Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00788

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 03 өдөр

       Дугаар 183/ШШ2019/00788

    Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М /РД: нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: М Г /РД:/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 36 536 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Г нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 24 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, зээлдэж авсан. Үүнээс хойш зээлийн хүү болон үндсэн төлбөрөө төлөлгүй өдий хүрсэн байна. Иймд М.Гээс үндсэн зээл 24 000 000 төгрөг, түүний хүү 1 536 000 төгрөг, алданги 2018 оны 05 дугаар сарын 01-ээс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 23 520 000 төгрөг, үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нийт 36 536 000 төгрөгийг хариуцагч М.Гээс гаргуулж өгнө үү. Өмнөх хуралдаанд яригдсан үл хөдлөхийн маргаантай холбоогүй юм. Хариуцагч талаас эргэлтийн хөрөнгө шаардлагатай талаар санал тавьсан учир нэхэмжлэгч нь банкнаас зээл авч, хариуцагчид зээлдүүлсэн нь нотлох баримтаар нотлогдож байдаг. Өмнөх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан байгаа багасгасан шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Г би 2018 оны 4 дүгээр сард зарын дагуу С.Маас Сонгинохайрхан дүүргийн тоот байрыг банкны лизингээр худалдан авсан. Тухайн байр нь 1 давхрын байр байсан учраас би дэлгүүр ажиллуулах сонирхолтой харилцан тохиролцож авсан. Би тухайн үед  дэлгүүр болгох гэхээр гадагшаа хаалга байхгүй гэж хэлэхэд би гадагшаа хаалга гаргаад шат хийж өгье гэж байсан. Бид ярилцаж тохиролцоод дэлгүүрийн байр худалдаж авах гэж байгаа гэвэл банкны өндөр зээл гарах байх гээд харилцан тохиролцож байр зарсан. Улсад тушаах 2 хувийн татварыг чи өгчих, мөн бүх нотариатын мөнгийг 50 хувиар хувааж төлье одоохондоо чи өгчих. Би зээл гарангуут чамд өгье гэсэн. Мөн дэлгүүрийн архи зарах тусгай зөвшөөрөлтэй компани 6 000 000 гэж байна гэхэд яриад 5 600 000 төгрөг авсаны дараа 50 хувиар хувааж төлье гэж тохиролцон банк руу тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрийн байр гэж материал өгсөн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн залуус хорооллын байр үнэлгээ бага байсан учраас төв банкнаас зээлийн үнийн дүн буурч батлагдан би уг байрыг 120 000 000 төгрөгөөр авсан. Тэгээд зээл 96 000 000 төгрөг гарч би С.Мт 24 000 000 төгрөг өгөх өртэй болсон. Би байрны урьдчилгаанд 2015, 2017 онуудын 2 приус 30 маркийн машин оролцуулж өгсөн. Тэгээд зээл гарсан өдөр бид 2018 оны 05 дугаар сарын 02 ны өдөр 24 000 000 төгрөгийн сарын 1.6 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулсан. Тэгээд ярьж тохирсноороо би тэр байрын гадагшаа хаалга гарган шат довжоо хийлгэн засвар хийсэн. Мөн би өөрөө худалдаа эрхлэх зөвшөөрөл тусгай зөвшөөрөл, тамхины зөвшөөрөл, галын дүгнэлт зэргийг гаргуулсан. Би өгөх 24 000 000 төгрөгөөс 24 000 000 зарагдсан байрны улсад 2 хувийг төлөх 670 000 төгрөг, үл хөдлөх гэрээгээ хурдан өдөрт нь батлуулж гаргахын тулд үл хөдлөхийн ажилтанд нийт 120 000 төгрөгийн 50 хувь  болох 60 000 төгрөг, Үл хөдлөх болон нотариат бусад зардал 357 800 төгрөг болсны тал 178 900 төгрөг, 640 000 төгрөг надад өгөхөөс надад 550 000 төгрөг шилжүүлж дутуу 110 000 төгрөг, байранд паар дагалдах зүйлс авсан 2 778 000 төгрөг, Компани авсан 5 600 000 төгрөгийн тал гээд нийт 6 596 900 төгрөгийг үндсэн зээлсэн  24 000 000 төгрөгөөс хасаж нийт 17 403 000 төгрөг үлдсэн. Дээрх гарсан зардлуудыг хувааж төлнө гэж тохирсон байсан. Гэтэл хэд хэдэн уулзахдаа би компани авсан 2 800 000 төгрөг төлөхгүй бусдыг нь зөвшөөрч байна хоёулаа 20 000 000 төгрөгөөр тохиръё гэж надад хэлсэн. Гэхдээ тэр үед хүчингүй болсон тусгай зөвшөөрөлтэй компани авснаа би өөрөө ч мэдээгүй. С.М ганц зөвшөөрөхгүй байгаа маргаж байгаа зүйл бол компани авсан мөнгийг анх тохирсноороо 50 хувийг төлж хасах. Би С.М дансанд 2018 оны 07 дугаар сарын 04-нд 600 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-нд 400 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-нд 300 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-нд 300 000 төгрөг нийт 1 600 000 төгрөгийн хүү гэж төлсөн. Тиймээс би алданги төлөхгүй. Миний өгөх өглөг бол 17 403 000 төгрөг, миний сард төлөх хүү  278 448 төгрөг болно. Үндсэн мөнгөө анх ярьж тохиролцсоноороо хасаад тохирвол би төлөлт хийж эхлэхэд бэлэн байгаа.

Анх орон сууц худалдаж авахаар болж 3 ширхэг автомашин, хашаа байшин, үлдсэн дүнг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч орон сууцны дагалдах эд хөрөнгө болох паарны зардлыг төлөхөөр тохиролцож хариуцагч банкинд орон сууцны зээлд хамрагдсан. Банкны зээл гарч нэхэмжлэгчид шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс 24 000 000 төгрөгийн хүүг 4 сарын хугацаатай 1 600 000 төгрөг, нийт 25 600 000 төгрөгөөр тохиролцсон. Зээлийн гэрээний үүрэгт 2 ширхэг приүс 30 маркийн автомашиныг 25 500 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчийн нэр дээр 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч М.Г холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 36 536 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М.Гэй 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 24 000 000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор 4 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч М.Г нь гэрээний хугацаанд үндсэн төлбөр, хүү төлөөгүй. Тиймээс үндсэн зээл 24 000 000 төгрөг, хүү 1 536 000 төгрөг, алданги 23 520 000 төгрөг, нийт 36 536 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ. 

Хариуцагч М.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, С.Мтай 24 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс үлдсэн мөнгө байсан. Хүүнд 1 600 000 төгрөг төлсөн, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад гарсан бусад зардал 6 596 900 төгрөгийг нэхэмжлэгч надад өгөх ёстой. Би зээлийн гэрээний хүүг сар бүр төлж байсан тул алдангийг төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 17 403 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч нь зээлийн гэрээний хүүнд 1 536 000 төгрөг төлсөн, мөн хариуцагчийн нэхэмжлэгчээс авах ёстой гэх 6 596 900 төгрөг, хүүнд илүү төлсөн 64 000 төгрөг, нийт 6 660 900 төгрөгийг алдангаас хасч 28 339 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч М.Гэй 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 24 000 000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор 4 сарын хугацаатай зээлдүүлсэн ба 24 000 0000 төгрөгийг хариуцагчийн дансруу шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулжээ.

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулан нотариатчаар баталгаажуулсан байх тул шүүхээс хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгч нь 24 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 24 000 000 төгрөгт зээлийн гэрээг байгуулсан, бид өөрсдийн 2 автомашиныг нэхэмжлэгч С.Мт 25 500 000 төгрөгт тооцож зарсан, ингэж зарахдаа энэхүү зээлийн гэрээг байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийг 102 000 000 төгрөгөөр тохирч авсан, илүү зээл гаргаж эргэлтийн хөрөнгө хийх гэж өндөр үнийн дүнгээр гэрээг хийсэн гэж татгалзлын үндэслэлээ олон янзаар тайлбарладаг ба эдгээр тайлбарууд нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

Түүнчлэн талууд 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Толгойт 18 101 Москвагийн гудамж 48а байр, 1 тоот хаягт байршилтай 124.34 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 167 180 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 72 540 000 төгрөгт 99-15 УНЧ улсын дугаартай Соната 6 суудлын автомашиныг 6 000 000 төгрөгт, 37-89 УБТ улсын дугаартай приус-30 суудлын автомашиныг 13 500 000 төгрөгт, 20-66 УНТ улсын дугаартай приус-30 суудлын автомашиныг 14 500 000 төгрөгт, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 16 гудамж, 435б тоот хаягт байршилтай 199.87 м.кв хувийн сууц, 492 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 38 540 000 төгрөгт тооцон үлдэх 94 640 000 төгрөгийг банкнаас зээл авч нэхэмжлэгч С.Мт төлсөн ба энэ талаар талууд маргаагүй, уг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон болох нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Тээврийн хэрэгслийн лавлагаа баримтууд, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Төлбөр тооцоо дууссан тухай нэхэмжлэгч С.М тодорхойлолт баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээнд заасан тохиолдолд зээлдүүлэгч нь хүү, алданги авах эрхтэй бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний 2.3, 2.6 дахь хэсэгт хүү, алданги авахаар талууд харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заажээ. Гэрээний талууд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээг бичгээр үйлдсэн байх тул уг өдрөөс эхэлж зээлдүүлэгч гэрээнд заасан хүү, алданги авах эрхтэй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч С.Г нь сар бүр зээлийн хүүг төлж байсан болох нь түүний депозит дансны хуулга баримтаар тогтоогдож байх ба тэрээр зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөн тохирсон хүүг төлж байсан гэж үзэхээр байна.  

Нэхэмжлэгч нь нийт алданги 11 000 000 төгрөг нэхэмжилснээ 6 660 900 төгрөгөөр багасгаж алдангид 4 339 100 төгрөг гаргуулна гэсэн ба 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 105 хоногийн алданги нь гэрээнд зааснаар 12 600 000 төгрөг байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн хэмжээ нь гэрээнд зааснаар төлөх алдангиас бага байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэхэд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М.Гээс 28 339 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мт олгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 341 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 299 645 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч М.Гээс 28 339 100 /хорин найман сая гурван зуун гучин есөн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Мт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 299 645 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Мт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.САРАНТУЯА