| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0001/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/02 |
| Огноо | 2022-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/02
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Т-д холбогдох 2216000000203 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Б овогтой А-н Т.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч А.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнийн 05 цагийн үед Говь-Алтай аймгийн Халиун сумын төв Сүүж багийн 208 тоот хашаанд байрлах Гийн гэрт хохирогч Б.Х-г “...Ө ах руу юм хэллээ...” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь баруун доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хацар, баруун нүдний доод зовхинд зулгаралт буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө Г гэх айлд нэг шил коньяк уугаад хүмүүстэй юм яриад сууж байтал А.Т миний нүүр лүү өшиглөсөн. Ойр хавьд байсан хүмүүс салгаад гэрээс аваад гарч байхад А.Т миний нүүр лүү тохойгоороо цохисон тэгээд миний хамраас цус гараад баруун нүд хавдсан. Хашаан дотор маргаан болоогүй. Ө, А 2 намайг бариад тавиагүй. Удалгүй тараад явцгаасан... Би архи уусан байсан. Болсон үйл явдлыг санахаар байсан ... Т миний баруун нүд рүү нэг удаа өшиглөсөн. Гэрээс гарах гэж байхад нүүр хэсэг рүү нэг удаа тохойгоороо цохисон. Өөр маргалдаж зодолдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/
2. Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 05 цагийн үед манай нөхөр Г, Б, П 3 ирсэн. Араас нь Т, Х нар ирсэн. Манайд нэг шил коньяк задлаад уугаад сууж байхад Ө эхнэртэйгээ ирсэн. Тэгээд ойр зуур юм ярилцаж байгаад манай нөхөр Г унтах гээд унтлагын өрөө рүү орсон. Ө, Б.Х хоёрыг юм яриад сууж байхад Т нь босож ирээд Б.Х-н нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд хажууд нь байсан хүмүүс салгаад гэрээс дагуулаад гарсан. Хүмүүс гарахаар нь би гэрийн хаалгаа цоожлоод байж байтал гадна хүмүүс орилолдоод байхаар нь хашаан дотор байгаа машины шил хагалах вий гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Удалгүй хүмүүс тараад явсан...Т, Х нар хоорондоо маргалдаагүй, Т нь гэнэт босоод Х-н нүүр лүү өшиглөөд авсан... Х-н нэг нүд нь хавдсан, хамраас нь цус гарч байсан... Х өөр хүнтэй маргалдаж, зодолдоогүй... Х Т-г цохиж зодсон зүйл байхгүй....” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25-27 дугаар тал/
3. Гэрч Ж.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө Г гэх айлд эхнэр А-н хамт ирсэн. Тухайн айлд Г эхнэртэйгээ, Х, Т, Б гэх хүмүүс байсан. Нэг шил виски задалж уугаад ойр зуур юм яриад сууж байтал Т Х-н нүүр лүү 1 өшиглөөд авахаар нь бид хэд салгаад гэрээс аваад гарсан. Гэрээс гарах үед Х-н хамраас нь цус гарсан, нүд нь хавдсан байсан. Гэрийн гадна маргаан болоогүй. Тэгээд удалгүй тарцгаасан... Х өөр хүнтэй маргалдаж, зодолдоогүй... Х Т-г цохиж, зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 30-32 дугаар тал/
4. Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 05-н цагийн үед Халиун сумын төвд хуучин эмнэлгийн байранд Чацран багийн иргэдийн урлагийн наадам бэлдэж байгаад Б, П нарын хамт харих гээд гарч ирэх үед эмнэлгийн байрны гадна Т, Х нар зогсож байсан. Тэгээд бид гурвыг хаашаа явж байгаа талаар асуугаад манайх руу дагаж ирсэн. Гэрт ороод нэг шил архи задлаад ууцгаасан. Удалгүй Ө эхнэртэйгээ хамт ирсэн. Би хэсэг сууж байгаад унтсан. Унтаж байхад гэрт маргаан болсон байсан. Би сэрээд хартал гэрээс хүмүүс гарч байсан. Тэгээд манай эхнэр хаалгаа цоожлоод сумын цагдаад дуудлага өгсөн. Юу болсон талаар нь асуухад хоорондоо юм ярьж байгаад Т Х-г өшиглөсөн гэж хэлсэн. Би тухайн үед унтаж байсан болохоор болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 35-36 дугаар тал/
5. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 326 дугаартай “...1. Б.Х-н биед баруун доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хацар, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.
4. Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой болно.
5. Дээрх гэмтлүүдээс баруун нүдний доод зовхинд үүссэн шарх гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/
6. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6 дугаар тал/
7. Хохирогч Б.Х-т эмнэлгийн тусламж үзүүлсэн Халиун сумын эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Т-н үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дугаар тал/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Т-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Т-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА