Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э-д холбогдох 2216000000151 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Б овогтой Д-н Э.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Э-н 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд хохирогч А.Г-г “...ямааны мөнгө өгсөнгүй...” гэх шалтгаанаар зодож, биед нь тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар, хэвлийд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язрал, дээд үүдэн 1 шүдний ганхалт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:    

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд хохирогч А.Г-г “...ямааны мөнгө өгсөнгүй...” гэх шалтгаанаар зодож, биед нь тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар, хэвлийд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язрал, дээд үүдэн 1 шүдний ганхалт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. Хохирогч А.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 13-ны орой М ах, хадам ах Б, М ахын эхнэр бид нар хоол хийж идчихээд ганц 2,5 литрийн Нийслэл пиво уучхаад унтах гээд ороо засаж байхад гаднаас 4 залуу М ахын гэрт 2 том пиво, 0,75 литрийн архи 1-ийг аваад ороод ирсэн. Орж ирээд “...ямаа авч байгаа хүн мөн үү...” гэсэн. Тэгээд нөгөө архиа тойруулаад ууж эхэлсэн. Тухайн архинаас би уугаагүй тэгтэл Э над руу “...голоод байна уу...” гээд үг хаяад байсан. Тухайн архи талдаа орох үед 4 залуугийн нэг Э “...7 ямааны мөнгө өг...” гэсэн. Тэгэхээр нь би “...өнөөдөр хагас сайн өдөр би ямааны мөнгө өгөхгүй бүтэн сайн өдөр үзэж харж байгаад болно...” гэж хэлсэн. Тэгсэн Э “...чи яасан мөнгө өгч чаддаггүй гөлөг вэ ямаа авч байж мөнгөгүй явдаг юм уу...” гээд элэг рүү 2 өшиглөсөн, би багтраад унасан. Хадам ах Б намайг сэгсрээд би бостол миний нүүр хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохисон хамраас цус гараад арчих хооронд “...чамайг нэг мөсөн алаад хаяна даа надад хууль үйлчилдэггүй юм шүү...” гээд ууж байсан архины шилээр нүүрний зүүн хэсэг рүү 2 удаа цохиод авсан. Тэгээд би ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/

2. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 13-ны орой Х /М/ гэх айлд 17 цагийн үед М-н эхнэр нь хоол унд хийж өгөөд идчихээд байж байсан...Гаднаас 4 хүн мал авч байгаа хүмүүс байна уу гээд ороод ирсэн. Тэгсэн орж ирэхдээ Э нь 0,75 л архи нэг, 2,5 литрийн пиво барьж орж ирсэн. Тэгээд эхлээд пиво задалсан тэрийг гэрт байсан хүмүүст тойруулаад дууссан. Тэгээд архиа задлаад нэг тойруулах хугацаандаа Э-д “...ямааны мөнгө өг...” гэж хэлсэн...Манай хүргэн “...хагас сайн өдөр болохгүй байна маргааш үзэж харж байгаад өгье...” гэж хэлсэн. Тэгтэл Г-н гэдэс хэсэг рүү 2 удаа цохисон. Би очоод сэгсэртэл босоод ирсэн гэтэл архины шилээр зүүн шанаа хэсэг рүү  нь 2 удаа цохисон. Тэгээд ухаан алдаад эмч ирж үзсэн. Нөгөө залуу цохичхоод гараад явсан буцаж ирээгүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/

3. Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 08 сарын 12-ны өдөр Г хадам ахтайгаа манайд малаа авчхаад ирлээ гээд манайд ирсэн. 2022 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед Г хадам ах хоёрт мах хөшиглөөд хоол хийж өгөх гээд байж байсан ...Гаднаас Б, Г, И нар манай гэрт орж ирсэн ... Тэгтэл Н нэг архи 0,75 литрийн Хараа гаргаж ирээд тэнд сууж байсан хүмүүст тойруулсан... Болдоо Г лүү “...надад 750.000 төгрөг тоолоод өгчих...” гэж хэлсэн... Г “...өнөөдөр би мал авахгүй мөнгө гаргахгүй хагас сайн өдөр байна маргааш бол болно...” гэж хэлсэн... Б “...чи яасан том пизда вэ би бол том гар шүү...” гээд байсан. Г “...би танд үнэнээ хэлж байна, хагас сайн өдөр мал авмааргүй байна. Маргааш бол болно...” гэж хэлээд байсан. Тэгтэл нөгөө шилтэй архиараа цохичихлоо гээд Г хэлсэн. Би толгой өвдөөд баруун орон дээрээ цаашаа хараад хэвтэж байсан түжигнэлдээд явчихаар нь эргэж харахад шилтэй архи газар унаж байсан. Г толгойгоо бариад газарт хэвтээд өгсөн. Тэгтэл Б-г тэр хэд аваад гараад явсан дахиж тэр хэд орж ирээгүй. Г-н зүүн нүд хавдаад хаагдсан тэгээд ухаан балартсан. Тэгээд орой 17 цагийн үед халуураад байна гээд байхаар нь би эмч дуудсан. Гэрт ирж үзчихээд эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/

4. Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед эмнэлэг дээрээ байж байхад хүнд зодуулсан гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Х гэдэг айлд очиход зүүн талын орон дээр нэг залуу хэвтэж байсан. Тэгээд үзтэл зүүн талын шанаа хавдсан хөхөрсөн байдалтай байсан... Цогт сумын эрүүл мэндийн төвд авчран урьдчилан сэргийлэх үүднээс дусал хийж өгсөн. Тухайн үед эмчилгээ хийлгэхээс өөрийн саналаар татгалзсан тул хамт явсан хүнд нь хүлээлгэж өгсөн ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 36-37 дугаар тал/

5. Гэрч С.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай найз Э над руу залгаад ойрхон хөдөө яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би ажил төрлөө зохицуулчхаад өдөр залгаад хаана байна гэтэл М-д хүрээд ир гэсэн.Ингээд М-д очтол үүдэн дээр нь М сууж байсан. Мэнд усаа мэдэлцээд гэрт ороход танихгүй залуу нэг нүд нь хөхөрчихсөн бололтой наана нь Э сууж байсан ... Гэрт ороход хоорондоо чимээгүй сууцгааж байсан. М-д сууж байсан 2 хүнийг би огт танихгүй, нэг залуу нь зүүн талын нүд нь хөхөрчихсөн бололтой зүгээр л сууцгааж байсан...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 69 дүгээр тал/

6. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаартай “...1. А.Г-н биед тархины доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, дээд уруулд цус хуралт, зүүн хацар цус хуралт, зүүн хацар, хэвлийд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язрал, дээд үүдэн 1 шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

5. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтэл болно...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/

7. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 4-9 дүгээр тал/

8. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 4-9 дүгээр тал/

9. Хүний их эмч Э.Б-н 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хохирогч А.Г-т үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 48 дугаар тал/

10. Бүртгэлийн 051303 дугаартай эмнэлэгт өвчтөн илгээх хуудас. /хавтаст хэргийн 49 дүгээр тал/

11. Дүрс оношилгооны их эмч Ц.С-н  хохирогч А.Г-н тархинд хийсэн 3D компьютер томографик хийсэн бичиг. /хавтаст хэргийн 50 дугаар тал/  

12. Шүүгдэгч Д.Э-н шүүх хуралдаанд өгсөн  “...Би 2022 оны 08 дугаар сарын 13-нд 2 найзтайгаа таараад ямаа авч байгаа хүн байна гээд Хосбаярынд очсон. Тэгэхэд А.Г-г ямааны мөнгөө өгчих гэхэд хагас сайн өдөр мөнгө өгөхгүй гэхээр нь би А.Г-г зодсон. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Бэлнээр 2,000,000 төгрөг, дансаар 4,000,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Э-н үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 96 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 94-95 дугаар тал/, шүүгдэгч Д.Э-н Хаан банкны 5328010502 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 102-103 дугаар тал/, хохирогч А.Г-н зүгээс хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 85-91 дүгээр тал/, хохирогч А.Г-т эмчилгээний зардалд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 (хоёр сая) төгрөг,  2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөг тус тус шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримтууд /хавтаст хэргийн 138-139 дүгээр тал/, Хан Алтай ресурс ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 71-/22-93 дугаартай “... Д овогтой Э нь тус компанид 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн өөрөө буулгагчийн оператор албан тушаал дээр ажиллаж байгаа ба нэг сарын үндсэн цалин нь 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөг болохыг үүгээр тодорхойлж байна...” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Э-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол 6,000,000 (зургаан сая) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, томографийн бичлэгтэй 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б  овогт Д-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Э-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол 6,000,000(зургаан сая) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, томографикийн бичлэгтэй 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА