Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.А

  Шүүгдэгч Д.Г, Э.Б нарыг оролцуулан Х аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Ч-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Б нарт холбогдох эрүүгийн 223900000... дугаартай хэргийг Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор харъяалал тогтоон шилжүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 19.. оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хаймгийн Г суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 1, Х аймгийн Х сумын 2 дугаар баг Б-ийн 11-03 тоотод оршин суух, урьд Сум дундын 29 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, мөн Х аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн Г /регистрийн дугаар: СЭ0000000/

2.Монгол улсын иргэн, 19... оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Х аймгийн Х суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ө аймгийн Хсумын 4 дүгээр баг "М " гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ын Б /регистрийн дугаар: СЮ00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

-Шүүгдэгч Д.Гд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийн Х сумын 4 дүгээр баг Х голын эрэг дээр 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Д.Б-тай "карт өгсөнгүй" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Д.Б-ийн нүүр хэсэгт нь баруун гараараа 1 удаа, хар өнгийн түрийтэй гутлаар 1 удаа цохиж, зүүн шуу хэсэгт нь хазаж, түүний эрүүл мэндэд баруун дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол,

-Шүүгдэгч Э.Б нь Х аймгийн Х сумын 4 дүгээр баг Ц-ын 3-10 тоот хашаанд байх амбаар дотор 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим Д.Г-той "ээжийг явуулсангүй" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Д.Г-ын нүүр хэсэгт баруун гараараа 2-3 удаа цохиж, зодон түүний эрүүл мэндэд зүүн дээд нэгдүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.Г: “...Мэдүүлэг өгөхгүй гээд хэргийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, Д.Б-ийн биед гэмтлийг би учруулсан. ...Шүүгдэгч Э.Б-д гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж хариулав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн 223900000  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Д.Г-ын “...Би Д-ийн Бгэх хүнтэй хамтран амьдраад 2 жил гаран болж байна. 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 07 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Б бид хоёр байнга архи согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд 07 дугаар сарын 12-ны өдөр Ц-ын 3-10 тоот хашаанд байх амбаарт унтаж байхад Б-ийн хүү Б ирээд намайг 3-4 удаа гараараа миний дээд уруул хэсэгт цохисон. Тухайн үед Б-ийн зүүн нүд хөхөрсөн байсныг хүү Б нь хараад намайг зодсон байна гээд л намайг зодсон байх. Б-ийн хүү Б намайг гараараа 3-4 удаа цохиж зодсоны улмаас миний зүүн  1 дүгээр шүд хөдлөөд маргааш нь буюу 07 дугаар сарын 13-ны өдөр унасан. Би архи ууж согтоод 2022 оны 07 дугаар сарын 09, 10-ны өдрийн болсон үйл явдалыг огт санахгүй байгаа бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Б чи намайг 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр архи уучихаад гол дээр байхдаа цохиж зодсон гэж хэлэхэд зүүн нүд нь хөхөрсөн байсан. Би 2020 оны 05 дугаар сард Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгуулж ял шийтгүүлсэн. Б-ийн хүү Бнамайг зодож миний нэг шүдийг унагаасанд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,  /хх-ийн 18-20 дугаар хуудас/

2.Хохирогч Д.Б-ийн “...Би Д-ийн Г гэх хүнтэй хамтран амьдраад 3 жил болж байна. 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн орчим Г бид хоёр Г-ын найз Б гэх залуугийн хамт гол орж усанд орсон. Гол орохдоо Г дэлгүүрээс 750 граммын хэмжээтэй "Хараа" нэртэй архи авсан. Уг архийг усанд орж байх явцдаа Г, Б бид гурав уугаад дуусгасан. Ууж байсан архи дууссаны дараа Г виза карт чинь хаана байна гээд миний хувцасны халаасыг үзээд байсан. Би карт байхгүй гэж хэлсэн, тухайн үед миний виза карт байгаагүй гэрт үлдээсэн байсан. Тэгээд Г намайг виза картаа өгсөнгүй гээд гараараа миний баруун нүдэнд цохисон. Энэ үед Б та 2 чинь маргалдаад байх юм гээд гэрлүүгээ явсан. Тэгээд би Б-ын араас алхаад явж байтал Г араас ирээд өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн түрийтэй гутлаар баруун нүдэнд 1 удаа цохиод дахиж цохих гэхээр нь би зүүн гараараа хаасан чинь миний зүүн гарын шууны гадна талаас Г хазсан....2022 оны 07 дугаар сарын 12-ны орой 18 цагийн орчим Х сумын 4 дүгээр баг Ц-ын 3-10 тоот хашаанд амбаарт Г, А-ийн хүү Т, бид гурав байж байхад миний хүү Б орж ирсэн. Т миний хүү Б-тай зөрөөд амбаараас гарсан. Хүүг орж ирэхэд Г орон дээр хэвтэж байсан. Б намайг явъя гэж хэлсэн. Би явахгүй гээд сууж байтал Г орноосоо босож ирээд би 2-3 машинтай, малтай гэхэд хүү Б би ч гэсэн машинтай, та ээжийг ийм болтол зодчихоод хүн дуугүй байхад юу гээд байгаа юм гэж хэлээд Г-ыг орноос босоод ирэхээр нь 2 удаа орон дээр нь түлхэж унагаасан. Энэ үед гаднаас Т орж ирсэн. Хүү Б-ын гар утас руу миний охин Б видёо чатаар залгаад миний баруун нүд хөхөрсөнг хараад цагдаад дуудлага өгсөн. Баруун нүд хөхөрч хавдсан, зүүн шилбэнд цус хурсан, зүүн шуу зулгарсан гэмтэл шарх учирсан. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...Миний хүү Б 1994 онд Х аймгийн Х суманд төрсөн. Би хоёр хүүхэдтэй бөгөөд миний бага хүүхэд. Миний хүү аашийн хувьд төлөв даруухан, уур уцаар багатай, тайван дөлгөөн залуу. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Эхнэр авч гэр бүл зохиож байгаагүй. Д аймгийн С суманд байдаг цэргийн ангид 1 жил цэргийн алба хаасан. Тамхи татдаг, найз нөхдийн хамт ганц нэг пиво уудаг байх. Миний хажууд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй. Хувиараа гагнуур хийдэг.... гэх мэдүүлэг, /хх-ийн 29-31 дүгээр хуудас/

3.Гэрч Б.Э-ны “...Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн орчим найз Г, Б нарын хамт Хэрлэн гол орж усанд орсон. Гол дээр бид гурав 750 грамм хэмжээтэй "Хараа" архи хувааж уугаад дуусгасан. Архиа дууссаны дараа Гэхнэр Б-гаа картны талаар яриад маргалдаад байхаар нь би та 2 яагаад маргалдаад байгаа юм гэж хэлчихээд гэртээ харьсан. Би гэртээ ирээд сууж байхад манай гэрт эхлээд Б дараа нь Г ирээд манай гэрт хоносон. Б-ийн баруун нүд хөхөрсөн байсан. Би гол дээрээс түрүүлээд явсан болохоор Г Б-г цохиж зодохыг хараагүй, гэхдээ Г л цохисон байх. Голруу явахад Б-ийн нүд зүгээр байсан юм чинь.   Би Б-г бол сайн мэдэхгүй. Г-той бол нэг нутаг болохоор таниж мэддэг. Г Б хоёр архи уухаараа хоёр биенээ ална хядна, шоронд хатаана барина гэх зэргээр хэрэлдэж маргалдаад л байдаг хүмүүс. Г юу юугүй хүнийг зүгээр байхад нь зодоод байх хүн биш... гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

4.Гэрч Д.А-ийн “...Миний төрсөн дүү байгаа юм. Д.Г есөн хүүхэдтэй айлын 8 дахь хүүхэд байгаа юм. Ганболд архи дарс их уудаг дутагдалтай, архи уухгүй бол хүний үгээр төлөв даруухан, ажилсаг хүн байгаа юм. Б гэх хүнтэй хамтран амьдраад 3 жил орчим болж байгаа байх. Ба Г хоёр нийлж согтууруулах ундаа их уудаг. Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн орчим хөдөөнөөс Х аймгийн төв Ч хотод ирээд Ц-ын 3-10 тоотод төрсөн охин Г-ийн гэрт ирээд хонь хийж байхад, гол дээрээс ирлээ гээд Б, Г нар явган цувраад ирсэн. Тэгэхэд Б-ийн баруун нүд хар хүрэн туяатай хөхөрчихсөн байсан. Тухайн үед би өөрийнхөө хүрэн шилийг зүүж бай гээд өгсөн. Би Г дүүг Б-г цохиж зодож байхыг харж байгаагүй. Үүнээс хойш 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баярмаагийн төрсөн өдөр болсон бөгөөд Б-ийн баруун нүд хөхөрчихсөн яваад байхаар нь би төрсөн өдрийн бэлэг болгоод нүдний шил авч зүүгээрэй гээд 20.000 төгрөг өгсөн.... гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43 дугаар хуудас/

5.Хаймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 497 дугаартай: “...1.Д.Б-гийн биед баруун дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 47-48 дугаар хуудас/

6.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 499 дугаартай: “...1.Д.Г-ын биед зүүн дээд нэгдүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагиийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна...” гэх дүгнэлт / хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

-Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х таймгийн Х сумын 4 дүгээр баг Х голын эрэг дээр 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Д.Б-тай "карт өгсөнгүй" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Д.Б-гийн нүүр хэсэгт нь баруун гараараа 1 удаа, хар өнгийн түрийтэй гутлаар 1 удаа цохиж, зүүн шуу хэсэгт нь хазаж, түүний эрүүл мэндэд баруун дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан,

-Шүүгдэгч Э.Баярбат нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 3-10 тоот хашаанд байх амбаар дотор 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим Д.Г-той "ээжийг явуулсангүй" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Д.Г-ын нүүр хэсэгт баруун гараараа 2-3 удаа цохиж, зодон түүний эрүүл мэндэд зүүн дээд нэгдүгээр шүдний булгарал бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаангүй байна.

Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, шүүдэгч Э.Баярбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байх тул шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Д.Г, хохирогч Д.Б нарын согтууруулах ундааны зүй зохисгүй хэрэглээ, тухайн өдөр шүүгдэгч Д.Г согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын гэр бүлийн маргаан, үл ойлголцол, шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг шалтгаан, нөхцөл нөлөөлсөн байна гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Боржигон овогт Доржийн Баярмаагийн биед баруун дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба  хохирогч Д.Баярмаа нь нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг өгсөн байна. /хх-ийн 31 дүгээр хуудас/

Хохирогч Б овогт Д-гийн Гн эрүүл мэндэд зүүн дээд нэгдүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч Д.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Г, Э.Б нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Г, Э.Б нарт  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г-д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,  Д аймгийн И сумын 2 дугаар багаас гарахгүй байх үүрэг хүлээлгэх санал, дүгнэлтийг, шүүгдэгч Э.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг тус тус  гаргав.  

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. 

           Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, торгох ялаар шийтгүүлсэн боловч дахин гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хохирогчийн гомдолтой, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэв.

           Түүнчлэн шүүгдэгч Д.Г нь мал маллан амьдардаг гэх нөхцөл байдал,  түүний оршин суух газрын хаяг тодорхойгүй, хэрэгт оршин суух хаягийн талаар тодорхойлолт авагдаагүй зэргийг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар,

           -шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Э.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Г, Э.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Б овогт Д-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Б овогт Э-ын Б-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д-ийн Г-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б овогт Э-ын Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Э.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

5.Шүүгдэгч  нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.Г, Э.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Д.Г, Э.Б нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БОЛОР-ЭРДЭНЭ