Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
Хэргийн индекс | 163/2022/0263/Э |
Дугаар | 2022/ШЦТ/268 |
Огноо | 2022-12-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/268
2022 12 08 2022/ШЦТ/268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Ш.Д******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Д*******д холбогдох эрүүгийн 2215000000297 дугаартай, 163/2022/0263/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт Ш******* Д*******, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1980 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6б хэсгийн 12-05 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил, 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж байсан, 42 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Д******* нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Э*******ын толгойн тус газарт заазуураар цохисон үйлдлийн улмаас түүний толгойн хуйханд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000297 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Ш.Д******* нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Э*******ын толгойн тус газарт заазуураар цохисон үйлдлийн улмаас түүний толгойн хуйханд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Э******* өгсөн: Би хэрэг болох өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгаас өөрийн хуурай ахын эхнэр болох Нарангаравтай хамт Булган аймаг руу явсан. Улмаар Булган аймгийн төвд ирээд Нарангарав эгч нэг өвөө, эмээ дээр очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хонохоор болсон юм. Тэгээд оройн 18 цагийн үед гаднаас тухайн айлын охин нь нөхрийн хамтаар орж ирээд хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан юм. Тэгтэл тэр хүргэн гэх залуу нь заазуур бариад авахаар нь эхнэрийгээ яачих ч юм билээ гэж бодоод би хөөе ахаа гээд яваад очтол эргэж хараад тэр залуу миний толгой хэсэг рүү заазуураараа зүссэн. Улмаар миний толгойноос цус гарч би гэрийн газарт хэвтсэн. Тэгтэл тэр залуу гэрээс зугтаагаад гүйчихсэн. Тэгээд миний цусыг тогтоох гэж оролдсон боловч зогсохгүй болохоор нь улмаар цагдаа болон түргэн тусламжинд дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
3. Гэрч Г.Г*******ийн өгсөн: Хэрэг болох өдөр болохоор манай аав Ганболдынд Д******* бид хоёр ороход хохирогч гэх залуу болон Нарангарав гэх эмэгтэй нар манай аав Ганболд, ээж Эрдэнэчимэг нарын хамтаар архи уучихсан сууж байсан. Тэгэхээр нь Д******* бид хоёр хамт сууж байгаад нэг шил архи хувааж уусан. Улмаар Д******* бид хоёр гэрлүүгээ харьчихаад оройн 18 цагийн орчимд дахин аав Ганболдынд очсон. Тухайн үед Д******* бид хоёр машины дугуй засуулах талаар ярьж байгаад улмаар хоорондоо маргалдсан. Тэгтэл одоо хохирогч болчихоод байгаа залуу бид хоёрын дундуур ороод Д*******тэй маргалдсан. Тэгтэл Д******* гал тогооны шүүгээний дээд талд ил байсан заазуурыг аваад нөгөө залуугийн толгой хэсэгт цохисон. Улмаар Д******* нь гэрээс гарч зугтаасан. Харин бид нар түргэн тусламжинд дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
4. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 195 дугаартай: Э.Э*******ын биед толгойн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
5. Яллагдагч Ш.Д*******гийн өгсөн: Би тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хэрэг болох өдрийн оройн 18 цагийн орчимд хадам аав Ганболдын гэрт эхнэр Г*******ийн хамтаар ороход манай хадам аав Ганболд, хадам ээж Эрдэнэчимэг, Нарангарав, Э******* гэх залуу нар архи ууж согтсон байдалтай байсан. Улмаар би гэрт ороод зүүн хойд талд байх ор нь дээр сууж байх үед би Нарангаравтай маргалдсан. Улмаар би Нарангаравыг айлгах санаатай ширээн дээр нь байсан заазуурыг автал Э******* гэх залуу над руу хүрээд ирсэн. Тэгэхээр нь сандарсандаа заазуураараа толгой руу нь цохчихсон. Тэгээд толгойноос нь цус гараад байхаар нь би айсандаа зугтаасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон саарал өнгийн хуванцар бариултай заазуур зэрэг бичгийн болон эд мөрийн баримтаар нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,
Шүүгдэгч Ш.Д******* нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг Б хэсгийн 1003 тоотод эхнэр Нарангаравтай маргалдаж улмаар салгах гэж очсон Э.Э*******тай маргалдсан байна.
Ш.Д******* нь маргалдах явцдаа хохирогч Э.Э*******ын толгойн тус газар нь зуузуураар цохисон гэж хохирогч мэдүүлснийг гэрч Г.Г******* давхар гэрчилж мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 195 дугаартай дүгнэлтэнд Э.Э*******ын биед толгойн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хөнгөн гэмтэлд хамаарна гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд хохирогч Э.Э*******ыг шүүгдэгч Ш.Д******* нь толгойн тус газар заазуураар цохисон болох нь хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон, гэрч хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь агуулгын хувьд тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Д*******гийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Ш.Д*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн Ш.Д******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Ш.Д******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ш.Д*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Э.Э******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримтыг гаргаж ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд одоо бид хоёр эвлэрсэн, надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ш.Д*******г бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.Д*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ш.Д*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хавтаст хэргийн 34-43 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.Д******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1980 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6б хэсгийн 12-05 тоотод амьдардаг, урьд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил, 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ш.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4/142 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Ш.Д*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ш.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон саарал өнгийн хуванцар бариултай заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Ш.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ш******* Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д*******г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д*******д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний ангид хийлгэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Д*******д сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон саарал өнгийн хуванцар бариултай заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Ш.Д******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ