Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/264

 

 

2022          12           01                                    2022/ШЦТ/264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Ж.Г******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Г*******од холбогдох эрүүгийн 2215000000293 дугаартай, 163/2022/0258/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Ж*******ын Г*******, Булган аймгийн Г******* суманд 1983 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, Булган аймгийн Г******* сумын 1 дүгээр багийн Хөшиг гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 39 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Булган аймгийн Г******* сумын төвд байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Х*******ын бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000293 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Ж.Г******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Булган аймгийн Г******* сумын төвд байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Х*******ын бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Х*******ын өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед нөхөр бид нар хөдөө гарах гээд сумын төвд байх гэртээ юм аа янзлаад байж байхад манай бага хүү утсаар тоглоод байж байсан. Тэгсэн манай нөхөр наад утсаа үлдээ гэсэн чинь манай хүү үлдээхгүй гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр утасны донтой гэж хэлээд өшиглөөд авсан. Хүү уйлахаар нь би голоор нь ороод нөхрийг цааш түлхэхэд намайг заамдаж аваад нүүр хэсэгт цохиод авсан. Би тэгэхээр нь гарч зугтаах санаатай гэрээс гарахад араас гарч ирээд цамцны захаар намайг боогоод би газар унасан. Тэгсэн намайг шууд 2 хөлнөөс чирээд гэр рүү оруулаад архи гаргаж өөрөө хундагалаж ууж байснаа нүүр хэсэгт өшиглөсөн. Бас толгойны ар хэсэг рүү өшиглөсөн. Нуруугаа боодог том өргөн бүсээр дээрээс 2-3 удаа ороолгосон. Тэр үед манай хүүхдүүд их чанга орилоод байсан юм. Тэгсэн тэрний дагуу сумын нийгмийн ажилтан болон Б******* гэх багш нар хамт ирээд юу болоод байгаа юм гэж хэлээд учир байдлаа ойлголцоод байж байхад манай нөхөр Г******* чи муу юу гээд байгаа юм гээд намайг цохих гэж дайрсан. Тэр үед багш нар салгасан. Тэгээд сургуулийн нийгмийн ажилтан та бид нарыг байгаа дээр өөрийн юмаа аваад хүүхдүүдээ аваад яв. Тэгэхгүй бол суманд цагдаа байхгүй байгаа, аягүй бол таныг ахиад зодно гэж хэлсэн. Тэгэхээр нь би жижиг машиныхаа түлхүүрийг аваад 2 хүүхдээ машинд суулгаад явсан. ...Би эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтэл зөөлөн эдийн гэмтэл байсан учир хурдан хугацаанд эдгэрсэн юм. Надад одоо ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 10 дахь тал/,

3. Гэрч С.Ө*******ийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутын үед сургуулийн нийгмийн ажилтан Ариунжаргал надруу залгаад зүүн хороонд хүүхэд орилоод байна гэх дуудлаганд очсон чинь энэ хүүхэдтэй хамааралтай юм биш байна гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нөхөр нь эхнэрээ зодсон байна, цагдаа төлөөлөгч нар байхгүй байна, та энэ асуудал дээр ир гэж хэлсэн. Би тэгэхээр нь гэрээсээ гараад алхаад замдаа тэр дуудлага өгсөн айлын эхнэр Хонгороо руу яриад гэрээсээ зугтаагаад наашаа гараад ир гэж хэлсэн. Тэгсэн Хонгороо гэх эмэгтэй 2 хүүхэдтэйгээ жижиг машинтайгаа гараад ирлээ гэж надруу ярьсан. Би тэгээд яваад очиход зодуулчихсан байдалтай нүд, дух нь хавдаж улайчихсан байсан. Тэгээд би сумын цагдаа байхгүй учраас аюулгүй газар байлгах ёстой гээд гэртээ авч очиж амраасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

4. Гэрч Д.А*******гийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байхад хүүхэд орилоод, чарлаад байна гэж дуудлага ирсэн. Тэгэхээр нь би тэр айлд явж очоод гэрийн гаднах хаалгыг нь тогшиход тэр айлын нөхөр нь гарч ирсэн. Энд юу болоод байгаан гэж асуухад янз бүрийн болсон зүйл байхгүй гэхээр нь эхнэрээ дуудчих гэхэд эхнэр гэрээсээ уйлчихсан гарч ирсэн. Тэгээд би хүүхдээ яагаад байгаан гэхэд хүүхэд яагаачгүй, би эхнэртэйгээ маргалдсан юм гэж хэлсэн. Би шууд яваад өгчихөж болдоггүй сумын нийгмийн ажилтан Ө******* ахад өолсон зүйлийн талаар хэлээд нөгөө хүмүүсийг жоохон тайвшруулж байгаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

5. Гэрч М.Б*******ийн өгсөн: ...Зүүн талын эгнээний хамгийн захын хашаа руу очоод байж байтал Г******* гэх залуу гараад ирсэн. Тэгэхээр нь энд юу болоод байгаа юм бэ? хүүхэд зодолдоод байгаа юм уу гэхэд тийм зүйл болоогүй, зүгээр байна гэхээр нь танай хүүхдүүд хаана байна гэхэд хөдөө гараад явчихсан гэхээр нь тэгвэл эхнэрээ дуудаадах асууя  гэж хэлэхэд за гэж хэлээд эхнэр нь гараад ирсэн чинь уйлчихсан, зүүн нүд нь хөхөрчихсөн байсан. Тиймэрхүү л байдалтай байсан. Тэгэхээр нь гэр бүлийн маргаан болсон юм байна гэж бодсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

6. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 177 дугаартай: Х.Х*******ын биед дух, зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалга, хоёр шуу, баруун гуя, бүсэлхийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн 48 цагаас дээш хугацааны өмнө үүссэн хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гамтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

7. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

8. Яллагдагч Ж.Г*******ын өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Г******* сумын төв орж эхнэр, хүүхдүүдийн хамт байж байтал манай эгчийн хүүхэд Тэмүүжин гэх залуу ахаа дүү нь цэрэгт яваад ирлээ гэж хэлээд манай гэрт ирсэн юм. Тэмүүжин гэрт ирэхдээ нэг шил 1 литрийн Болор нэртэй архи авч ирсэн юм. Уг архины талыг нь би ганцаараа уусан. Тэмүүжин уг архинаас уугаагүй юм. Архи ууж байхад Тэмүүжин гэртээ харилаа гээд явсан. Тэгээд би архины талыг уугаад нэлээн согтсон. Би согтуудаа хөдөө гэр рүүгээ явлаа гэхэд манай эхнэр чи согтчихсон байна, хоноод яв гэж хэлсэн. Тэгээд би согтуурхаад одоо хөдөө гэр рүү хамт явъя гэж хэлээд эхнэртэйгээ маргалдаж байгаад эхнэрээ зодсон. Эхнэрийнхээ хааш нь хэдэн удаа цохисон гэх мэтийг санахгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х.Х*******, гэрч С.Ө*******, М.Б*******, Д.А******* нарын мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 177 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ж.Г*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Ж.Г******* нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Булган аймгийн Г******* сумын төвд байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Х*******тай” хүүхдээ өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдсан байна.

Ж.Г******* нь маргалдах явцдаа хохирогч Х.Х*******ын нүүрэн тус газарт гараараа цохих, мөн боох, чирэх, өшиглөх, бүсээр ороолгох зэргээр  зодсон гэж хохирогч мэдүүлснийг давхар гэрч С.Ө*******, Д.А*******, М.Б******* нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 177 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед дух, зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалга, хоёр шуу, баруун гуя, бүсэлхийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Ж.Г*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохих, чирэх, өшиглөх, бүсээр ороолгох явцад хохирогчийн биед дух, зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалга, хоёр шуу, баруун гуя, бүсэлхийн цус хуралт  бүхий хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Ж.Г*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Мөн Ж.Г******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.Г******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Х*******ын бие, эрх чөлөөнд халдсан байнгын шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Ж.Г*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Х.Х******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд учруулсан хохирол, хор уршиг иргэний нэхэмжлэлийн баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

Хохирогч Х.Х******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд одоо бид хоёр эвлэрсэн, надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Г*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Г*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ж.Г*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Г*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хавтаст хэргийн 28-32 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.Г******* нь ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт Булган аймаг, Г******* сумын 1 дүгээр багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/139 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Ж.Г*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ж.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Ж*******ын Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СУВД-ЭРДЭНЭ