Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0803

 

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0803

Улаанбаатар хот

 

 

 “З***” ХХК нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д***

Нэхэмжлэгч: “З***” ХХК

Хариуцагч: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын төлбөрт 638,917,400 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2024/0048 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Т***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д***, С.Н***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***

Хэргийн индекс: 119/2024/0030/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “З***” ХХК-иас Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын төлбөрт 638,917,4000 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2024/0048 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудыг баримтлан “З***” ХХК-ийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, “З***” ХХК-иас газрын төлбөрт 638,917,400 төгрөг нэхэмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1 Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр Орхон аймгийн Засаг даргын 2017 оны А/358 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлээгүй тул уг захирамж 2017-2022 оны хооронд хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж үзнэ,

3.2 Улмаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банканд дээрх газрыг барьцаалж, тухайн газрын ашигт чанарыг гарган, эдийн засгийн эргэлтэд оруулан үр ашгийг ашиглаж байсан нь тогтоогдож байхад газрыг давхцсан гэсэн үндэслэлээр газрын төлбөрөөс чөлөөлсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна, тухайн хугацааны газрын төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд тухайн хугацааны төлбөрийг нэхэмжилсэн,

3.3 Тухайн цаг хугацаанд уг газартай давхцсан гэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э***” ТӨҮГ-аас газрын төлбөр авч байгаагүй бөгөөд туc газрын давхацсан хэсгийг дараа нь буюу Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/612 дугаар захирамжаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах 8473530 м.кв газрыг уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар “Э***” ТӨҮГ-т 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн,

3.4 Шийдвэрийн 2.8-д “Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр нь захиргааны акт гарсан цаг хугацаанд эргэн үйлчлэх бөгөөд газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр нь тухайн захирамжийг гаргсан цаг хугацаанаас эхлэн хүчингүй болгоно. Харин илт хууль бус захиргааны актын хувьд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, илэрхий алдаатай, анхнаасаа гарах ёсгүй захиргааны акт байдаг тул шүүх илт хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэдэг” гэж дүгнэсэн нь хуулийг буруу, адил агуулгаар тайлбарласан гэж үзэхээр байна

            Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2024/0048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

   4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.  Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамжаар нэхэмжлэгч “З***” ХХК-д “...Э***ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-***6 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул...” “З***” ХХК-д Зэсийн үйлдвэр барих зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 106,8 га газрыг эзэмшүүлсэн.

3.2 “З***” ХХК-д газар эзэмших эрх олгосон тус захирамж нь “Э***” ТӨҮГ-ын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдоогүй болох нь тус тус тогтоогдсон тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр бүхэлдээ хүчингүй болсон бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 119 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

3.3 Энэ хугацаанд буюу Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 106.8 га газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноос хойш 2022 оныг хүртэл хугацаанд нэхэмжлэгч “З***” ХХК нь Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд заасан төлбөл зохих газрын төлбөрийг төлөөгүй болох нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 364 дугаартай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч “З***” ХХК-иас газрын төлбөрийн дүн болон төлсөн эсэх асуудалтай маргаагүй.

4. Нэхэмжлэгч “З***” ХХК нь 2018-2022 оны хооронд газар эзэмшиж, ашигласны төлбөрт 761,910,427 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч “газрын төлбөрт 638,917,400 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах”-аар шүүхэд хандан нэхэмжлэл гарган,

нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээр Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамж хүчингүй болсон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актыг үндэслэн газрын төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргасныг анхан шатны шүүх хүлээн авч, “...хууль бус захиргааны актын улмаас “З***” ХХК-д газрын төлбөр ногдож, улмаар түүнийг төлөх үүрэг үүссэн нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж зааснаар хохирол гэж дүгнэн, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлыг төр хариуцах заалтын хүрээнд газрын төлбөр нэхэмжилсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Учир нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж,

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна”, 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” хэмээн тус тус заасан ба мөн хуулийн 8 дугаар зүйлд газрын төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг нэрлэн заасан.

6. Дээрх хууль тогтоомжид зааснаар хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй этгээд нь газрын төлбөрийг хуульд заасан журмын дагуу төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд 2017 онд аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй болж, эрхийн улсын бүртгэлийн Э-210**** дугаарт бүртгүүлэн тухайн газрыг эзэмшиж, ашиглаж эхэлснээс хойш гэрээнд заасан газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй.

Хэдийгээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/358 дугаар захирамжийг 3 шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн ч тухайн цаг хугацаанд “З***” ХХК нь тухайн газрыг ашигласаар байсан, барилга байгууламж барьж ашиглалтад оруулсан, банкны зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан зэрэг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсанаар тухайн газрын ашигт чанарыг гарган, эдийн засгийн эргэлтэд оруулан үр ашгийг хүртэж байсан болох нь тогтоогдож байх тул газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                               

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2024/0048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “З***” ХХК-ийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын төлбөрт 638,917,400 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн

хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

     ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

 

 

     ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

 

 

     ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА