Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Ш.Д

Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгч А.А, А.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ч-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт А-ы  А, Н овогт А-ийн М нарт холбогдох эрүүгийн 2239000000... дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 19... оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Д аймгийн И суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, казак, бүрэн дунд боловсролтой, өрөмдөгч мэргэжилтэй, О ХХК-д өрөмдөгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хаймгийн Б сумын 7 дугаар баг 2 дугаар хороо хөдөө хэсэгт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт А-ийн М/Регистрийн дугаар: С............/

2.Монгол улсын иргэн, 198... оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хаймгийн Б суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, казак, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Х аймгийн Х сумын 7 дугаар баг 2 дугаар хороо хөдөө хэсэгт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт А-ы А /Регистрийн дугаар: С00000006/

Холбогдсон хэргийн талаар:

-Шүүгдэгч А.М нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 06 цагийн орчим Х аймгийн Х сумын 8 дугаар баг Т тосгоны хөдөө хэсэг "Баруун урт" гэх газарт байрлах А.А-ийн гэрт "хонио нийлүүлээд буцааж авахдаа байнга илүү авдаг" гэх шалтгаанаар очиж түүнтэй маргалдах явцад тэдний дэргэд байсан А.Б-ы толгойн дух орчим газарт нь сүхээр цохин зодож хохирогч А.Б эрүүл мэндэд нь зүүн чамархайд мэс заслын оёдол бүхий шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан,

-Шүүгдэгч А.А нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 06 цагийн орчим Х аймгийн Х сумын 8 дугаар баг Т тосгоны хөдөө хэсэг "Баруун урт" гэх газарт байрлах өөрийн гэрийн гадна "ээжийг зодлоо" гэх шалтгааны улмаас хохирогч А.М-ын толгой тус газар нь турба төмрөөр цохин зодож түүний эрүүл мэндэд нь дагзны хуйханд мэс заслын оёдол шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт  тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон шүүгдэгч нарын хувийн байдал, хохиролтой холбоотой дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч А.М: “Энэ хүмүүсээсээ уучлалт хүсье. Бид хамаатан садан, төрөл төрөгсөд хүмүүс. Абид  хоёр үеэлүүд. Надад хохирол гэж ярих зүйл байхгүй. Тухайн ямаа алга болсон байсан ч хамаагүй. Би дахиж малтай холбоотой зүй бус асуудал битгий гараасай гэж хүсэж байна. Өмнө нь бид ерөөсөө маргаж байгаагүй. ...Тухайн үед зусланд буугаад удаагүй байсан тул хашаа саравч янзлах сүх машинд байсан. А.Б эгчийг сүхний ар хэсгээр цохисон. Миний буруу. Цохьё гэж бодоогүй. Эгчээсээ л уучлалт гуйж байна. Надад хүн алах санаа байхгүй, би хүн алах хүн биш. Одоо надад маш их юм бодогдож байна, би өөрийгөө ингээд хэрэг хийчихнэ гэж бодоогүй. Тэсчихгүй яавдаа л гэж бодож байна...2 хутганы хувьд хар иштэй нь гал тогооных, ногоон иштэй нь миний сур огтолдог хутга юм. Тухайн үед нөхцөл байдал хурцдуу байсан, тэгээд байцаагч маань холуур байгаарай, битгий дахиж очоод муудалцаарай гэж хэлсэн болохоор уулзаж, хохирол төлбөр төлж чадаагүй. Шүүхийн тогтоосон баримттай хохирлыг нөхөн төлнө. Татгалзах зүйлгүй. ...Би А-ээс хохирол нэхэмжлэхгүй, ямар ч гомдол саналгүй...” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А: “...Тухайн өдрийн нөхцөл байдлыг М ах ярилаа. М ах нилээн согтолттой байсан. Ирээд маргалдахаар нь нэг түлхсэн. Гэтэл машинаасаа хутга, сүх аваад ирсэн. Тэгээд би нүцгэн гараараа байлтай биш гээд труба авсан. Би сүхийг нь машин руу нь шидсэн. Гэтэл эргээд машин руугаа гүйгээд бензин авсан. Хэнийг шатаах гэж байсан юм бол бүү мэд. Би байхгүй байсан бол үргэлжлээд юу болохыг мэдэхгүй...” гэв.

Хохирогч А.Б “...Гадаа хүмүүс шаагилдаад гараад харахад А.М баруун гартаа сүх, зүүн гартаа хутга барьчихсан дайрч байсан. Тэгээд юу болов боль гэтэл алнаа гээд надруу гүйгээд ирсэн. Тэгээд толгой руу цохьсон. Цус урсаад л би унасан. Би өмнөх өдөр нь М-аар ороод цай уугаад багс асуугаад л гарсан. Ямар ч хонзон байхгүй. Яагаад намайг цохиж байгаа юм. Алнаа гэж хэлсэн. Цохилтоос болж толгойд хаван үүссэн. Надаас уучлалт гуйгаагүй. Надаас уучлалт гуйгаад намайг эмнэлгээр дагуулж яваад үзүүлж харуулсан бол би чинь хүн шүү дээ. Эмчилгээ хийлгэсэн хохирлын баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Нэмж 7 сая төгрөг нэхэмжилнэ, баримт байхгүй...Би гомдолтой байна, хүүг минь хүртэл хэрэгтэн болгочихлоо...” гэв.

 

Эрүүгийн 22390000000... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч А.М-рын “...2022 оны 06 дугаар сарын 04-ний оройн 22 цагийн орчимд 0.5 граммын Хараа нэртэй архи ганцаараа уугаад 23 цаг 30 минутын орчимд унтаад маргааш өглөө нь буюу 2022 оны 06 дугаар сарын 05-ны өглөөний 05 цагийн орчимд сэрээд гэртээ байж байсан чинь өмнө нь манай малтай А.А нь байнга хонио нийлүүлээд буцааж ялгаж авахдаа байнга ганц 2 хонь илүү аваад байдаг байсан. Тухайн үед нь манай хонь наадах чинь гээд буцааж авч байсан тэр гэнэт санаанд ороод би өөрийн цагаан өнгийн Bongo маркийн 76-08 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод хажуу хөрш залгаа байдаг А-ийн гэрт 06 цагт очсон. Тухайн уед А-ийн гэрийн үүдэнд очоод машинаа зогсоож унтраагаад машинаасаа бууж очоод гэрийнх нь хаалгыг тогшсон чинь надад А- хаалгаа тавьж өгөхөөр нь би гэрт нь ороод чи миний ариун цагаан хөдөлмөрөө гаргаж өсгөж өндийлгөж байгаа хонь руу минь хонио нийлүүлсэн ухаа хүзүүтэй хонь, далбагар эвэртэй эр ямаа, шар халзан борлон чи авсан гэсэн чинь А би аваагүй гэхээр нь би гараараа А-ийн цээжинд цохисон чинь А баруун гараараа зүүн хацар хэсэгт минь нэг удаа цохихоор нь би машин руугаа буцаж очоод хонины хашаа хэрэглэхдээ ашиглаж байсан хутга, сүх хоёроо аваад А рүү очсон чинь А зугтсан чинь А-ийн ээж Б гэрийнхээ урд талын амбаараас гарч ирээд хүүгээ өмөөрөөд намайг элдвээр хэлээд бид нар хулгай хийдэг хүмүүс биш гэхээр нь би Б эгчийг сүхээр дух хэсэгт нь нэг удаа цохисон чинь Бэгч ухаан алдаад уначихлаар нь би Аруу сүхээ бариад очсон чинь А төмөр турбагаар толгойн ар дагз хэсэгт нэг удаа цохихоор нь би толгойгоо дараад суухад, нуруу хэсэгт минь дахин нэг удаа цохисон. Тэгэхээр нь би машинаа үлдээгээд гэр лүүгээ явган явсан... Өмнө нь манай хоньтой А хонио удаа дараалан нийлүүлээд илүү хонь тууж явж байгаад надад баригдаж байсан. Би ах дүүсийн хүүхдүүд юм чинь яршиг гэж бодоод хэлээд өнгөрдөг байсан. Би ухаа толгойтой хонио 2020 оны 07-р сарын     02-ны өдөр хулгайд алдсан. Мөн далбагар эвэртэй улаан ямаагаа 2020 оны 01-р сарын 20-ны өдөр хулгайд алдсан гэх мэтээр намайг яг байхгүй үед манай эхнэрийг ганцаараа байх үед хулгайлаад байгаа болохоор би А-ийг гэж бодож байгаа. Би А-ийн цээж хэсэгт нь 1 удаа цохисон... гэх мэдүүлэг,      /хх-ийн 25-26 дугаар хуудас/

2.Хохирогч А.Б-ы “...2022 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 06 цагийн орчимд манай хөдөө гэр буюу Х аймгийн Х сумын 8 дугаар баг Т тосгоны Хөдөө хэсэг Баруун-Урт гэх газарт байрлах гэрийн минь гадаа машин дугарах шиг болохоор нь би зуны амбаарт унтаж байсан болохоор хүн ирж байна гээд сэрээд хувцсаа өмсөөд босоод байж байсан чинь хүн хашхираад байхаар нь би зуны амбаараасаа гарсан чинь А гар нүцгэн дотуур өмдтэйгөө харин М нэг гартаа сүх нэг гартаа хутга барьчихсан манай хүү А рүү дайраад байхаар нь би М миний дүү яаж байгаа юм бэ гэсэн чинь сүхээр шууд духны зүүн хэсэгт цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан нэг л мэдэхэд би босоод зогсчихсон манай бэр миний толгойг даавуугаар дарж байсан. Тэгээд би амбаар руугаа орсон чинь Мхутга барьчихсан харин манай хүү А төмөр турбаа барьчихсан байсан. Тэгээд цагдаа дуудчихсан гээд хашхирсан чинь Мухтар зугтчих шиг болсон. Харин А М-ыг явангуут нь буцаж ирээд машиндаа суу явъя гэхээр нь би машинд нь суугаад Б тосгон руу А-ийн гэр бүлийнхэнтэй хамт явсан. Харин бид нарыг Б тосгоны төв рүү явж байхад Мухтар мотоцикльтойгоо ардаас явж байх шиг байсан тэгээд гэнэт л хөөхөө больчихсон...М хэдэн хонь ямаа алга болсон гээд манай хүү А-ийг буруутгаад байгаа юм. Түүнээс л болж М өс санаж байгаа байх. Би гомдолтой байна. М-т хийсэн гэм байхгүй байхад намайг сүхээр цохисон... гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

3.Гэрч Х.Н-ийн “...Манай гэрийнхэн 2022 оны 06-р сарын 05-ны өглөө 06 цагийн орчимд унтаж байх үед манай гэрт М ах орж ирээд А-тэй ноцолдоод орилолдоод гарахаар нь би сэрээд ардаас нь гарах гэсэн чинь манай бага охин уйлаад байхаар нь би охиноо унтуулах гээд гэртээ аргадаж байж байгаад унтуулчихаад хувцсаа өмсөөд гэрээс гарсан чинь гэрийн зүүн талын амбаарын үүдэнд хадам ээж Б цусандаа холилдчихсон зогсож байсан. Харин манай нөхөр А төмөр турбаа барьчихсан зогсож байсан. Манай нөхрийн цаад талд нь хонины хашааны хажууд М ах хутга бариад зогсож байснаа хонины хашааны шургааг мод татаж аваад өргөх гэснээ дийлэхгүй болохоороо цаашаа зугтаад гэрлүүгээ явчихсан...Манай нөхрийг хонь хулгайлсан гээд хэрүүл хийгээд яваад байдаг. М ах архи уучихсан бололтой байсан харин А эрүүл байсан. Манай ээж Б хэлэхдээ М намайг сүхээр цохисон гээд байсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38 дугаар хуудас/

4.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 379 дугаартай: “...1. А.Б-ы биед зүүн чамархайд мэс заслын оёдол бүхий, зүүн сарвууны 1-р хуруунд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.3.Дээрх зүүн чамархайн мэс заслын оёдол бүхий шарх, зүүн сарвууны 1-р хурууны шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт / хх-ийн 65-66 дугаар хуудас/

5.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 384 дугаартай: “...1.А.М-ын биед дагзны хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2ээрх гэмтэл нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, чамархайн зөөлөн эдийн няцрал нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт / хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

-Шүүгдэгч А.М нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 06 цагийн орчим Х аймгийн Х сумын 8 дугаар баг Т тосгоны хөдөө хэсэг "Баруун урт" гэх газарт байрлах А.А-ийн гэрт "хонио нийлүүлээд буцааж авахдаа байнга илүү авдаг" гэх шалтгаанаар очиж түүнтэй маргалдах явцад тэдний дэргэд байсан А.Б-ы толгойн дух орчим газарт нь сүхээр цохин зодож хохирогч А.Б-ы эрүүл мэндэд нь зүүн чамархайд мэс заслын оёдол бүхий шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан,

-Шүүгдэгч А.А нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 06 цагийн орчим Х аймгийн Х сумын 8 дугаар баг Т тосгоны хөдөө хэсэг "Баруун урт" гэх газарт байрлах өөрийн гэрийн гадна "ээжийг зодлоо" гэх шалтгааны улмаас хохирогч А.М-ын толгой тус газар нь турба төмрөөр цохин зодож түүний эрүүл мэндэд нь дагзны хуйханд мэс заслын оёдол шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаангүй байна.

Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч нь “Шүүгдэгч А.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар давхар зүйлчилж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл нь “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн шинжийг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгөө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол...” гэж тодорхойлжээ.

Анхан шатны журмаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.М, А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байх тул шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч А.М-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, шүүгдэгч нарын хоорондын маргаантай, үл ойлголцсон байдал, шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг шалтгаан, нөхцөл нөлөөлсөн байна гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч К овогт А-ийн Б-ы биед  зүүн чамархайд мэс заслын оёдол бүхий, зүүн сарвууны 1-р хуруунд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна.

Хохирогч А.Б нь гомдолтой, хийлгэсэн эмчилгээний болон бусад холбоотой зардлын баримтыг гаргаж өгсөн. Нэмж 7 сая төгрөг нэхэмжилнэ, баримтгүй гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Хэргийн 118 дугаар хуудсанд /урд, ард хэсэгт/ 1,077,877 төгрөгийн баримт авагдсан байх ба 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Капитрон банкны 150,000 /нэг зуун тавь/ төгрөгний баримт авагдсан, хохирогч А.Б “150,000 төгрөгөөр хүзүүвч худалдан авсан юм” гэж тайлбарласан боловч холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд баримтын дагуу 927,877 төгрөгийг шүүгдэгч А.М-аас гаргуулж, хохирогч А.Б-д олгох, хүзүүвч авсан гэх 150,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих, А.Б-ы 7 сая төгрөг нэмж нэхэмжилсэн нь баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирогч А.Б нь цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хохирогч Н овогт А-ийн М-ын биед гэмт хэргийн улмаас дагзны хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд тэрээр А.А-ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.М,  А.А нарт  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. 

           Шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хохирогчийн гомдолгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар,  

Харин шүүгдэгч А.М-рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтэл, хохирол төлөөгүй байдал, хохирогчийн гомдолтой гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, А.М нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч А.А, А.М нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүх, 84 см урттай, 4 см диаметртэй труба төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст даалгах нь зүйтэй.  

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Н овогт А-н М, Н овогт А-ы А нарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овогт А-н М-ыг 1,350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавь/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Н овогт А-ы А-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-т оногдуулсан 1,350,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч А.А-т оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, А.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

5.Шүүгдэгч  нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-аас 927,877 төгрөг гаргуулан хохирогч А.Б-д олгож, хохирогч А.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал болон хүзүүвч худалдан авсан гэх 150,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүх, 84 см урттай, 4 см диаметртэй труба төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

8.Шүүгдэгч А.А, А.М нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ