Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 00871

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 11 өдөр

       Дугаар 183/ШШ2019/00871

    Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн /РД:/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б /РД:/ холбогдох,

 Түрээсийн гэрээний үүрэгт 16 617 387 төгрөг, 1 901 ширхэг барилгын бараа материал гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал,  хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 тоот түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар 2 шаардлага гаргасан. Түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 16 617 387 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, буцаан хүлээлгэж өгөөгүй 3 093 080 төгрөгийн үнэ бүхий 1901 ширхэг бараа материалыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай.  “Э” ХХК нь А.Бтай 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 43 тоот түрээсийн гэрээг Иргэний хууль болон бусад холбогдох хууль бусад хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Түрээсийн гэрээгээр А.Б нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийт 14 116 ширхэг барилгын туслах бараа материалыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад барилга барихад ашиглагдах зорилгоор түрээслэн авсан. Хариуцагч А.Б нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээгээр нийт 14 116 ширхэг бараа материалыг түрээслэн авч 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 12 215 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгсөн. 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гарсан нийт түрээсийн төлбөр нь 5 618 998 төгрөгөөс 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2 488  580 төгрөг, 2016оны 05 дугаар сарын 31-ний өдөр 545 224 төгрөг, 2016оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2 511 804 төгрөг, нийт 5 545 608 төгрөг төлж 73 000 төгрөг үлдсэн. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т “түрээслүүлэгч өөрт учирсан хохирлоо хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлүүлэхийг шаардаж болно” гэж заасан мөн гэрээнд заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 тоот түрээсийн гэрээгээр түрээсэлсэн бараа материалын үлдэгдэл 1 901 ширхэг бараа материалын өнөөдрийг хүртэл ашигласан түрээсийн тооцоо 12 740 868 төгрөг нийт түрээсийн төлбөр 12 814 258 төгрөгөөс барьцаа 1 736 000 төгрөгийг хасаж, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 11 078 258 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Түрээсийн  гэрээний 4.2 дэх хэсэгт “түрээслүүлэгч түрээсийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно” гэж заасан. Түрээсийн гэрээний түрээсийн төлөгдөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүн  11 078 258 төгрөг, алданги 5 539 129 төгрөг нийт төлөх 16 617 387 төгрөгийг хариуцагч А.Бс гаргуулах. Түрээсийн гэрээний 2.2.2 дах хэсэгт түрээслүүлж байгаа эд хөрөнгийн чанарын байдлыг алдахгүйгээр зориулалтын дагуу  ашиглах, хэрвээ гэмтээсэн бол энэхүү гэрээний 1.6-д зааснаар барьцаа мөнгөнөөс төлж, түрээслүүлэгчээс хохиролгүй болгох гэж заасны дагуу 49 ширхэг бараа материалыг засварласан 264 000 төгрөгийг хариуцагчаас АБгийн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 тоот түрээсийн гэрээний барьцаа төлбөр болох 2 000 000 төгрөгөөс хасаж тооцон 1 736 000 төгрөгийг барьцаа байрлуулсан гэж үзэв. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийт манай кампанид 12 215 ширхэг барилгын туслах материалыг хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 3 093 080 төгрөгийн үнэ бүхий 1901 ширхэг бараа материалыг өнөөдрийг хүртэл буцаан хүлээлгэн өгөөгүй, 1901 ширхэг бараа материалыг гаргуулах. Иймд түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 16 617 387 төгрөг болон манай компанид хүлээлгэн өгөөгүй 1091 ширхэг бараа материалыг хариуцагч А.Бгаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Түрээсийн гэрээ байгуулсан, энэ тооны бараа материал түрээсэлсэн нь үнэн. Маргаан байхгүй. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бараа материалаа аваачиж өгсөн. Засвартай гэж авсан 264 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нийт 14 000 бараа материал авсан мөн хүлээн зөвшөөрч байна. 1901 ширхэг хэв хашмалын заримыг эвдэлсэн, гэмтээсэн, нэхэмжлэгч тал буцааж ашиглах боломжгүй болж, зарим нь алга болсон. Тухайн үедээ манай тал 3 000 000 төгрөг төлөх тохиролцоонд хүрсэн. 1901 ширхэг бараа материал бол хүлээлгэн өгөөгүй. Эвдрэлтэй бараа материалыг засуулж, мөнгийг суутгуулж авахыг би зөвшөөрсөн. Түүнээс хойш би нэхэмжлэгч талтай харилцаж чадаагүй. Ингээд үлдэхэд миний 2 000 000 төгрөгийн барьцаа нэхэмжлэгчид үлдсэн. Дээрх 2 төлбөрийн нийлбэрээс 2 000 000 төгрөгийг суутгуулж, үлдэгдэл төлбөрийг би төлөх ёстой гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгч түрээс үргэлжилж байна гэж нэхэмжилж байна. Эвдэрхий бараа материалыг нэхэмжлэгч хүлээж авахгүй гэсэн учраас би тухайн үед буцаагаад авч явсан. Тухайн үед түрээсэлж байсан төлбөрөөс 73 000 төгрөг үлдсэн нь үнэн. Үүнийг барьцаа 2 000 000 төгрөгөөс хасна. Ингээд би 73 000 төгрөг, 246 000 төгрөг, 3 093 000 төгрөгийг төлөх ёстой байдаг. Миний барьцаанд үлдээсэн 2 000 000 төгрөгийг хасаж, 1 300 000 төгрөгийн асуудалтай гэж бодоод өдий хүртэл явсан. АСЕМ-ын барилга байсан учраас АСЕМ дөнгөж дуусаад барилгын санхүүжилтийн учир нь олдохоо байгаад өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө авч чадаагүй төлбөр тооцоо хийгдээгүй байна. Бусад ажилчдын цалин, хөлс өндөр дүнтэйгээ барагдуулж явсаар байгаад эднийхийг үлдээсэн шалтгаан нь энэ юм. Би 1 300 000 төгрөгийн өртэй үүнийхээ алдангийг төлөхөд бол татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч А.Бд холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 16 617 387 төгрөг, түрээсийн гэрээний зүйл болох 1 901 ширхэг барилгын бараа материал гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч А.Бтай түрээсийн гэрээ байгуулсан, тэрээр гэрээний үүргээ биелүүлэхгүй, зарим бараа материалыг буцааж өгөөгүй тул хүлээлгэж өгөөгүй бараа материал болон уг бараа материалыг түрээсэлсэн түрээсийн төлбөр, алдангийн хамт 16 617 387 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь бараа материалыг хүлээлгэн өгөхөд 1901 ширхэг нь эвдрэлтэй, устаж үгүй болсон байсан учраас эдгээрийн үнэ 3 093 080 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл 73 390 төгрөг, хүлээлгэн өгсөн бараа материалын заримд нь эвдрэл гарсан тул засварын зардал 264 000 төгрөг, нийт 3 430 470 төгрөг төлөхөөс барьцаа 2 000 000 төгрөгийг хасч 1 430 470 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.   

Нэхэмжлэгч “Э” ХХК нь А.Бтай 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 14 116 ширхэг барилгын туслах бараа материалыг түрээслүүлж, гэрээний нийт төлбөр 5 197 080 төгрөг төлөхөөр тохиролцон, гэрээний 1.7-д зааснаар түрээслэгч нь барьцаа 2 000 000 төгрөгийг түрээслүүлэгчид өгч түрээсийн гэрээ байгуулжээ.

Уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргийг, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан ба талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.

Хэргийн үйл баримт болон зохигчийн тайлбараар түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил ашиглалтад 14 116 ширхэг барилгын бараа материалыг шилжүүлэн үүргээ биелүүлсэн, хариуцагч нь түрээсийн төлбөрт 5 545 608 төгрөг төлж 73 390 төгрөгийн үлдэгдэлтэй, талууд түрээсийн гэрээг 10 хоногийн хугацаатай байгуулсан хэдий ч түрээсийн зүйл болох бараа материалаа цувуулан авч гэрээнийхээ хугацааг сунгаж байсан, түрээслэгч нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 12 215 ширхэг бараа материалыг хүлээлгэн өгч 1 901 ширхэг бараа материалыг хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгсөн 12 215 ширхэг бараа материалын зарим нь эвдрэлтэй байсан тул засварын зардал 264 000 төгрөг гарсан ба талууд үүнд маргаагүй.  

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-т “Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй.” гэж зааснаар А.Б нь түрээсэлсэн бараа материалын үлдэгдэл 1 901 ширхэг бараа материалыг түрээслэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд түрээсийн зүйл болох 1 901 ширхэг бараа материалаа гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Дээрх хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг бараа материалыг 1 өдрийн түрээс нь нэхэмжлэлд дурдсан үнээр байсан талаар хариуцагч маргаагүй хүлээн зөвшөөрсөн хэдий ч уг 1 901 ширхэг бараа материалыг үргэлжлүүлэн түрээслээгүй, тэдгээрийг ахин ашиглах боломжгүй гэсэн учраас буцаан авч явсан, бараа материалын үнийг гэрээний 2.1.2-т зааснаар төлнө гэж тохиролцсон гэж тайлбарладаг боловч тайлбарынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болох ба хүлээлгэн өгөөгүй бараа материалын түрээсийн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 887 хоногоор тооцон 12 740 868 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 73 390 төгрөг, нийт 12 814 258 төгрөг болсноос барьцааны үлдэгдэл 1 736 000 төгрөгийг хасч түрээсийн төлбөрт 11 078 258 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй  байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүл, дутуу бараа материалыг буцааж өгөх шаардлагатай байна, түрээсийн төлбөр тооцогдоод байгаа талаар хариуцагч А.Бд удаа дараа утсаар мэдэгдэж байсан гэдгийг хариуцагч үгүйсгээгүй, тэрээр тайлбараараа хүлээн зөвшөөрсөн болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.”, 262.4-т “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж тус тус заажээ. Гэрээний талууд 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн түрээсийн гэрээний 4.2-т алданги авахаар харилцан тохиролцсон тул алданги авах эрхтэй байна.

Иймд дээрхийг нэгтгэхэд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үүрэгт 16 617 387 төгрөг, 1 901 ширхэг /хэв 60-21 ширхэг, хэв 40-1 ширхэг, труба 6м- 2 ширхэг, труба 4м-3 ширхэг, труба 3м-1 ширхэг, труба 1м-59 ширхэг, тулаас V2-32 ширхэг, түгжээ-1772 ширхэг, Хомут э-дэг- 6 ширхэг, тулаасV6- 4 ширхэг/ барилгын бараа материалыг хариуцагч А.Бгаас гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 305 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 305 480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1.1, 326.2.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч А.Бгаас 16 617 387 төгрөг, 1 901 ширхэг барилгын бараа материалыг /хэв 60-21 ширхэг, хэв 40-1 ширхэг, труба 6м- 2 ширхэг, труба 4м-3 ширхэг, труба 3м-1 ширхэг, труба 1м-59 ширхэг, тулаас V2-32 ширхэг, түгжээ-1772 ширхэг, Хомут э-дэг- 6 ширхэг, тулаасV6- 4 ширхэг/  тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 305 480 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.САРАНТУЯА