| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2021/0031/З |
| Дугаар | 126/ШШ2021/0034 |
| Огноо | 2021-11-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 126/ШШ2021/0034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Лут Х.Б /РЭ63102505/-ийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох “Х.Бын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрын эзэмшүүлэхээс татгалзаж байгаа Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Хатгал тосгонд байрлалтай (хуучин Холбооны салбарын байр) өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Алтанхундага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Н нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэхээс татгалзаж байгаа Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, Хатгал тосгон дахь /Холбооны салбарын/ өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн дорх газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчид даалгах тухай. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Монгол Цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 381 дугаар тушаалаар уг компанийн зарим эд зүйлийг худалдан борлуулах шийдвэр гарсан. Энэхүү тогтоолын хавсралтад дурдсан данснаас хасагдах үндсэн хөрөнгийн жагсаалтад орсон байсан Хатгалын холбооны салбарын хуучин модон барилгыг би худалдаж авсан.
Ингээд нэгэнт тус байгууллагаас нэрлэн заасан үнээр нь худалдан авч тус байгууллагатай тооцоо дуусч уг үл хөдлөх хөрөнгийнхөө доорх газрын эзэмших захирамж гаргуулахаар Хатгал тосгоны захирагчид хандахад таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн дээд шатны Засаг дарга болох Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад гомдлоо гаргахад мөн л газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй тул эзэмшүүлж гэрээ, гэрчилгээ гаргах боломжгүй гэсэн тул тус шүүхэд хандаж байна.
Аливаа байшин барилга нь газартай барьцалдан наалдаж байж үл хөдлөх хөрөнгө гэж нэрлэгддэг, газаргүй үл хөдлөх хөрөнгө гэж байдаггүй байх. Тиймээс миний бусдаас худалдан авч өөрийн өмч болгосон уг модон байшингаа, үл хөдлөх хөрөнгө хэвээр нь ашиглах эрхийг хясан боогдуулж, байшин доорх газрыг нь эзэмшүүлэхгүй гэж татгалзаж байгаа Хатгал тосгоны захирагчийн татгалзлыг хууль бусад тооцуулан өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлсэн захирамж гаргуулан авч өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө зориулалтын дагуу ашиглах боломжоор хангуулах хүсэлтэй байна.
Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд байрлах өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрын эзэмших эрх олгохоос татгалзсан Хатгал тосгоны захирагчийн татгалзлыг хууль бусад тооцож, Хатгал тосгон дахь /Холбооны салбарын/ өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Х.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Иргэн Х.Б миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэхээс татгалзаж байгаа Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгоны захирагчийн болон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын албан тоот эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, Хатгал тосгонд байрлалтай /хуучин Холбооны салбарын байр/ өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад даалгаж өгнө үү. ... Тус барилгыг шинээр бариагүй 2006 онд газар төлөвлөлт хийдэг болохоос өмнө барьсан байсан бөгөөд аливаа байшин барилга нь газартай бэхлэгдэж байж үл хөдлөх хөрөнгө болдог.
Тиймээс миний бусдаас худалдан авч өөрийн өмч болгосон байшинг үл хөдлөх хэвээр нь ашиглах эрхийг хясан боогдуулж, байшин доорх газрыг эзэмшүүлэхгүй гэж татгалзаж байгаа Хатгал тосгон болон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын татгалзлыг хууль бусад тооцуулан өөрийн үл хөдлөх хөрөнгийн доорх газраа эзэмших захирамж гаргуулах хүсэлтэй байна.
Хатгал тосгонд байрлах өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхийг авахаар байршлаар нь Хатгал тосгоны захирагчид анх хандсан бөгөөд Засаг захиргааны нэгжийн хувьд Хатгал тосгон нь Алаг-Эрдэнэ суманд харьяалагдаж удирдах дээд байгууллага нь Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга байх тул хариуцагчаар татах хүсэлт гаргасан Хатгал тосгоны захирагч нь жинхэнэ хариуцагч биш байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу нэхэмжлэлийн хариуцагчийг солихыг зөвшөөрч нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагчаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргыг татаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Би Хатгалын усан зам дээр баригдаад ашиглалтад орж 20 гаруй жил болж байгаа барилгыг худалдаж аваад суурь газрыг өөрийнхөө нэр дээр гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн Х.Бын нэхэмжлэлтэй хэрэгт түүний төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд шинээр барилга байшин барих, өргөтгөх зэрэг хүсэлт гомдол маргааны талаар асуудал тавиагүй. Нэхэмжлэгч улсын байгууллагаас худалдаж авсан байшингийнхаа суурь газрыг өөрийнхөө нэр дээр авах хүсэлтэй байгаа. Орон нутгийн удирдлагуудаас нэхэмжлэлтэй холбогдуулж шүүхэд гаргасан тайлбартаа шинэ оны газар төлөвлөлтийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газар байгаа учраас болохгүй гэсэн тайлбар ирсэн байна билээ. Байшин барьж болох, болохгүй асуудлыг өнөөдөр биш тухайн үед нь ярих ёстой байсан байх гэж бодож байна. Уг обьектыг нэхэмжлэгч тухайн байгууллагын зарласан зохих үнээр худалдаж авсан. Нотлох баримт материалуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Хөрөнгө худалдаж авснаараа иргэн хохирч болохгүй байх гэж бодож байна. Хариу тайлбарт дурдсан хоёр асуудал байсан. Нэгдүгээрт далайн эрэгт ойрхон гэдэг асуудал тавьсан байсан. Далайн эрэгт ойр иргэдийн эзэмшлийн маш олон обьектууд байгаа. Харин энэ яригдаад байгаа обьект бол тухайн обьектуудыг бодвол далайн эргээс хамгийн хол, хамгийн хойд эгнээнд байрлаж байгаа. Хоёрдугаарт авто замын хувьд ойр байсан гэж яриад байгаа юм. Хүний эзэмшлийн газруудыг дайруулж зам төлөвлөсөн хүмүүсийн буруу байх гэж бодож байна. Хүний өмч хөрөнгө хуулиар хамгаалагдсан байдаг учраас би одоо ашиглагдаж байгаа обьектын доод эзэмшил газрыг нь тогтоож гэрээ, гэрчилгээг нь гаргаж өгөхийг орон нутгийн Засаг захиргаа, газрын албанд нь даалгаж өгөхийг хүсэж байна.
Энэ бол Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгоны усан зам дээр байгаа барилга л даа. Тийм учраас анх нэхэмжлэл гаргахдаа Хатгал тосгоны харьяа учраас Хатгалын захирагчид хандах юм байна гэдэг үндэслэлээр газрын албанд нь хандсан. Нэхэмжлэлтэй холбогдуулж Хатгалын Засаг даргын албан тоот ирсэн. Энэ тоотод дахин төлөвлөлтөд ороогүй, далайд ойр, машин тэрэг явдаг гэсэн хариу ирсэн. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явах үед Хатгал тосгоны нутаг дэвсгэрийн дээд харьяалал нь Алаг-Эрдэнэ сум болсон. Хатгал өөрөө бие даасан Засаг захиргааны нэгж биш учраас нэхэмжлэлийг сольсон. Тэгээд хариуцагч нь Хатгал тосгоны захирагч биш Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга юм байна гэдэг үндэслэлээр Хатгал тосгоны захирагчийг хариуцагчаар татахаас татгалзаж, Алаг-Эрдэнийг оруулж өгөөч гэсэн байгаа.
Би Хатгалыг энэ газрын эзэмшлийг тогтоогоод өгөх байх гэж Хатгалын Захирагчид хандсан чинь үүнийг мэдэх дээд газар нь Алаг-Эрдэнэ сум болж таарсан учраас миний газрыг гаргаж өгөх эрх бүхий хүн гэдэг дээр гаргаад байгаа юм. Ямар ч байсан миний газрын асуудал дээр шийдвэр гаргаж өгөхгүй байна, энэ хүний газрыг өөрийнх нь эзэмшилд шилжүүлж өгөхгүй дахин төлөвлөлт гэж яриад байгаа учраас хууль бус байна, хүний албан ёсны өмчлөлдөө авчихсан хөрөнгийн газрын асуудлыг нь шийдээд өгөөч гэсэн санал хүсэлтийг гаргаад байгаа юм. Энэ нь аль талдаа орохыг мэдэхгүй байна” гэв.
Хариуцагч Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Халзанхүү овогтой Бадамхандын эзэмших хүсэлт гаргасан газар нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учир тухайн иргэнд газрыг эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй болно” гэжээ.
Хариуцагч Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засаг даргын хувьд намайг хариуцагчаар татсан байна. Хатгал тосгоны захирагчид газар олгохыг даалгах, захирамж гаргах гэж байна. Төлөвлөгөөнд тусгагдаагүй газар дээр сумын Засаг дарга ямар нэгэн газрын харилцааны захирамж, нэр шилжүүлэх, өмчлөх зэргийг хийх нь Газрын тухай хуулиар хориотой байдаг учраас энэ оны хувьд газар эзэмших тухай захирамж гаргах боломжгүй байгаа. Хатгал тосгон маань өөрөө засаг захиргааны нэгж. Тухайн иргэний газар Хатгал тосгоны эдэлбэр газар дээр байгаа гэж ойлгож байгаа. Хатгал тосгоны удирдлагууд мөн иргэд нийлж байгаад дараа оныхоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн хурлаар оруулж батлуулдаг. Уг төлөвлөгөөний дагуу тухайн хүнд газар эзэмших, өмчлөх, ашиглах захирамжийг сумын Засаг дарга гаргаад явдаг. Би шүүхэд хариу тайлбараа өгсөн байгаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Хатгал тосгоноос иргэнд газар өмчлүүлэх тухай хүсэлт нь ирээгүй байгаа ийм үед Засаг дарга ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээр Хатгал тосгоны захирагчид даалгаж өг гэсэн байгаа. Тэгэхлээр сумын Засаг дарга Хатгал тосгоны эдэлбэр газарт хаана, хэнд, ямар хэмжээтэй газар олгохыг даалгах ямар ч зохицуулалт байхгүй гэж хэлмээр байна.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг ерөнхийд нь суманд бол сумын Засаг дарга, тосгонд бол тосгоны захирагч төлөвлөөд нийт иргэдээс санал авч байж ирэх жил гэр хорооллыг хааш нь төлөвлөх юм, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хааш нь төлөвлөх юм гэдгийг шийднэ. Мөн иргэд аж ахуй нэгжүүдээс ирсэн саналуудыг хэлэлцэж байгаад үүнийг нь оруулна, үүнийг нь оруулахгүй гээд нэг ёсондоо төлөвлөгөөний төслөө бэлдэнэ. 2021 он байлаа гэхэд 2022 онд тэнд тийм тийм газрыг олгоно гэж төлөвлөж оруулж ирээд үүний дагуу сумын иргэдийн хурлаар төлөвлөгөөний төслийг батална. Батлагдсан төлөвлөгөөний төсөл 2019 оноос хойш Лэнд.мн цахим газрын харилцааны системд шивэгдэж ордог болсон. Тэнд шивэгдэж орсон газар дээр гэрчилгээ гардаг болсон байгаа. Жишээ нь бид өнөөдөр энэ иргэнд газар олгох нь зүйтэй гэж шийдвэр гарчихсан байсан ч гэсэн газрын гэрчилгээ олгох боломжгүй. Хэрвээ энэ иргэний асуудлыг шийдье гэж бодож байгаа бол ирэх жил хурлаар батлуулаад программд оруулсан байх ёстой. Хурлаар батлагдсаны дараа программд оруулах нь газрын даамлын хийх ёстой ажил. Үүний дараа төсөл сонгон шалгаруулахаар байдаг юм уу, дуудлага худалдаагаар байдаг юм уу, өргөдлийн дагуу эзэмшүүлэхээр байдаг юм уу иргэддээ гэрчилгээ олгодог дүрэм журамтай. Төлөвлөгөөний төслийг боловсруулахад иргэдээс олон нийтэд зарлаж санал авдаг журам хүртэл байгаа.
Гол нь төлөвлөгөөний төсөлд ороод санал нь батлагдаад захирамжийн төсөл нь ирвэл би захирамжаа гаргаад тэрний дагуу гэрчилгээ нь гараад явдаг ийм л журамтай байгаа. Түүнээс өнөөдөр шүүхээс төлөвлөгөөнд оруул гэдэг юм уу, газар эзэмшүүлэх захирамжийг Засаг дарга гарга гэсэн шийдвэр гарахгүй байх. Төлөвлөгөөний дагуу ороод ирвэл миний зүгээс тэр дээр татгалзах зүйл байхгүй. Гол нь төлөвлөгөө нь хуулийн дагуу орж ирэх ёстой. Өгсөн тайлбартаа Авто замын тухай хууль, Усны тухай хууль гэсэн гэж байна. Төлөвлөгөөгөө төлөвлөж оруулж ирж байгаа хүмүүс газар олголт, газар төлөвлөлтөө хуулийн хүрээнд хийж байгаа юм уу гэдгээ хариуцах учраас тэр хүмүүс төлөвлөгөөгөө гаргаад над дээр хүрээд ирвэл би батлаад захирамж гаргахад татгалзах зүйлгүй” гэв.
Шүүх хэргийн оролцогч, төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Нэхэмжлэгч Х.Б Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчид холбогдуулж “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд байрлах өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрын эзэмших эрх олгохоос татгалзсан Хатгал тосгоны захирагчийн татгалзлыг хууль бусад тооцож, Хатгал тосгон дахь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчид даалгаж өгнө үү” гэх шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солиулах хүсэлт гарган, шүүхээс хариуцагчаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргыг татан оролцуулсан.
Нэхэмжлэгч Х.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Иргэн Х.Б миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэхээс татгалзаж байгаа Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн болон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын албан тоот эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, Хатгал тосгонд байрлалтай өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад даалгах” гэсэн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б “хариуцагч Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд байрлах үл хөдлөх хөрөнгийн доорх газрын эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, Хатгал тосгон дахь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Б Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Хөвсгөл аймгийн холбооны газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 79 дүгээр тушаал, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг дэвсгэрт байрлах 0,19 м2 талбайтай модон байшинг 606 000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч “миний бусдаас худалдан авч өөрийн өмч болгосон байшинг үл хөдлөх хэвээр нь ашиглах эрхийг хясан боогдуулж, байшин доорх газрыг эзэмшүүлэхгүй гэж татгалзаж байгаа Хатгал тосгон болон Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын татгалзал хууль бус” хэмээн маргаж байгаа. Х.Б нь өөрийн худалдаж авсан байшингийнхаа доорх газрыг эзэмших тухай хүсэлтийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад гаргаж байсан ба Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмшүүлэхээс татгалзсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдоно.
Түүнчлэн маргаж буй газар нь Хатгал тосгоны газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоол, уг тогтоолын 2 дугаар хавсралтаар нотлогдоно.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу Хатгал тосгонд газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга гаргана.
Ингэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 21.4.3. ... бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.4-т “... аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг баримтлах тул хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгө нь газрын бүрдэл хэсэг байхаас бус газар нь үл хөдлөх эд хөрөнгийнхөө бүрдэл хэсэг биш юм.
Иймд нэхэмжлэгчийн “байшин барилга нь газартай барьцалдан наалдаж байж үл хөдлөх хөрөнгө гэж нэрлэгддэг, газаргүй үл хөдлөх хөрөнгө гэж байдаггүй байх. Тиймээс миний бусдаас худалдан авч өөрийн өмч болгосон уг модон байшингаа, үл хөдлөх хөрөнгө хэвээр нь ашиглах эрхийг хясан боогдуулж ...” хэмээн маргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарах бөгөөд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоодог.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д зааснаар Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглосон.
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөн журам”-ыг баталсан.
Дээрх журмын 2.3-т “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: ... 2.3.3.нуур, урсацын тохируулгатай усан сангийн эргээс 100 метрээс доошгүй зайд, ...” гэж заасан.
2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүх Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэг орчимд байрлах маргаж буй газарт үзлэг хийгээд Хөвсгөл нуурын эргээс нэхэмжлэгч Х.Бын өмчлөлийн байшин хүртэл 80 метр зайтай байгааг тогтоосон. Энэ нь маргаж буй газар Хөвсгөл нуурын онцгой хамгаалалтын бүс дотор байна гэсэн үг юм.
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж заасан тул Хөвсгөл нуурын онцгой хамгаалалтын бүс дотор орших маргаж буй газарт газар эзэмших эрх олгох боломжгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Далайн эрэгт ойр иргэдийн эзэмшлийн маш олон обьектууд байгаа. Харин энэ яригдаад байгаа обьект бол тухайн обьектуудыг бодвол далайн эргээс хамгийн хол, хамгийн хойд эгнээнд байрлаж байгаа” гэснийг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь бусдын эзэмшлийн газар Хөвсгөл нуурын онцгой хамгаалалтын бүсийг зөрчиж байгаа гэдэг нь хууль зөрчин нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгох үндэслэл болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Лут Х.Бын хариуцагч Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд байрлах үл хөдлөх хөрөнгийн доорх газрын эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, Хатгал тосгон дахь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ