Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
Хэргийн индекс | 163/2022/0262/Э |
Дугаар | 2022/ШЦТ/267 |
Огноо | 2022-12-06 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/267
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Д.Г******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г*******т холбогдох эрүүгийн 2215000000275 дугаартай, 163/2022/0262/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Д******* Г*******, Булган аймгийн Б******* суманд 1965 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр багийн Дэмчигийн даваа гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 57 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр багийн Нам даваа гэх газрын ойгоос хууль бусаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж 29 ширхэг 2,3 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 387,907 төгрөгийн шууд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2215000000275 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Г******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр багийн Нам даваа гэх газрын ойгоос хууль бусаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж 29 ширхэг 2,3 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 387,907 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г*******ын өгсөн: Миний бие 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Б******* сумын иргэн Г******* гэх хүнтэй уулзсан. Надаас мод худалдаж авна мод бэлтгэх эрхийн гэрчилгээг өөрөө бэлдсэн байна гэж надад хэлсэн. Мод бэлтгэх эрхийн гэрчилгээ анх авахдаа миний нэр дээр биш, Г******* гэх өөрийн нэр дээр авсан. Би тухайн мод бэлтгэх эрхийн гэрчилгээнд хэний нэр байсныг тухайн үедээ анзаараагүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр багийн Нам даваа гэх газар байв. Мод бэлтгэсэн гэх газар нь нилэнхүйдээ цастай, эргэн тойрон шинэс мод ихтэй байв. Үзлэгийг Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь сум дундын ойн ангийн инженер Даваахүүг оролцуулж хууль бусаар бэлтгэсэн модны хожуул тус бүрт GPS төхөөрөмж тавьж хэмжилт хийхээр тогтов гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-8 дахь тал/,
3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь 2000 онд үйлдвэрлэсэн, Монгол Улсад 2010 оны 10 дугаар сард орж ирсэн, бага оврын ачааны, цэнхэр өнгөтэй улсын дугаартай, Hr загварын тээврийн хэрэгсэл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
4. Модонд үзлэг хийсэн: 140-145 сантиметрийн урттай, 12-43 сантиметрийн диаметртэй 29 ширхэг хуурай шинэс төрлийн мод байгааг жагсааж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-18 дахь тал/,
5. Хөрөөнд үзлэг хийж, хураан авсан: Цагаан өнгийн элэгдэж хуучирсан цахилгаан хөрөө байв. Уг хөрөөний маниул хэсэг нь цэнхэр өнгөтэй байв. Уг хөрөө нь шатахуун, тос масло мэт зүйлээр бохирлогдсон байв. Урд талдаа 3 салаа яндантай байв. Мөн дээд хэсэгтээ JIN SHI WANG гэсэн бичиглэлтэй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
6. Ойд бэлтгэсэн 29 ширхэг шинэс төрлийн мод, мод бэлтгэхэд ашигласан улсын дугаартай цэнхэр өнгийн Hr загварын тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 12-14, 19-20 дахь тал/,
7. Иргэний нэхэмжлэгч Х.Э*******ын өгсөн: Г******* нь мод бэлтгэх эрхийн бичиг огт аваагүй. Харин Г******* гэх хүн Г*******оос мод худалдан авах талаар тохиролцоод Г******* нь өөрийнхөө нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Аливаа иргэн мод бэлтгэх зөвшөөрөл огт аваагүй дур мэдэн талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас босоо мод огтлох эрхгүй. Буруутай этгээдээс байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. 2022 онд Б******* сумын 4 дүгээр багийн Нам даваа гэх газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
8. Иргэний нэхэмжлэгч Д.О*******гийн өгсөн: Уг тээврийн хэрэгсэл нь талийгаач нөхөр С.Батхуягийн байгаа юм. Тэгээд нас барснаас нь хойш миний мэдэлд ирсэн бөгөөд авто тээврийн төвд очиж нэрийг нь солиулж чадаагүй байсан юм. Тэгээд энэ зун Б******* сумын малчин айлд мал оролцуулан зарахаар болсон боловч тухайн хүн нь одоог хүртэл малаа өгөөгүй өдийг хүрсэн бөгөөд би наймаагаа буцаах талаар хэлэхэд удахгүй аваачиж өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн. Улмаар тээврийн хэрэгслээр хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн байна. Би тээврийн хэрэгслээ эргүүлэн авмаар байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,
9. Гэрч Я.Б*******ын өгсөн: Манай нөхөр Д.Г******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө ганцаараа Б******* сум явахдаа замаараа хүнд мод бэлтгээд аваад явна гэж хэлж байсан. Тэгээд замаасаа модоо бэлтгээд ачиж явж байхдаа цагдаатай таараад шалгасан тэгээд намайг хууль бусаар мод бэлтгэсэн байна, тээврийн хэрэгсэл болон модыг цагдаагийн хашаанд саатуулсан гэж надад утсаар мэдэгдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
10. Гэрч Н.Г*******ын өгсөн: Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г******* бид хоёр сумын Тамгын газар дээр таараад би Г*******ыг ойрын хугацаанд сумын төв рүү ачааны машинтайгаа орж ирэх үү гэж асуусан тэгэхэд Г******* орж ирнэ гэхээр нь тэгвэл мод бэлтгээд аваад ирэх боломж байна уу, боломжтой бол нэг машин мод авъя гэж хэлсэн. Тэгээд Г******* зөвшөөрөөд, тэгвэл тэгье, та мод бэлтгэх эрхийн бичгийг нь аваад өгчих гэж хэлсэн тэгээд би байгаль хамгаалагч Шраас мод бэлтгэх эрхийн бичиг аваад Г*******т өгөөд явуулсан. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г******* нь модоо бэлтгээд тээвэрлэн явж байгаад цагдаа зогсоож шалгаад таны мод хууль бусаар бэлтгэсэн мод байна гэж хэлээд цагдаагийн хэсгийн кобан байрны хашаанд түр саатууллаа гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Эн, гэрч Н.Г*******, Я.Шр,иргэний нэхэмжлэгч Д.О******* нарын өгсөн мэдүүлэг болон шинжээчийн 16 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч Д.Г******* нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр багийн нутаг Нам даваа гэх газрын ойгоос 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ойн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж 29 ширхэг 2,3 метр куб хуурай шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 387,907 төгрөгний хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч хүчингүй гэрээ эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан байна.
Мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр төрлийн ойгоос мод бэлтгэхийг ойлгохоор хуульчлан зохицуулжээ.
Шүүгдэгч Д.Г******* нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж ургаа модыг тайрч бэлтгэж, тээвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Г*******ыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр өөр аймаг руу тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Г*******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 387,907 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 75 дахь тал/ учирсан нь шинжээчийн 36 дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж /хавтаст хэргийн 75 дэх тал/ 1,163,721 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.
Уг хохиролыг шүүгдэгч Д.Г******* нь шүүхийн шатанд төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Г*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн,тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Хавтаст хэргийн 105-111 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Булган аймгийн Б******* сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г******* нь 57 настай, эхнэрийн хамт Булган аймаг Б******* сумын 4 дүгээр багийн нутагт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Улсын яллагч шүүгдэгч Д.Г*******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг,
Шүүгдэгч Д.Г******* нь тусгайлан гаргах саналгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байна.
Шүүх Д.Г*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Д.О*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь иргэний нэхэмжлэгч Д.О*******, шүүгдэгч Д.Г******* нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдсон байна. /тээврийн хэрэгсэл нь С.Батхуяг гэх хүний нэр дээр бүртгэлтэй боловч, нас барсан талаар иргэний нэхэмжлэгч Д.О******* мэдүүлэгтээ дурджээ.
Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч Д.О*******гийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 1,084,388 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэж олсон 29 ширхэг 2,3 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 89,600 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн моторт хөрөө зэргийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Г******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн улсын дугаартай Hr загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч Дашдэмбэрэлийн О******* /РД: ГЮ73032567/-гийн эзэмшилд үлдээж, шүүгдэгч Д.Г*******оос уг тээврийн хэрэгслийн үнэ 1,084,388 /нэг сая наян дөрвөн мянга гурван зуун наян найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэж олсон 29 /хорин ес/ ширхэг 2.3 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 89600 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн элэгдэж хуучирсан, маниул хэсэг нь цэнхэр өнгөтэй, JIN SHI WANG гэсэн бичиглэлтэй моторт хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгосугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ