Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төртогтохын Энхмандах |
Хэргийн индекс | 165/2022/0087/Э |
Дугаар | 2022/ШЦТ/91 |
Огноо | 2022-12-20 |
Зүйл хэсэг | 22.5.1., |
Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг /ҮД:2156/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Бгийн Бт холбогдох эрүүгийн 2217000000108 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 03 дугаар сарын 17-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-гийн Б /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь “Хэрлэн энерго” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ГААС ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхдаа 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн үед Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн 221700020 дугаартай хэргийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор /өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд/ Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн 2 давхрын түүний өрөөнд 100 000 000 /зуун сая/ төгрөг өгөхөөр амлаж, санал болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000108 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
2. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргаан байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 78 дугаар хуудас/,
3. Гэрч Л.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүмбэр хайрхан Энерго ХХК нь 2020 онд их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэх мэдээллийг эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Т, цагдаагийн байгууллагын гэмт хэргийн бүртгэлд оруулж, удирдлагын цохолтоор би шалгаж, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 221700020 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Сүмбэр хайрхан энерго” ХХК-ийн улсын хилээр гаргасан 16000 тонн жонш нь ГААС ХХК –ийн жонш болох нь тогтоогдсон. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ГААС ХХК болон Сүмбэр хайрхан Энерго ХХК нь татварын хяналт шалгалт оруулахаар Татварын ерөнхий газарт албан бичгээр хандсан. Энэ өдөр компанийн ажлын байрнаас санхүүгийн бичиг баримтыг хураан авахдаа би Б гэдэг хүнтэй анх уулзсан. Татварын хяналт шалгалт удааширсан. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Татварын ерөнхий газраас ГААС ХХК-ийн захирал Б, нягтлан Г, бичиг хэрэг Д, “Сүмбэр Хайрхан энерги” ХХК-ийн захирал Б нарын хувийн дансанд шалгалт оруулах бичгийг хүргүүлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар Цагдаагийн хэлтсийн мэдүүлгийн өрөөнд мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгөх үед энэ хэргээ хурдан шийдүүлмээр байна гэх агуулгатай зүйл ярьсан. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчим ГААС ХХК-ийн захирал Б нь над руу утсаар холбогдож хаана байгаа талаар асуусан. Би ажил дээрээ байгаа талаараа хэлсэн. Тэгээд удалгүй Б захирал манай өрөөнд орж ирээд ГААС ХХК-тай холбоотой хэрэг хэзээ шийдэгдэх талаар асуусан. Мөн татвараас Б, Г, Д нарын хувийн дансанд хяналт шалгалт хийгээд намайг дуудсан. Манай компани дээр акт тавих гээд байна. Манай эгч Канад явах гээд би батлан даагчаар визэнд орох гэж байгаа, би ял авахаар энэ асуудал бүтэхгүй болох гээд байна, өөр ямар гарц байж болох вэ гэхэд би татварын хяналт шалгалт гарч байж тухайн асуудал шийдэгдэнэ гэсэн. Тэгэхэд надад хандаж би энэ асуудлаа зохицуулмаар байна. Танай энэ өөрөө камер байхгүй биз дээ, эсвэл машинд чинь өгөх үү? зуун сая төгрөг өгье гээд доошоо тонгойсон. Би тухайн үед авлига өгөх гээд байна гэж ойлгоод сандраад та ингэж ярьж болохгүй. Энэ асуудал мөнгөөр шийдэгдэхгүй, энэ хэрэг хуулийнхаа дагуу явж шийдэгдэнэ. Та надад өгөх гээд байгаа мөнгөөрөө татвараа төл, энэ асуудлаараа өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан нь дээр шүү гэж хэлсэн чинь тонгойсноо мөнгө гаргаж өгөөгүй. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй ба миний өөдөөс хараад компьютер, дэлгэцийн цаад талд сууж байсан. Би ажлаа дуусгаад гэрлээ унтраагаад хаалгаа лацдаад гарахад дагаад гарсан. Хэлтсийн гадаа гарахад Приус-20 маркийн саарал өнгийн 3408 УБВ улсын дугаартай машины хажууд Ланд крузер маркийн машинаа тавьсан байсан. Тэгээд хамт тамхи татсан. Тэгээд би утсаар холбогдъё гээд хөдөлсөн. Би машинтайгаа хөдлөөд эрүүгийн ахлах цагдаагийн ахмад Э.Т руу түүний 99726217 дугаарын утас руу өөрийн 99030291 дугаарын утаснаас залгаж татварын хэрэг дээр надад зуун сая төгрөгийн хахууль өгье гэнэ ээ? сая ирээд уулзаад явлаа гэж болсон явдлын талаар хэлсэн. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө рапортын өмнө 8 цагийн орчим дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Г-н өрөөнд байхдаа татварын хэрэг дээр шалгагдаж байгаа ГААС ХХК-ийн захирал өчигдөр орой өрөөнд ирээд зуун сая төгрөг бэлнээр өгье, хэрэг зохицуулаад өг гэж яриа өрнүүлсэн талаар хэлсэн. Мөн тухайн өдөр тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч З ахлах дэслэгч П нарт хэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс би Улаанбаатар хотод ажилласан. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа ГААС ХХК-ийн нягтлан бодогч Г, Д нараас мэдүүлэг авах зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байранд дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн үед Г, Д нартай захирал Б нь цуг ирсэн. Би Г-гаас гэрчийн мэдүүлэг авчихаад гадаа гарч тамхины цэг дээр тамхи татахад Б захирал над дээр хүрч ирсэн. Тэгээд надад хандаж цагдаагийн дарга нараас чинь миний энэ асуудлын талаар чамтай яриагүй юм уу, манай нэг найз таньдаг хүндээ хэлсэн гэсэн. Миний энэ асуудлыг хэн зохицуулж чадах вэ? танай шүүхийн ерөнхий шүүгч манай найз байдаг, тэр зохицуулж чадах уу гэх зэргээр ярьж байсан. Тухайн үед би таны энэ асуудал татварын ерөнхий газраас гарч ирэх танилцуулгыг үндэслэж шийдэгдэнэ. Тэрнээс биш хэн нэгэн хүн яриад зохицуулж болох асуудал биш. Та хуулийн талаар ямар ч ойлголтгүй яваад байна, та өмгөөлөгч авсан нь дээр байх. Өмгөөлөгч дээр очоод зөвлөгөө аваарай гэж хэлээд би буцаж орж Д-гаас гэрчийн мэдүүлэг авсан. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Г над руу залгаад та явчихсан юм уу, бид нар өмгөөлөгч авсан, тантай уулзах гэсэн юм гэхэд би эрүүгийн цагдаа дээр байна гэхэд өмгөөлөгч Энххэрлэн, Б, Г нарын хамт ирэхэд нь мэдүүлгийн өрөөнд уулзаж татварын шалгалт дууссаны дараа дуудна гэж хэлээд салсан. Тэгээд хүн авч аймаг явах байсан учир дуусаад хүнээ аваад Говьсүмбэр аймагт ирсэн. Түүний дараа 09 дүгээр сарын 20-н эсвэл 21-ний орчим хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б-д дээрх байдлаар танилцуулахад хэлтсийн дарга нөлөөллийн илтгэх хуудас бичиж өгөх талаар надад хэлсэн. Тэгээд улирлын төгсгөл болж байсан тул бичиг цаасны ажлуудаа цэгцэлчихээд тухайн сарын сүүлээр бас Улаанбаатар хотод очиж ажилласан. Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа урд нь цуг ажиллаж байсан одоо ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэст ажилладаг х/ч З-тэй уулзаад болсон асуудлын талаар ярьж зөвлөгөө авсан. 2022 оны 10 дугаар сарын дундуур хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Н-с нөлөөллийн илтгэх хуудасны талаар асууж тодруулан нөлөөллийн илтгэх хуудас бичээд тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Г-д өгсөн. Түүний дараа нөлөөллийн илтгэх хуудсыг Дотоод аюулгүй байдлын газарт явуулдаг талаар нь үйл ажиллагааны журмаас хараад илтгэх хуудсыг явуулсан эсэхийг тасгийн даргаас тодруулахад тасгийн дарга нөлөөллийн илтгэх хуудсыг хэсгийн даргад танилцуулчихсан, явуулаагүй байсан тул илтгэх хуудас бичээд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын газарт хүргүүлсэн. Б нь өөрийн 88000012 дугаарын утаснаас над руу залгадаг ба ихэвчлэн вайбераар залгаж байсан. Зурвас бичихдээ хүртэл вайбер ашигладаг байсан. Хоёр 7 хоногийн өмнө Б-ын өмгөөлөгч Э нь над руу залгаад хэрэг нь юу болж байгаа бол, татвараас холбогдох юм нь гарсан уу гэж ярьсан. би гараагүй байна, гарахаар нь мэдүүлэг авах гээд дуудна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14-15 дугаар хуудас/,
4. Гэрч Э.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн үед гэртээ дөнгөж ороод манай охин уйлаад тэврээд байж байхад Г над руу залгасан байсан. Буцаагаад хэсэг хугацааны дараа залгаад яасан гэсэн чинь над дээр татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байгаа нэг нөхөр надад зуун сая төгрөг амлаж хэргийг хаагаад өгөөч гэж байна. Тэгэхэд нь би даргад хэлээд танилцуулсан нь дээр байх гэж хэлсэн. Тэр өдөр Г бие нь өвдөөд маш их халуунтай байсан. Тэгээд би биеэ үзүүлээрэй гэж хэлсэн. Би ямар хүн шалгагдаж байсан эсэхийг мэдээгүй. Би өмнө Л.Г-ыг татвараас зайлсхийсэн хэрэг шалгаж байгаа гэхэд нь “манай цагдаагаас татвараас зайлсхийсэн хэрэг шийдэж байгаагүй, шүүхээр оруулах хэрэгтэй” гэдгийг өмнө ярьж байсан болохоос биш яг ямар хүний ямар компани шалгагдаж байгаа талаар мэдээгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/,
5. Гэрч Х.Я мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
“Очир мандал хайрхан” ХХК-ийн захирал Б ах 2022 оны 09 дүгээр сард жонш авах хүн байна уу, мэдэж байгаарай гэж Бор-Өндөрт жонш гаргадаг М гэж хүнээс асуусан. М үзээд авъя гэсэн. Эхлээд 3 машин буюу 200 орчим жонш байсан. Нэг тонн жоншийг Б ах 500000 төгрөг гэж хэлсэн. М хятад хүндээ 520000 төгрөг гэж хэлээд бид хоёр 10000, 10000 төгрөг авахаар тохирсон. Б ах бас хүний жонш дамжуулж зарсан гэж байсан. Сүүлдээ Б, М нар танилцаад хоорондоо яриад мөнгөө өгч авдаг болсон. Эхний удаа бол мөнгөө надаар дамжуулан Б ахад өгч байсан М нь миний Хаан банкны дансанд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 49000000 төгрөгийг өөрийн 5059042210 данснаас шилжүүлсэн. Би уг мөнгөнөөс нэг сая төгрөгийг авч үлдээд 48000000 төгрөгийг тэр өдөрт нь Б-ын 5034256167 дансанд шилжүүлсэн. Б ахын жоншиний талбай дээр буугаад мөнгө орно гэдгийг Б ах мэдэж байсан учраас надаас мөнгө орсон уу гэж асууж байсан. Тэгээд мөнгө орж ирэнгүүт нь орсон шилжүүллээ гэж Б ахад утсаар хэлсэн. Тэр үед Говьсүмбэр аймагт ирсэн байсан. Мын өр 5059042210 дугаарын данснаас 100 000 000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цаг 10 минутын орчим миний 5990374073 дугаар дансанд шилжүүлснийг би тэр доор нь Б ах руу залгаж хэлээд зуун сая төгрөг нь түүний 5034256367 дугаарын дансанд интернет банкаар орж шилжүүлсэн. Хаан банкнаас гүйлгээ хийгдсэн нь харагдаж байгаа. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 65250000 төгрөгийг мөн миний дансанд шилжүүлж, үүнээс Б-ын дансанд 47000000 төгрөгийг шилжүүлж өгсөн, бусад мөнгийг нь би захиран зарцуулсан. Мөн үүнээс хойш бага хэмжээгээр орж мөнгийг Б ах руу шилжүүлж байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/,
6. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2014 оны 09 дүгээр сараас Хэрлэн энерго ХХК-д тооцооны нягтлангаар орж ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 2 сар хүртэл УБТЗ-н ХНН-ийн Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангид тооцооны нягтлан, 2018 оны 3 сараас 2019 оны 9 сар хүртэл ГААС ХХК-ийн нягтлан болдогч, жирэмсний амралтаа авч байгаа сая Хэрлэн энерго ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Хэрлэн энерго ХХК нь гадаад худалдаа жонш худалдаа эрхэлдэг ГААС ХХК-ийн баяжуулах үйлдвэр барих ажлыг явуулж байгаад одоо зарсан байгаа. Манай менежер эгч Бямбалхамын Сүмбэр хайрхан энерго ХХК-аар зэрэг вагон захиалаад ГААС ХХК-ийн жоншийг ачдаг байсан юм. Энэ компанитай манай захирал Б нь хамааралгүй. Харин Хэрлэн Энерго ХХК-ний Б захирал нь эхнэр Т.Б-н хамт 60, 40-р хувьцаа эзэмшдэг. ГААС ХХК-ийг бол 100 хувь хувьцаа эзэмшиж байгаад зарсан. Сүмбэр хайрхан энерго ХХК , ГААС ХХК дээр вагон захиалга хийгээд энэ 2 компанийн вагон дээр ГААС-ийн жоншийг ачиж гаргаад тайланг нь ГААС ХХК дээр нэгтгэн гаргасан. Говьсүмбэр аймгийн цагдаагаас Сүмбэр хайрхан Энерго ХХК чинь 16000 тонн жоншийг 2020 онд, ГААС ХХК-ийн 16000 тонн жоншийг 2019-2021 онд экспортод гарган борлуулсан байсан. Сүмбэр хайрхан Энерго ХХК дээр орлогоо бүртгээгүй байна гээд эрүү үүсгэж байна гэсэн. Тэгээд надаас гэрчээр мэдүүлэг авсан. Б захирлаас 2022 оны 09 дүгээр сараас эхлэн мэдүүлэг авсан. Тэгээд татварын ерөнхий газар шалгалт оруулсан байсан. Бүх жоншны компаниудыг шалгаж байгаа гэж татварын байцаагч нь хэлж байсан. 2022 оны 06 дугаар сард эхлээд 11 дүгээр сарын эхээр Сүмбэр хайрхан энерго ХХК, ГААС ХХК, иргэн Б, Б, Г, Д нарын татварын шалгалтын танилцуулгууд гарсан. Сүмбэр хайрхан энерго ХХК-ийн орлого нь ГААС ХХК-ийн орлого гэж үзээд ГААС ХХК-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй хоёр тэрбум гаруй төгрөг болсон. Энэ нь эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа гэдгээр нь танилцуулга гарсан. Харин и баримттай 7000 тонн орчим жоншин дээр болон бусад зөрчил дээр алданги, торгууль, нөхөн төлбөр 500 гаруй сая төгрөгийн акт тавигдсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,
7. Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би жонш Монголд худалдан аваад БНХАУ руу экспортоор гаргадаг. 2022 оны 08 дугаар сарын сүүлээр жонш авч эхэлсэн. Б ахыг нүүр харж тулж уулзаж байгаагүй, Я-аар дамжуулан жонш авч байсан. Чойрын талбай дээр ирж үзээд боломжийн бол худалдаж авдаг. Быг 09 дүгээр сарын дундаас эхлэн мэдэх болсон. Би дандаа гарал үүслийн гэрчилгээтэй жонш авдаг ба экологийн цагдаагаас өгсөн үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Би эхлээд Яаар дамжуулан мөнгийг өгч байсан. Сүүлдээ Б-ын өөрийн хувийн дансаар өгдөг болсон. 9 сард өөрийнх нь дансанд 230 орчим сая төгрөгийг шилжүүлж байсан. Я-аар хэдийг шилжүүлсэн талаар санахгүй байна. Одоо 127000000 төгрөгийг Б-т өгсөн байгаа. Үүний жоншийг бол би аваагүй байгаа. Ер нь бол жоншоо авсны дараа мөнгөө өгдөг боловч тухайн үед жонш нь тасралтгүй ирж байсан учир мөнгийг нь урьдчилаад өгсөн байсан юм. Би 1000 тоннын гэрээ хийгээд мөнгийг нь урьдчилан өгөөд жонш авна гэж бодож байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/,
8. Гэрч Н.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2015-2020 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хамт ажиллаж байсан Л.Г-ыг мөрдөн байцаах албаны нэг давхарт мэдүүлэг авах өрөөнд оруулж өгсөн Говьсүмбэр аймгаас ирсэн мэдүүлэг авах гэхээр танихгүй учраас намайг хэлж өгөөч гэсэн. Тэгээд гадаа тамхи татаж байхад Г би татварын хэрэг шалгаж байгаа, энэ хэрэгтэй холбоотойгоор мөнгө өгч хэргийг хаалгаж шийдүүлж, ашигтай байдал гаргуулах холбогдогчоос санал тавьж байна гэсэн. Надад мөнгө өгье гээд байна гэсэн. Уулзалт хийх бол гадуур битгий уулз, бичлэг хийж байгаа гэдгээ мэдэгдэж, бичлэг хийж бай гэсэн. Энэ хэрэгтэй чинь нөлөөлж байгаа хүн байна уу, уг асуудлаа. нөлөөллийн илтгэх хуудас болгож бичээд удирдах албан тушаалтандаа мэдэгдэж, ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт шилжүүл гэж хэлсэн. Уг асуудлаа чиний эсрэг ашиглаж магадгүй учир бичлэг хийж бай гэсэн. Огт чимээгүй, би аваагүй гэдгээр орхиж болохгүй шүү гэж хэлсэн. Утсаар ярьсан болон камерын бичлэг байгаа юу? гэхэд байхгүй гэсэн. Л.Г нь хувь хүний хувьд шударга хүн, ар гэр, гайгүй хүмүүжилтэй залуу байдаг, хэлэх асуудлаа шууд хэлчихдэг, шударга залуу... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31 дүгээр хуудас/,
9. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс МХЕГ болон ТЕГ-н даргын хамтарсан АМНАТ-н 67 ААНБ-н хэсэгчилсэн шалгалтын томилолт Ц.О бид 2-т олгогдсон. Шалгалт явж байхад Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсээс хяналт шалгалт хийж өгөхийг хүссэн бичиг өмнө эрсдэлийн Удирдлагын газарт ирсэн байсан нь бид нарт ирснээр ГААС ХХК-ийн татварын иж бүрэн шалгалт хийх болсон. Татвар төлөгч нартай холбогдож Ц гэх Өвөрмонгол гэх залуутай яриад Б, Г гэх 3 хүнтэй 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ярилцлага хийсэн. Нябо Г-г худалдан авсан учир өмнө асуудлыг хариуцахгүй гэсэн. Б, Г нар хариуцна гэсэн. 2022 оны 06 дугаар сард АМНАТ-ын жишиг үнийн тооцооллыг хийхэд ГААС ХХК-ийн жоншны экспортын АМНАТ-ын жишиг үнийн тооцооллын тулгалтыг хийх мэйлийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн. Тэгэхэд 955,844,659 төгрөг болсон талаарх мэдээллийг тулгалт хийхээр хүргүүлсэн. Утсаар зөв тооцоолол байна гэсэн Сүмбэр хайрхан энерго ХХК-ийн АМНАТ-г ГААС ХХК тооцож гаргасан. Яагаад гэвэл ГААС ХХК, Сүмбэр хайрхан энерго ХХК-ийн нэр дээр жонш экспортолсон гээд борлуулалтын орлогоо ГААС ХХК-ийн ААНОАТ-н борлуулалтын орлого тайлагнасан байсан. Мөн ГААС ХХК-ийн зүгээс манай жонш юм. Сүмбэр хайрхан энерго ХХК-ний нэр дээр вагон захиалж экспортлосон байсан. Ийм учраас нийт ГААС ХХК дээр 28.6 тонн жонш гарал үүсэл тодорхойгүй гэдгээр 14.2 тэрбум төгрөгийн зөрчилд танилцуулга бичсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32 дугаар хуудас/
10. Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс МХЕГ болон ТЕГ-н даргын хамтарсан АМНАТ-н 67 ААНБ-н хэсэгчилсэн шалгалтын томилолт Г.Б бид 2-т олгогдсон. Мэйлээр томилолт шалгалтын удирдамжаа явуулсан. Татвар төлөгчтэй ярихад Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс дээр манайхыг шалгаж байгаа, манай баримт тэнд байгаа гэсэн. Цагдаагийн мөрдөгч Л.Г-той ярихад танайд шалгалт хийлгэх бичиг өгсөн байсан, одоо томилолтоор хийж байгаа юм уу гэхэд хэсэгчилсэн гэж хэлсэн. Тэгээд томилолтын төрлийг өөрчлөн иж бүрэн болгосон. Тэгээд баримтыг Г авчирч өгсөн. Баримтаа хүлээн авч Б, Г, Ц гэх 3 хүнтэй 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ярилцлага хийсэн. Цэнгэл худалдан авсан гээд Б, Г нар энэ шалгалтын асуудлыг хариуцна гэсэн. Тэгээд Цэнгэл итгэмжлэх хийж өгсөн. 2022 оны 06 дугаар сард АМНАТ-ын жижиг үнийн тооцооллыг хийхэд ГААС ХХК-ийн жоншны экспортын АМНАТ-ын жишиг үнийн тооцооллын тулгалтыг хийх мэйлийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ГААС ХХК руу хүргүүлсэн. Тэгэхэд ГААС ХХК-ийн нэр дээр экспортлогдсон 16.8 мянган тонн жоншны 955 844 659 төгрөг үндсэн ба нэмэлт татварын тооцооллыг хүргүүлсэн. Экспортын тоо хэмжээг тулгаад таарч байсан гэсэн хариуг амаар өгсөн. Сүмбэр хайрхан энерго ХХК-ийн томилолт дараа нь үүссэн ба шалгалтын явцад ГААС ХХК, Сүмбэр хайрхан энерго ХХК-ийн нэр дээр Жонш экспортолсон гээд борлуулалтын орлого ГААС ХХК-ийн ААНОАТ тайланд тусгасан байсан. Мөн ГААС ХХК-ийн зүгээс манай жонш юм хурдан гаргахын тулд 2 компани дээр вагоны захиалга өгч Сүмбэр хайрхан энерго ХХК-ийн нэрээр ГААС ХХК-ийн хагас жоншийг экспортлсон гэж ярилцлагад хэлдэг. Ийм учраас нийт ГААС ХХК дээр 28.6 тонн жонш гарал үүсэл тодорхойгүй гэдгээр 14.2 тэрбум төгрөгийн зөрчилд танилцуулга бичиж цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Гарал үүсэл тодорхой 6.8 мянган тонн жоншийг татвар төлөгчийн гэрээний үнээр АМНАТ-аа буруу төлсөн байсныг жишиг үнээр тооцон 529.4 сая төгрөгийн төлбөр ногдуулсан. Дээрх 28.6 тонн жоншны төлөх төлбөр 2.1 тэрбум орчим төгрөг болохоор байна. ГААС ХХК нийт 2.6 тэрбум төгрөгийн төлбөрийг улсад төлөхөөр тооцоо гарсан… гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35 дугаар хуудас/,
11. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлстийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Л.Г-ын илтгэх хуудас /1 дүгээр хх-ийн 1 дүгээр хуудас/,
12. Говсүмбэр аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай Хөрөнгийн шилжилтийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл /1 дүгээр хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
13. Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 37-92 дугаар хуудас/,
14. 221700020 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 94-186 дугаар хуудас/,
15. Банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 188-250, 2 дугаар хх-ийн 1-34 дүгээр хуудас/,
16. Очир мандал хайрхан ХХК-ийн Мд хүлээлгэн өгсөн жоншны бүртгэл /2 дугаар хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
17. Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 81 дүгээр хуудас/,
18. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах тухай прокурорын тогтоол /2 дугаар хх-ийн 93 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь “Хэрлэн энерго” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ГААС ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхдаа 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн үед Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн 221700020 дугаартай хэргийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор /өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд/ Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн 2 давхрын түүний өрөөнд 100 000 000 /зуун сая/ төгрөг өгөхөөр амлаж, санал болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөөр санал болгон, амласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь тухайн этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Прокуророос шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөөр санал болгон, амласан болох нь гэрч Л.Г, Э.Т, Х.Я, Б.Г, Ц.М, Н.З, Г.Б, Ц.О нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөөр санал болгон, амласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан боловч хахууль өгөх гэмт хэргийн хувьд шууд хохирол учирдаггүй тул шүүгдэгч Б.Быг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгч Б.Б-т оногдуулах торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заажээ. Уг заалтад заасан “...шийдвэрт өөрөөр заагаагүй бол...” гэдэг нь шүүх шийтгэх тогтоолдоо торгох ялыг 90 хоногоос дээш хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон бол уг хугацааны дотор торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай ойлголт юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд торгох ял оногдуулсан шийдвэрийг 90 хоногийн дотор биелүүлэхээр доод хугацааг нь тогтоож өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заажээ. Харин шүүгдэгч Б.Б-аас Авлигтай тэмцэх газрын төрийн сангийн 100900033401 дугаартай дансанд байршуулсан 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого биш, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулж олсон орлого болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Авлигтай тэмцэх газрын төрийн сангийн 100900033401 дугаартай дансанд байршуулсан 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-т буцаан олгох нь зүйтэй байна.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Х.Б-с “мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг цуцалж өгнө үү” гэх санал гаргасныг шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь:
Хоёрдугаар хавтаст хэргийн 95 дугаар хуудсанд авагдсан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг цуцлах тухай” прокурорын тогтоолоор эрүүгийн 2217000000108 дугаартай хэрэгт прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай зөвшөөрлөөр Б-гийн Б-ын болон “ГААС” ХХК /РД:5460816/, “Хэрлэн Энерго” ХХК /РД:2871114/, “Тэлмүүн хурд” ХХК-уудын дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарласан арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс цуцалж, уг тогтоолыг эрх бүхий байгууллагад даруй хүргүүлэхийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар Г.Б-т даалгаж шийдвэрлэсэн байх тул шүүхээс дахин давхардуулсан шийдвэр гаргах боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Б-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөөр санал болгон, амласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Авлигтай тэмцэх газрын төрийн сангийн 100900033401 дугаартай дансанд байршуулсан 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-т буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ