтыг хуурамчаар гаргаж өгч байна гэж үзэж байгаа. Журмын 9.2-т эрх бүхий албан тушаалтан гаргасан сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрээ төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ гэсэн заалт байгаа. Төрийн албаны зөвлөлөөс энэ шийдвэрийн талаар лавлагаа авахад А/26 захирамжаар Ц.Бд авсан арга хэмжээний талаар бүртгэл байхгүй. Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн тоон мэдээг будилаантуулаад яваад байна. Хатгал тосгоны захирагчийн А/63 дугаар захирамжийг Б/11 болгон өөрчилж, үүнийгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх гэмт хэргийн шинжийг агуулж байна. ...” гэв.
Хариуцагч Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, уг захирамжаар төрийн жинхэнэ албанаас халагдсан гээд уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. Ц.Бийг дээрх захирамж гаргаж ажлаас халаагүй, харин 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтын дагуу сахилгын шийтгэлээр төрийн албанаас халсан.
Уг захирамжид тодорхой зөрчлийг дурдсан байгаа болно. Тухайлбал Ц.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлын цагаар албан хаагчидтайгаа архи, согтууруулах ундаа хэрэглэж, түүний дагуу сонсох ажиллагаа хийж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гэхэд өөрөө удаа дараа гуйж, сануулах арга хэмжээ авахуулж байсан.
Уг сануулах арга хэмжээг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар захирамжаар авч байсан уг захирамжид ямар нэгэн гомдол гаргаагүйг бодоход уг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа.
2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэж, албаны техник хэрэгсэл жолоодож явсныг нь цагдаагийн албан хаагч тогтоож, зөрчлийн хэрэг нээж, жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, торгох арга хэмжээ авахуулсан.
Мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36-0102 тоот дүгнэлтээр төсвийн эрх захирагч Ц.Б нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.8 дахь “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлэн, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх” гэж заасныг зөрчсөн ... гээд цаашид авах арга хэмжээний саналдаа Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн байх гэж тогтоогоод сахилгын шийтгэл ногдуулах санал ирүүлсэн зэргийг үндэслэн сахилгын шийтгэлээр ажлаас нь халсан. Иймд Ц.Бийн үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Тухайн байгууллагын төрийн албан хаагчийн тоо 25 хүрэхгүй бол зөвлөл байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан шалгаж, холбогдох танилцуулга, материалыг тухайн байгууллагын удирдлагад танилцуулж шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг. Манай захирагчийн ажлын алба “18” албан хаагчтай уг заалтын дагуу албан хаагчийн тоо 25 хүрэхгүй учраас ёс зүйн зөвлөл байгуулаагүй болно.
Мөн дээрх заалтын дагуу тухайн үеийн захирагчийн ажлын албаны хууль эрх зүйн мэргэжилтэнг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан А.Уын өгсөн саналын дагуу 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дугаар захирамжийг гаргасан” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар захирамж, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийн талаар ярьж байна. Б/11 дүгээр захирамжийн талаар хариу тайлбартаа бичсэн байгаа. 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-ыг үндэслэн төрийн албанаас халсан гэж байгаа. Уг захирамжид зөрчлийг дурдсан байгаа. Тухайлбал Ц.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлын цагаар албан хаагчидтайгаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн талаар сонсох ажиллагаа хийж ажлаас халах талаар удаа дараа сануулах арга хэмжээ авч байсан. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би Улсын бүртгэгч ажилтай байсан. Тэгэхэд үдээс хойш хурал хийгээд Захирагчийн орлогч архи уучихсан. Төрөө даргын үүдэнд нотариатын үйлчилгээ авна гээд бөөн хүн байхаар нь орлогчийг дуудаад чи архи хаанаас олж уусан юм, хэн хэн уусан гэхэд Ц.Б дарга энэ энэтэй архи уулаа гэсэн. Би тэр өдрийн хурал дээр байсан учраас энэ дээр тайлбар хийж байна. 01 дүгээр сарын 14-ний өдөр цагдаа дуудаад, бүх албан хаагчдаа дуудаад сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хууль дээр ямар ч хэлбэрээр хийж болно гэж заасны дагуу Ц.Бийг ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулна гэдэг сонсох ажиллагаа хийж байсан. 01 дүгээр сараас хойш энэ хүнд бичгээр болон амаар хариу тайлбар гаргах хугацаа байсан байх. Үүний дараа 02 дугаар сарын 05-ны өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Ц.Б даргад хэлж байсан. Өмнө нь удаа дараа цалингийн зээлтэй битгий халаач гэж гуйж байсан. Надаас хүртэл хална гээд байна цалингийн хэдэн хувиар сахилгын шийтгэл ногдуулъя гээд хэлээд өгөөч гэхээр нь “наадах чинь нэг өөрийнхөөрөө зүтгэвэл хууль яриад хүний урдаас уурлаад унана. Би хэлэхгүй” гэж хэлж байсан удаа байгаа. Энэ хүн одоо бүх юмыг аваагүй, мэдээгүй гэж ярьж байна. Санхүүгийн хяналт, аудитын албаны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хавтаст хэрэгт авагдсан баримтад тодорхой тусгасан байгаа. 4 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Б ирээд өөрийн гарын үсгээ зурсан, танилцуулагдсан баримт нотлох баримтад авагдсан байгаа. Өмгөөлөгчид сахилгын зөрчлийг шалгах тусдаа, зөрчлийн хэргийг шалгах тусдаа гэж яриад байна. Зөрчлийн хэргийг нээгээд хаана ямар албан тушаалтан шалгадгийг бид нар мэдэхгүй. 4 дүгээр сарын 22-ны өдөр архи уусан гэдэг зүйлийг цагдаагийн газраас А.Бийн өгсөн архи уусан гэдэг дуудлагаар очиж шалгасан тухай хавтаст хэрэгт нотлох баримт авагдсан байгаа. А/63, Б/11 гэсэн захирамжийн тухайд бичиг хэргээс асуугаад А/63 гэж гарна гэхээр нь ийм тушаал гаргаж байсан юм байна билээ. Дараа нь Б/11-ийг бичиг хэрэг дугаарлахдаа өмнөх шигээ А гарах юм байна гэж бодоод дугаарласан байгаа юм. Тэрийг нь бичиг хэрэг аваачиж өгөхдөө ширээн дээр байсан 2 тушаалын А/63 дугаар тушаалыг нь Ц.Бд эхлээд гардуулсан байгаа юм. Ц.Б авангуут наадах чинь буруу дугаарласан захирамж байна Б/11 нь зөв үүнийг аваад наадах захирамжаа өгчих гэсэн чинь А/63 дугаар тушаалыг нь буцааж өгөөгүй аль алийг нь авчихсан. Тэр дээрээ гомдол гаргаад Б/11-ийг би мэдсэн, А/63-ыг би мэдээгүй гэж байна. 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл өөрөө удирдах ажил хийж байсан хүн ямар захирамж гарч байгааг мэдэхгүй байх боломжгүй гэж бодож байна. Төрийн албаны тухай хууль, төрийн захиргааны алба хаагчийн ёс дүрэм гэж Засгийн газрын тогтоолоор баталсан дүрэм байгаа. Энэ дээр бүгд байгаа. Засгийн газрын 258 дугаар тогтоолоор “ажлын болон ажлын бус цагаар” гэж заасан байгаа. Түрүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б нөхөөд бүрдүүлчхэж гэж байна. Хүнийг буруутгах гээд юмыг нөхөөд гэсэн. Хүнийг буруутгах гээд юмыг нөхөөд сууж байх юм уу? Би ажил дээр нь суугаад бүх юмыг засаад залруулаад, хурлын тэмдэглэлийг нь үүнд нь тааруулаад байгаа ийм зүйл байж болохгүй. Захирамжийг нь хүртэл байгаа юмыг байгаагаар нь хувийн хэрэг дотор байснаар нь үзүүлж байгаа. Хуучин хөдөлмөрийн дотоод журмын 5-д “ажлын байранд болон ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдад үлгэрлэх” гэж байгаа. Удаа дараа уусан гэдгийг нь би өөрийн биеэр гэрчлээд байгаа юм. Захирамж гардуулсан гэдэг дээр ажлын хэсгийн ахлагч өгөөгүй гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүх зүйл тодорхой нотлогдоно. Энэ хүн удирдах албан тушаал эрхэлж байгаа учраас өөрт хамааралтай хууль журмаа мэдэхгүй байна гэж байхгүй. Өөрөө мэдэж байж төрийн албан хаагчдыг удирдан манлайлна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан бол шууд шүүхэд хандахаар заасан байгаа. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг хүлээн авч хэлэлцсэн гээд байгаа боловч Төрийн албаны зөвлөл гомдлыг хэлэлцээгүй шууд шүүхэд хандана уу гэсэн бичиг өгсөн байгаа. Гомдлыг шалгана гэвэл ажиллагаа явуулна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. 5 дугаар сарын 03-ны өдрийн зөрчлийн хэрэг дээрх асуудлууд цагдаагийн нотлох баримт дотор авагдсан байгаа. Тусгай горимд шилжсэн гэж байгаа ч шилжсэн хугацаа нь дууссан байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед архи согтууруулан ундааг хориглосон байгаа. Энэ баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгааг өмгөөлөгч нар харсан байх гэж бодож байна. Захиргааны актын хувьд сонсох ажиллагаа хийсэн юм байна билээ. Өөрт нь мэдэгдсэн. 2 сарын өмнө мэдэгдсэн байхад ямар ч боломж олгоогүй гэж байгаа. Хуралдаан дээр тайлбар хэлье гэхэд тайлбар сонсохгүй гэсэн хэдий ч өөрөө тайлбараа бичгээр гаргаад 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл өгсөн зүйл нэг ч байхгүй. Гэнэт мэдэхгүй л бөөн захирамж гаргаад гэнэт өгсөн гэсэн асуудал болж байна. Би актыг нь тогтоогоод цалинг нь амралтын мөнгийг нь бодож өгсөн байгаа. Энэ үед гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ дүгнэлтэд сахилгын шийтгэл ногдуулах тухай гээд энэ дээр санал өгчихсөн байна. Ц.Б 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр томилолтоор ажиллаагүй. Ц.Б нь захирагчийн ажлын албанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шилжүүлж өгсөн Ланд крузер маркийн автомашиныг өөр автомашинаар сольсон. Тэр хэрэг нь хуулийн байгууллагаар шалгагдаад явж байгаа. Автомашин сольсон асуудалд нь холбогдуулж төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь заалтыг баримталж шийдвэр гаргасан. Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмын 10.1 дэх заалтад Төрийн албаны тухай хуулийн 26.1.1, 26.1.2, 25.1.1 гэж заасан бөгөөд энэ нь хүчингүй болсон Төрийн албаны тухай хуулийн заалт. Тухайн үед Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт ороогүй байсан ба сүүлд өөрчлөлт оруулсан. Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан саяхан болж түүнийг гэм буруутайд тооцоод шүүх хуралдаан завсарласан байгаа. Иймэрхүү хангалттай нотлох баримт байгаа учраас энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гэрч А.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг Ц.Бд гардуулсан. Гардуулахаас өмнө захирагч А.Б үүнийг Ц.Бд танилцуулчих гэхээр нь уг захирамжийн албажаагүй төслийг танилцуулсан. Тэгэхэд аваад бичиг хэрэг рүү явсан чинь миний бичиж өгсөн захирамжийн төслөөс өөр болсон байсан. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 захирамжийг Ц.Б даргад би өөрөө гардуулж өгч байсан. Өгөх үед манай бичиг хэрэг маш их ачаалалтай байсны улмаас захирамжуудаа солиод А/63 гэж дугаарласан байсан. Тэрийг анзаараагүй аваачиж өгсөн байсныг мэдээгүй. Би бичиг хэрэг дээр яваад орсон чинь энд байсан захирамжийг хэн авчихсан юм бэ гэхээр нь “мэдэхгүй гэсэн чинь” орлогч аваачаад өгчихсөн байсан. Тухайн үед санхүүгийн албаны дарга Л.Одгэрэлд өгсөн байсан. Тэгээд “наадах чинь болохгүй Б захирамж шүү дээ” гэсэн чинь “харин тиймээ би сая буруу гаргачихсан байсан чинь аваачаад өгчихсөн байна. Чи үүнийг солиод ирээч” гэхээр нь би сольж өгсөн. Би Ц.Б даргад “Б” захирамжаа өгөөд “та надад “А” захирамжаа өгчих наадах чинь андуурсан байна” гэсэн чинь “би буцааж өгөхгүй, үүнийг аваад шүүхдэнэ” гээд аваад үлдсэн. Ц.Бийн 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан зөрчлийг би шалгаж тогтоогоод арга хэмжээ авах нь зүйтэй байна гэсэн саналаа тосгоны захирагчид гаргасан. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зөрчил гаргасан гэж бичсэн тухайд он, сар, өдөр андуурагдсан байх. Архины хэрүүл 5 дахь өдөр болгон захирагч тамгын дарга хоёрын хооронд гардаг. Энэ баримтаас өөр өөрөөс нь авсан тайлбар ч юм уу, хамт архи уусан хүнээс нь авсан тайлбар ч юм уу баримт байна уу гэвэл цагдаа дээр бүртгэгдсэн байгаа. Надад өөр баримт байхгүй. Сонсох ажиллагаа ямар нотлох баримтад үндэслэж хийгдсэн юм бэ гэвэл би өөрөө нүдээрээ харсан. Тухайн үед бүх зүйл нь нотлогдож байсан. Цагдаагийн албан хаагч 05 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө байцаалтаа авч байгаад дараа нь арга хэмжээгээ авсан байгаа. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон байсан. Ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг яаж нотлох вэ гэвэл Цагдаагийн газарт дуудлага өгсөн цаг, минут нь байгаа байх. Захирагч А.Б нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед дөнгөж 16 цаг л болж байсан. Би захирагчийн үүрэг даалгавраар ажиллагаа явуулж бичлэг хийсэн. Хэдэн сарын хэдний өдөр хаана Ц.Бд Б/11 захирамжийг өгсөн юм бэ гэвэл 05 дугаар сарын 03-ны өдөр ажлын өрөөнд нь оруулж өгсөн. Энэ үед хажууд нь ажил хүлээлцэх комисс байхгүй байсан. Яагаад гэвэл Ц.Бөөс ажлын албаныхан бүгдээрээ айдаг байсан. “Захирамжийг нь буруу гаргаад өгчхөж одоо яана би орж чадахгүй чи ороод өгөөч” гээд би орж учраа хэлээд өгсөн. Захирагчийн ажлын албанд бүртгэлтэй Ланд-105 маркийн машиныг миний мэдэхээр Хатгал тосгоны нэвтрэх цэгээс захирагчийн ажлын албаны хашаа хүртэл унасан. Тухайн үед захирагчийг “чи согтуу байна, битгий машин барь” гэсэн чинь захирагчтай хэрэлдээд машин аваад явсан. Тэгэхлээр нь захирагч согтуу машин бариад явчихлаа. Аваар хийчих вий гээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед захирагчийн ажлын албаны галчийн өрөөнд Хатгал тосгоны цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч М.Энхболд ороод үлээ гэсэн чинь Ц.Б үлээхгүй байсан. Тухайн үед хууль сануулсан, үлээ гэхэд нь үлээгээгүй. Тэгээд “та архи ууснаа хүлээн зөвшөөрч байгаа юм уу” гэсэн чинь “зөвшөөрч байна” гээд үлээхгүй байхаар нь яваад өгсөн. А/63 захирамжийг Б/11 болгон өөрчилсөн захирамж, шийдвэр гараагүй. Тэр чинь андуурал байсан. Захиргааны шийдвэрээ гардуулсан баримт үйлддэг, гэхдээ Төрөө дарга баргийн юман дээр гарын үсэг зурдаггүй. Шийдвэр гардуулсан талаар тэмдэглэл үйлдсэн үгүйг сайн мэдэхгүй байна” гэв.
Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Нэхэмжлэгч Ц.Бийн Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бт холбогдуулан гаргасан “Хатгал тосгоны Захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр захирамжууд нь хууль бус тул хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжаар Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалаас сахилгын шийтгэлээр халагдсан байна.
Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Б 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжийн үндэслэлдээ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.1.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1-ийн 1.7, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 хамтарсан тушаалын 1.5.3, 3.4.3, 3.4.4, 3.4.5, Захирагчийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 10.1 дэх заалтыг тус тус үндэслэжээ.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд Хот, тосгоны захирагчийн бусад бүрэн эрхийг заагаад үүний 6-д “Захирагчийн ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлнө” гэж, 25 дугаар зүйлд Хот, тосгоны захирагчийн эрхийн баталгааг заасан ба үүний 1-д “Хот, тосгоны захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан тул хариуцагч Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бт Захирагчийн албаны даргыг ажлаас халах захирамж гаргах бүрэн эрх хуулиар олгогджээ.
Харин тус захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу дараах эрх зүйн зөрчилтэй байх тул шүүх хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн төрийн албан хаших субьектив эрхийг хөндсөн байна гэж шүүх үзлээ.
Маргаан бүхий захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-д заасныг баримталсан нь эрх зүйн зөрчилтэй болжээ. Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаал нь төрийн захиргааны ахлах түшмэл, ТЗ-7 албан тушаалын зэрэглэлтэй[1] төрийн жинхэнэ албанд хамаарч байх тул Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар түүний эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах харилцаа хамаарахгүй.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ... 48.1.З.төрийн албанаас халах” гэж заасан.
Маргаан бүхий захиргааны актад[2] Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан зөрчлүүдээс чухам аль зөрчлийг Ц.Б гаргасан болохыг тодорхой дурдаагүй, хуулийн 37, 39 дүгээр зүйлийг баримтлаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим болох хуульд үндэслэх зарчмыг болон Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3 дахь хэсгийг зөрчсөн байна.
Хариуцагчийн зүгээс Ц.Бийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар ажлаас халсан үндэслэлдээ “Ц.Б 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажлын цагаар албаны техник хэрэгсэл жолоодон, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж маргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан Хатгал тосгоны цагдаагийн тасгийн дуудлагын бүртгэлийн[3] дэвтрийн 50 дугаарт дуудлага өгсөн иргэн, цаг, хугацаа: Захирагч А.Б 2021.04.22-н, дуудлагад очихоор хөдөлсөн цаг, явсан хугацаа: С-1376, Г1043, хэрэг зөрчлийн газарт ямар хугацаанд ажилласан: Манай ЗАА-ны тамгын дарга Ц.Б согтуу т/х жолоодсон гэв, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт хүргэж өгсөн цаг, минут: д/ч Б.Ганболд, дугаар 3100049210008530, 2021.05.03, 14:18:53, Эргүүлийн чиглэлдээ буцсан хугацаа, төвд мэдэгдсэн эсэх: ЗТХ-н 14.7.3.2-р 1 жил эрх хасаж, 400 000 торгов /бэлэн бус/ гэжээ.
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 46/8-3264 тоот[4] албан бичигт “Энэ оны 05 дугаар сарын 03-нд Хатгал тосгонд цагдаагийн д/а Бямбадорж 22:05 цагт эргүүлээр улсын дугааргүй тээврийн хэрэгслийг шалгахад иргэн Ц.Б согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх гомдол бүртгэгдэж, тус цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ганболд нь зөрчил гаргагч Ц.Б /РХ81022330/-ийг зөрчлийн тухай хуулийн 14.7.3.2-т зааснаар 400 /3100049210008530/ нэгжээр торгож, жолоодох эрхийг 12 сарын хугацаагаар хассан мэдээлэл санд бүртгэгдсэн байна гэжээ.
Мөн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн А.Уын “Хатгал тосгоны захирагч А.Б танаа” гэх 2021 оны 05 дугаар сарын 03-ны санал хүргүүлэх тухай бичигт[5] “... Ц.Б ... 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1378 ХӨН улсын дугаартай Ланд 105 захирагчийн ажлын албаны автомашиныг ...согтуугаар жолоо барьж ... явсан” гэж бичсэн боловч шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед Ц.Б согтуугаар 1378 ХӨН улсын дугаартай Ланд 105 захирагчийн ажлын албаны автомашиныг нэвтрэх цэгээс захирагчийн ажлын албаны хашаа хүртэл жолоодож ирсэн” гэв.
Ц.Бд холбогдох “Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материал”-д авагдсан “Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгсэл, амаар бичгээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл”-д[6] Хатгал тосгоны төвд 13-78 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцоод байна гэх холбоо, мэдээллийг хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг 2021 оны 05 сарын 03-ны өдөр 11 цаг 10 минутад хүлээн авсан гэжээ.
Зөрчлийн хэрэгт авагдсан гэрч М.Энхболд[7], А.У[8] нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд гэрч А.Уын өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтууд[9] хоорондоо зөрүүтэй, зөрчил гаргасан цаг тодорхойгүй байх тул Ц.Бийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “ажлын цагаар” архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх боломжгүй, үйл баримт нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагчийн төлөөлөгч “Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагч ажлын болон ажлын бус цагаар архи уухыг хориглосон” гэх агуулгаар маргасан. Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.7-д “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, ... зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэж зааснаас үзэхэд
1. албан томилолтын явцад
2. ажлын цагаар ажлын байранд
3. ажлын бус цагаар ажлын байранд” гэсэн нөхцлийг заасан байна.
Гэтэл Ц.Б албан томилолтоор ажиллаагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн, ажлын цагаар архи, согтууруулах ундаасан хэрэглэсэн гэдэг нь нотлогдоогүй, ажлын бус цагаар ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь ч баримтаар нотлогдохгүй байна.
Гэрч А.Уын хийсэн гэх дуу-дүрсний бичлэгийг хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн боловч үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир нь тус бичлэг дээрх үйл явдал хэзээ, хэдэн цагт, хаана болсон үйл явдлыг харуулж байгаа гэдэг нь тодорхойгүйн дээр бичлэгт өртөж буй нэхэмжлэгч Ц.Бийн зөвшөөрөлгүй хийгдсэн бичлэг байв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: ... 13/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...” гэж, Монгол Улсын соёрхон баталсан олон улсын гэрээ болох Иргэний болон улсын төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 1-д “Хүн бүр эрх чөлөөтөй, халдашгүй дархан байх эрхтэй. ...” гэж заасныг тус тус зөрчсөн хууль бус дуу-дүрсний бичлэгийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно”, 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид “шалгагч” гэх/ шалган тогтооно” гэж заасан.
Гэрч А.Уын шүүхэд өгсөн мэдүүлэг, “Хатгал тосгоны захирагч А.Б танаа” гэх 2021 оны 05 дугаар сарын 03-ны санал хүргүүлэх тухай бичиг[10] зэргээс үзэхэд А.У нь Ц.Бд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоох шалгагчаар ажиллажээ.
А.У нь Ц.Бийн сахилгын зөрчил гаргасан гэх 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр түүнийг нэвтрэх цэгээс Захирагчийн ажлын албаны хашаа хүртэл дагаж явсан, өөрөө гэрчилсний үндсэн дээр зөрчилд шийтгэл ногдуулах санал гаргасан, өөрийнх нь мэдэж байгаагаас өөр нотлох баримт цуглуулаагүй болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн А.Уын “Хатгал тосгоны захирагч А.Б танаа” гэх 2021 оны 05 дугаар сарын 03-ны санал хүргүүлэх тухай бичиг[11], 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр[12] нотлогдож байна.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ... 4.2.7.ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” гэж заасныг зөрчсөн байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгохоор заасан тул өөрөө гэрчлээд, өөрөө зөрчилд шийтгэл ногдуулах санал гаргасан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр байна гэж шүүх үзлээ.
Зүй нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:
...25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах
...25.1.4.гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах” гэж заасны дагуу оролцогчийг сонсох, гэрч болох этгээдээс тайлбар гаргуулан нөхцөл байдлыг тогтоох ёстой байв.
Түүнчлэн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.4.1-д “гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах”, 2.4.5-д “цуглуусан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамж[13], Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн А.Уын “Хатгал тосгоны захирагч А.Б танаа” гэх 2021 оны 05 дугаар сарын 03-ны санал хүргүүлэх тухай бичиг[14], 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Сонсох ажиллагааны хурлын тэмдэглэл[15], хэргийн оролцогчдын тайлбар, гэрч А.Уын мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл[16] зэргээр нотлогдож байна.
Хариуцагч маргаан бүхий захирамждаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэснийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Ц.Б нь захирагчийн ажлын албанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шилжүүлж өгсөн Ланд крузер маркийн автомашиныг өөр автомашинаар сольсон. Тэр хэрэг нь хуулийн байгууллагаар шалгагдаад явж байгаа. Автомашин сольсон асуудалд нь холбогдуулж төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь заалтыг баримталж шийдвэр гаргасан” гэв.
Гэвч энэ талаар маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжид[17] тусгаагүй, Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн А.Уын “Хатгал тосгоны захирагч А.Б танаа” гэх 2021 оны 05 дугаар сарын 03-ны санал хүргүүлэх тухай бичигт[18] дурдагдаагүй, тухайн асуудлаар сонсох ажиллагаа хийгээгүй[19] байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг болон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан захиргааны актад захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах хуулийн шаардлагыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.
Хэрэгт авагдсан 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Сонсох ажиллагааны хурлын тэмдэглэл”-д:
“... ЗАА-ын дарга Ц.Б: Та тайлбар сонсохгүй юм уу?
Захирагч А.Б: Тайлбарын шаардлагагүй бүх юм гэрч, бичлэгтэйгээ байгаа. ...Сонсох ажиллагаа дууслаа ажилдаа орцгоо ...” гэснээс[20] үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэснийг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ц.Б өөрөө бичгээр тайлбар гаргах хугацаа байсан” гэх тайлбар үндэслэлгүй, сонсох ажиллагаа огт хийгдээгүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны актын[21] үндэслэлд “... байгууллагын төсвийн хөрөнгийг удирдан зохион байгуулахдаа Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36-01/2 дугаар дүгнэлтээр тогтоогдож ...” гэжээ.
Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36-01/2 дугаар дүгнэлтэд[22] дурдсан зөрчлүүдээс дараах хоёр зөрчилд улсын байцаагчийн актаар Ц.Бд холбогдуулан төлбөр тогтоож, үүрэг хүлээлгэсэн байна.
1.Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 36-01/55 тоот “Төлбөр төлүүлэх” тухай актаар[23] Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяаг ажиллаагүй байхад нийт 2 сарын цалин 1194830 төгрөг, үүнээс байгууллагаас тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 189742 төгрөг, нийт 1384572 төгрөгийн үргүй зардал гаргасан гэж үзэн Ц.Б, нягтлан бодогч П.Бямбаням нараар 2021 оны 05 дугаар сарын 25-ны дотор төлүүлэхээр шийдвэрлэсэн.
2. Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36-01/57 тоот “Хөрөнгийг эргүүлэн татах тухай” актаар[24] Захирагчийн ажлын албанд 2013 онд хандиваар ирсэн, захирагчийн ажлын албанд бүртгэлтэй байгаа хөрөнгө болох 25000,0 мянган төгрөгийн үнэ бүхий жимсний үйлдвэрийн үнийг холбогдох этгээдээр төлүүлэх, эсхүл байгууллагад буцааж авах ажлыг 2021 оны 05 дугаар сарын 05-ны дотор зохион байгуулахыг Ц.Б, нягтлан бодогч П.Бямбаням нарт хариуцуулжээ. Бусад зөрчлийн тухайд нэхэмжлэгч Ц.Бд холбогдуулан акт тогтоосон зүйл байхгүй гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй.
Нэгдүгээрт Захирагчийн ажлын албаны хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяаг ажиллаагүй байхад нийт 2 сарын цалин 1194830 төгрөг, үүнээс байгууллагаас тооцсон нийгмийн даатгалын шимтгэл 189742 төгрөг, нийт 1384572 төгрөгийн үргүй зардал гаргасан гэх зөрчил нь 2019 оны 11, 12 дугаар сард үйлдэгдсэн. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс маргаан бүхий захиргааны актаар сахилгын шийтгэл ногдуулсан өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1 жил 5 сар 3 хоног өнгөрсөн байжээ.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан бөгөөд зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй боловч, зөрчил гарснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн байх тул сахилгын шийтгэл ногдуулж болохгүй юм.
Мөн Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 36-01/55 тоот “Төлбөр төлүүлэх” тухай актаар[25] 2021 оны 05 дугаар сарын 25-ны дотор төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн атал хугацаанаас өмнө хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй.
Хоёрдугаарт Захирагчийн ажлын албанд 2013 онд хандиваар ирсэн, захирагчийн ажлын албанд бүртгэлтэй байгаа хөрөнгө болох 25000,0 мянган төгрөгийн үнэ бүхий жимсний үйлдвэрийн үнийг холбогдох этгээдээр төлүүлэх, эсхүл байгууллагад буцааж авах ажлыг 2021 оны 05 дугаар сарын 05-ны дотор зохион байгуулахыг Ц.Б, нягтлан бодогч П.Бямбаням нарт хариуцуулсан.
Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд “Захирагчийн ажлын албанд 2013 онд хандиваар ирсэн хөрөнгө болох 25000,0 мянган төгрөгийн үнэ бүхий жимсний үйлдвэрийг иргэнд ямар журмаар ашиглуулж байгаа болох, түүнтэй байгуулсан гэрээ байгаа эсэх холбогдох баримт нь 2017 онд Захирагчийн ажлын албаны байр шатахад галд өртөж устсан учраас тодорхой мэдэхгүй байна” гэж тайлбарласан бөгөөд “2017 онд Захирагчийн ажлын албаны байр шатахад бүх баримт бичиг галд өртөж устсан” гэх үйл баримттай хариуцагчийн төлөөлөгч маргаагүй.
Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Захирагчийн ажлын албанд 2013 онд хандиваар ирсэн жимсний үйлдвэрийн үнийг холбогдох этгээдээр төлүүлэх, эсхүл байгууллагад буцааж авах ажлыг 2021 оны 05 дугаар сарын 05-ны дотор зохион байгуулахыг Ц.Б, нягтлан бодогч П.Бямбаням нарт хариуцуулсан[26] байхад уг хугацаа дуусахаас өмнө 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болжээ.
Мөн Санхүүгийн хяналт, аудитын албанаас тогтоосон дээрх актуудын талаар сонсох ажиллагаа хийгээгүй нь хэргийн оролцогчдын тайлбар, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл[27], шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр[28] нотлогдож тул Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг болон мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан Захиргааны акт ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэснийг зөрчжээ.
Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжид[29] захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: ... 40.2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэснийг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч Ц.Б “Намайг ажлаас халсан шийдвэр гэж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжийг надад хүлээлгэж өгсөн. Тэрнээс биш Б/11 дүгээр захирамжийн талаар би огт мэдэхгүй. Хэрвээ захиргааны байгууллага өөрийн гаргасан захиргааны актын алдааг зассан гэж байгаа бол уг засварынхаа талаар оролцогч буюу надад мэдэгдэх ёстой. Гэтэл ийм асуудал огт болоогүй” гэж, хариуцагч талаас “А/63 дугаар тушаалыг нь Ц.Бд эхлээд гардуулсан байгаа юм. Ц.Б авангуут наадах чинь буруу дугаарласан захирамж байна Б/11 нь зөв үүнийг аваад наадах захирамжаа өгчих гэсэн чинь А/63 дугаар тушаалыг нь буцааж өгөөгүй аль алийг нь авчихсан. Тэр дээрээ гомдол гаргаад Б/11-ийг би мэдсэн, А/63-ыг би мэдээгүй гэж байна” хэмээн маргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.
Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны дарга Ц.Бд гардуулан өгсөн захирамжийн дугаар алдаатай байсан бол түүнийг залруулах, уг засварын талаар мэдэгдэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.
Захиргааны актын бичилтийн алдааг залруулж, үүнийгээ мэдэгдэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар[30] захирамжийг Б/11 дүгээр[31] болгон зассан талаар нэхэмжлэгч Ц.Бд мэдэгдсэн баримт байхгүй[32] болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үеэр хуулбарлан авсан захирамж, захирамжийн дугаарын бүртгэл зэргээр нотлогдож байх тул Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг зөрчсөн хууль бус байна.
Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжийн алдааг залруулах тухай захирамж шийдвэр гараагүй болох нь гэрч А.У, Л.Одгэрэл[33] нарын мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл[34], үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан захирамжийн дугаарын бүртгэл[35], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Яг адил агуулгатай Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63[36], Б/11[37] гэсэн хоёр захирамж байх тул нэхэмжлэгчид гардуулан өгсөн Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулжээ гэж шүүх үзсэн болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан тул мэдэгдсэн захиргааны акт нь хүчин төгөлдөр байх юм.
Харин 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр захирамж нь дээр дурдсанаар хууль бус бөгөөд хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл[38], үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан Б/11 дүгээр захирамж[39], захирамжийн дугаарын бүртгэл[40] зэргээр нотлогдоно. Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ... засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ... шүүхэд гаргаж өгсөн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байх боловч үүнийг захиргааны хэргийн шүүх бус эрүүгийн хэргийн шүүх тогтооно.
Хэдийгээр гэрч А.У, Л.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нар мэдүүлэг, тайлбартаа “Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжийг Б/11 болгон зассан, зассан захирамжийг Ц.Бд гардуулсан” гэх боловч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасны дагуу Б/11 дүгээр захирамжийг гардуулсан, мэдэгдсэн талаар баримтжуулаагүй, нэхэмжлэгч Ц.Б Б/11 дүгээр захирамжийг аваагүй талаар тайлбарласан, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар А/63 дугаар захирамжийг Б/11 болгон захиргааны актын алдааг зассан шийдвэр гаргаагүй болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл[41], тэмдэглэлд хавсаргасан захирамжийн дугаарын бүртгэл[42], хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдсон тул гэрч, хариуцагчийн төлөөлөгчийн мэдүүлэг, тайлбарыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “А.Б нь Хатгал тосгоны захирагчаар сонгуулийн дүнд сонгогдоогүй, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа боловч захирамжид өөрийгөө захирагч мэтээр бичсэн ...” хэмээн маргасан. А.Б нь Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “төрийн алба” нь төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг хэлэх бөгөөд энэ нь тасралтгүй үргэлжлэх эрх зүйн харилцаа юм. Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болох тосгоны захирагчийн албан тушаалыг эрхэлж байгаагийн хувьд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ч эрх зүйн хариуцлага хүлээнэ.
Хариуцагч маргаан бүхий актынхаа үндэслэлд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 хамтарсан тушаалын 3.4.4 /өмнө нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан/ дэх хэсэгт заасныг дурджээ.
Ц.Б Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар захирамжаар[43] сануулах сахилгын шийтгэл хүлээж байв. Тэрээр тус захирамжийн талаар 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн хэмээн тайлбарлаж байгаа ба түүнд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар захирамжийг гардуулан өгсөн баримт байхгүй болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл[44], хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-т “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус заасан.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан тул нэхэмжлэгч Ц.Б тухайн захиргааны актыг мэдэгдсэнээс хойш буюу 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гомдлоо гаргаж болох байсан. Гэвч Ц.Б Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар захирамжийн талаар гомдол гарган шийдвэрлүүлээгүй болох нь түүний тайлбараар нотлогдоно.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 9.2-т “Эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг гаргасан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ” гэж заасныг Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Б хэрэгжүүлээгүй болох нь Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13/2106 тоот албан бичгээр[45] нотлогдож байна. Гэсэн хэдий ч Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар захирамж хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмын 10.1 дэх заалтад Төрийн албаны тухай хуулийн 26.1.1, 26.1.2, 25.1.1 гэж хүчингүй болсон хуулийн заалтыг бичсэн байхад үүнийг үндэслэж шийдвэр гаргасан нь хууль бус” хэмээн маргаж буй.
Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмын 10.1 дэх заалтад[46] “Энэхүү журмын 1.4, 1.5, 4.2, 5, 9.5, 9.7, 9.8 дахь заалтыг зөрчсөн, эрх бүхий албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд заасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлээгүй, хангалтгүй нийлүүлсэн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 26.1.1, 26.1.2, 25.1.1, Хөдөлмөрийн хуулийн 131.1.1, 131.1.2, 131.1.3 дэх хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан бөгөөд энэ нь хүчингүй болсон Төрийн албаны тухай хуулийн заалт гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн.
Маргаан бүхий захиргааны актад хүчингүй болсон хуулийн заалт бүхий Хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна.
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хэмээн хариуцагчийн төлөөлөгчийн маргаж буйд дараах тайлбарыг өгье.
Ц.Б Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/63 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр түүнд хариу өгсөн гэдэгтэй хэргийн оролцогчид маргадаггүй.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дээрх албан бичгээр Ц.Бд шүүхэд хандахыг зөвлөсний дагуу тэрээр 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүх Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн З3.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 33.16-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан саяхан болж түүнийг гэм буруутайд тооцоод шүүх хуралдаан завсарласан байгаа” гэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй болохыг дурдъя.
Дээрх хууль зүйн дүгнэлтээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хангалттай үндэслэл тогтоогдсон тул хэргийн оролцогчдын “жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан байхад торгосон нь буруу, эмнэлгийн акттай байхад А/26 дугаар захирамж гарган сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус, согтуурлах ундаа гэж байхгүй, утга агуулгын илэрхий алдаатай” гэх зэргээр маргаж буй бусад үндэслэлүүдэд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бийн Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63, Б/11 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Ц.Бийг урьд эрхэлж байсан Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хатгал тосгоны захирагчийн ажлын албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
[1] Хэргийн 114 дүгээр хуудас
[2] Хэргийн 6 дугаар хуудас
[3] Хэргийн 101-102 дугаар хуудас
[4] Хэргийн 111 дүгээр хуудас
[5] Хэргийн 87 дугаар хуудас
[6] Хэргийн 129 дүгээр хуудас
[7] Хэргийн 130-131 дүгээр хуудас
[8] Хэргийн 132-133 дугаар хуудас
[9] Хэргийн 87, 101-102, 111-112, 127-140 дүгээр хуудас
[10] Хэргийн 87 дугаар хуудас
[11] Хэргийн 87 дугаар хуудас
[12] Хэргийн 80-82 дугаар хуудас
[13] Хэргийн 6 дугаар хуудас
[14] Хэргийн 87 дугаар хуудас
[15] Хэргийн 27 дугаар хуудас
[16] Хэргийн 80-82 дугаар хуудас
[17] Хэргийн 6 дугаар хуудас
[18] Хэргийн 87 дугаар хуудас
[19] Хэргийн 27 дугаар хуудас
[20] Хэргийн 27 дугаар хуудас
[21] Хэргийн 6 дугаар хуудас
[22] Хэргийн 71-76 дугаар хуудас
[23] Хэргийн 35-36 дугаар хуудас
[24] Хэргийн 37-38 дугаар хуудас
[25] Хэргийн 35-36 дугаар хуудас
[26] Хэргийн 37-38 дугаар хуудас
[27] Хэргийн 27 дугаар хуудас
[28] Хэргийн 80-82 дугаар хуудас
[29] Хэргийн 6 дугаар хуудас
[30] Хэргийн 6 дугаар хуудас
[31] Хэргийн 86 дугаар хуудас
[32] Хэргийн 80-91 дүгээр хуудас
[33] Хэргийн 97-98 дугаар хуудас
[34] Хэргийн 80-82 дугаар хуудас
[35] Хэргийн 88-91 дүгээр хуудас
[36] Хэргийн 6 дугаар хуудас
[37] Хэргийн 86 дугаар хуудас
[38] Хэргийн 80-82 дугаар хуудас
[39] Хэргийн 86 дугаар хуудас
[40] Хэргийн 88-91 дүгээр хуудас
[41] Хэргийн 80-82 дугаар хуудас
[42] Хэргийн 88-91 дүгээр хуудас
[43] Хэргийн 83 дугаар хуудас
[44] Хэргийн 80-82 дугаар хуудас
[45] Хэргийн 53 дугаар хуудас
[46] Хэргийн 33 дугаар хуудас