Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Э,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А,

шүүгдэгч М.Э  түүний өмгөөлөгч Ш.Оюунмаа /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ө овогт М-ын Эад холбогдох эрүүгийн 2203006240575 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 24-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын зам барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .............. дүгээр баг, .............  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх,  Ө овогт М-ын Э /РД:.................../

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч М.Э нь УБТЗ-ын замын 3-р ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх үедээ УБТЗ-ын Цомог өртөө 733-р км-ийн төмөр замаас бетон дэр 105 ширхэгийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд төмөр замаас авахуулан модон дэрээр сольж, улмаар бусдад худалдан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эд хөрөнгө завшиж байгууллагад 10.306.639 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр УБТЗ-ын Замын 3-р ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх үедээ 2 удаагийн үйлдлээр УБТЗ-ын Замын 3-р ангийн хашаанд хураалттай байсан нийт 55 ширхэг бетон дэрийг авч бусдад зарж борлуулсан, дараа нь 2 удаагийн үйлдлээр 733-р км замаас  нийт 50 ширхэг бетон дэрийг авч модон дэрээр сольж зарж борлуулсан. Нийт 105 ширхэг бетон дэрийг хувийн төмөр замын компанид ажилладаг Э гэдэг хүнд зарж борлуулсан. Тухайн 105 ширхэг бетон дэрийг бэхэлгээний хэрэгслийн хамт УБТЗ-ын Замын 3-р ангид буцаан хүлээлгэн өгсөн. Би тухайн үед цахимаар мөрийтэй тоглож бусдад бага бус хэмжээний өрөнд орж, өр төлбөрөө барагдуулах гээд ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Би албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг. /хх-ийн 198-199 хуудас/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай ангийн дарга А нь ерөнхий нягтлан, замын инженер С бид гурвыг дуудаад гол замын 733-р км замаас орлогч дарга М.Э нь бетон дэр авсан байна гэж паспорт инженер, хэсэглэл хариуцсан инженер 2-г газар дээр нь шалгаад ир гэж хэлээд явуулсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ангийн даргын Б-III-119 тушаалаар газар дээр нь шалгах комисс томилсон уг комиссыг надаар ахлуулаад шалгасан. Тэгээд шалгахад 733-р км 29-33 дугаар үенээс 50 ширхэг бетон дэр сугалаад шинэ модон дэр хийсэн байсан. Тэгээд ангийн даргад танилцуулсан. Цомог зөрлөгийн өртөөний зам дээр 2019 оны 10 дугаар сард хүчжүүлэн тавьсан байсан ба 55 ширхэг бетонон дэрийг замаас салгаж авсан боловч актлаагүй, актлах шийдвэр гараагүй байсан. Манай байгууллагад 2 удаагийн үйлдлээр нийт 105 ширхэг төмөр бетонон дэрний хохирол учирсан, хохирлын актаар эхний 55 ширхэг дэр нь 6.840.020 төгрөг, сүүлийн 50 ширхэг дэр нь 4.231.800 төгрөгний хохирол учирсан...М.Э нь замын 3 дугаар ангид учирсан 105 ширхэг бетонон дэрийг бэхэлгээний хамт бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн буюу манай байгууллагад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй...  гэсэн мэдүүлэг /х.х-ийн 58-63 хуудас/

3. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2022 оны 08 дугаар сард Э над руу залгаад акталсан, ямар ч асуудалгүй зарах бетон дэр байна, чи худалдаж авах уу гэж ярьсан. Тэгээд би худалдаж авахаар болоод 2 дуаагийн үйлдлээр нийт 55 ширхэг бетон дэрийг Чойрт очиж байгаа газраас нь авсан. Уг 55 ширхэг дэрийг 5.500.000 төгрөгөөр худалдан авч өөрийн 5078017554 дугаарын дансаар гүйлгээг нь хийж хэд хэдэн удаа хуваан төлсөн. 2022 оны 09 дүгээр сард мөн Э залган дахиад бетон дэр худалдаж авах уу, ямар ч асуудалгүй гэхээр нь худалдаж авахаар болоод 50 ширхэг бетон дэр авсан. Нийт 105 ширхэг бетон дэрийг 11.000.000 төгрөгөөр худалдаж авсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 79-80 хуудас/

4. Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Би Улаанбаатар хотод байж байгаад 2022 оны 08 сарын сүүлээр Чойрлуу ажилдаа явсан. Тэгээд аяганы хонхор гэдэг газар байдаг компанийхаа хашаанд байрласан. Намайг очиход хашаанд бетон дэр болон дагалдах боолт, жижиг хэрэгслүүд хураалттай байсан.  Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр Э над руу залган цагдаагаас УБТЗ-ын ажилчидтай хамт очиж хашаанд байгаа бетон дэр болон дагалдах жижиг хэрэгслүүдийг очиж авна, чи тоолоод хүлээлгээд өгөөрэй гэсэн. Эыг ярьсны дараа УБТЗ-ын 3 ажилчин болон цагдаагийн 2 алба хаагч ирж тухайн бетон дэрийг ачаад аваад явсан би бетон дэрнүүдийг ганцаараа хүлээлгэж өгсөн. Би уг бетон дэрнүүдийг ямар учиртай, хэн хаанаас авч ирсэн талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 85-86 хуудас/

5. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Олон овоо өртөөний 720 км гармын хавтан өргөх ажил хийж байхад Замын орлогч дарга Э нь замын 3 дугаар ангийн шуурхай албаны Пургон машинтай хүрч ирээд Цомог өртөөний 733 км замаас бетон дэр ачаад Чойрлуу оруулна шүү гэхээр нь би ажил л юм болов уу гэж бодоод за гэсэн. Тэгсэн орлогч дарга шуурхай албаны машиныг буцаагаад надтай цуг Цомог өртөөн дээр очоод 733 км гол замаас 20 ширхэг бетон дэр ачаад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Зараагийн эгнээ манайд ажиллаж байгаа Д гэх настай ахын эзэнгүй хашаанд буулгуулаад би орлогч даргыг гэрийнх нь гадаа буулгаж өгөөд машинаа грашид хийгээд харьсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 85-86 хуудас/

6. Гэрч Д.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2022 оны 15,  22-ны өдрүүдэд Замын 3-р ангийн орлогч дарга М.Эын амаар өгсөн үүргийн дагуу Замын 3-р ангийн 13-р хэсгийн 11 замчин ажлилуулж 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 20 ширхэг бетон дэрийг сольж ажилласан. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 30 ширхэг бетон дэрийг модон дэрээр сольсон... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 93-95 хуудас/

7. Гэрч Р.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2022 оны АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх жагсаалт дээр манай байгууллагын салбар нэгжийн дарга нарын албан тушаал уг жагсаалтанд байгаагүй. Иймд салбар нэгжийн орлогч дарга М.Э нь хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөггүй. Харин салбар нэгжийн дарган нь хөрөнгө орлогын мэдүүлэг бөгөлдөг... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 97-98 хуудас/

8. Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Би өөрийн эзэмшлийн малыг хайгаад Чойрын баруун талд явж байтал нэг хашаанд шпаль мод хураалттай харагдахаар нь зарах уу гэж асуутал модон шпалийг зарахгүй гэсэн . Хажуу талд нь бетон дэр харагдахаар нь зарах уу, хэдэн ширхэг байгаа вэ гэхэд үнэ тохирвол зарна, 55 бетон дэр байгаа, нэг бетон дэр нь 110.000 төгрөгийн үнэтэй гэсэн. Тэгээд би өвөлжөөний өрлөгний ул тавих зорилгоор уг бетон дэрийг худалдаж авахаар тохироод хүнээс ачааны машин түрээслээд уг бетон дэрийг ачаад Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байх өвөлжөө рүүгээ авч явсан. Д.Э нь над руу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр залган уг бетонон дэр ямар учиртай болохыг хэлсэн. Тэгээд би 55 ширхэг бетонон дэрийг дагалдах хэрэгслийн хамт буцааж өгөөд, Эаас бетон дэрний төлбөр болох 6.050.000 төгрөгийг буцааж авахаар болж 2022 оны 11 дүгээр сарны 10-ны өдөр Э ирж тухайн бетон дэрийг дагалдах хэрэгслийн хамт аваад явсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 100-101 хуудас/

9. Хөрөнгө Эстимэйт ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан. /х.х-ийн 117-124 хуудас/

10. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2013 оны 06 дугаар сарын 24-ний дөрийн Б-I-97 дугаартай тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /х.х-ийн 140-154, 171-174 хуудас/

11. Замын 3 дугаар ангийн даргын М.Эын ажил байдлын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 155-156 хуудас/

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 200 хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч М.Э нь УБТЗ-ын замын 3-р ангийн орлогч дарга М.Э нь ангийн даргын үүргийг орлон гүйцэтгэж байх үедээ УБТЗ-ын Цомог өртөө 733-р км-ийн төмөр замаас бетон дэр 105 ширхэгийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд төмөр замаас авхуулан модон дэрээр сольж, улмаар бусдад худалдан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эд хөрөнгө завшиж 10 306 639 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Д.Э, гэрч Б, гэрч Б, гэрч Ж нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон Замын 3 дугаар ангийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 119 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлт, акт зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: 105 ширхэг бетон дэр авсныг нь шалгаж тогтоосон байгаа. Өөр замын ангийг хохироосон зүйл байхгүй. Орлогч даргаар ажиллаж байсан М.Э нь 105 бетон дэрийг дагалдах хэрэгсэлтэй нь тоо ёсоор нь биет байдлаар буцааж өгсөн. Одоо Улаанбаатар төмөр замын Замын 3 дугаар ангид ямар нэгэн хохирол байхгүй. Бүрэн барагдуулсан гэв.

 

Шүүгдэгч М.Э нь УБТЗ-ын замын 3-р ангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх үедээ УБТЗ-ын Цомог өртөө 733-р км-ийн төмөр замаас бетон дэр 105 ширхэгийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд төмөр замаас авахуулан модон дэрээр сольж, улмаар бусдад худалдан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эд хөрөнгө завшиж байгууллагад 10.306.639 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч М.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас ...” УБТЗ-ын замын 3 дугаар ангид 10.306.639 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол төлөгдөж дууссан байх тул шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Эад 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.О нь “.М.Э нь өөрийнхөө албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж 105 ширхэг бетон дэр авсан нь үнэн. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж сайн дураараа хохирол төлбөрөө биет байдлаар төлсөн. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзээд мөн дээр нь хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Тухайлбал анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Ялыг тохиролцож шүүхэд ирсэн. Ялын хэмжээг зөвшөөрч байна гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба шүүгдэгч М.Эын хувьд,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, давтамжийн байдал, үйлдлийн арга барил, нийгмийн аюулын шинж, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч М.Эын хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг” албан тушаалын байдлаа ашиглаж завшсан бол ...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийн өөрийн нь хувийн байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан торгох ялыг доод хязгаараар нь оногдуулж шийдвэрлэсэн болно.

Харин шүүгдэгч М.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Эад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт М-ын Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Эыг  10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эад оногдуулсан торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Эад  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ