Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 183/2019/00563/И |
Дугаар | 00908 |
Огноо | 2019-04-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 00908
2019 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2019/00908 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц /РД:/,
Нэхэмжлэгч: Ц Л /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “А” ХХК-д /РД:/ холбогдох,
5 696 215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 09 дүгээр сарын 27 –ны өдөр Ц.Д, Ц.Ц нарыг хамтран зээлдэгчээр оруулан, “А” ХХК Ц.Лд жилийн 36 хувийн хүүтэй 20 100 000 төгрөгийн зээл олгосон байна. 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Аны ажилтан ******* надад зээлийн хүү төлөгдөхгүй байгаа талаар мэдэгдсэн. Дээрх гэрээ байгуулахад миний бие оролцоогүй, гэрээний хуудас бүрт гарын үсгийг минь дуурайлган зурсан байсан учир уг гэрээг хүчингүйд тооцуулахаар 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шинжилгээний газраас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг шинжлүүлхэд дээрх барьцааны гэрээний нүүр бүрт Ц.Ц гарын үсгийн загвартай тохирохгүй байна гэсэн 5938 дугаартай дүгнэлт гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэрээр дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсон. “А” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* зээлийн барьцааны байрыг авахдаа авна гэж 2 ч удаа хэлсэн. “А” ХХК шүүх хуралдаанд давж заалдаагүй байдаг. Банкнаас авсан 20 100 000 төгрөгийг төлөх зорилгоор зээлийн барьцааны орон сууцнаас төлбөр барагдуулахаар шийдсэн. Алтай хотхонд байрлах 54 000 000 төгрөгийн орон сууцыг “*******” ХХК-д ажилдаг ******* гэж хүн түрээслэж суудаг байсан. Түрээслэгчид орон сууц худалдаж авахыг санал болгоход 3 хоногт багтааж байрны гэрчилгээг шилжүүлбэл 40 000 000 төгрөгөөр худалдаж авах боломжтой гэсэн. Эхний удаа 28 000 000 төгрөг гаргаж өгөөд үлдсэн 12 000 000 төгрөгийг цалингаа буухаар төлөхөөр тохиролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “А” ХХК-тай төлбөр тооцоо хийсэн. Төлбөр тооцоо хийх гээд 20 100 000 төгрөгөө төлье гэж *******тэй уулзахад хүүтэйгээ төл гэсэн. Гэрээг хүчингүй болгосон байхад хүүг төлж болохгүйг мэдэж байсан боловч орон сууцаа худалдан борлуулахын тулд 25 696 215 төгрөгийн зээлийг төлж, орон сууцаа худалдсан. Хүүнд илүү төлсөн 5 690 215 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч “А” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Л, Ц.Ц, Ц.Д нартай 2143000231 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, жилийн 33.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 20 100 000 төгрөгийн зээл олгосон. Тухайн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгчээр Ц.Лгийн төрсөн эгч Ц.Д, эцэг Ц.Ц нар оролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ц.Ц, Ц.Л нарын өмчлөлийн *******,*******, Алтай хотхон, Энгельс гудамж,******* тоот, 32.9 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Нэхэмжлэгч тал болох Ц.Ц зүгээс дээрх зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан юм. Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтийг хангахгүйгээр зөвхөн гарын үсэг дуурайлгаж зурсан талаар Ц.Ц шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, хэрэг түдгэлзсэн. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн шинжилгээний байгууллагын 5938 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд гарын үсэг дуурайлган зурсан байх магадлалтай гэдэг. Банкны ажилтан гарын үсэг дуурайлгаж зураагүй ямар нэг этгээд гарын үсэг зурсан гэдгийг банкийг буруутгаж шүүх дүгнэлт гаргасанд хариуцагч тал гомдолтой байсан. Мөн хариуцагч “А” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэл, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг огт хангаагүй хэт нэг талыг барин шийдсэн юм. Дээрх гаргасан шүүхийн шийдвэрийг “А”-аас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардан авсан бөгөөд Ц.Ц нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гардаж аваагүй байхад буюу гомдол гаргах хугацаа тоологдоогүй байхад 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр барьцаа хөрөнгө болох орон сууцыг “...түрээслэн суудаг хүндээ зарахаар боллоо, нэгэнт миний хүү зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсгийг дуурайлган зурсан учраас асуудлаа бүгдийг нь дуусгая. Цагдаа сэргийлэх гээд яахав хэмээн нэг залууг дагуулан банкинд хүрэлцэн ирээд зээлийн бодогдсон үнийн дүнг тушаан зээлийг хаан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээн авсан. Ингэснээр анхнаасаа банкыг хууран мэхэлж, зээлийн харилцаа дууссан тул давж заалдах гомдлыг хязгаарласан асуудал хэмээн үзэж байна. Аны зүгээс нэхэмжлэгчийн шаардлага дотор бичсэнээр ямар нэгэн тулгалт хийгээгүй, барьцааны байрыг хураан авах талаар огт дурьдаагүй болно. Харин ч нэхэмжлэгч талтай зөвшилцөн Зээлийн гэрээ, барьцааны гэрээг хуурамчаар үйлдсэн охин, хүү хоёрыг нь мөн зээл олгох үед оролцсон банкны ажилтан нарыг эрүүгийн хариуцлага ногдуулах талаас хамгаалсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 -д зааснаар “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд цаашид “зээлдүүлэгч” гэх нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”. Мөн банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцооны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.” гэж тус тус заасны дагуу зээлдэгч нь үүргээ биелүүлж, зээлийн харилцаа нэгэнт дууссан байхад төлөгдсөн хүүг буцаан гаргуулах үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ц.Ц Улсын тэмдэгтийн хураамж 400 000 төгрөгийг нэхэмжилсэн хүсэлтийг банкинд тавьсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Ц Хас банкны дансанд Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт байдаг. Өнөөдөр зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад үндсэн зээл, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэрийн дагуу төлөгдсөн хүү гаргуулах шаардлага гаргаж байгаа нь эрх зүйн хувьд ч, ёс суртахууны хувьд боломжгүй зүйл гэж харж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л нар нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02532 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2143000231 тоот “Зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” гэрээнүүдийн үр дагавар болох 5 696 215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхээс “А”, Ц.Ц, Ц.Л, Ц.Д нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон байхад хариуцагч “А” ХХК нь биднээс зээлийн хүү гэж үндэслэлгүй 5 696 215 төгрөг авсан тул түүнийг гаргуулна гэж тайлбарлав.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон шүүхийн шийдвэр үндэслэлгүй, гомдол гаргах байсан боловч нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л нар нь зээлийн бүх төлбөрийг төлж дуусган үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ банкнаас авч асуудал дууссан. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийг байгуулахад нэхэмжлэгч Ц.Лгийн буруутай үйл ажиллагаа байсан гэж маргажээ.
“А” ХХК болон Ц.Л, Ц.Д, Ц.Ц нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2143000231 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр банк 20 100 000 төгрөгийг жилийн 33.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн байна.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Ц.Ц, Ц.Л нарын өмчлөлийн *******,*******,*******,******* тоот 1 өрөө орон сууцыг барьцаалжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц нь “А” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2143000231 дугаартай “Зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” гэрээнүүдийн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх хянан хэлэлцээд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02532 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй ба Ц.Ц, Ц.Л нар нь бакнаас зээлсэн 20 100 000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч зээл, зээлийн хүүд нийт 25 696 300 төгрөг төлсөн болох нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орлогын маягт, мемориалын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Дээрхийг нэгтгэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “А” ХХК болон Ц.Ц, Ц.Л, Ц.Д нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2143000231 дугаартай зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардсан нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 106 089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 106 089 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч “А” ХХК нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд шүүхээс тооцоход нэхэмжлэгч Ц.Л нь өөрийн төрсөн эцэг Ц.Ц гарын үсгийг дуурайлган зурсан буруутай үйлдэл байгаа ба тэрээр үүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарладаг бодловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар сөрөг шаардлага гаргаагүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар “А” ХХК-иас 5 696 215 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц, Ц Л нарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 106 089 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА