| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 183/2019/00312/И |
| Дугаар | 00851 |
| Огноо | 2019-04-10 |
| Маргааны төрөл | Даалгавар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 00851
| 2019 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2019/00851 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц /РД:/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М холбогдох,
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай багш ажилчдын 53 дугаар байрны техникийн давхрыг батлагдсан зураг төслийн дагуу өөрчилж, зориулалтын дагуу ашиглахыг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн төлөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Ц миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол дээд сургуулийн багш ажилчдын 53 дугаар байрны 6-н давхарт байрлах 42 тоот орон сууцанд амьдардаг. М, түүний захирал Н.Д нь манай байрны хамгийн дээд давхар буюу техникийн давхрыг батлагдсан зураг төслийн дагуу барилгүй, хууль бусаар дур мэдэн өөрчилсний улмаас барилгын хэвийн үйл ажиллагаа алдагдаж ноцтой хохирол учрах нөхцөл байдал бий болсон тул эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Барилгын төлөв байдлын тухай 02-07-112/421 тоот дүгнэлтээр Техникийн давхарт анхны зураг төслөөр байрлах 3, Б-В тэнхлэг дээвэр лүү гарах хаалганы байршлыг өөрчлөн 3, Г-В тэнхлэг рүү шилжүүлсэн, 9 дүгээр давхраас техникийн давхар луу гарах шатны эргэлтийн талбайд хаалга руу гарах төмөр шат угсарсан Техникийн давхрын коридорыг хааж өрөө гаргаж зориулалтыг өөрчилсөн байгаа нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Мөн 02-07-112/421 тоот дүгнэлтэд техникийн давхрын өрөөг анхны батлагдсан зураг төслийн дагуу ашиглах нь зүйтэй гэж дурдсан байдаг. Монгол дээд сургуулийн захирал Н.Д нь техникийн давхрын коридорыг хууль бусаар хааж гаргасан өрөөндөө бусдыг амьдруулж орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол дээд сургуулийн багш ажилчдын 53 дугаар байрны техникийн давхрыг батлагдсан зургийн дагуу өөрчилж, зориулалтын дагуу ашиглахыг даалгаж өгнө үү.
Хариуцагч Монгол дээд сургуулийн захирал Н.Д нь лифт бусад барилгын хэвийн үйл ажиллагаатай холбоотой техникийн зориулалтаар ашиглах өрөөг батлагдсан зураг төслийн дагуу барилгүйгээр хууль бусаар барьж тухайн байрны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, ноцтой хохирол учрах тухай Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч дүгнэлт гаргасан. Техникийн давхарт анхны зураг төслөөр байрлах дээвүүр лүү гарах хаалганы байршлыг өөрчилж, төмөр шат нэмэн угсарч, үндсэн хаалгыг хааж өрөө гаргаж өөрчилсөн нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасан барилга байгууламжийн үндсэн бүтцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх гэх заалтыг зөрчсөнийг тогтоосон. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хаалганы байршлыг шилжүүлсэн нь дээвэр гарах хэн нэгэн хүн техникийн давхрын өрөөнд орох боломжийг хязгаарласан. Учир нь энэ өрөөнд байрлах СӨХ-ны эд хогшил, бичиг баримтыг хамгаалах шаардлага үүссэн Техникийн давхрын коридорыг хааж өрөө гаргасан зүйл байхгүй, өрөө бол анхнаасаа төлөвлөсөн өрөө байсан Техникийн давхрын өрөөнд СӨХ байрладаг нь хэвийн зүйл коридорыг хаагаагүй чөлөөтэй байгаа болно. Энэ өрөө нь барилгын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан зүйл байхгүй ноцтой хохирол учруулсан зүйл байхгүй. Ийм нөхцөл байдал үүссэн зүйл байхгүй гадны хүмүүс, сурагчид техникийн давхарт гарч тамхи татаж, архи ууж дураараа гарч элдэв үйлдэлд саад болж сайн талтай юм. Э.Ц нөхөр Билгүүнжаргал нь энэ барилын сантехникийн ажил хийхдээ өөрийн амьдардаг байрны шалан доогуур паар луу явах хоолойг шалны халаалт шиг битүү эргэлдүүлэн байрлуулсан нь барилгын зургийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Энэ нь байрны дулааныг бусдаас илүү хэмжээгээр ашиглаж байж бусадтай ижил хөлс төлж СӨХ-ны дулааны төлбөрийг нэмэгдүүлж хохирол учруулж байгаа тул бид сөрөг нэхэмжлэл гаргах болно. М энэ байрыг захиалгаар бариулж, иргэдэд худалдсан бөгөөд байрны ашиглалтыг контор, СӨХ хариуцаж байгаа тул, М хариуцах субъект биш. Нэхэмжлэгч нь тус байрны 6 дугаар давхарт амьдарч байгаа түүнд ямар ч хохирол учруулаагүй. Бүх байрны дээд өрөөг тухайн байрны СӨХ ашиглаж байдаг. М техникийн давхар, байрны СӨХ-ны бүх зүйлийг “Баатар дулаан хайрхан” ХХК-д шилжүүлсэн, түүнийг тус компани нь шинэ байгуулагдсан СӨХ-д хүлээлгэн өгсөн байдаг. Оршин суугчдад ямар ч хохирол байхгүй. Харин ч бид дээвэр лүү гарч байгаа хаалгыг тухайн өрөөгөөр дамжуулахгүйгээр тусад нь гаргаж байгаа нь цаашид техникийн өрөөг цаашид ашиглах хүмүүст ач холбогдолтой зүйл юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч М холбогдуулж Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай багш ажилчдын 53 дугаар байрны техникийн давхрыг батлагдсан зураг төслийн дагуу өөрчилж, зориулалтын дагуу ашиглахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн ба хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэргийн үйл баримт болон зохигчийн тайлбараар хариуцагч Монгол дээд сургуулийн захиалгаар Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 давхар 72 айлын орон сууцыг бариулан 2015 онд улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оржээ.
Нэхэмжлэгч Э.Ц нь тус 53 дугаар байрны 42 тоот орон сууцны өмчлөгч, тус хаягт оршин суудаг болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т өмчлөгч нь “...хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байна.
Мөн хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд ...сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө... зэрэг эд хөрөнгө орно гэж заасан ба маргааны зүйл болж байгаа техникийн давхар нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарн 18-ны өдрийн 02-07-112/421 тоот дүгнэлтээр “...1. Техникийн давхарт анхны зураг төслөөр байрлах /3,Б-В тэнхлэг/ дээвэрлүү гаргах хаалганы байршлыг өөрчлөн 3,Г-В тэнхлэг рүү шилжүүлсэн, 9 дүгээр давхраас техникийн давхар луу гарах шатны эргэлтийн талбайд тус гарсан хаалга руу гарах төмөр шат угсарсан. 2. Техникийн давхрын коридорыг хааж өрөө гаргаж зориулалтыг өөрчилсөн байгаа нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх заалтыг зөрчсөн байна гэжээ.
М нь анх барилгыг захиалан бариулахдаа техникийн давхрыг зураг төслөөс өөрөөр барьсан болох нь өрөөний хаалганы байршлыг өөрчилсөн, техникийн давхрын коридорыг хааж өрөө гаргаагүй, энэ өрөө нь барилгын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан зүйлгүй гэж тайлбарладаг хариуцагчийг тайлбар болон дээрх мэргэжлийн хяналтын дүгнэлтээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4-т орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах эрхтэй байх тул нэхэмжлэгч Э.Ц нь зураг төслөөс өөрөөр баригдсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхтэй.
Хариуцагч М уг техникийн давхар нь дундын өмчлөлийн зүйл тул түүний ашиглалтыг 2018 оны 02 дугаар сараас “Баатар дулаан хан” ОСНААК-т, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тус байрыг хариуцахаар шинээр байгуулагдсан “Монгол дээд-53” СӨХ-нд хүлээлгэн өгсөн тул манайх хариуцагч биш гэж тайлбарлан үндсэн хөрөнгө шилжүүлэх акт, “Баатар дулаан хан” ОСНААК-ийн тодорхойлолт баримтыг хэрэгт гаргасан боловч уг баримтуудаар маргааны зүйл болж байгаа уг техникийн давхрын өрөөг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байна.
Түүнчлэн лифт техникийн өрөө тусдаа байгаа, уг шинээр гаргасан өрөөнд хүн амьдраагүй, Сууц өмчлөгчдийн холбоо нь ашиглаж байгаа гэх хариуцагчийн тайлбар нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд дээрхийг нэгтгэхэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай багш ажилчдын 53 дугаар байрны техникийн давхрыг батлагдсан зураг төслийн дагуу өөрчилж, зориулалтын дагуу ашиглахыг хариуцагч М даалгах тухай Э.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т зааснаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай багш ажилчдын 53 дугаар байрны техникийн давхрыг батлагдсан зураг төслийн дагуу өөрчилж, зориулалтын дагуу ашиглахыг хариуцагч М даалгасуай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол дээд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Цд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА