Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 127/ШШ2021/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 127/2021/0020/З

 

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Х.О, Ю.Т, Г.М, Д.Ш нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргад холбогдох

            Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.О, Ю.Т, Г.М, Д.Ш, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.О нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ю.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Норовлин сумын Баян-Өлзийт багийн Засаг даргаар ажиллаж байгаад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн.

            Улс орон даяар Ковид цар тахлын дэгдэлт эрчимжсэн, хөл хорио цээрийн дэглэмтэй үед төрийн ажлыг тасалдуулалгүй, тодорхой хугацаанд олон нийтийг хамарсан хурал цуглаан, багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулалгүй багийн хуучин дарга нарыг хэвээр нь ажиллуулж байх тухай Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ-2/286 тоот, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 1/157 тоот албан бичгүүд ирсэн.

            Биднийг ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь заалтуудыг зөрчсөн.

            Иймд Норовлин сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

            Нэхэмжлэгч Х.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Норовлин сумын Онон багийн Засаг даргаар ажиллаж байгаад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн.

            Уг шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Багийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан бөгөөд сонгон шалгаруулалтаар шийдэгдэхгүй, зөвхөн сонгуулийн үр дүнгээр томилж, чөлөөлж, огцруулахаар хуульд заасан байдаг.

            Баг, хорооны Засаг дарга нь тухайн шатны Хурлын өмнө ажлаа хариуцан тайлагнана гэсэн заалтыг зөрчиж, багийн иргэдийн сонгох эрхэд халдасан гэж үзэж байна.

            Иймд сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

            Нэхэмжлэгч Г.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Норовлин сумын Жаргалант багийн Засаг даргаар ажиллаж байгаад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн.

            Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бусад нэхэмжлэгч нартай адилхан. Иймд сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

            Нэхэмжлэгч Д.Ш “Миний бие Норовлин сумын Ангирт багийн Засаг даргаар ажиллаж байгаад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн.

            Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бусад нэхэмжлэгч нартай адилхан. Иймд сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Х.О, Ю.Т, Г., Д. нар нь 2016 онд Норовлин сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас олонхийн санал авч, Норовлин сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар багийн Засаг даргаар томилогдож ажилласан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд сумын Засаг даргаар томилогдсон А.М нь багийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр чөлөөлсөн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32.1, 32.5 дахь заалтуудыг зөрчсөн.

            Хариуцагчийн гаргасан захирамжуудын хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг. Уг зүйлд “баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох” тухай заалт байхад үүнийг үндэслэл болгож, чөлөөлөх тухай захирамж гаргасан нь хоорондоо нийцэхгүй байна.

            Мөн захирамжийн үндэслэл болгосон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол нэг удаагийн тэтгэмж олгох” тухай заасан. Гэтэл ээлжит сонгуулийн дүнд бус, сумын Засаг дарга өөрийн санаачилгаар чөлөөлсөн байна. 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д, “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-д, “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Эдгээр заалтаар хугацаанаас өмнө чөлөөлөх буюу огцруулах асуудлыг зохицуулсан.

            Баг, хорооны Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу улс төрийн албан тушаалтан бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг сумын Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилдог. Ингэж томилох хүртэл өмнөх Засаг даргын бүрэн эрх хэвээр үргэлжилнэ гэсэн үг. 

            Багийн иргэдийн  Нийтийн Хурал хуралдаж, дараагийн Засаг даргад нэр дэвшигчийг санал болгоогүй байхад сумын Засаг дарга өөрийн санаачилгаар “бүрэн эрхийн хугацаа дууссан” гэж чөлөөлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаа зүйлийн 2,3 дахь заалтыг зөрчсөн. Засаг дарга ямар ч тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэхгүйгээр өөрийн санаачилгаар томилж, чөлөөлөх бүрэн эрх хуулиар олгогдоогүй. Хариуцагч нь багийн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхэд халдсан, ажлаа чөлөөтэй сонгох, цалин хөлс авах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг зөрчсөн.

            Ажил тасалсан, ажлаа тайлагнаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж хариуцагч тайлбарласан боловч ажлаас чөлөөлсөн захирамжид ийм үндэслэл дурдаагүй тул уг тайлбар нь үндэслэлгүй. Хэрэв тийм алдаа зөрчил байсан бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх ёстой байсан.

            Иймд хариуцагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/07, Б/08, Б/09, Б/10дугаар захирамжуудыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, цалин олговрыг гаргуулж өгнө үү. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй тул үүнийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга А.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1.Миний бие тус сумын дөрвөн багийн дарга нарыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 26 дугаар зүйлийн 26.3, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг үндэслэн бүрэн эрхийн хугацаа 2020 оны 11 дүгээр сард дуусгавар болсон, цаашид ажиллах боломжгүй, төрийн ажил хэвийн явагдаж байх ёстой гэж үзэн чөлөөлсөн.

            2.Тус багийн дарга нар төрийн ажлыг хэвийн явуулахад маш хүндрэлтэй, ард иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай хүргэхэд ямар нэгэн шалтгаанаар ажилдаа ирдэггүй, цагдаа шүүхэд шалгагдаж байгаа, дуудаад байна, бүрэн эрхийн хугацаа дууссан, багийн даргын сонгуулиа хурдан хийгээсэй, бие өвдөөд байна, ажлаа өгмөөр байна гэх зэргээр ажил байнга тасалж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлэхгүй, хэрэгжүүлж ажиллахгүй төрийн ажил явуулахад маш ихээр гацааж, ард иргэдийг хохироож байсан.

            3. Мөн миний бие тухайн багийн дарга нарыг хуулийн заалтаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн  болно. Бүрэн эрхийн хугацаа дууссан хуулийн заалтаар хэд хэдэн сумын Засаг дарга нар багийн дарга нарыг чөлөөлсөн байдаг.

            4. Мөн 2 дугаар сард багийн Засаг дарга нар нь огт ажилдаа ирдэггүй, ажил тасалж байсан, цагийн бүртгэлээр нотлогдож байгаа.

            5. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаа ажлаа тайлагнаагүй байсан.

            2020 оны 11 сараас 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаагүй зэрэг тайлбаруудыг хүргүүлж байна” гэжээ.

            Хариуцагч Норовлин сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Норовлин сумын Засаг дарга А.Мнь Х.О, Ю.Т, Г.М, Д.Ш нарыг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 26 дугаар зүйлийн 26.3, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтуудыг үндэслэн бүрэн эрхийн хугацаа 2020 оны 11 дүгээр сард дуусгавар болсон, цаашид ажиллах боломжгүй, төрийн ажил хэвийн явагдаж байх ёстой гэж үзэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

            2. Багийн дарга Х.О, Ю.Т, Г.М, Д.Ш нар нь төрийн ажлыг хэвийн явуулахад маш хүндрэлтэй, ард иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд ямар нэгэн шалтгаанаар саад учруулж, ажилдаа ирдэггүй бөгөөд “цагдаа шүүхэд шалгагдаж байгаа, дуудаад байна, бүрэн эрхийн хугацаа дууссан, багийн даргын сонгуулийг хурдан хийлгээсэй, бие өвдөөд байна, ажлаа өгчихөөд байна” гэх зэргээр ажил байнга тасалж байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхгүй,  төрийн ажил явуулахад маш ихээр гацааж, ард иргэдийг хохироож байсан.

            3. 2021 оны 2 дугаар сард багийн Засаг дарга нар нь огт ажилдаа ирдэггүй, ажил тасалж байсан, цагийн бүртгэлээр нотлогдож байгаа.

            4. Мөн Х.О, Ю.Т, Г.М, Д.Ш нар нь багийн иргэдийн Нийтийн Хуралд ажлаа тайлагнаагүй зөрчил гаргасан.

            2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлж байсан ажлаа тайлагнаагүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан юм.

            Дээрх үндэслэлээр Х.О, Ю.Т, Г.М, Д.Ш нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Х.О, Ю.Т, Г.М, Д.Ш нар нь хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

            Хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг дарга А.М нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар тус сумын Баян-Өлзийт багийн Засаг дарга Ю.Т-ыг, мөн өдрийн Б/08 дугаар захирамжаар Ангирт багийн Засаг дарга Д.Ш-ыг, Б/09 дүгээр захирамжаар Онон багийн Засаг дарга Х.О-ыг, Б/10 дугаар захирамжаар Жаргалант багийн Засаг дарга Г.М-ийг “бүрэн эрхийн хугацаа дууссан” гэх үндэслэлээр ажлаас нь тус тус чөлөөлсөн байна.

            Маргаан бүхий захиргааны актдаа хариуцагч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг баримталсан бөгөөд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа, “багийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа 2020 оны 11 дүгээр сард дуусгавар болсон” гэжээ.

            Нэхэмжлэгч нар болон түүний өмгөөлөгч нь, “Багийн Засаг дарга нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу улс төрийн албан тушаалтан бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг сумын Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилдог. Ингэж томилох хүртэл өмнөх Засаг даргын бүрэн эрх хэвээр үргэлжилнэ. Засаг дарга ямар ч тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэхгүйгээр өөрийн санаачилгаар томилж, чөлөөлөх бүрэн эрх хуулиар олгогдоогүй” гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нарын энэхүү тайлбарыг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.                   

            Норовлин сумын Засаг даргын 2016 оны оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ю.Т нь Баян-Өлзийт багийн, Д.Ш нь Ангирт багийн, Х.О нь Онон багийн, Г.М нь Жаргалант багийн Засаг даргаар тус тус томилогдсон байх ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан 4 жилийн хугацаа нь 2020 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр дууссан байгаа ч хариуцагч Норовлин сумын Засаг дарга нь зөвхөн энэхүү хугацааг үндэслэл болгон багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн шийдвэр байна.

            Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заасны дагуу бүх шатны Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т  “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, ...баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга ... дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Үүнийг нарийвчлан, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д, “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд ....нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж, 26.3-д, “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга ... 4 жилийн хугацаагаар томилох”-оор тус тус заасан.

            Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна” гэж заасан ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд  баг, хорооны Хурлын бүрэн эрхийг зааснаас, 17.1.2 дахь хэсэгт “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах” эрхтэй гэжээ.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас дүгнэн үзэхэд, багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх, улмаар томилуулахаар санал болгох, багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах саналыг хэлэлцэх нь багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх байна. Багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, санал шийдвэрээ сумын Засаг даргад хүргүүлээгүй байхад сумын Засаг  дарга өөрийн санаачилгаар багийн Засаг даргыг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд хариуцагч Норовлин сумын Засаг дарга нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр захирамж гаргаж, тус сумын бүх багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлсөн нь хууль бус бөгөөд энэхүү хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Х.О, Ю.Т, Г.М, Д.Ш нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.        

            Нэхэмжлэгч Ю.Т, Г.М нарын цалин сар бүр тогтмол 783940 төг бөгөөд 2021 оны 03 дугаар сард 399841 төгрөгийн цалин тус бүр авсан тул үлдэгдэл цалин 384099 төг /783940-399841=384099/, 4-8 дугаар сарын цалин 3919700 төг /783940х5 сар/, 9 дүгээр сард ажлын 9 өдрийн цалин 320703 төг /783940:22=35634, 35634х9=320703/, нийт 4’624.502 төгрөг тус бүр,

нэхэмжлэгч Х.О, Д.Ш нарын цалин сар бүр тогтмол 890500 төг бөгөөд 2021 оны 03 дугаар сард 452562 төгрөгийн цалин тус бүр авсан тул үлдэгдэл цалин 438038 төг /890500-452462=438038/, 4-8 дугаар сарын цалин 4452500 төг /890500х5 сар/, 9 дүгээр сард ажлын 9 өдрийн цалин 364293 төг /890500:22=40477, 40477х9=364293/, нийт 5254.831 төгрөг тус бүр гаргуулах үндэслэлтэй байна.

            Багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй нь нэхэмжлэгч нараас хамаараагүй ба Монгол Улсын шадар сайд 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ-2/286 тоот албан бичгээр, “цаг агаарын гамшигт үзэгдэл, хаваржилтын хүндрэл, коронавируст халдварын тархалт, малчид нутаг сэлгэн нүүдэллэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш товлон зохион байгуулах чиглэл”-ийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт хүргүүлж байсан байна. Мөн нэхэмжлэгч Х.О, Ю.Т, Г.М, Д.Ш нарыг багийн Засаг даргаар томилсон Норовлин сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Б/09 дүгээр захирамж хүчинтэй байгааг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.  Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Х.О, Ю.Т, Г.М, Д.Ш нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

            2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын ажлын алба-Норовлин сумын Засаг даргын Тамгын газраас  5’254.831 /таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулан Х.О-д, 5’254.831 /таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулан Д.Ш-д, 4’624.502 /дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга таван зуун хоёр/ төгрөг гаргуулан Ю.Т-д, 4’624.502 /дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга таван зуун хоёр/ төгрөг гаргуулан Г.М-д тус тус олгосугай.

 

            3. Нэхэмжлэгч нарт ажилгүй байсан хугацааны олговрыг олгохдоо нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, энэхүү суутгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын ажлын алба-Норовлин сумын Засаг даргын Тамгын газраас  нэхэмжлэгч Х.О, Ю.Т, Г.М, Д.Ш нарт тус бүр 70200 төгрөг гаргуулсугай.

 

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            6. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

            Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЛЖМАА