Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш-ийн Э-д холбогдох эрүүгийн 224000000...... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 26ы өдөр Д аймгийн Д суманд  төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Ж-ын 721 тоотод оршин суух, улсаас аван гавьяа шагнал, ял шийтгэлгүй  бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ш-ийн Э. /РД:Е0000000000/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Э нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Х аймгийн сумын 4 дүгээр баг Ж-ын 7-721 тоотод хохирогч З.Д-той хамт архи уух явцдаа хоорондоо маргалдаж, улмаар архины шил цохиж хагалаад түүний хавирган тус газар нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Ш.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ ярьсан тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Эрүүгийн 2240000000000000 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч З.Д-ийн “...Би Х- аймгийн Б-сумын 4 дүгээр баг Ж-ын 7-721 тоот хашаанд хадам ээжийн гэрийн буйрыг янзалж байх үедээ цуг юм хийж байсан Ш.Э-хамт "Хараа" нэртэй 0.75 литрийн архи 16 цагийн үед хувааж уусан. Тэр архиа уугаад дуусаж байх үед Ш.Э-эхнэр Ж.Д ирсэн. Ж.Д ирээд дэлгүүрээс 0.5 литрийн "Хараа" нэртэй 2 шил архи аваад бид гурав хувааж уусан. Тэр архиа ууж байсан Ж.Д, Ш.Э нар хоорондоо хэрэлдээд байхаар нь би хажуунаас нь болиулах гээд боль гэж хэлсэн. Тэгсэн Ш.Э уурлаад, согтуурхаад намайг гэрээс гаръя гэхээр нь би Ш.Э дагаад гэрээс нь гарсан. Ж.Д гэрээс орж гараад л байсан. Ш.Э бид хоёр гадаа гараад хоорондоо заамдалцсан. Бм заамдаж аваад мөргөсөн. Тэгсэн Ш.Э архины шил аваад чулуун дээр цохиж хагалаад баруун гартаа хагархайг нь барьж байгаад миний зүүн хавирга хэсэгрүү зүссэн. Намайг зүсэхээр нь шилийг нь хаяулах гээд барьж аваад л дээр доороо ороод ноцолдсон...Эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэж оёдол тавиулсан. Эмнэлэгт 20 оёдол тавиулсан. Миний чих зүсэгдсэн, нуруунд олон тооны зүсэгдсэн, тэрнээс дал орчим, бөөр орчим, нурууны гол хэсгүүдэд арьсыг нь нэвтэлж зүссэн байсан. Бусад зүсэгдсэн шархнууд нь өнгөц зүсэгдсэн. Мөн хэвлийн зүүн хэсэг, хавирганы доод хэсэгт 2 хэсэг газар гүн зүсэгдсэн, зүүн хөхний доод талд гүн зүсэгдсэн шархнууд учирсан байсан. Намайг шилээр зүсэхээр нь барьж аваад шилийг нь хаяулах гээд дээр доороо орчихсон тэгээд олон зүсэгдсэн байсан. Бид хоёр их согтсон байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 5-6 дугаар хуудас/

2.Гэрч Ж.Д-ийн ...Тэр өдөр манай том эгч Э.Б нөхөр Д-ой хамт Х аймгаас ирээд манай гэрийн хажууд байх ээжийн гэрийг буулгаад буурийг нь янзлаад барих гэж байсан юм. Би тэр үед нь эмнэлэгт байсан юм. Өдөр нь тэр, Дхоёр хамт архи уусан юм байна лээ. Орой би эмнэлэгээс гэрлүүгээ харих гэж байхад надруу Д яриад надад хоёр шил 0.5 литрийн архи захисан. Би за яахав өдөржин юм хийсэн юм чинь гээд би аваад очсон. Тэр хоёр гадаа харанхуй болсон байхад гэрийн бууриа янзалж байна гээд л уугаад байсан. Тэгээд 22 цагийн үед л гаднаас Э ороод ирсэн. Араас Д орж ирээд намайг шаачихлаа хурдан эмнэлэг дууд л даа гээд орилоод би гялс эмнэлэг дуудаад Д эмнэлэгт очиж хоноод маргааш нь ирсэн. Эгар нь мөн хувцас нь нилээн цус болоод гаднаас ороод ирсэн. Д бол цээж нүцгэн, бие нь нил цус болсон орж ирсэн. Манай нөхөр бол ааш зан сайтай хааяа ууж идсэн ч хүнтэй маргалдаж асуудал тарьж байгаагүй. Цагдаа дээр бол анх удаагаа л ирж байна. Хүнд их тусч, өрөвч сэтгэлтэй хүн байгаа юм. Би бол нөхөртэйгөө 2016 онд танилцаад тэгээд гэр бүл болсон. Бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа бид хоёр 3 хүүтэй, бага хоёр 2 хүү маань ихэр одоо 1 ой 8 сартай...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар хуудас/

3.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.А-ийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 606 дугаартай: “1. Д.Д-ийн биед зүүн чихний дэлбэн хэсэг, зүүн далны дотор дунд хэсэг, цээж, хэвлийн зүүн хажуу хэсэг, цээжний баруун доод хэсгүүдийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 4.Яллагдагч Ш.Э-ийн “...Би 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Д-ийн хамтаар хадам ээжийн гэрийн буурийг янзалсан юм. Буурь янзалж байх хоорондоо бид хоёр нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан. Архи дууссан чинь Д манай эхнэрт 2 шил 0.5 литрийн архи захисан. Тэр архийг ирэхээр нь бид хоёр нэг шил архийг нь хувааж уусан. Тэгээд өөрөө нэг шил үлдсэн архиа аваад гараад яваад өгсөн. Бараг орой 23 цагийн тал шил архитай манай гэрт орж ирсэн. Тэр архийг гэрт уугаад яахав гэж бодоод манай хашаанд гадаа уугаад сууж байхад Д надруу агсараад байсан тэрнээс болоод нилээн хэрэлдээд тэгтэл намайг шууд нүүрлүү нэг удаа мөргөсөн юм. Тэгэхлээр нь би барьж аваад ноцолдсон. Ноцолдож байх хооронд гарт маань хагархай шил таараад би түүнийг аваад Д-ийн зүүн талын хавирга хэсэгт нэг удаа зүссэн. Тэрнээс хойш бид хоёр газарт нилээн олон удаа хөрвөөсөн. Тэгээд босоод би шууд гэрлүүгээ орсон. Д миний араас гэрлүү орж ирээд муудах гээд дайрахад манай эхнэр салгаад тэгээд намайг харахад Д-ийн бие нь нилээн их цус болсон байсан. Бас биенийх нь зүүн талын хэсгээс нь цус гараад өмд рүү нь дууссан бас энгэр нь нил цус болсон байсан. Бас миний цээж хэсэг нилээн цус болсон байсан. Тэгээд эмнэлэг дуудаад Д-ийг өгөөд явуулсан...Би ууж байсан архиныхаа шилийг хагалаад л дүрсэн байх. Тэр талаар бас сайн санахгүй байгаа юм. Д цээж нүцгэн байсан бас бид хоёр газраар нилээн хөрвөөсөн болохоор зарим зүсэгдсэн хэсгүүд нь өнхөрч байхад үүссэн байх. Би бол зүүн талын хавирга хэсэгт нь зүссэнээ бол хүлээн зөвшөөрч байгаа...Д архи уучихаараа агсам тавиад намайг жоохон дээрэлхэх гээд байдаг юм. Өмнө бас иймэрхүү үйлдэл гаргаад байдаг байсан болохоор тэр орой бас надруу орилж хашгираад намайг нэг удаа мөргөхөөр нь л би зөрүүлж бариад зодолдоод тийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/  зэрэг болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

  Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Э нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Ж-ын 7-721 тоотод хохирогч З.Д-той хамт архи уух явцдаа хоорондоо маргалдаж, улмаар архины шил цохиж хагалаад түүний хавирган тус газар нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч Ш.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч  нарын согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн гэх шалтгаан нөхцөл нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б овогт З-ийн Д-ийн биед хавирган тус газар зүсэгдсэн гэмтэл учирсан байна.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...бид нэг айлын хүргэнүүд, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 36 дугаар хуудас/ байх тул  шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч                 Ш.Э-ийн үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

Шүүгдэгч Ш.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн  шинж чанар, хохирогчийн гомдол, саналгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/  төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

Шүүгдэгч Ш.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Э-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:          

 

1.Шүүгдэгч Б овогт Ш-ийн Э-г Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ш-ийн Э-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Шүүгдэгч Ш.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Ш.Э-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ