Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга би даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Ц.Батзаяа,

хохирогч Б.О, Г.М, иргэний хариуцагч Д.Б нар болон тэдний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Я.Г түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я.Г-д холбогдох 2216000000167 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын  07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, А овогт Я-н Г.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Я.Г нь согтуурсан үедээ 2022 оны  08 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэрт **** ГАА улсын дугаартай Тоёота пробокс загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.14 дүгээр зүйлд заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 12.3 дугаар зүйлд заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн Б.Б, Д.Н, Ө.А нарын хашаа, Д.Б-н эзэмшлийн гэр майхныг мөргөж, улмаар майхан дотор тоглож байсан амь хохирогч Б.Ц, бага насны хохирогч Б.Т нарыг мөргөсний улмаас амь хохирогч Б.Ц нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан, хохирогч Б.Т-н эрүүл мэндэд дагз ясны шугаман хугарал, баруун дунд чөмгийн далд хугарал, бүсэлхийн ар хэсэг, зүүн суга, зулайд шарх бүхий хүнд хохирол учруулсан үйл баримтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч Я.Г нь согтуурсан үедээ 2022 оны  08 дугаар сарын  31-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэрт **** ГАА улсын дугаартай Тоёота пробокс загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон ухрах үйлдэл хийх явцдаа иргэний нэхэмжлэгч Б.Б, Д.Н, Ө.А нарын хашаа, иргэний нэхэмжлэгч Д.Б-н эзэмшлийн гэр, майхныг мөргөж, улмаар майхан дотор байсан амь хохирогч Б.Ц, хохирогч Б.Т нарыг мөргөсний улмаас амь хохирогч Б.Ц-т гавал тархины ил гэмтэл учирч амь нас нь хохирсон, хохирогч Б.Т-н биед дагз ясны шугаман хугарал, баруун дунд чөмгийн далд хугарал, бүсэлхийн ар хэсэг, зүүн суга, зулайд шарх бүхий хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Б-т 4,140,000 (дөрвөн сая нэг зуун дөчин мянга) төгрөгийн, Ө.А-д 112,000 (нэг зуун арван хоёр мянга) төгрөгийн, Д.Н-д 67,200 (жаран долоон мянга хоёр зуу) төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь:

1. Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2022 оны 08 сарын 31-ний өдөр 17 цаг 10 минутын үед Бүрэнтогтохын Алтай сумын Баян-Овоо багийн Мянганы хороолол *** тоот хашаанд өөрийн “Истана” маркын тээврийн хэрэгсэлтэй очсон. Очиход Б гэртээ байхгүй хашаанд П, П хоёр аймаг явах гээд “Истана” маркын тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Тэгээд П, П бид гурав машинаас буугаад Б-н хашаан дотор П-н машины дугуйны боолтыг чангалаад зогсож байхад хойд талын айлын хашаа нураад шороо боссон. Тэгэхээр нь юу болсон бэ гээд босоход Б-н хашааны хойд талаар цагаан өнгийн “Probox” маркын тээврийн хэрэгсэл ухраад хашааг мөргөж орж ирээд Б-н хашаан дотор байсан Б-н ээжийн төрсөн дүү Б гэдэг хүний гэрийг хойноос нь мөргөж зогссон. Тэгээд П миний дүүг дайраад алчихлаа гээд талийгаач охин Б.Ц-г тэвэрсэн зогсож байсан. Тэгээд би шууд машин дээр гүйж очоод машиныг унтраагаад түлхүүрийн сугалж аваад эргээд өөр хүүхэд байна уу гэж харахад гэрийн хойд талд байсан майхан дотор Б-н 5 настай хүүхэд Т доошоо харсан толгойноос нь цус гараад уйлсан дөрвөн хөллөчихсөн хэвтэж байхад нь тэвэрч аваад нэг хүнд өгсөн. Тухайн үед хэнд өгснөө санахгүй байна. Хүүхдээ нэгэнд нь өгчхөөд сумын эмнэлэг орж эмч аваад буцаад хашаанд очиход Б-н хүүхдийг Б-н ээж нь тэвэрчихсэн гэртээ сууж байсан. Талийгаач хүүхдийг Б-н ээж гадаа тэвэрсэн уйлаад сууж байсан. Тэгээд хоёр хүүхдийг ээжүүдтэй нь миний машинаар сумын эмнэлэг рүү аваад явсан... Б-н хашаан дотор Б-н гэрээс гадна 2 айл, нийт 3 айл байсан. Тухайн үед хашаан дотор П, П бид гурваас өөр хүн байхгүй байсан. Машин хашаанд ухарч орж ирээд гэр мөргөж зогссоны дараа хашаанд байсан гэрээс талийгаач Б.Ц-н эмээ нь Б мөн дахиад нэг хүн гараад ирсэн ... Мөргөсөн машин дотор Г гэдэг хүн өөрөө ганцаараа байсан. Би машинд яваад очиход Г руль дээр нь сууж байсан. Г ахаас та яаж байгаа юм бэ гэж асуухад Г ах надад “миний кроп гацчихлаа" гэж хэлсэн... Би машинаас нь очоод түлхүүрийн авахад миний нүдэнд Г ах согтуу архи уучихсан юм шиг харагдсан... Нэлээн хурдтай, 30-40 км цагийн хурдтай ирсэн байх ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 106 дугаар тал/

2. Гэрч Г.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд аймаг руу явах гээд Б-с запаас дугуй авах гээд утсаар ярихад би гадуур явж байна, чи очоод дугуйг нь тайлаад авчих гэж хэлсэн. Би тэгээд тэдний хашаанд очиж, запаас дугуйг нь тайлах гээд байж байхад Э хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр дугуй тайлаад байж байхад салхинд юм дэвж байгаа юм шиг чимээ гарсан. Тухайн үед Э “..ээ пизда машин байна...” гэж хэлсэн. Тэгээд Истанааг тойроод гараад ирэхэд хашаа, гэрийг цагаан өнгийн Пробокс маркын автомашин ухарч орж ирээд мөргөсөн байсан. Тэгсэн П нь хүүхэд гээд майхны тийшээ харайсан. Бид нар бараг майхан дээр зэрэг ирээд майхныг П сөхөөд нэг эмэгтэй хүүхдийг тэврээд харайсан. Тухайн хүүхдийг П нь ээждээ өгсөн. Тэгэхэд майхан дотор дахин хүүхэд уйлах чимээ гарсан. П нь надад эмч дууд гэж хэлээд дахин майхан руу гүйсэн. Би тэгээд машинтайгаа эмнэлэг рүү очоод жижүүрээр дамжуулж,                М-г дуудаж, болсон явдлын талаар хэлээд хашаа руу дагуулж явсан... Би өөрөө хараагүй, яах ийхийн зуургүй л ирж мөргөсөн байсан. Их хурдтай байсан байх гэж бодож байна... Тухайн үед П нь хүүхдийг хажуугаар тэврээд гүйхэд толгой орой хэсэгт аяганы хэмжээтэй хагарсан харагдаж байсан, нөгөө хүүхдийг ямар гэмтэлтэй байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 108 дугаар тал/

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 4-13  дугаар тал/

4. **** ГАА улсын дугаартай “Toyota Proboх” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 18-22 дугаар тал/

5. Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 14 минутын үед манай нөхөр Э нь ажил дээр ирээд доор айлын хашааг мөргөөд хүүхэд болохгүй байна гэсэн дуудлагыг өөрийн биеэр ирж өгсөн. Тэгээд би бага эмч Н-н хамт тухайн дуудлага, уг осол болсон гэх газарт очиход хашааны хойд талыг нь дайрч гэрийг тэр чигээр нь мөргөсөн байдалтай цагаан өнгийн суудлын Пробокс машин зогсож байсан. Мөргөсөн гэрийн зүүн талд үүдэн хэсэгт талийгаач болсон гэх хүүхдийг ээж нь тэвэрчихсэн байсан. Харин нөгөө хүүхдийг зүүн талын гэрээс ээж нь тэврээд гарч ирсэн. Гэрийн үүдэнд байх хүүхдийг үзэхэд хүүхэн хараа өргөссөн, судасны цохилт үл мэдэг тэмтрэгдэж байсан. Толгойн орой хэсэгт алчуураар боосон байсан. Харин нүүрний тэгш хэм алдагдсан байсан. Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжгүй байсан. Харин нөгөө хүүхэд нь ухаантай, зовуурийг өөрөө хэлээд уйлж байсан. Толгойн хэсэг язарсан, нуруу хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Уг хүүхдийн амин үзүүлэлт хэвийн байсан. Тухайн хүүхдүүдийг эмнэлгийн байгууллага руу шууд тээвэрлэлт хийсэн. Эмнэлэгт ирээд талийгаачид нарийвчилсан үзлэгийг хийхэд гавал яс бяцарсан, орой хэсгээр тархи гоожсон, духны яс бяцарч зөрсөн байдалтай байсан. Талийгаачид хүчилтөрөгч өгч, зүрх дэмжих тариа хийсэн боловч үр дүнгээ өгөөгүй зүрх зогссон байсан. Харин нөгөө хүүхдэд шарх цэвэрлэгээ хийж, хүчилтөрөгч өгч, өвчин намдаах, цус тогтоох тариа хийж, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг рүү утсаар ярьж Г эмчээс зөвлөгөө авсан. Тэгээд 7048103 дугаарын утас руу 17 цаг 49 минутад дуудлагыг өгсөн. Тухайн хүүхдэд хийсэн бүх эмчилгээ өвчний түүхэн дээр бичигдсэн байгаа...Т-н биеийн толгой хэсэгт язралт, нуруу хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн талын суга хэсэг суганы нимгэн хэсэг нь урагдсан байсан. Нуруу хэсэгт хөхөрсөн байсан. Нүүрэн хэсэгт зулгарсан шархтай байсан ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 88 дугаар тал/

6. Хохирогч Д.О-н шүүх хуралдаанд өгсөн “...Би Баян Овоо багт нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. 08 дугаар сарын 31-ний өдөр энэ ослоос болж охиноо алдсан. Хүний амь насыг юугаар ч үнэлэхгүй. Энэ хүнийг буруутай үйлдлээ ойлгож байгаа байх гэж бодож байна. Миний 11 настай хүүхэд тэр үйл явдлыг нүдээрээ харсан учраас сэтгэл санаа хүнд байна. Би өөрөө эрүүл мэндийн хувьд асуудалтай 3 сар ажлаа хийгээгүй явж байна. Манай гэр бүлд маш том хүнд гарз хохирол учирсан.  Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

7. Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би ажил дээрээ байсан юм. Би цагийг нь сайн санахгүй байна. Утсанд дуудлага ирээд манай хүү дүү гэж орилоод утсаа салгасан. Би тэгээд ажил дээрээсээ шууд осол болсон гэх газарт очсон байсан. Талийгаач нь цустайгаа холилдсон байсан ба манай ээж талийгаачийг тэвэрчихсэн байж байсан. Би талийгаачийг аваад байж байтал эмнэлгийн машин ирсэн. Тэгээд шууд эмнэлэг рүү явсан. Эмч үзээд эм тариа хийсэн. Тэгээд байхгүй болчихлоо гэж хэлсэн... Манай ээж талийгаачийг хардаг байсан ба хаяаны айлын хоёр хүүхэд, ах, манай ээж, мөн тухайн гэрийн хоёр хүүхэд байсан. Манай ээж нь манай хүүхдүүдийг байнга хардаг байсан юм. Манай хүүхдүүд шөнө нь гэртээ хоночхоод өглөө ээж ирж гэрээс аваад орой ажил тарах үеэр авдаг байсан юм... Хашаа нь манай ээжийн хашаа байгаа юм. Харин тухайн гэр нь манай нагац эгчийн гэр байгаа юм... Сэргэлэн цовоо хүүхэд байсан юм. Ямар нэгэн архаг хууч өвчин гэх зүйл байхгүй... Цоо эрүүл, гүйж, тоглож байсан хүүхдээ золгүй учралаар алдсандаа маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 52 дугаар тал/

8. Цогцост үзлэг хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 14-17 дугаар тал/

9. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 40 дугаартай “ ... 1. Талийгаач Б.Ц-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зам тээврийн осол: Гавал тархины ил гэмтэл, тархины зулайн заадас болон орой хэсгийн олон хэсэг болсон сэлтэрсэн хугарал, суурийн арын хонхрын дагз, хэсгийн шугаман хугарал, тархины эдийн няцрал, гоожилт, хуйханд шарх, дух, доод эрүү, баруун шанаанд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Талийгаач Б.Ц-н цогцост үүссэн гавал тархины ил гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл байна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно.

4. Талийгаачийн үхэлд хүргэсэн шалтгаан нь гавал тархины ил гэмтэл байна.

5. Талийгаач Б.Ц нь амьдрах боломжгүй гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ямар нэг архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 130-132 дугаар тал/

10. Хохирогч Г.М-н шүүх хуралдаанд өгсөн “...Манай хүүхдийн хөл, шарх эдгээгүй. Хөл дээрээ бослоо гэхэд тархи толгойнд нь ямар нэгэн өөрчлөлт гарч тэр хүүхэд унаж татдаг болбол яах вэ? ямар өөрчлөлт гарахыг бид мэдэхгүй байна. Энэ хүүхэд өсөж яваа хүүхэд байгаа. Байнгын эмчийн хяналтад байна. Ямар нэгэн гэмтэл илэрвэл Я.Г-н гэр бүл, ах дүү, хамаатан садангаас нэхэмжлэх болно... 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөг,  дахиж 1,500,000 төгрөг шилжүүлж, нийт 7,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

11. Хохирогч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...  2022 оны 08 сарын 31-ны өдөр 17 цагийн үед жижүүрт гарч байхад манай найз залгаж танай хүүхэд машинд дайруулсан байна гэж хэлчихэд өөрөө ирж намайг авч гэр рүү явсан юм. Тэгтэл манай хүү Т Б-н гэрт орон дээр хэвтэж байсан. Тэгээд бид нар эмнэлэг рүү авч яваад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Би өөрөө эмнэлэг дээр жижүүрт гарч байсан юм...Толгой хагарсан, зүүн суганы арьс хууларсан, ууц нь зүсэгдсэн, баруун хөл хугарсан байсан... 2022 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 10 орчимд Я.Г нь Б-н хашаанд машин янзалж байхад гар, хөл бадайраад гэж Бадрал багийн эмч Н-д ирж үзүүлж, даралт нь их байна гээд тариа хийлгүүлж, 30 минут хэвтэж байгаад дахин үзэхэд даралт нь буурсан байна гээд эмч Н зөвлөгөө өгөөд явуулсан... Я.Г нь тариа хийлгэж байхдаа өмнөх өдөр нь архи уусан гэж хэлж байсан ... Би хоёр давхарт байсан тул хэнтэй ирснийг нь хараагүй, эмч Н даралт буулгах девзол шингэлж хий гэхээр нь би тэр тариаг нь хийсэн... Т эрүүл мэндээрээ хохирсон хөл дээрээ алхаж чадаж, чадахгүйг нь мэдэхгүй байгаа, байнга асаргаатай, эмнэлгийн хяналтад байгаа, би хүүдээ харахаар ажлаасаа чөлөө авч байгаа. Өнөөдрийн байдлаар эмчилгээ, шатахуун унааны зардал 874,800 төгрөг гарсан. Цаашид эмчилгээний зардал шатахууны зардал нэмэгдэх байх, эмчийн зөвлөгөө өгснөөр Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 65 дугаар тал/

12. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 08 сарын 31-ний 17 цагийн орчимд манай том хүү Т, бага Т, талийгаач Ц гурав манай хашаан дотор гэрийн ард майхан дотор тоглож байсан. Би хашаан дотроо өөрийнхөө машиныг засварлаж байгаад гагнуур хийхээр электрод авах гээд дэлгүүр явчихад буцаад ирж байтал манай эхнэр М, хүү Т-г авчихсан манай найз Э-н машинтай цуг эмнэлэг рүү явж байхад нь замд таарсан. Тэгээд юу болов гэтэл Г ах машинтайгаа ухарч орж ирээд хашаан дотор тоглож байсан 2 хүүхдийг мөргөчихлөө гэж хэлэхэд хүү Т ааваа гэж уйлаад ээж нь тэвэрсэн, Цэ-г ээж О нь тэвэрсэн ухаангүй байсан. Тэгээд бид нар эмнэлэг орж үзүүлэхэд Ц-г найдваргүй өнгөрсөн байна гэж хэлсэн. Манай хүү Т-д эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гээд хувцсыг тайлахад зүүн суга нь ханзарсан, ууц нь зүсэгдсэн, зулай дээрээ зүсэгдсэн, баруун хөл дунд чөмгөөрөө хугарсан байсан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү дуудлага өгч дуудлагын эмч нар шөнийн 04 цагийн үед ирж, зүүн суга, нурууг оёж, баруун хөлийг гипсдэж өвчин намдаах тариа хийж аймгийн төв эмнэлэг рүү авч ирсэн... Хэрэг болсны дараа гэртээ очиход манай хашаанд 3 гэр байдаг түүний хамгийн доод талд манай ээжийн дүү Б-н гэрийг **** ГАА улсын дугаартай, цагаан өнгийн, “Тоёото пробокс” маркын Я.Г-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөргөж дотор нь орж зогссон байдалтай байсан. **** ГАА улсын дугаартай, цагаан өнгийн, “Тоёото пробокс” маркын тээврийн хэрэгсэлтэй Я.Г хашаа мөргөж орж ирээд гэр дайрч дотор нь машинаа унтрааж чадахгүй хойшоо ухалзаад байж байхад нь манай найз Э машиных нь түлхүүрийг хариулж унтраагаад та чинь яаж байгаа юм бэ хамаг хүүхэд тайраад хаячихлаа гэхэд машинаасаа бууж ирчихэд ахынх нь кроп гацчихлаа гэж хэлсэн гэсэн... Э надад Г-г согтуу байсан гэж хэлсэн. Би өөрийн нүдээрээ хараагүй ... Хүүхдээ эрүүл болгож авъя, эмчилгээ сувилгааг нь сайн хийлгэх шаардлагатай байгаа, одоогоор эмчилгээ сувилгаа, Алтай сумаар ирж, очих зардал гээд 1,500,00 төгрөгийн зарлага гарсан байгаа...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 60 дугаар тал/

13. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 256 дугаартай “...1. 2.  Б.Т-н биед дагз ясны шугаман хугарал, баруун дунд чөмгийн далд хугарал, бүсэлхийн ар хэсэг, зүүн суга, зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.

3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болно.

5.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд нь аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл болон эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 123-124 дүгээр тал/

14. Иргэний нэхэмжлэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн орчимд манай хөдөө байж байхад цэргийн ангиас машин очоод яаралтай сум дээр ажил гарчихлаа таныг аваад ир гэж хэлсэн. Тэгээд сумын төв дээр шөнийн 01 цаг 30 минутын орчимд шууд эмнэлэг дээр ирэхэд манай зээ О-н хүүхэд нь өнгөрчихсөн, нэг хүүхэд нь хүнд байгаа гэж хэлсэн. Тэгээд хашаандаа шөнийн 02 цагийн очиход манай гэрийг хойноос нь машинтай мөргөсөн байсан ба машиных нь зөвхөн хамар нь харагдаж байсан... Уг хашаа нь манай ээжийн хашаа байгаа юм. Манайх хашаанд нь хамт байдаг байсан юм. Уг дайрсан гэр нь манай өөрийн гэр байгаа юм... Манай гэрийн 15 толгойтой хана 5 ширхэг, гэрийн унь, хаалга, тооно, хоёр багана зэрэг эвдэрч эргэж ашиглах боломжгүй болсон. Харин гэрийн доторх тавилгуудаас хувцасны шкаф, баруун талд байсан буйдан ор, 5 шургуулгатай, хувцасны шүүгээ, гэрийн хоймор байсан мөлхөө тавилга хосоороо, мөн дээр байсан зургийн жааз 3 ширхэг зэрэг эд зүйлс эвдэрсэн байсан. Мөн гэрийн хулдаас болон гадуур цагаан бүрээс урагдсан байсан. Битүү байсан гялгар цаас урагдсан. Нарийвчлан сайн мэдэхгүй байна. Аяга шаазан, таваг зэрэг хагарсан байсан....” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 92 дугаар тал/

15. Ашид-Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-922/4615 дугаартай иргэний нэхэмжлэгч Д.Б-н эзэмшлийн гэр, тавилга, эд зүйлд учирсан хохирлыг 4,140,000 (дөрвөн сая нэг зуун дөчин мянга) төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 160-163 дугаар тал/

16. Ашид-Билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-921/4068 дугаартай иргэний нэхэмжлэгч Д.Б-н эзэмшлийн хашаа, майханд учирсан хохирлыг 170,400 (нэг зуун далан мянга дөрвөн зуу) төгрөгөөр үнэлсэн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 172-174 дүгээр тал/

17. Иргэний нэхэмжлэгч Ө.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “... Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний орой Алтай сумын Баян-Овоо баг, Мянганы хороолол ***** тоот гэртээ орон дээр хэвтэж байхад гэрийн гадна түр тар гэсэн дуу чимээ гарахаар нь юу вэ гэж гарахад цагаан өнгийн “Probox” маркын машин манай хашааны урд гудамжны хашааг хойноос нь дайраад дотор байсан гэрийг хойноос нь мөргөөд зогссон. Тэгээд би юу болсныг нягтлахад манай арын хашаа болон манай хашааг нэвт дайраад урагшаа гарсан процесс болсон байсан. Манай хашааны урд талд нь 2-3 метр хойд тал нь 2 метр орчим хашааны банз хугараад унасан... Би хашааны хугарсан банзанд үнэлгээ хийлгэхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 77-79 дүгээр талууд 96 дугаар тал/

18. Ашид-Билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-921/4066 дугаартай иргэний нэхэмжлэгч Ө.А-н эзэмшлийн хашаанд учирсан хохирлыг 112,000 (нэг зуун арван мянга) төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 172-174 дүгээр тал/

19. Иргэний нэхэмжлэгч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/

20. Ашид-Билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-921/4067 дугаартай иргэний нэхэмжлэгч Д.Н-н эзэмшлийн хашаанд учирсан хохирлыг 67,200 (жаран долоон мянга хоёр зуун) төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 184-186 дугаар тал/

21. Гэрч Д.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би С рүү утсаар залгаад юу болсон талаар асуухад мал шиг хядаад хаячихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...хэн юу болсон юм бэ...” гэхэд Г хашааны хойноос машинтай орж ирээд хашаанд тоглож байсан хүүхэд дайрчихлаа шүү дээ. Өөрөө согтуу байна гэж хэлсэн... Уг хашаа нь Б-н хадам ээжийнх нь хашаа байгаа юм. Харин гэр нь Б гээд манай дүүгийн гэр байгаа юм...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 90 дүгээр тал/

22. Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажил дээр байхад 17 цаг 30 минутын үед миний төрсөн эгч Б над руу утсаар залгаж хүүхдүүдийг машин дайрчихлаа гэж утасны цаанаас уйлсан. Тэгээд би шууд ажлаас гараад Алтай сумын Эрүүл мэндийн төв дээр яваад очиход Б.Ц өнгөрсөн, Б.Т эмчилгээ хийлгэж байсан. Эмнэлэг дээр 30-40 минут болсны дараа машин мөргөсөн гэх газар очиж үзэхэд манай дүү Б-н гэрийг **** ГАА улсын дугаартай Пробокс маркын машин хашааны хойд талаас нь ирж дайрч зогссон байдалтай байсан... Би тухайн үед ажилтай байсан. Үйл явдал болж өнгөрсний дараа очсон...” гэх мэдүүлэг./1-р хавтаст хэргийн 102 дугаар тал/

23. Гэрч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Алтай сумын Эрүүл мэндийн төвд ажил дээр байхад 17 цаг 10 минутын үед манай эмнэлгийн эмч Э-н нөхөр Э эмнэлэгт орж ирээд хүн машинаар айлын хашаа мөргөчихлөө, хүүхдийн толгойноос цус гоожоод байна гэж хэлсэн... Би Э эмчтэй хамт эмчийн нөхрийн машинтай 17 цаг 15 минутын үед дуудлагад очиход талийгаач охин Б.Ц-г машин мөргөсөн гэрийн үүдний амбаарын хаалганы үүдэнд ээж нь тэвэрсэн хүүхдээс цус гоожсон сууж байсан. Э эмч бид хоёр гадаа байсан хүүхдийг үзэж байхад машин мөргөсөн гэрийн наад талын гэрээс Б-н 4 настай хүүхэд Т-г ээж нь тэврээд гараад ирсэн. Тэгээд 2 хүүхдийг ээжүүдтэй нь цуг Э-н машинтай Алтай сумын Эрүүл мэндийн төвд аваад ирсэн. Талийгаач хүүхэд Б.Ц-г яаралтайд оруулаад гадна үзлэг хийгээд, амин үзүүлэлтийг шалгахад толгой нь бяцарсан, нүүрний хэлбэр өөрчлөгдсөн нас барсан байсан. Б-н хүүхэд Т-г 2 давхарт гаргаад өвчин намдах, цус тогтоох тариа хийсэн... Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт их эмч Э дуудлага өгсөн. Хэдэн цагийн үед өгснийг мэдэхгүй байна. Аймгийн нэгдсэн эмнэлгээс эмч нар 2022 оны 09 сарын 01 өдөр өглөө 05 цагийн үед ирж өглөө 09 цагт унтуулахтайгаар шарх цэгцэлсэн. Орой 15 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 104 дүгээр тал/

24. Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад намайг ажил дээрээ байхад Алтай сумын Эрүүл мэндийн төвийн гадаа эмэгтэй хүн уйлж орилоод байсан. Би тэгээд ажлаас гараад эмнэлгийн байгууллага орсон. Эмнэлэгт ороход 2 хүүхдийг оруулчихсан байсан. Тэгэхэд эмнэлгийн ажилтан авто осол гараад хүүхэд дайрсан байна гэж хэлсэн...Тухайн үед цагдаа нар байхгүй гэж дотроо бодоод цагдаагийн газрын 7048102 дугаар руу дуудлага өгсөн. Би дуудлаа өгөөд тухайн осол болсон гэх газар руу явсан. Тэгээд явж байхдаа тамгын газраас хүмүүс дуудсан. Осол болсон гэх газарт очиход айлын хашаанууд нурсан, айлын гэр мөргөөд гэр рүү орсон байдалтай байсан. Тухайн осол болсон гэх газарт нэлээд хүмүүс бужигнаж байсан. Тэнд байсан хүмүүст энэ газарт явж болохгүй, ул мөрийг баллаж болохгүй гэж хэлээд зохицуулалтын арга хэмжээг авсан. Тамгын газрын нярав руу ярьж, 40 метр уяа /дээс/ авхуулж, очсон алба хаагчдаар дээс татуулж, тус уяанд улаан өнгийн даавуу уяж, хамгаалалтад авсан. Мөн алба хаагчдын хоёр хоёроор нь жижүүрт гаргасан. Тухайн мөргөсөн гэх машины жолоочийн гэрт очсон. Тэгэхэд гэрийнх нь гадаа эхнэр нь хоёр гурван хүний хамт байсан. Би тэгээд жолоочийг хаана байгаа талаар асуухад эхнэр нь гэртээ байгаа гэж хэлсэн. Гэрт нь ороход Г нь ганцаараа байсан. Гэс юу болчхов гэж асуухад Г нь машины араа гацаад ийм юм болчихлоо гэж хэлсэн. Би гэрээс нь гараад эхнэрт нь тухайн хүнийг ганцаар нь байлгаж болохгүй шүү гэдгийг хэлээд осол болсон газар руу явсан ... Тухайн хашаанд хүмүүс овоорчихсон байсан ба хашааг хойноос нь урагшаа дайрч, гэрийг хойноос нь урагш мөргөсөн байсан. Тухайн машин нь гэрийг ухраад мөргөсөн байсан. Мөн замдаа хоёр гурван айлын хашааг мөргөсөн байсан...Намайг осол болсон газар очиход Г байхгүй байсан. Надад тээврийн хэрэгслийн түлхүүрийг Э өгсөн юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 110-111 дүгээр тал/

25. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгч Я.Г-н биеэс 5мл цусыг сайн дурын үндсэн дээр сувилагч Өлзий-Оршихын тусламжтайгаар авсан талаар тусгасан мөрдөгчийн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 42 дугаар тал/

26. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 97 дугаартай “...1. Иргэн Я.Г-н биеэс авсан цусанд шүүх химийн шинжилгээгээр 1.1 промилли спиртийн зүйл илэрлээ.

2. Дээрх спиртийн зүйл нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 116-117 дугаар тал/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдахаар, энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдэх, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болон эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх шинж хангагдахаар, түүнчлэн хүний амь нас хохирсон, согтуурсан, мансуурсан үедээ жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, 2 буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон бол онц хүндрүүлэх шинж хангагдахаар хуульчилжээ.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, мөн 10 дугаар бүлгийн 10.14 дэх хэсэгт заасан “...аюулгүй байдлыг хангасан тохиолдолд ухрах үйлдэл хийх..”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан “...аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд зогсоох арга хэмжээ авах...” зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохирсон, бусдын эд хөрөнгөд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан  “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Я.Г-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийн хангасан тохиолдолд аль хүнд ялтай хэсгээр нь зүйлчлэн гэм буруутайд тооцдог нь хууль хэрэглээнд жишиг болсон ойлголт юм. Шүүгдэгч Я.Г хувьд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 3 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан, мансуурсан үедээ жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон зэрэг шинжүүд хангагдсан тул түүнийг дээрх хэсгүүдийн хамгийн хүнд ялтай хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно. Хэдийгээр шүүгдэгч нь тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан осол болсон өдөр шүүгдэгчийн биеэс авсан цус, түүнд хийсэн шинжилгээгээр 1.1 промилли спиртийн зүйл илэрсэн гэсэн шинжээчийн дүгнэлт,  гэрч Э-н “...Би машинаас нь очоод түлхүүрийг нь авахад миний нүдэнд Ганаа ах согтуу архи уучихсан юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг согтуурсан үедээ үйлдсэн байх дээрх гэмт хэргийн шинжийг хангана гэж дүгнэлээ.

Өмгөөлөгч Ж.Энх-Амгалангийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх, санаатайгаар дайрч осол гаргасан...” гэх агуулга бүхий дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Учир нь Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд шүүгдэгчийн хувьд санаатайгаар хүний амь нас хохироох зорилгоор осол гаргасан гэх үндэслэл бүхий нотлох баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларч бэхжигдээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар зөвхөн амь хохирогч Цэцэнбилэгийн амь нас хохирсон бөгөөд энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, энэ үйл баримттай талууд маргаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийн улмаас 2 буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон” байх шинж хангагдахгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 45 дугаар тал/,  шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 44 дугаар тал/,  Ашид-Билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-922/4615 дугаартай иргэний нэхэмжлэгч Д.Б-н эзэмшлийн гэр, тавилга, эд зүйлд учирсан хохирлыг 4,140,000 (дөрвөн сая нэг зуун дөчин мянга) төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 160-163 дугаар тал/,  Ашид-Билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-921/4066 дугаартай иргэний нэхэмжлэгч Ө.А-н эзэмшлийн хашаанд учирсан хохирлыг 112,000 (нэг зуун арван мянга) төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 172-174 дүгээр тал/,  Ашид-Билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-921/4067 дугаартай иргэний нэхэмжлэгч Д.Н-н эзэмшлийн хашаанд учирсан хохирлыг 67,200 (жаран долоон мянга хоёр зуун) төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 184-186 дугаар тал/, Ашид-Билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-921/4068 дугаартай иргэний нэхэмжлэгч Д.Б-н эзэмшлийн хашаа, майханд учирсан хохирлыг 170,400 (нэг зуун далан мянга дөрвөн зуу) төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 172-174 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Ө.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... Хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 77-79 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... Хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтууд /2-р хавтаст хэргийн 8-17, 21-29 дүгээр тал/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн  хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /2-р хавтаст хэргийн 134-205 дугаар тал/, шүүгдэгч Я.Г хохирол төлсөн баримтууд  болох Хаан банкны зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 33 дугаар тал/, Г.Н-н Хаан банкны дансны хуулга /2-р хавтаст хэргийн 34, 54 дүгээр тал/,  Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтын хуулбар /2-р хавтаст хэргийн 55-57 дугаар тал/, Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /2-р хавтаст хэргийн 99-101 дүгээр тал/, хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтын  хуулбар /2-р хавтаст хэргийн 102-103 дугаар тал/, хохирогч Г.М-д эмчилгээний мөнгө 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт  /2-р хавтаст хэргийн 223 дугаар тал/, амь хохирогч Б.Ц-н аав Б-д 5,100,000 (таван сая нэг зуун мянга)Хаан банкны орлогын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 224 дүгээр тал/, шүүгдэгч Я.Г-н амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй   байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үлдсэн  бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1.3-т  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нь өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэл болон бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн хэмжээгээр хүлээсэн зөвшөөрсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэм хорын хохирлыг бодитой нөхөн төлөхөө илэрхийлж түүнийгээ нотолсон байдал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүсэл зоригийг заавал харгалзан үзэх нь ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирол хор уршиг бүрэн арилаагүй байгаа талаар хохирогч түүний өмгөөлөгч, төлөөлөгч нар илэрхийлсэн байх тул дээрх журмыг хэрэглэн хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Я.Г-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангил заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “....тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хасахаар...” тус тус хуульчилжээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолох журамтай болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Я.Г-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

1. Хохирогч Б.О-н нэхэмжилсэн 23,968,055 ( хориг гурван сая есөн зуун жаран найман мянга тавин таван) төгрөгийн нэхэмжилжээ. Үүнээс оршуулга болон түүнтэй холбоотой зан зүйл хийхэд зарцуулсан зардлыг нотолсон нотлох баримтын шаардлага хангасан 2 дугаар хавтаст хэргийн 22-29 дүгээр талуудад авагдсан баримтуудаар тогтоогдсон 6,068,475 (зургаан сая жаран найман мянга дөрвөн зуун далан тав) төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Аж Алтай нутаг ХХК-ны 1,981,600 (нэг сая есөн зуун наян нэгэн мянга зургаан зуу) төгрөгийн 2 ширхэг зарлагын падаан /2 дугаар хавтаст хэргийн 139/, Аж Алтай нутаг ХХК-ны 739,100 (долоон зуун гучин есөн мянга нэг зуу) төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хавтаст хэргийн 140/ Аж Алтай нутаг ХХК-ны 1,433,400 (нэг сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуу) төгрөгийн зарлагын баримт 2 ширхэг, /2 дугаар хавтаст хэргийн 141/ Шинэ Алтай захын 57,900  (тавин долоон мянга есөн зуу) төгрөгийн зарлагын баримт,/2 дугаар хавтаст хэргийн 142/ Шинэ Алтай захын 1,607,500 (нэг сая зургаан зуун долоон мянга таван зуу) төгрөгийн зарлагын баримт,/2 дугаар хавтаст хэргийн 143/ Хасагт хүрэн хайрхан ХХК-ны 27,700 (хорин долоон мянга долоон зуу) төгрөгийн зарлагын баримт,/2 дугаар хавтаст хэргийн 144/, 285,630 (хоёр зуун наян таван мянга зургаан зуун гуч) төгрөгийн НӨАТ баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 145/ 280,210 (хоёр зуун наян мянга хоёр зуун арав) төгрөгийн НӨАТ баримтууд,/2 дугаар хавтаст хэргийн 146/ 101,193 (нэг зуун нэг мянга нэг зуун ерэн гурав) төгрөгийн НӨАТ баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 147/ зэрэг нийт 12,582,708 (арван хоёр сая таван зуун наян хоёр мянга долоон зуун найм)  төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх нарийвчлан тогтоох боломжгүй 11,385,347 (арван нэгэн сая гурван зуун наян таван мянга гурван зуун дөчин долоо) төгрөгийн дүнтэй О-н эмчилгээний баримтууд, Б-н цалин, бензин, тийзний үнэ зэрэг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

2. Хохирогч Г.М-н нэхэмжилсэн 77,351,515 (далан долоон сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуун арван тав) төгрөгийн нэхэмжлэлээс хэрэгт авагдсан баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан 10,588,708 (арван сая таван зуун наян найман мянга долоон зуун найм) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, энэ шүүхийн хэлэлцүүлгээр тогтоох боломжгүй Б.Т-н 16 нас хүртэлх эмчилгээ, асаргаа сувилгааны зардал 50,000,000 (тавин сая) төгрөг, зээлийн эргэн төлөлтийн 16,767,000 (арван зургаан сая долоон зуун жаран долоон мянга) төгрөг, нийт 66,767,000 (жаран зургаан сая долоон зуун жаран долоон мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлын хамт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг тус тус нээлтэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу олсон цалин хөлс, асарч сувилах, нэмэгдэл хоол хүнс зэрэг зайлшгүй зардлыг” нөхөн төлөхөөр, Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт “16 насанд хүрээгүй бөгөөд цалин хөлс орлогогүй иргэнд гэм хор учруулсан бол дээрх байдлаар нөхөн төлөх үүрэгтэй” гэж зохицуулсан. Мөн Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.2 дахь хэсэгт “16 насанд хүрсэн боловч эрүүл мэнд сайжраагүй, хөдөлмөрийн чадвараа алдсанаас хөдөлмөрлөж чадаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эцэг эх, асран хамгаалагч шаардах эрхтэй” гэж хуульчилжээ. Хохирогч Б.Т-н хувьд 16 насанд хүрээгүй тул олох ёстой байсан орлоготой холбоотой, зээлийг гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас өмнө авсан бөгөөд зөвхөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт үндэслэн гэмт хэргийн хор уршиг гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэлэлцэхгүй орхисон болно. Энэ нь хохирогч Б.Т-н тухайд 16 нас хүрсний дараа хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд хэмжээг тогтоолгож, үүний улмаас цаашид дутуу цалин хөлс, авах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлыг шаардах эрхтэй гэсэн агуулгаар ойлгох зүйтэй түүнчлэн зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа 16,767,000 (арван зургаан сая долоон зуун жаран долоон мянга)төгрөгийг хохирогчийн эрүүл мэндийг сайжруулахад зарцуулсан, гэмт хэргийн улмаас буюу хохирогчийг асрах зайлшгүй шаардлагаас шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдсөн гэж үзэх баримт шүүхэд ирээгүй учраас хэлэлцэхгүй орхисон болохыг тайлбарлаж байна.

3. Иргэний нэхэмжлэгч Д.Б гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  нэхэмжилсэн 4,924,000 (дөрвөн сая есөн зуун хорин дөрвөн мянга) төгрөгийн нэхэмжлэлээс Алтай сумаас аймгийн төв рүү гэр ачсан гэх 784, 000 (долоон зуун наян дөрвөн мянга) төгрөгийн нэхэмжлэлийг энэ гэмт хэрэгтэй хамааралгүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, түүнд учирсан хохирол 4,140,000 (дөрвөн сая нэг зуун дөчин мянга) төгрөгийг шүүгдэгч Я.Г нь төлсөн  байна.

4. Хохирогч,иргэний нэхэмжлэгч нар өмгөөлөгч Ж.Энх-Амгалантай 5,000,000 (таван сая) төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд үүнийгээ шүүгдэгчээс гаргуулах талаар нэхэмжлэл гаргажээ. Хэрэгт авагдсан гэрээнээс өөр баримт хэрэгт авагдаагүй бөгөөд гэрээ хэрхэн биелэгдсэн, хэн нь хэдий хэмжээгээр төлсөн талаарх тооцоолол хийх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхисон болно.

5. Шүүгдэгч Я.Г нь гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ө.А, Д.Н нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөөр шүүгдэгч Я.Г болон түүний өмгөөлөгч завсарлага авсан бөгөөд уг хугацаанд хохирогч Б.О-т 5,100,000 (таван сая нэг зуун мянга)  төгрөг, хохирогч Г.М-д 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг төлж барагдуулжээ.

Шүүгдэгч Я.Г гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.О-т 12,600,000 (арван хоёр сая зургаан зуун мянга) төгрөг, хохирогч Г.М-д 10,600,000 (арван сая зургаан зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б-т 4,140,000 (дөрвөн сая нэг зуун дөчин мянга)  төгрөг, Ө.А-д 112,000 (нэг зуун арван хоёр мянга) төгрөг, Д.Н-д 67,200 (жаран долоон мянга хоёр зуун) төгрөг тус тус төлсөн, хохирогч Б.Т-н цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолд тусгаж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн банкны орлогын мэдүүлэг 2 ширхэг, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн картын хуулбар, өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас гаргаж өгсөн 71 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт ирсэн №****** дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Я.Г-д буцаан олгож, №********** дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  А  овогт Я-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6(зургаа) жилийн хугацаагаар хасаж, түүнд 2(хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-д оногдуулсан 2(хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Я.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Хохирогч Б.О-н нэхэмжилсэн 23,968,055 ( хориг гурван сая есөн зуун жаран найман мянга тавин таван) төгрөгийн нэхэмжлэлээс 11,385,347 (арван нэгэн сая гурван зуун наян таван мянга гурван зуун дөчин долоо) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг, хохирогч Г.М-н нэхэмжилсэн 77,351,515 (далан долоон сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуун арван тав) төгрөгийн нэхэмжлэлээс Б.Т-н 16 нас хүртэлх эмчилгээ, асаргаа сувилгааны зардал 50,000,000 (тавин сая)төгрөг, зээлийн эргэн төлөлтийн 16,767,000 (арван зургаан сая долоон зуун жаран долоон мянга) төгрөг, нийт 66,767,000 (жаран зургаан сая долоон зуун жаран долоон мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлын хамт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг тус тус нээлтэй үлдээж, иргэний нэхэмжлэгч Д.Б-н 784, 000 (долоон зуун наян дөрвөн мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч Я.Г хохирогч Б.О-т 12,600,000 (арван хоёр сая зургаан зуун мянга) төгрөг, хохирогч Г.М-д 10,600,000 (арван сая зургаан зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б-т 4,140,000 (дөрвөн сая нэг зуун дөчин мянга)  төгрөг, Ө.А-д 112,000 (нэг зуун арван хоёр мянга) төгрөг, Д.Н-д 67,200 (жаран долоон мянга хоёр зуун) төгрөг тус тус төлсөн, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн банкны орлогын мэдүүлэг 2 ширхэг, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн картын хуулбар, өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас гаргаж өгсөн 71 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт ирсэн №********* дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Я.Г-д буцаан олгож, №********** дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.       

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгүүд, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА