Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 792

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11Б байр, 2-2 тоотод оршин суух, Б.И-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 63Б байр, 601 тоотод оршин суух, Б.Х-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47 962 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Б.Х-тай 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр харилцан тохиролцсоны дагуу Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 67Б байр, 601 тоот хаягт байршилтай, 44,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206043642 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 83 000 000 төгрөгөөр худалдахаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний дагуу нэхэмжлэгч нь тус орон сууцыг уг өдөр хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч мөн өдөр Хаан банк дахь нэхэмжлэгчийн 5630125959 тоот дансаар 41 500 000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь үлдэгдэл төлбөр болох 41 500 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 14 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 14 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 500 000 төгрөгөөр тус тус буюу үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгах, нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр болох 41 500 000 төгрөгийг хүлээн авмагц орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч хариуцагч Б.Х  нь эхний төлбөр буюу 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төлөх 14 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөлгүй, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг төлж, эхний төлбөрөөс 9 000 000 төгрөгийг дутуу төлсөн тул нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үлдэгдэл төлбөр болох 36 350 000 төгрөгийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч хариуцагч нь орон сууцны үлдэгдэл төлбөрөөс огт төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 3 500 000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөгийг тус тус төлсөн тул үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36 350 000 төгрөг нэхэмжилж байснаа багасгаж 31 350 000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт зааснаар 14 000 000 төгрөгийн 0,5%-ийн алданги 70 000 төгрөг бөгөөд төлбөр төлөх 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс /5 000 000 төгрөг төлсөн/ 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 4 хоногт нийт 280 000 төгрөг, 9 000 000 төгрөгийн 0,5%-ийн алданги нь 45 000 төгрөг бөгөөд төлбөр төлөх 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх 155 хоногт нийт 6 975 000 төгрөг, 14 000 000 төгрөгийн 0,5%-ийн алданги нь 70 000 төгрөг бөгөөд төлбөр төлөх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх 98 хоногт нийт 6 860 000 төгрөг, 13 500 000 төгрөгийн 0,5%-ийн алданги нь 67 500 төгрөг бөгөөд төлбөр төлөх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх 37 хоногт 2 497 500 төгрөг тул алдангид 16 612 500 төгрөг, нийт 47 962 500 төгрөгийг хариуцагч Б.Х аас гаргуулж өгнө үү. Надад олгосон итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон боловч би хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагч Б.Х  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тус шүүхэд Б.И-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагч Б.Х  би хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг нь эс зөвшөөрч байна. Б.Х  би Б.И-тай 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үл эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасан үүргээс 10 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 31 500 000 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаандаа төлж чадаагүй. Би БНХАУ-д суралцдаг бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр сургууль руугаа дадлага хийхээр яваад 7 дугаар сард уулын дугуй унаж байхдаа зүүн хөлийнхөө шагайны доод хэсгийн судасыг тасалж гэмтэл авч удаан хугацаагаар эмчилгээ хийлгэн, эмчилгээний зардал их хэмжээний мөнгө төлсөн учир гэрээнд заасан хугацаандаа тохирсон төлбөрийг төлж чадахгүй болсон. Ингээд би эх орондоо ирсэн даруйдаа буюу 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн. Үүний дараа 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 3 500 000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөгийг төлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас төлбөрт төлсөн 5 000 000 төгрөгийг хасахаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 31 500 000 төгрөг болж байгаа бөгөөд би нэхэмжлэгч Б.И-д гэрээний үлдэгдэл төлбөр болох 31 500 000 төгрөгийг сар бүр хуваан төлсөөр 2019 оны 12 дугаар сар гэхэд бүрэн төлж дуусгах, харин алдангийн төлбөрийг төлөхгүй байх зэргээр нэхэмжлэгчтэй тохиролцох саналтай байна” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

             

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Б.Х-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 52 962 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг үндсэн төлбөрт 5 000 000 төгрөгийг төлсөнтэй холбогдуулан үндсэн төлбөрт 31 350 000 төгрөг, алданги 16 612 500 төгрөг, нийт 47 962 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

 

Хариуцагч Б.Х  “...нэхэмжлэгч Б.И-д гэрээний үлдэгдэл төлбөр болох 31 350 000 төгрөгийг сар бүр хуваан төлсөөр 2019 оны 12 дугаар сар гэхэд бүрэн төлж дуусгах, харин алдангийн төлбөрийг төлөхгүй байх зэргээр нэхэмжлэгчтэй тохиролцох саналтай байна” гэж тайлбарласан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Үл эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Б.И нь өөрийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 67Б байр, 601 тоот хаягт байршилтай, 44,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206043642 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Х д 83 000 000 төгрөгөөр худалдахаар, Б.Х  нь урьдчилгаа төлбөрт 41 500 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр буюу 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 14 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 14 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 500 000 төгрөгийг төлж дуусгахаар тус тус талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч Б.Х  уг орон сууцыг хүлээн авснаар, нэхэмжлэгч Б.И нь гэрээний үүргээ биелүүлсэн байна.

 

Харин худалдсан орон сууцны үнийг тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.  

 

Зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар “Үл эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр хийж, гэрээний 3.6 дахь заалтад алданги тооцохоор тохиролцсон нь хуульд нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэлд 31 350 000 төгрөг гаргуулах нь зүйтэй бөгөөд харин хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас 10 000 000 төгрөгийн алданги гаргуулж, үлдэх 6 612 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Х-д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 364 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Х-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 31 350 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 41 350 000 гаргуулан нэхэмжлэгч Б.И-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 612 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 364 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ