Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2024/0514/3 |
Дугаар | 221/МА2024/0720 |
Огноо | 2024-11-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2024/0720
“Эү” ТӨҮГ-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 665 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд О.Эын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Нэхэмжлэгч: “Эү” ТӨҮГ
Хариуцагч: ОӨГ дэргэдэх АҮӨЭМШЗ
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг,
Хэргийн индекс: 128/2024/0514/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 665 дугаар шийдвэрээр “...Захиргааны ерөнхий хууль 4 дүгээр зүйлийн 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.3, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.5, 25.4, 25.6-д тус тус заасныг баримтлан ОӨГ дэргэдэх АҮӨЭМШЗийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Эү” ТӨҮГ-ын гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Оюуны өмчийн тухай хууль, АҮӨЭМШЗийн ажиллах журамд нийцүүлэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагч ОӨГ АҮӨЭМШЗд даалгаж” шийдвэрлэсэн байна.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1.Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаа 5-р танхимд хийхдээ оролцсон бүрэлдэхүүнд “Эү” ТӨҮГ, ОӨГ, гуравдагч этгээд О.Э намайг Л.М, Т.Т, Д.Э биднийг оролцуулсан мэтээр бичжээ. Бид тухайн шүүх хуралд оролцоогүй бөгөөд бидний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь бидэнд мэдэгдээгүй. Үүгээрээ бидний эрхийг зөрчлөө.
2.2.Шүүхээс шийдвэр гарахдаа “Эү” ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэ нь хэт нэг талыг барьсан үйлдэл болсон байна.
2.3.ОӨГ дэргэдэх АҮӨЭМШЗ нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А*** дугаартай шийдвэрээр бидэнд олгосон **** дугаартай оюуны өмчийн патентийг хамгаалах, бидний эрх ашгийг хамгаалах талаар ямар ч алхам хийгээгүй.
Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0865 дугаартай шийдвэртэй хэргийг бүх талаас нь хянан үзэж бидний эрхийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, гуравдагч этгээдийн давж гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч “Эү” ТӨҮГ-аас “ОӨГ дэргэдэх АҮӨЭМШЗийн Оюуны өмчийн тухай хууль болон бусад зөвлөлийн ажиллах журамд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, АҮӨЭМШЗийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ОӨГ дэргэдэх АҮӨЭМШЗд холбогдуулан гаргажээ.
2.Маргааны үйл баримтын талаар:
ОӨГ 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар гуравдагч этгээд Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт “Зэс-молибдений хүдрийн баяжуулалтад хэрэглэгдэх цуглуулагч урвалж” нэртэй шинэ бүтээлийн **** дугаар патентыг[1] олгосон байна.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхэд Д.Э, Т.Т, Л.М, О.Э нар нь “Эү” ТӨҮГ-аас “патент эзэмшигчдийн патентыг ашиглаж олсон нэмэлт орлого буюу патентийн үр шим болох 78,474,000,000 төгрөгөөс, патент ашигласны төлбөр болгож 11,771,100,000 төгрөг”-ийг нэхэмжилсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 142/ШЗ2023/03280 дугаар захирамжаар иргэний хэрэг[2] үүсгэжээ.
Үүний дараа нэхэмжлэгч “Эү” ТӨҮГ-аас ОӨГ АҮӨЭМШЗд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр[3] “шинэ бүтээлийн туршилтын ажилд оролцож байсан ажилтнууд нь үйлдвэрлэлийн туршилт явуулах программ батлагдаагүй, лабораторийн туршилтын хугацаанд ажил олгогчид мэдэгдэлгүйгээр “Эү” ТӨҮГ-д мөрддөг холбогдох дүрэм, журмыг зөрчиж, шинэ бүтээлийн патентийн мэдүүлгийг өөрсдийн нэрээр ОӨГт гаргаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон **** дугаартай патентыг гаргуулан авсан нь тус компанийн хуулиар олгогдсон эрх ашиг, сонирхлыг зөрчиж байна гэж хүчингүйд тооцуулах” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан.
ОӨГ дэргэдэх АҮӨЭМШЗөөс 2023 оны 12 дугаар сарын 08-ны 26 дугаартай албан бичгээр[4] Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх журмын 3.8-д заасны дагуу ажиллагаа явуулж байгаа” талаар мэдэгджээ.
Нэхэмжлэгч “Эү” ТӨҮГ-аас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчид хүсэлт гаргаж, уг хүсэлтийн хариуд маргаан бүхий 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 06 тоот албан бичгээр[5] хариу хүргүүлсэн.
Уг маргаан бүхий албан бичгээр “Орхон аймаг дахь иргэний хэргийн сум дундын анхан шатны шүүхэд иргэний хэрэг хянагдаж байх тул тус маргааныг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаагаар маргаан таслах зөвлөлд “Эү” ТӨҮГ-аас гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж” шийдвэрлэсэн талаар “Эү” ТӨҮГ-т мэдэгджээ.
Нэхэмжлэгч “Эү” ТӨҮГ-иас дээрх түдгэлзүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны шүүхэд “...Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн ийнхүү хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тус үйлдвэрийн газар нь патент эзэмшлийн асуудлаарх маргааныг шийдвэрлүүлэх боломжгүйд хүрч, бодитоор 11,771,100,000 төгрөгийн хохирол учрах эрсдэлийг үүсгэж байна” гэж маргасан.
3.Маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтын талаар:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэжээ.
Уг хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан байна.
Оюуны өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалттай холбоотой асуудлаар оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 9.1.2-т “АҮӨЭМШЗийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах” гэж заасан.
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн асуудлаар дараах гомдлыг Маргаан шийдвэрлэх зөвлөл хянан шийдвэрлэнэ:”, 25.1.1-д “Патентийн тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой мэдүүлэг гаргагчийн гомдол”, 25.4-т “Маргаан шийдвэрлэх зөвлөл энэ хуулийн 25.1-д заасан гомдол нь үндэслэлтэй эсэхийг хянаж, маргаан гарах үндэслэл болсон шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 25.6-д “Маргаан шийдвэрлэх зөвлөл гомдлын дагуу маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гомдол гаргагчийн зөвшөөрлөөр шийдвэр гаргах хугацааг 30 хоногоор сунгаж болно.” гэж тус тус зохицуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/235 дугаар тушаалаар баталсан АҮӨЭМШЗийн ажиллах журмын 2.17-д “Зөвлөлийн дарга нь энэ журмын 2.16-д заасан эрхээс гадна дараах бүрэн эрхтэй:”, 2.17.8-д “…, маргаантай холбоотой асуудлыг иргэний, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх”, 3.8-д “Маргааныг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ.”, 3.9-д “Энэ журмын 3.8-д заасан хугацааг Зөвлөлийн дарга нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж заажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж тус тус зохицуулсан.
4.Шүүхийн дүгнэлт:
Маргааны тохиолдлын хувьд, хариуцагч ОӨГ дэргэдэх АҮӨЭМШЗөөс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай албан бичгээр[6] Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх журмын 3.8-д заасны дагуу ажиллагаа явуулж байгаа” талаар мэдэгдсэн, хариуцагчаас шаардсаны дагуу иргэний шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхээс албан бичиг хариуцагчид ирүүлсэн, нэхэмжлэгч “Эү” ТӨҮГ-аас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчид гаргасан хүсэлтийн хариуг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлэхдээ “иргэний хэрэг хянагдаж байх тул тус маргааныг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаагаар маргаан таслах зөвлөлд “Эү” ТӨҮГ-аас гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” талаар хүргүүлсэн зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Үүнээс дүгнэхэд, хариуцагч АҮӨЭМШЗийг нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэхдээ Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д заасан хугацааг хэтрүүлсэн, мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар гомдлыг шийдвэрлэх үүргээ хариуцагч маргаан шийдвэрлэх зөвлөл хуульд заасан хугацаанд биелүүлээгүй болон шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймээс анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн байх тул ...зөвлөлийн Оюуны өмчийн тухай хууль болон тус зөвлөлийн ажиллах журамд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, холбогдох хууль, тогтоомж, журамд нийцүүлэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
Түүнчлэн АҮӨЭМШЗийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр ирүүлсэн “маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” шийдвэр нь Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.4-т заасан гомдлыг хянаад гаргасан шийдвэр бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэхээргүй байна.
Харин уг шийдвэр нь ОӨГ 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар олгосон патентийг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хуулиар эрх олгогдсон маргаан шийдвэрлэх зөвлөлийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “маргаан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” шийдвэр байна.
Иймд хуулиар захиргааны актыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх эрхтэй этгээдээс энэхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэрийг захиргааны шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, нэхэмжлэгчийн “АҮӨЭМШЗийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан нэхэмжлэлд хамааралгүй, хуулиар гомдлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр гэж үзэхээр байх тул уг нэхэмжлэлийг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу “захиргааны шүүхийн харьяалалын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1-т зааснаар “Эү” ТӨҮГ-аас ОӨГ дэргэдэх АҮӨЭМШЗд холбогдуулан гаргасан “ОӨГ дэргэдэх АҮӨЭМШЗийн Оюуны өмчийн тухай хууль болон бусад зөвлөлийн ажиллах журамд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, АҮӨЭМШЗийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдэв.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ