| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2019/00468/И |
| Дугаар | 181/ШШ2019/00718 |
| Огноо | 2019-03-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2019/00718
| 2019 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 181/ШШ2019/00718 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК -д холбогдох
4.515.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжпэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.А би 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр А ХХК-д Кемп менежерийн ажилд орсон.
2019 оны 01 дүгээр сарын 30-нд уурхай зогстол ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй ажиллаж ирсэн.
Гэтэл миний цалин 12 дугаар сард дансанд орсонгүй. Оффис дээр очихоор хүн байхгүй байна. Энэ янзаараа 2019 оны 1-р сард ажилласан цалинг бас өгөхгүй нь тодорхой байна.
Иймд 2018 оны 12 дугаар сарын цалин 1.295.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын цалин 1.670.000 төгрөгийн цалин нийт 2.965.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийг эхлээд гаргасан.
Шүүхэд хэрэг хянагдаж байхад буюу 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр А ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын болон 2019 оны 01 дүгээр сарын цалинд нийт 1.973.913 төгрөгийг хүлээн авсан.
Үүний дараа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар нэмж гаргасан.
А ХХК-д Кемп менежерийн ажлыг 1 сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажиллаж ирсэн. 2018 оны 9, 10, 11 сард ийм дүнгээр цалин авч байсан. Гэр орноосоо хол, хүнд нөхцөлд ажилладаг учир бүх уурхайн жишиг цалин ийм билээ.
А ХХК-иас 2 дугаар сарын 11-нээс эхлэн шүүхэд өгсөн байна гэж утсаар дарамтлаж эхэлсэн.
Н.А-ийг 2 дугаар сарын 21-нд эвлэрлийн гэрээ хийе гэж дуудаад гомдолгүй, тооцоогүй гэсэн бичиг бичүүлж гарын үсэг зуруулаад 1 сарын цалинг 1,000,000 төгрөгөөр тооцож 2018 оны 12 сар, 2019 оны 1 сарын цалинд нийтдээ 1,973,000 төгрөг өгсөн.
Цалингийнхаа тодорхой хэсгийг нь олдсон дээр нь авахын тулд тэр бичгийг өөрөө бичиж гарын үсэг зурсан. Түүнээс зөвшөөрсөн асуудал биш юм.
Уурхайд кемп менежерийн ажил 1.500.000 төгрөгийн цалинтай болохоор л бид ажиллаж байсан. Хөдөлмөрийнхөө хөлсийг цаг тухайд нь л авах ёстой байтал, ганц А компани ч биш, компаниуд ер өгөхгүй байна.
Одоо 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын үлдэгдэл цалин 992.000 төгрөг, Улаанбаатар явах замд эвдэрсэн А ХХК-ийн портерыг Төв аймгаас Улаанбаатарт чирж авчирсан зардалд 50.000 төгрөг, миний сэтгэл санааны хохиролд нэг сарын цалин болох 1.500.000 төгрөг нийт 2.542.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Н.А нь өөрийн эцэг болох Базрайн Нарансүхийн зуучлалаар тус компанид ажилд орсон байдаг бөгөөд Б.Нарансүх нь өөрийн хүү гэдгийг мэдэгдэлгүй орон нутгийн хүн тэндээсээ ажилд авлаа гэж компанийн удирдлагад анх мэдэгдсэн байдаг.
Н.А-ийн эцэг Б.Н нь Таван Толгой ХК-ний уурхайн талбайд манай компанийн гүйцэтгэж байгаа ажлыг орон нутагт зохицуулдаг ажилтай байсан юм. Иймд бид түүнд итгэж энэ хүнийг ажилд авсныг зөвшөөрсөн байдаг бөгөөд хожим нь өөрийнх нь хүү гэдгийг мэдсэн юм.
Иргэн Н.А нь нэхэмжлэлдээ кэмп менежерийн цалингийн үлдэгдэлээ авья, зөвлөх миний зүгээс дарамт үзүүлж олон тооны бичиг баримтан дээр гарын үсэг дарамтлан зуруулсан, дарамтлуулсаны сэтгэл санааны хохирол авахыг хүсчээ.
А ХХК нь 2017 оны 01 дүгээр сараас Таван Толгой ХК -ний гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үедээ уурхай дээр ажиллах боловсон хүчний орон тоо, цалингийн хэмжээгээ түшаалаар тодорхойлсон байдаг.
Кэмп менежерийн цалинг 1 сард 1,000,000 төгрөг байхаар тушаал гарсан байдаг бөгөөд уг тушаалын дагуу Н.Аийн цалинг тооцож 2018 оны 12 дугаар сар болон, 2019 оны 01 дүгээр сарын цалин 1.973.913 төгрөгийг Н.Аэд олгосон.
Н.А өөрөө зөвшөөрч компаниас цаашид ямар ч авлагагүй болохоо бичгээр илэрхийлж нийт 2 сарын үндсэн цалингаа авч явсан. Н.А өөрөө ирж цалингийнхаа тооцоо хийгээд цаашид авах авлагагүй гээд бичээд явсан байхад аав нь итгэмжлэл авч орж ирчихээд нэхэмжлэлийн шаардлагаа зоргоороо нэмж байгааг гайхаж байна.Б.Нарансүх гуай ч бас манай компанид ажиллаж байсан хүн шүү дээ.
Н.А нь кэмп менежерийн цалинг 1.500.000 төг гэж эндүүрсэн нь эцэг Б.Нарансүх нь хүүдээ тэгж ойлгуулж зөвлөсөн бололтой.
Эцэг нь хүүгээ маш сайн ажиллаж байгаа мэтээр ойлгуулж удирдлагаас урамшуулал олгуулж байсан байна. Гэвч өнөөдрийн байдлаар кэмп дээр байгаа үндсэн хөрөнгө болох 40.000.000 төгрөгийн хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй ажилаа хаяад явсан байдаг бөгөөд сүүлд нь ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө нөхөж бичиж өгсөн юм.
Иргэн Н.А нь нийгмийн даатгалын шимтгэлд сайн дураараа өөрөө хамрагдах хүсэлттэйгээ илэрхийлж НДШ-ийг авсан цалин урамшууллаасаа төлж байгаагүй болно.
Н.Аийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа компани 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 1 дүгээр сарын цалинд нийт 1.973.913 төгрөгийг өгч нэхэмжлэгч Н.А компаниас авах өөр авлага байхгүй гэж бичиж өгсөн байхад түүний аав Б.Нарансүх нь ямар ч үндэслэлгүйгээр нэмж мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Аав хүү хоёр ингэж болохгүй шүү дээ. Б.Нарансүх гуай ч гэсэн ажилаа хүлээлгэж өгөөгүй байгаа, портерт юу ачаад яах гэж хот руу орж ирж ирснийг бид хэлэхгүй л байгаа шүү дээ. Алтансүх өөрөө дахиж нэхэмжлэх зүйлгүй гээд явсан байхад аав нь орж ирээд ийм зүйл хэлээд байгааг ойлгохгүй байна.
Үлдэгдэл цалин хэмээн нэхэмжлэсэн 992,000 төг нь үндэслэлгүй. Миний бие нэхэмжлэгчийн шаардлагыг шүүхээс авсны дараа нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа утсаар холбогдож компани дээр уулзаж энэ асуудлыг шийдэх талаар ярилцахыг хүссэний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр компани дээр ирж асуудлыг хэлэлцээд нийт 2 сарын цалин болох 1.973.913 төг бэлнээр аваад явсан бөгөөд урд нь утсаар болон энэ үед ч миний зүгээс ямар нэгэн дарамт үзүүлж сэтгэл санааны хохирол нэхэмжлэгчид учруулаагүй.
Уурхай дээрх ажил эхлэх гэж байгаа тул уурхайн тогооч З.Чанцал тэр өдөр надтай хамт оффист байсан бөгөөд нэхэмжлэгчийг цалингаа бүрэн гүйцэд авсан тухай гэрчлэн баримтан дээр гарын үсгээ давхар зурсан байдаг.
Тогооч З.Чанцал нь Н.А-д бидний зүгээс ямар ч дарамт үзүүлээгүй тухай тодорхойлолт бичиж өгсөн болно.
Иймд манай компанийн зүгээс нэхэмжлэлийн сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлэсэн 1.500.000 төгрөгийг үндэслэлгүй гүтгэлэг гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Алтансүх өөрийн хариуцсан компанийн эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хангалгүй, тухайн үед хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандан компанийн портер жижиг оврын машиныг зөвшөөрөлгүй унаж хот руу орж ирэхдээ замдаа эвдэн компанид хохирол учруулсан ба одоогийн байдлаар уг техникийг засахад 1.200.000 төгрөгийг компанийн зүгээс зарцуулж буцаж ажилд гаргасан болно.
Төв аймгаас чирч ирсэн гэх нэхэмжлэлийн энэ хэсэг өөрийнх нь ажилдаа хайнга хандан компанид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй хэсэг тул мөн л үндэслэлгүй болно.
Иймд Н.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлснийг баталж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хангах үндэсгүй.
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч А ХХК-иас нийт 4.515.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын цалин болох 1.973.913 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Н.Аэд гардуулан өгч мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтыг үйлджээ. /хх-ийн 16-18-р хуудас/
Уг баримтад 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын цалин болох 1.973.913 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авлаа. Цаашид компаниас ямар ч авлагагүй болно. Хүлээн авсан Н.А гэжээ./хх-ийн 18-р хуудас/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК нь Н.Аийн 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын цалинд 1.973.913 төгрөгийг хүлээлгэн өгсөн нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.973.913 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Н.А нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл А ХХК-д кэмп менежерээр ажиллаж байсан бөгөөд ажлаас халагдсан тушаал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн эсэх талаар маргаагүй байна.
Н.А нь тус компанид кэмп менежерийн ажлыг сарын 1.000.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон болон орон тоо болон цалингийн сүлжээ баталсан тушаалууд хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байх бөгөөд 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын үлдэгдэл цалин 992.000 төгрөгийг дутуу олгосон болох нь тогтоогдохгүй байна./хх-ийн 18, 20-22, 34-37,43,45-р хуудас/
Нэхэмжлэгч Н.А нь А ХХК-ийн портер автомашинаар ажил хийж байгаад Улаанбаатар явах замд уг автомашин эвдэрч түүнийг чирж Улаанбаатарт авч ирсэн зардалд 50.000 төгрөг зарцуулсан, нэхэмжлэгчийн сэтгэл санаанд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын үлдэгдэл цалин 992.000 төгрөг, Улаанбаатар явах замд эвдэрсэн А ХХК-ийн портерыг Төв аймгаас Улаанбаатарт чирж авч ирсэн зардалд 50.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.500.000 төгрөг нийт 2.542.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын үлдэгдэл цалин 992.000 төгрөг, автомашин чирч авч ирсэн зардалд 50.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.500.000 төгрөг, нийт 2.542.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 228 дугаар зүйлийн 228.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-иас 2.542.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.А-ийн 4.515.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А ХХК нь 1.973.913 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Аээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.972 төгрөгнөөс 103100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15.872 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО