| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2022/0077/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/93 |
| Огноо | 2022-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч С.Б, Д.О нарыг оролцуулан Хэнтий аймгийн Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Өнөбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт С-ийн Б, М овогт Д-ийн О нарт холбогдох эрүүгийн 2239........ дугаартай хэргийг харъяалал тогтоон шилжүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 19... оны 10 дугаар сарын 27-ны өдөр Х аймгийн М суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, “Х Ресурс” ХХК-нд экскаваторын операторчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт У хот, С дүүргийн 3 дугаар хороо, 14а-00 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл Х аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, Х аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Х овогт С-ийн Б. /РД:................/
2.Монгол улсын иргэн, 198.....оны 06 дугаар сарын 25-ны өдөр Х аймгийн Д суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, яс үндэс халх, бурэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Х аймгийн М сумын 2 дугаар баг Өлзийт гэх газар оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, М овогт Д-ийн Ог./РД:СЛ81./
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
-Шүүгдэгч С.Б нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчимд Х аймгийн М сумын 1 дүгээр багт байрлах А.Д-ын гэрт "орилж хэрүүл хийлээ" гэх маргааны улмаас хохирогч Д.О-тэй маргалдаж, улмаар гэрийн гадна тонгорч унагаан нүүрэн тус газар нь хөлөөрөө дэвслэн зодож биед нь идэвхтэй үйлдлээр түүний эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
-Шүүгдэгч Д.О нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим Х аймгийн М сумын 1 дүгээр багт байрлах А.Д-рын гэрт "хэрүүл хийлээ, зодлоо" гэх маргааны улмаас хохирогч С.Б-тай маргалдаж, улмаар гэрт болон гадна бургас модоор бугалга хэсэг рүү нь цохин зодож идэвхтэй үйлдлээр түүний эрүүл мэндэд баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, булчингийн тасрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Б, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй гэсэн ба бид хоёр маргалдсанаас энэ хэрэг гарсан. Би Д.О-т хохирол төлнө, энэ хэргийн улмаас ажил хийгээгүй тул цалин аваагүй...Бид хохирол төлөх талаар тохиролцсон байгаа...” гэв.
2.Шүүгдэгч Д.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Тухайн өдөр намайг гэртээ байж байхад найз Д ирээд гэрт хүргээд өг гэхээр нь нөхрийнхөө хамтаар хүргэж өгсөн. ...Намайг нөхөртэйгөө маргалдахад энэ ах загнаад байсан, тэгээд найз Д-тай гэрээс нь гарахад араас гарч ирээд тонгорч дэгээдэж унагаагаад хөлөөрөө нүүрэн дээр дэвссэн. С.Б бид хоёр хохирол төлөх талаар ярилцаж тохиролцсон. Надад мөнгө өгнө гэсэн. Би мөнгө өгөхөөр нь хамрын хагалгаанд орох юм. С.Б нь надад хамрын зураг авахуулахад 120,000 төгрөг, эм тосны мөнгө 20-иод мянган төгрөг, нийт 150,000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Хамрын хагалгаанд ороход нийт 1,920,000 төгрөг болох юм шиг байна лээ...” гэв.
Эрүүгийн 223900... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хохирогч Д.О-ийн “...Би 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед хонио хотлуулчихаад Х аймгийн төв явах гэсэн чинь манай баруун талд байдаг Д нь намайг гэрт хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгэхлээр нь нөхөр бид хоёр өөрсдийн эзэмшлийн 18-51 ХЭН улсын дугаартай “Акуа” маркийн машинаар Д-ыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгсэн чинь манай нөхөр Д нь “би энд үлдээд араас чинь очъё” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би нөхөр Д-д уурлаад “явъя” гэж хэлсэн чинь Д-ын гэрийн зүүн орон дээр хэвтэж байсан нэг ах над руу хандаж “хаанаас ирсэн цагаач вэ, хэн бэ” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “танд хамаагүй, би өөрий нөхөр Д-ыг загнаж байна” гэж хэлсэн чинь тэр ах уурлаад орноос босож ирээд гичий нохой вэ гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Д-ын гэрээс гарсан чинь араас нөгөө ax гарч ирээд намайг барьж аваад тонгорч унагаагаад хөлөөрөө нүүрэн хэсэг рүү 1 удаа дэвсэлсэн. Тэгээд тэр ахыг Д бариад авахаар нь би газар байсан бургас модыг аваад тэр ахын гарын бугалга хэсэг рүү нэг удаа ороолгосон. Одоо би хамраа янзлуулчих юм бол надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30 дугаар хуудас/
2.Хохирогч С.Б-ийн “...Би 2022 оны 6 дугаар сарын 15-ны орой өөрийн найз Д-рын гэрт 21 цагийн үед унтаж байхад гэрийн гаднаас хэдэн хүмүүс орж ирээд орилж чарлаад хэрүүл хийгээд байхаар нь би “юун хүн бэ” гэж асуусан чинь О надруу хандаж “чи өөрөө хэн бэ” гэж асуухаар нь би “Сэмэ Б байна” гэж хэлсэн чинь О “мэдэхгүй л юм байна сэмэрхий үстэй сийрсэн толгойтой юм” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би уурлаад юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь О гэрт байсан бургас модыг барьж аваад надруу дайраад миний баруун гарын бугалга хэсэг рүү 1-2 удаа цохихоор нь очоод түлхэж унагаагаад дээрээс нь нэг удаа нүүрэн хэсэг рүү нь нүцгэн хөлөөрөө өшиглөсөн...Намайг Д-ын гэрт байхад О нь бургас модоор миний баруун гарын бугалга шуу хэсэг рүү 1-2 удаа цохисон, харин гэрийн гадаа мөн адил миний баруун гарын бугалга шуу хэсэг рүү 1-2 бургас модоор цохисон...Харин би 2022 оны 6 дугаар сарын 18-нд ажилд орох байсан одоо болтол ажилдаа яваагүй, ажил хийгээгүй мөн одоо миний баруун гар бугалга шуу хэсгээрээ маш их хөндүүр машин барьж болохгүй байгаа, цаашдаа би гараа зүгээр болтол ажлаа хийхгүй тийм болохоор би өдрийн 120,000-130,000 орлоготой энэ ажилгүй байх хугацаанд гарсан бүх зардал хохирол мөнгийг гаргуулан авмаар байна....” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/
3.Гэрч Б.Д-ын “...Би 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өөрийн гэртээ давхарлаа туургаа хийсэн. Надтай хамт манай найз Д хийлцсэн. Ингээд ажлаа дуусгаад Д-ыг гэрт нь хүргэж өгөх болоод өөрийн эхнэр Д.О-ийн хамт Д-ыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд би Д-ын гэрт нь ороод сууж байхад манай эхнэр О нь явахуу гэсэн тэгэхлээр нь би за жаахан байж бай гэж хэлсэн чинь манай эхнэр намайг загнаад чанга чанга дугарсан чинь зүүн орон дээр хэвтэж байсан Бадарчин наад хүн чинь явахгүй байж байг, чи хаанаас ирсэн цагаач вэ гэж хэлсэн. Тэгээд л манай эхнэр О Б хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн тэгж байгаад манай эхнэр О гэрээс гарсан чинь араас нь Б гараад манай эхнэрийг газар унагаагаад нүүрэн хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхлээр нь Д бид хоёр тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/
4.Гэрч А.Д-ын “...Би 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найз Дагватай хамт гэрт нь байж байгаад өөрийн гэр рүү Д, эхнэр О нараар хүргүүлсэн. Гэртээ орсон чинь манай гэрийн зүүн орон дээр найз Бадарчин унтаж байсан. Мөн надтай хамт Д манай гэрт орсон. Гэрт ороод байж байхад О нь нөхөр Д руу хандаж хоёулаа явъя гэж хэлсэн чинь Д жаахан байж байгаад явъя гэсэн чинь түүний эхнэр Д.Онь уурлаад чанга чанга хашгирсан чинь манай зүүн орон дээр унтаж байсан Б босож ирээд хаанаас ямар хүн орж ирээд бахираад байгаа юм бэ гэсэн чинь О тэр хоёр хуц уль гээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгээд тэр хоёр нилээн удаан хэрэлдэж байгаад больсон. Тэгэхлээр нь би Оюунчимэгийг аваад гэрээс гаргаад орхисон чинь араас Б гарч ирж байгаа харагдсан. Тэгсэн гэнэт л ард О газар ойчсон, Б дээрээс нь нэг удаа дэвсэж байгаа харагдсан. Тэгсэн чинь л О-ийн хамарнаас цус гарсан. Тэгэхлээр нь би Б-г бариад салгаад аваад явж байхад араас Оюунчимэг бургас бариад түүгээрээ Б-ийн баруун гар хэсэг рүү нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18 дугаар хуудас/
5.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 438 дугаартай шинжээчийн:
1.С.Б-ийн биед баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, булчингийн тасрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас /
6.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 421 дугаартай шинжээчийн:
1.Д.О-ийн биед хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:
7.Шүүгдэгч Д.О-ийн хувийн байдлын талаар гэрч Г.Г-“...Ааш зангийн хувьд төлөв даруухан, тайван дөлгөөн, хүнд тусархаг, их нийтэч хүн. Оюунчимэг эгчийг таньж мэддэг болсон цагаас хүнтэй маргаж, муудаж, уурлаж уцаарлаж байхыг нь харж байгаагүй... сайн хүн гэж дүгнэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
8.Шүүгдэгч Д.О-ийн хувийн байдлын талаар гэрч Б.Д-ийн “...Ааш зангийн хувьд төлөв даруухан, тайван дөлгөөн, шударга хүн. Оюунчимэг эгч манай ахтай гэр бүл болоод 18 жил болж байна. Том хүү нь 17 настай, бага охин нь 11 настай. Оюунчимэг эгч архи тамхи огт хэрэглэдэггүй. Энэ хүний талаар хүнтэй маргаж муудсан, архи дарс уусан зэрэг сөрөг муу зүзйл сонсож байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
9.Шүүгдэгч С.Б-ийн хувийн байдлын талаар гэрч М.И-ын “...Бадарчин ах ааш зангийн хувьд төлөв даруухан, архи дарс тэр болгон уугаад байдаггүй. Уурхайд ажилладаг бөгөөд байгууллагын хөдөлмөрийн аварга, тэргүүний уурхайчин зэрэг шагналаар шагнуулж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
10.Шүүгдэгч С.Б-ийн хувийн байдлын талаар гэрч Э.А-ийн “...Б ах ааш зангийн хувьд төлөв даруухан, тохитой томоотой хүн. Бадарчин ахыг таньж мэддэг болсон цагаас хүнтэй маргаж, муудсан зэрэг сөрөг зүйл сонсож байгаагүй. Би хувьдаа маш сайн хүн гэж дүгнэдэг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,
11.Шүүгдэгч Д.О-ийн төрсний болон гэрлэсний, оршин суугаа хаягийн, иргэний үнэмлэхний лавлагаа, төрөл садангийн лавлагаа, /хх-ийн 100-109 дүгээр хуудас/,
12.Х аймгийн М сумын Өлзийт багийн Засаг даргын “ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 110 дугаар хуудас/,
13.Шүүгдэгч Д.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 112 дугаар хуудас/,
14.Шүүгдэгч С.Б-ийн гэрлэсний, оршин суугаа хаягийн, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 118-122 дугаар хуудас/,
15.Шүүгдэгч С.Б-ийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 123, 125-130 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчимд Х аймгийн М сумын 1 дүгээр багт байрлах А.Д-ын гэрт "орилж хэрүүл хийлээ" гэх маргааны улмаас хохирогч Д.О-тэй маргалдаж, улмаар гэрийн гадна тонгорч унагаан нүүрэн тус газар нь хөлөөрөө дэвслэн зодож биед нь идэвхтэй үйлдлээр түүний эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.О нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим Х аймгийн М сумын 1 дүгээр багт байрлах А.Д-ын гэрт "хэрүүл хийлээ, зодлоо" гэх маргааны улмаас хохирогч С.Б-ай маргалдаж, улмаар гэрт болон гадна бургас модоор бугалга хэсэг рүү нь цохин зодож түүний эрүүл мэндэд баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, булчингийн тасрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч С.Б, Д.О нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Б, Д.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон шүүгдэгч нарын бие биенээ үл хүндэтгэсэн харилцаа, хандлага зэрэг шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч М овогт Д-ийн О /РД:СЛ810...../-ийн биед хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд учирсан,
Хохирогч Х овогт С-ийн Б /РД:СО76000/-гийн баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, булчингийн тасрал бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч С.Б нь “Д.О-ээс нэхэмжлэх зүйлгүй, Д.О-т хохиролд мөнгө өгсөн, хамрын хагалгаанд ороход зарцуулагдах төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэж, хохирогч Д.О нь “С.Бадарчин надад 150,000 төгрөг өгсөн ба хамрын хагалгаанд ороход зарцуулагдах 1,920,000 төгрөгийг төлж барагдуулна гэж бид тохиролцсон” гэж тус тус мэдүүлэв.
Иймд шүүгдэгч Д.О-ийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч С.Б нь Д.О-ийн хамрын хагалгаанд ороход гарах зардлыг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б, Д.О нарт үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Шүүх шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид 150,000 төгрөг төлсөн, хамрын хагалгаанд ороход гарах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Д.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Д.О нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Б, Д.О нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт С-ийн Б, М овогт Д-ийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт С-ийн Б-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М овогт Д-ийн О-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Д.О-т оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Д.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
5.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч С.Б нь хохирогч Д.О-т хамрын таславчийн хагалгааны зардлыг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч С.Б, Д.О нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ