Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

2022         12        19                                          2022/ШЦТ/90

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч Ш.Э, Д.А,

шүүгдэгч Х.Г, О.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаарщ

Г аймгийн Прокурорын газраас Б овогт Хын Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, Г овогт Оийн Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000980073 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Хын Г /РД:.../, Х аймгийн Д суманд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хамтран амьдрагч, 5 хүүхдийн хамт У.. хот, С... дүүргийн ... дугаар хороо, Хангайн ..... тоотод оршин суух, урьд Б.. дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жил 26 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 2 жил 26 хоногийн хорих ялаар тогтоосон,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Г овогт Оийн Б /РД:..../, Х аймгийн Б суманд ... оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Урьхан бууз” цайны газарт тогооч ажилтай, ам бүл 7, хамтран амьдрагч, 5 хүүхдийн хамт У...р хот, С... дүүргийн .... дугаар хороо, .... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1038 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Х.Г 2021 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Г аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Бүдүүний ар” гэх газраас иргэн С.Бийн эзэмшлийн улаан алаг зүсмийн шүдлэн насны эр үхрийг бэлчээр дээр нь нядлан .... УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

Учрах саадыг арилгах зорилгоор “Бичил Глобус” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй ..... УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг ашиглаж Т аймгийн Б сумын Гурван түрүү 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бухтын тохой” гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн Д.Аын өмчлөлийн 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 350 000 төгрөгийн хохирол учруулсан,

... УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Т аймгийн Б сум өнгөрөөд 14 дүгээр зөрлөгийн хойд талд төмөр замын нүхэн гарцны баруун талд иргэн П.Бийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан нядалж 5 450 000 төгрөгийн хохирол учруулсан,

... УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Т аймгийн Б сум өнгөрөөд 14 дүгээр зөрлөг арай хүрэлгүй засмал зам, төмөр хоёрын хооронд иргэн П.Бийн өмчлөлийн 1 тооны бух үхрийг хулгайлан нядалж 4 333 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Т аймгийн Б сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сондуулын гуанзны ар” гэх газраас иргэн Л.Дийн өмчлөлийн 1 тооны үхрийг машин механизм ашиглаж хулгайлан 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Г аймгийн Б сумын нутаг дэвсгэр төмөр замын 613 дугаартай нүхэн гүүрний баруун талаас иргэн С.Бийн эзэмшлийн хүрэн халзан зүсмийн шүдлэн насны эр үхрийг бэлчээр дээр нь нядлан ... УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд өдрийн хооронд Т аймгийн Б сумын Цант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хоолтын гол” гэх газраас иргэн М.Бын өмчлөлийн 2 тооны үхрийг буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан 2 933 200 төгрөгийн хохирол учруулсан,

Хамтран амьдрагч О.Бтэй бүлэглэж 2022 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоёр толгой” гэх газраас иргэн Ш.Эийн эзэмшлийн улаан алаг зүсмийн соёолон насны эр үхрийг бэлчээр дээр нь нядлан ... УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Яллагдагч О.Б нь хамтран амьдрагч Х.Гтой бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоёр толгой” гэх газраас иргэн Ш.Эийн эзэмшлийн улаан алаг зүсмийн соёолон насны эр үхрийг бэлчээр дээр нь нядлан ... УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Улсын яллагчийн сонсгосон 8 удаагийн хулгайн хэргүүд бүгд үнэн. Ганцаараа явж үхэр хулгайлдаг байсан. Эхнэрийгээ хамгийн сүүлд худлаа хэлээд дагуулаад явсан. Эийн үхрийг хулгайлахад эхнэрийн оролцоо бараг байхгүй, машинд сууж байсан. Би өөрөө үхрийг янзалсан. Би сүхээр үхрүүдийн толгой руу цохиж муужруулаад цусалж янзалдаг байсан. 1 үхрийг янзлахад 1 цаг орчим болдог байсан. Би хөдөө өссөн болохоор мал нядалж мэднэ. Т аймаг болон Г аймгийн цагдаа нартай хамт явж би өөрөө үхэр хулгайлсан газруудыг зааж өгсөн. Эдгээрээс өөр хулгай хийсэн асуудал байхгүй. Машин, зурагтын лизинг төлөхөөр хулгай хийсэн. Үхрийн махыг зах дээр ченжид өгдөг байсан. Би Бд хөдөөнөөс мах авч ирсэн гэж хэлдэг байсан. Б хулгай хийсэн талаар мэдэхгүй. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Эийн үхрийн махыг зараад 900 000 төгрөг өгсөн, бусад хохирлыг төлөөгүй. Ахмад Т гэх хүнд хохирол төлөхөөр мөнгө бэлнээр өгч байсан. Хулгай хийхэд ашигласан машиныг Бичил глобус ББСБ-аас авсан. Хулгай хийсэн үйлдлүүдээ зөвшөөрч байна, зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Ажил хийж байгаад хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна. Бүх зүйл миний буруу, эхнэр минь буруугүй. Бийг хорихоос өөр ялаар шийтгэж өгнө үү гэв.

2. Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г Х аймгийн Д сум руу Г ахынх руугаа үхэр хийе яваад ирье гэсэн. Явж байхад нилээд харанхуй болоод би унтсан байсан. Г нилээн явж байгаад энд үхэр байна авъя гэсэн. Би хэсэг зуур унтаж байгаад ачихад нь сэрэхэд үхрийг янзлаад 2 хуваачихсан мах өргөөд өгчих гэхээр нь өргөж өгсөн. Үхэр хулгайлж байгааг нь мэдсэн. Ахмад Т гэдэг цагдаа хохирлын мөнгийг бага багаар нь төл гэхээр нь 500 000 төгрөгийг Г аймгийн Хаан банкны АТМ-ээс авч өгсөн. 400 000 төгрөгийг Голомт банкны данс над руу өгөхөөр нь шилжүүлсэн. Сүүлд 500 000 төгрөгийг Улаанбаатар хотод байхад Г руу яриад хороололд уулзаад Номингийн дэргэхэд АТМ-ээс авч өгсөн. Хохирлын мөнгө гэж өгсөн болохоор хохирол төлөгдөж байгаа гэж бодсон. Эийн хохирлыг цалин буухаар төлнө. Буруугаа хүлээн зөвшөөрч байна, хүүхдүүдээ харж хандмаар байна, 5 хүүхдийг минь харах хүн байхгүй учир хорихоос өөр ял оногдуулж өгнө үү гэв.

3. Хохирогч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өнгөрсөн зун ногоо муутай байхаар нь хадам ахындаа хэд хоног ногоо гайгүй болтол ирсэн. Тэгээд мухар улаан алаг соёолон гуна алдсан. Хохиролд 900 000 төгрөгийг бэлнээр авсан. Мөрдөгчийн зүгээс хохирлын мөнгө гэж аваагүй. Би үхрээ 3 500 000 төгрөгөөр үнэлсэн. Одоо шүүгдэгч нараас 2 600 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

4. Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Т аймгийн Б сумын Уртын тохой гэх газраас мухар хар зүсмийн бүдүүн гуна алдсан. Үхрээ 2 350 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Хохирлыг төлөөгүй тул барагдуулж авмаар байна, гомдолтой байна гэв.

 

5. Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын дундуур бэлчээрт байсан үхрээс хүрэн халзан шүдлэн гуна дутсан байхаар нь ижлээсээ саринаад явсан юм байх гэж бодоод сар гаран хайгаад олдоогүй цагдаагийн байгууллагад хандсан. Хулгайд алдагдсан үхэр баруун чих араасаа ганзага имтэй, хойд 2 хөлийн өсгий нь цагаан, гэдэсний доод хэсгээр цагаан, эрүүний доод хэсгээр цагаан, хүрэн халзан шүдлэн гуна байсан. Би хулгайд алдагдсан үхрээ 1 500 000 төгрөгөөр үнэлнэ. Манай үхрийг манай хамаатан Г, Ж нар Б сумын 18 дугаар зөрлөг дээр малладаг байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 204-207 хуудас/

6. Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай малыг Г аймгийн Б сумын 1 дүгээр багт Ц.Д малладаг. 2021 оны 8 дугаар сарын сүүлээр ээлжийн амралтаа аваад явж байтал манай малчин Ц.Д залгаад таны улаан алаг зүсмийн шүдлэн эр үхэр алга болоод хайгаад олдохгүй байна гэхээр нь сайн хайгаад олоорой гэж хэлсэн. Би өөрийн алдсан үхрээ 1 500 000-1 800 000 төгрөгний хооронд үнэлнэ” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 33-36 хуудас/

7. Хохирогч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би хувьдаа 6 тооны үхэртэй, тэрийгээ Т аймгийн Б сум, Өгөөмөр 2 дугаар багт нутгийн дүү Ц.Б үхэрнүүдтэй нь нийлүүлээд маллуулдаг. 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой Б залгаад танай цагаан хээлтэй үнээг өнгөрсөн бүтэн сайн өдрийн шөнө бололтой Сондуулын гуанзны арын Б гэх хүний өвөлжөө хаваржааны саравчинд нядлаад, махыг нь шулаад аваад явсан байна гэж мэдэгдсэн. Нядлагдсан үхэр нь Монгол үүлдрийн нас нь 10 гарсан 2-3 удаа тугалсан ямар нэг им тамгагүй цагаан зүсмийн хээлтэй үнээ байсан. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж эзэн холбогдогчийг нь олж тогтоон өгч хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 244-247 хуудас/

8. Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 9 цагийн үед 30 гаран тооны үхрээ бэлчээрт гаргасан. Тухайн үед манай үхэр гэрээсээ зүүн зүгт буюу төмөр замын нүхэн гүүрээр гараад төмөр зам, засмал зам хоёрын голд бэлчээрт байсан. Орой 21 цаг өнгөрч байхад үхрээ гэрийнхээ гадаа хураасан. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өглөө үхрээ бүртгэхэд 2 тооны эм үнээ дутуу байхаар нь би ойролцоо газар, айлуудаар хайсан боловч олдоогүй. Хэд хоногийн дараа малд явж байхад манай үхэр бэлчээрт гардаг газраас урд зүгт 2 километр орчим зайд төмөр замын баруун талд 2 бод малын гэдэс дотор болон 1 ширхэг шийр, модон иштэй том хутга байсан. Миний алдсан 2 тооны үхрийн содон шинж тэмдэг нь  хар толгойтой, хар бөгстэй, цагаан шахуу үнээ, улаан зүсмийн 4-8 насны үнээнүүд байсан. Би өөрийн алдсан үнээ тус бүрийг 1 500 000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 77-79 хуудас/

9. Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед манай дүүгийн малыг хардаг О гэдэг залуу залгаад Бухтын тохойд танай 2 үхрийг шулаад нядалсан байна гэхээр нь би цагдаад мэдэгдээд үхэр шулагдсан гэх газар очиж үзэхэд хар бөөр алаг зүсмийн үнээ, цавь цагаан сартай улаан гуна хоёрыг маань нядлаад гэдэс дотор, толгой, шийрийг нь үлдээгээд явсан байсан. Нядлагдсан бөөр алаг хар зүсмийн үнээ нь энэ жил нас бие гүйцэж байгаа бүдүүн, хээлтэй үнээ байсан. Би одоогоос 6 жилийн өмнө Ж сумаас сүүний чиглэлийн гээд хар алаг үнээг 4,5 сая төгрөгөөр авч байсан, их сүүтэй үхэр байсан. Би бөөр алаг хар үнээгээ 4,5 сая төгрөгөөр, цавь цагаан сартай улаан гуныг 3 сая төгрөгөөр тус тус үнэлнэ. Би гомдолтой байна, алдсан 2 үхрээ төлүүлж авмаар байна

...2022 оны 04 дүгээр сарын 20-д өнгөрөөд манайх хэд хоног нүүдэл хийж хаваржаандаа бууж дуусаад 2-3 хоног үхрээ хараагүй. Тэгээд нүүдэл хийж дуусаад үхрээ хаваржаанд авч ирэх гээд хураатал хязаалан насны 1 тооны цэгээн зүстэй бух алга болсон байсан. Би ойролцоох айлын үхэр малаар хайсан боловч олдоогүй, сураг гарахгүй байсан. Шуургатын адаг гэх газарт төмөр зам засмал зам хоёрын хооронд 1 тооны цэгээн зүсмийн үхрийн арьс болон гэдэс дотор байсан гэж хүмүүс ярьсан. Манай бух мөн байх гэж бодож байна. Миний алдсан бух мах, сүүний чиглэлийн Ангус үүлдрийн нас залуу хязаалан бух байсан. Цэгээн цавьдар зүстэй, гозгор босоодуу эвэртэй, зөв талын чих нь хулгар, буруу чих имгүй байсан. Би 2018 онд 2 000 000 төгрөгөөр авсан. Би өөрийн алдсан бухаа 6 000 000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 149-153, 218-220 хуудас/

10. Иргэний нэхэмжлэгч А.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “... УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг О овогтой Б гэх харилцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 05-нд 13 500 000 төгрөгийн зээл үүсгэж урьдчилгаа 3 000 000 төгрөгийг тушааж тээврийн хэрэгсэл худалдан авч 10 500 000 төгрөгийн барьцаанд тухайн тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэй байршуулсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 6 000 723 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл зээл хаах дүн нь    4 573 215 төгрөг байна. Төлөлт ямар нэгэн асуудалгүй хийгдэж байгаа. Тээврийн хэрэгсэл манай байгууллагын эзэмшилд байгаа. Зээлийн барьцаа хөрөнгө битүүмжлэгдээд байгаа тул зээлийн үлдэгдэл төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжлэх хүсэлттэй. Энэ тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэр дээр байгаа учраас бид тус тээврийн хэрэгслийг өөрсдийн эзэмшилд авах хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 47-50 хуудас/

11. Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд Б сумын 2 дугаар баг, Хоёр толгойн зүүн талд явж байтал цагдаагийн машинтай таараад сумын цагдаа бууж ирээд урд талын хороон дээр 1 үхэр хийсэн байна гээд мухар улаан халзан үхрийн толгойны зураг үзүүлэхээр нь манай үхэр арай биш байна гэж бодоод үхэр хийсэн хороон дээр ирэхэд манай үхэрт байдаг хүргэн дүү Ш.Эийн мухар улаан эрээн зүсмийн соёолон эр үхэр мөн байсан. Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчимд Хоёр толгойн худагт үхрээ услахад уг үхэр байсан ба манай үхэрнүүд урагшаагаа гарч бэлчсэн. Уг үхрийн эзэн нь Ш.Э гэдэг хүн байгаа” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 55-56 хуудас/

12. Насанд хүрээгүй гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16-17 цагийн орчимд ээж Б, аав Г нар хамт хөдөө явахаар болсон. Тэр үед нь дүү С бид 2 хамт явж болох уу гэхэд аав Г дургүйцэхэд ээж амралтын өдөр юм чинь яахав гээд цуг явахаар болсон. Шөнө сэрэхэд гадаа харанхуй болсон хөдөө газарт ирсэн байх шиг байсан. Ээж Б надад урд суудалд дүүгээ аваад суу гэхээр нь би дүүгээ хөтлөөд хамтдаа жолоочийн хажуугийн урд суудалд сууж байх үед ээж Б, аав Г нар нь арын тээшний хаалга, хойд хоёр хаалга онгойлгоод ямар нэгэн зүйл ачаад байсан. Аав Г дүү бид хоёрыг сэрээгээд хойшоо суучих гэхээр нь би дүүтэйгээ хойд сандалд суух гэтэл тээш, сандал хэсэгт ямар нэгэн зүйл ачсан дээгүүр нь бүтээлгээр бүтээсэн байсан. Гэнэт сэрэхэд хотод ороод ирсэн цагдаа бид нарыг зогсоосон байсан. Урьд өмнө нь ийм байдлаар аав ээжтэй хөдөө явж байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 61-62 хуудас/

13. Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Б малыг 10 гаруй жил малласан. Б 10 тооны үхэртэй байж байгаад 1 тооны үхрээ 2022 оны 5 сарын дундуур алдаад хайгаад олоогүй. Бид нар бодохдоо ижлээсээ саринаад явсан байна гэж бодоод сар гаран хайсан. Тухайн хулгайд алдагдсан үхэр нь хүрэн халзан зүстэй, нилээн том биетэй, шүдлэн гуна байсан. Зөв чих нь араасаа цуулбар имтэй, баруун чих нь шар бирктэй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 210-212 хуудас/

14. Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “50991101... тоот данс нь миний эзэмшлийн данс. 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд нэг эмэгтэй надад нэг үхэр байна, өөрийн үхэр Х аймгаас ирсэн гэх зүйлийг хэлээд авах уу гэсэн. Би үхрийг нь харахад 2 орчим насных байрын монгол аргаар 4 мөч болгосон жижиг туранхай үхэр байсан. Жижиг тэргэнд ачсан байсан ба Приус-20 байсан гэж бодож байна. Улсын дугаар болон өнгийг нь сайн санахгүй байна. Тухайн үед тэр эмэгтэй ганцаараа байсан, дансаа өөрөө надад хэлсэн. Хүүхдийн сургалтын төлбөр төлөх гэсэн юм гэж хэлж байсан санагдаж байна. Биеэр эсвэл зургийг нь харвал би танина. Тухайн үед би гарал үүслийн бичгийг өгөх талаар хэлсэн боловч надад өглөө эрт гараад эмч нь ирсэнгүй гэх зүйлийг ярьсан санагдаж байна. Уг үхрийн махыг 500 000 төгрөгөөр Нарантуул-2 худалдааны төв дээр авсан...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр  1 700 000 төгрөгийн гүйлгээ хийснээ санахгүй байна. Гэхдээ шар царайтай эмэгтэй хүн өөрийн малнаас авчирсан юм, малын бичиг авч чадсангүй, мөнгөний хэрэг болоод гэх зүйлийг ярьж байсан санагдаж байна. Тухайн үед ямар мал авсан талаараа сайн санахгүй байна. Эмэгтэй хүн гуйгаад байсан учраас л өрөвдөөд малынх нь махыг гарал үүслийн бичиггүй авсан. Би өдөрт их олон хүнтэй харьцдаг, олон хүнээс мах худалдан авдаг учраас өмнөх мэдүүлэг дээр энэ талаар санаагүй. Одоо бодоод байхад мах авсан эмэгтэй хүн нэг хүн хамт байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 216-220, 4-р х.х-ийн 24-27 хуудас/

15. Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2017 оноос хойш С.Б гэх хүний үхэр, хонь, ямааг нь маллаж байна. 2021 оны 08 дугаар сарын 21-ний орой 17-18 цагийн орчимд Б сумын 1 дүгээр баг, Бүдүүний ар гэх газарт манай үхэр бүрэн байсан. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 8-9 цагийн үед үхрээ бүртгэж үзэхэд улаан алаг зүсмийн зөв чих араасаа ухам, буруу чих урдаасаа ухам имтэй шүдлэн насны эр үхэр байхгүй байхаар нь тухайн өдөр болон маргааш нь ойр хавиараа хайгаад олоогүй. Би үхрийн эзэн Бд хэлсэн. Алдагдсан үхрийг бүдүүний арын бууцанд хийгээд явсан гэдгийг одоо мэдлээ” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 37-38, 42-43 хуудас/

16. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би тухайн үед үхэр дутсан талаар мэдээгүй байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 23-ны өглөө Д ахтай цуг үхрээ бүртгэхэд улаан алаг шүдлэн эр үхэр байхгүй байсан, Д ах намайг хот явсан хойгуур чи үзэж, харсан уу гэж асуухаар нь манайх олон алаг үхэртэй болохоор уржигдар үхрээ үзэхэд алаг үхэр байсан гэж хэлсэн. Тухайн үед манай маллаж байсан үхэрнүүд 130-140 тоотой байсан болохоор би үхэрнүүдийг хараад нэгээр нь шууд ялгаж чадаагүй” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 44-45 хуудас/

17. Гэрч Ч.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 5065027... тоот данс руу мөнгө шилжүүлсэн болон гүйлгээний утга дээрх тавьдаг утга нь миний хийсэн гүйлгээ мөн байна. Би малын махны кодгүйгээр хүнээс малын мах авдаггүй. Би 2021 оны 08 дугаар сард авсан мах учраас ямар хүмүүсээс авсан болохыг ч санахгүй байна. Махаа өгсөн хүний хэлсэн дансанд л махны мөнгийг jaagii гэж нэрээ бичээд кг жинг цуг бичээд хийдэг. Би хүнээс мах худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээ болох кодыг нь шалгаж үзэхгүйгээр авдаггүй болохоор кодоо шалгуулсан гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 46-48 хуудас/

18. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б сумын төвд явж байтал Ц.Ц гэх хүн залгаад танай үхэр дунд яваад байдаг цагаан зүсмийн хээлтэй үнээг Сондуулын гуанзны арын Б гэх хүний саравчинд шулаад гэдсийг нь гаргаад махыг нь аваад арьсаар нь бүтээсэн байна гэж мэдэгдсэн. Би тухайн өвөлжөө хашаа саравчинд очиход үнэхээр манай үхэр дунд байдаг Л.Д гуайн эзэмшлийн цагаан зүсмийн хээлтэй үнээг нядалж шулаад хээлийг нь гэдэс дотортой нь гаргаж тавиад арьсаар нь хучсан байсан. Бага оврын автомашины бололтой бүдэг мөр тэр хавиар нь гарсан, хүний гутлын мөр бусад сэжигтэй ул мөр нь анзаарагдахааргүй бүдгэрсэн байсан. Тухайн нядлуулдаг үхэр нь нас нь нилээн ахисан 5-6 удаа лав тугалсан хөгшин Монгол үүлдрийн үнээ байсан. Би хамгийн сүүлд тэр цагаан үнээг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Т аймгийн Б сумын Өгөөмөр 2 дугаар багийн сондуул гэх газарт худаг дээр услаад бэлчээрт гаргасан” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 1-2 хуудас/

19. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед би гэрээсээ баруун урд зүгт үхэр малаа бөөгнүүлэх гэж явж байгаад П.Б гуайн хар бөөр алаг үнээ, цавь цагаан сартай хязаалан эр үхрийг шулаад арьс, шир, толгойг нь үлдээгээд махыг нь аваад явсан байхтай таараад утсаар мэдэгдсэн. Би 2 тооны үхрийг шулагдсан байхыг манай гэрээс баруун урд зүгт 3 км орчим зайд төмөр замынхаа баруун талд Бухтын тохой гэх газраас олсон” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 154-157 хуудас/

20. Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 04 сарын сүүлээр хаваржаандаа нүүж буугаад эргэж ирээд үхрээ авах гэхэд нь гэрийнхээ гадаа тэжээсэн эрлийз тарган бухаа алдчихлаа гээд хайгаад байсан. Сүүлд нь олохгүй болохоор ойрхон нутаглаж байсан хүмүүст захиж үлдээгээд явсан. Дараа нь сураг сонсоход төмөр зам засмал зам хоёрын голд 1 тооны цэгээн цавьдар зүсмийн үхрийн арьс толгой, сэвс нь байсан гэсэн. Тэр Б ахын бух мөн байх, тэдний бух нь тийм цэгээн цавьдар зүстэй байсан” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 221-223 хуудас/

21. Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “50371411.. тоот данс нь миний эзэмшлийн миний ашигладаг данс. Би тухайн үед хэн гэдэг хүн рүү ямар шалтгаанаар шилжүүлсэн талаараа санахгүй байна. Өөрийн хөтөлдөг тооцооны дэвтрээс харахад 239 килограм үхрийн махыг 1 килограмыг 10 000 төгрөгөөр тооцож, нийт 2 390 000 төгрөгөөр худалдаж авсан, 1 ширхэг үхэр гэж тэмдэглэсэн байсан. Тухайн үед ямар хүнээс худалдан авсан талаараа би санахгүй байна. Гарал үүслийн бичиг байсан үгүйг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /4-р х.х-ийн 28-31 хуудас/

22. Яллагдагч Х.Г, О.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1-р х.х-ийн 7-8, 11-12, 51-52, 53-54, 58-59, 88, 97, 213-215, 237-238, 204, 2-р х.х-ийн 40-41, 51-52, 101-103, 142-144, 174, 3-р х.х-ийн 6-8, 35, 81-83, 114-115, 159-161, 203-205, 225-227, 4-р х.х-ийн 6, 33 хуудас/                                                                                                          

23. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 25-29, 199-202, 2-р х.х-ийн 234-239, 3-р х.х-ийн 131-138 хуудас/

24. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р х.х-ийн 53-55, 133-136, 240-242, 3-р х.х-ийн 69-72, 145-148, 214-216 хуудас/

25. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 14-20, 30, 32-36, 37-40 хуудас/

26. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р х.х-ийн 99-103, 169, 3-р х.х-ийн 73-74 хуудас/

27. “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар: хохирогч Ш.Э үхрийг 2 400 000 төгрөгөөр, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2004 онд үйлдвэрлэсэн, NHW200101925 арлын дугаартай, хар саарал өнгийн Тоyota Prius маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13 000 000 төгрөгөөр, хохирогч С.Бийн үхрийг 700 000 төгрөгөөр, хохирогч С.Бийн үхрийг 1 200 000 төгрөгөөр тус тус тогтоосон /1-р х.х-ийн 65-68, 75, 223-225, 2-р х.х-ийн 82-84 хуудас/

28. “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар: хохирогч Д.Аын үхрийг 2 350 000 төгрөгөөр, хохирогч Л.Дийн үхрийг      1 400 000 төгрөгөөр, хохирогч М.Бын 2 тооны үхрийг 2 933 200 төгрөгөөр, хохирогч П.Бын 2 тооны үхрийг 5 450 000 төгрөгөөр, П.Бын бухыг 4 333 000 төгрөгөөр тус тус тогтоосон /2-р х.х-ийн 147-155, 3-р х.х-ийн 11-19, 87-95, 168-177, 229-237 хуудас/

29. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х.х-ийн 127-134, 245, 250-2-р х.х-ийн 6, 2-р х.х-ийн 58-64, 4-р х.х-ийн 36-37, 39-47 хуудас/

30. Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримт /1-р х.х-ийн 162-168, 2-р х.х-ийн 14-16, 176-179, 3-р х.х-ийн 39-45, 119-122, 164-165 хуудас/

31. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай тогтоол  /1-р х.х-ийн 82-83, 91-92, 194-195, 233-234, 2-р х.х-ийн 27-28, 94-97, 128-129, 168-170, 3-р х.х-ийн 28-31, 64-65, 107-110, 126, 198-199, 209-210, 4-р х.х-ийн 1-2, 10-11 хуудас/

32. Яллагдагч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, ... дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, “Бичил глобус финанс” ББСБ зээлийн дансны хуулга, зээлийн гэрээний хуулбар /1-р х.х-ийн 113, 114, 116-117, 175-181, 184-191 хуудас/

33. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, шийдвэр гүйцэтгэгчийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /1-р х.х-ийн 135-136, 203, 148-158, 159,  249, 2-р х.х-ийн  186, 188-195 хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Х.Г нь 2021 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Г аймгийн Б сумын 1 дүгээр баг, “Бүдүүний ар” гэх газраас С.Бийн өмчлөлийн улаан алаг зүсмийн шүдлэн насны эр үхрийг ... УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Т аймгийн Б сумын 3 дугаар баг, “Бухтын тохой” гэх газраас Д.Аын өмчлөлийн мухар хар зүсмийн 8 настай бүдүүн үхрийг ... УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 350 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Т аймгийн Б сумын нутагт дэвсгэрт байрлах төмөр замын 14 дүгээр зөрлөгийн хойд талд төмөр замын нүхэн гарцны баруун талаас П.Бийн өмчлөлийн бөөр алаг зүсмийн хээлтэй үнээ, цавь цагаан сартай улаан гуныг тус тус ... УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 5 450 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Т аймгийн Б сумын нутагт дэвсгэрт байрлах 14 дүгээр зөрлөг арай хүрэлгүй засмал зам, төмөр хоёрын хооронд газраас П.Бийн өмчлөлийн сүүний чиглэлийн Ангус үүлдвэрийн хязаалан насны бухыг ... УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4 333 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Т аймгийн Б сумын 2 дугаар баг, “Сондуулын гуанзны ар” гэх газраас Л.Дийн өмчлөлийн цагаан зүсмийн хээлтэй үнээг ... УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Г аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 613 дугаартай нүхэн гүүрний баруун талаас С.Бийн өмчлөлийн хүрэн халзан зүсмийн шүдлэн насны гуныг ... УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Т аймгийн Б сумын 1 дүгээр баг, “Хоолтын гол” гэх газраас М.Бын өмчлөлийн хар толгойтой, хар бөгстэй цагаан үнээ, улаан зүсмийн үнээг тус тус ... УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 933 200 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө О.Бтэй бүлэглэж Г аймгийн Б сумын 2 дугаар баг, “Хоёр толгой” гэх газраас Ш.Эийн өмчлөлийн улаан алаг зүсмийн соёолон насны эр үхрийг ... УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Б нь 2022 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Х.Гтой бүлэглэн Г аймгийн Б сумын 2 дугаар баг, “Хоёр толгой” гэх газраас Ш.Эийн өмчлөлийн улаан алаг зүсмийн соёолон насны эр үхрийг ... УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Гийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутай,

шүүгдэгч О.Бий гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутай гэж тус тус дүгнэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Х.Г, О.Б нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Ш.Э, С.Б, С.Б, Д., Л.Д, М.Б, П.Б, иргэний нэхэмжлэгч А.Н, насанд хүрээгүй гэрч Б.С, гэрч Ц.А, Ч.Г, С.С, Ц.Д, Д.О, Ч.Ж, Ц.Б, О.О, Д.А нарын мэдүүлэг, шүүгдэгч Х.Г, О.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгч Х.Г, О.Б нарт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл, хуулийн зүйл, хэсэг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Г, О.Б нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдлээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Х.Г, О.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Ш.Батсүх: эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 5 жилийн хорих ял, шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн саналыг,

шүүгдэгч Х.Г: эхнэр О.Бийг хорихоос өөр ялаар шийтгэж өгнө үү  гэсэн саналыг,

Шүүгдэгч О.Б: 5 хүүхдийг минь харах хүн байхгүй учир хорихоос өөр ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Х.Г, О.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Х.Г, О.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч О.Бг бага насны 5 хүүхэдтэй зэргийг харгалзан хорих ялын хэмжээг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн дээр дурдсан нөхцөл байдлууд болон улсын яллагчийн саналыг үндэслэж шүүгдэгч Х.Г, О.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Х.Г, О.Б нараас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч О.Бд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зөвхөн 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх санкцтай байна.

Гэм хорын нэхэмжлэлийн талаар:

“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар хохирогч С.Бийн үхрийг 700 000 төгрөгөөр, хохирогч С.Бийн үхрийг 1 200 000 төгрөгөөр, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар хохирогч Д.Аын үхрийг 2 350 000 төгрөгөөр, хохирогч Л.Дийн үхрийг      1 400 000 төгрөгөөр, хохирогч М.Бын 2 тооны үхрийг 2 933 200 төгрөгөөр, хохирогч П.Бын 2 тооны үхрийг 5 450 000 төгрөгөөр, П.Бын бухыг 4 333 000 төгрөгөөр тус тус тогтоосныг үндэслэн шүүгдэгч Х.Гоос гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Ш.Э нь шүүх хуралдаанд хулгайд алдсан үхрийг 3 500 000 төгрөгөөр үнэлнэ. Үүнээс 900 000 төгрөгийг бэлнээр авсан тул хасаж үлдэгдэл 2 600 000 гаргуулж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Ш.Эийн үхрийг 2 400 000 төгрөгөөр тогтоосныг үндэслэх нь зүйтэй байх ба шүүгдэгч нараас тухайн үхрийн махыг 900 000 төгрөгөөр зарж борлуулан хохирогч Ш.Эд өгснийг хасаж үлдэгдэл 1 500 000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж тус бүрээс 750 000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Эд олгохоор шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч нар нь цагдаагийн ахмад Т гэх хүнд хохирол төлөх зорилгоор нийт 1 400 000 төгрөг 3 хувааж бэлнээр өгсөн гэх боловч хохирогч нарт хохирлыг төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй тул хохирол төлсөн гэж үзэх боломжгүй байна. Цагдаагийн ахмад Тт хохирол төлөх зорилгоор нийт    1 400 000 төгрөг өгсөн гэх асуудлаа холбогдох байгууллага болон албан тушаалтанд шүүгдэгч нар нь гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдье.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2004 онд үйлдвэрлэсэн, NHW200101925 арлын дугаартай, хар саарал өнгийн Тоyota Prius маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлдэгч О.Б, Х.Б нар нь “Бичил глобус финанс” ББСБ-аас 10 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан тухайн тээврийн хэрэгслийг барьцаалж авсан болох нь “Бичил глобус финанс” ББСБ-ын зээлийн болон барьцааны гэрээгээр, “Бичил глобус финанс” ББСБ, зээлдэгч О.Б, Х.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг бүрэн гүйцэтгэгдээгүй, дээрх тээврийн хэрэгсэл нь “Бичил глобус финанс” ББСБ-ын эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгч А.Нийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

Иймд Тоyota Prius маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож тухайн автомашиныг шүүгдэгч О.Бд олгож, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгслийн тогтоогдсон үнэ болох 13 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 6 500 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч А.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд зээлийн барьцаа хөрөнгө битүүмжлэгдсэн тул тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэр дээр учраас өөрсдийн эзэмшилд авах гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: зээлдэгч О.Б, Х.Б болон “Бичил глобус финанс” ББСБ-ын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба тус гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрөө барагдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б, Х.Г нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “West” гэсэн бичигтэй тамхины иш 1 ширхэг, цагаан олс 3 ширхэг, хар өнгийн төмөр сүхийг, ажлын хэсэг дээр Bass гэсэн бичигтэй, мод мэт хэлбэр бүхий шар өнгийн бариултай хутгыг, шар модон иштэй хутгыг тус тус устгахаар тогтоолоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Оийн Бийг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Хын Гийг мал хулгайлах гэмт хэргийг олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Гийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Х.Гт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.Б, Х.Г нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2004 онд үйлдвэрлэсэн, NHW2001019.. арлын дугаартай, хар саарал өнгийн Тоyota Prius маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 13 000 000 /арван гурван сая/ төгрөгийг шүүгдэгч О.Б, Х.Г нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 6 500 000  /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хар өнгийн төмөр сүхийг, ажлын хэсэг дээр Bass гэсэн бичигтэй, мод мэт хэлбэр бүхий шар өнгийн бариултай хутгыг, шар модон иштэй хутгыг тус тус устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 2004 онд үйлдвэрлэсэн, NHW2001019.. арлын дугаартай, хар саарал өнгийн Тоyota Prius маркийн 38-77 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт шүүгдэгч О.Бд олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “West” гэсэн бичигтэй тамхины иш 1 ширхэг, цагаан олс 3 ширхэгийг тус тус утгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  зааснаар шүүгдэгч Х.Гоос 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж Г аймгийн Б сумын 1 дүгээр баг, 105-2 тоотод оршин суух хохирогч С.Бд, 2 350 000 /хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Т аймгийн Б сумын Өгөөмөр 2 дугаар багт оршин суух хохирогч Д.Ад, 9 783 000 /ес сая долоон зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулж Т аймгийн Б сумын Б 2 дугаар багт оршин суух хохирогч П.Бд, 1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Багахангай дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух хохирогч Л.Дд, 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж Г аймгийн С сумын ... дүгээр баг, Ирээдүй замчин хотхоны .... тоотод оршин суух хохирогч С.Бт, 2 933 200 /хоёр сая есөн зуун гучин гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Т аймгийн Б сумын Ц 1 дүгээр багт оршин суух хохирогч М.Бд, 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Д аймгийн Ц сумын 2 дугаар баг, Эхэн баян гэх газар оршин суух хохирогч Ш.Эд, шүүгдэгч О.Бээс 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Д аймгийн Ц сумын 2 дугаар баг, Эхэн баян гэх газар оршин суух хохирогч Ш.Эд тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, Х.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА