Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 193

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор  Л.Соёмбо,

хохирогч: Л.Мөнгөнчөдөр,

шүүгдэгч: Д.Тамир, түүний өмгөөлөгч Б.Золзаяа /0648/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамъян овогт Дарьзавын Тамирт холбогдох эрүүгийн 2016 2602 2075 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Старс центр “М” лоунжид тогооч ажилтай, ам бүл 4, эмээ, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Арын 8а байр, 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХД 87020779, Жамъян овогт Дарьзавын Тамир.

 

Шүүгдэгч Д.Тамир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Центр” нэртэй пабын урд талд Л.Мөнгөнчөдөртэй маргалдан, улмаар цохиж зодон, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Тамир мэдүүлэхдээ:

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэртээ харих гээд явж байгаад “Гранд плаза”-гийн урд байрлах “Онги” дэлгүүрийн урд А.Бат-Эрдэнэ, Б.Баттулга нартай тааралдсан. Тэд “Д.Мөнгөнчөдөр дээр очиж юм ярьж, ууж сууя” гэж хэлсэн. Тэгээд шөнийн 12 цагийн үед бид Л.Мөнгөнчөдөрийн ажилладаг бааранд очиж, нэг шил архи хувааж уусан. Дараа нь тухайн баарны 2 дугаар давхарт нь байрлах караокед орж, дахин нэг шил архи авч, 1 цаг дуулахаар болсон. Авсан архи талдаа орж байхад Б.Баттулга бие засахаар гарсан. Тэр үед А.Бат-Эрдэнэ бид хоёр юм ярьж байтал Л.Мөнгөнчөдөр өөрийг нь муулж шооллоо гэж буруу ойлгоод уурласан. Тэгэхээр нь би “чамайг шоолоогүй, өөр юм ярьж байна” гэж хэлэхэд тэр намайг цохиод авсан. Би түүнтэй барилцаж авахад А.Бат-Эрдэнэ “энд зодолдож болохгүй, эд зүйлийг нь эвдэлчихнэ, больцгоо” гэж хэлэхээр Л.Мөнгөнчөдөр бид 2 гадаа гарсан. Тэгээд гадаа гараад харилцан зодолдож, бие биенийхээ толгой болон нүүр рүү 1-2 удаа цохьсон. А.Бат-Эрдэнэ, Б.Баттулга болон караокед ажилладаг нэг залуу ирж, биднийг салган, Л.Мөнгөнчөдөрийг аваад дотогш орсон. Би гэртээ харьсан. Би маргааш нь утсаар Л.Мөнгөнчөдөртэй яриад “яаж байна” гэж асуухад надад “чамтай яриад байх юм байхгүй, явдаг газраар нь явна” гэж хэлсэн. Би дараа нь дахин залгахад утсаа авахгүй байхаар нь А.Бат-Эрдэнэ, Б.Баттулга нартай холбогдож, Л.Мөнгөнчөдөрийг ямар байгаа талаар асуухад Б.Баттулга эмнэлгээр явах гэж байгаа талаар хэлсэн. Хохирогчид учирсан гэмтэл нь миний цохисноос үүссэн эсэхийг би мэдэхгүй байна. Би Л.Мөнгөнчөдөрийн нүд рүү нь цохиогүй, толгой руу нь цохисон. Тэр ч бас намайг цохисон. Маргааш нь миний дух халцарсан, толгой өвдөж байсан. Би Л.Мөнгөнчөдөрийг таньдаг, урьд нь янз бүрийн өс санасан зүйл байхгүй найзууд болохоор түүнд зодуулсан талаараа цагдаад хандаж, шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Надад гомдол, санал байхгүй. Би тэр үед өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Би хохирогчид 2 000 000 төгрөг өгч, түүнээс уучлалт гуйж эвлэрсэн. Хохирогчийн нүдний эмчилгээнд миний өгсөн 2 000 000 төгрөг хүрэхгүй байвал дахин гарах эмчилгээний зардлыг төлнө. Би өөрийн үйлдлийг хүлээж, гэмшиж, гэм буруугаа ойлгож байна. Цаашдаа гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Л.Мөнгөнчөдөр мэдүүлэхдээ:

Тэд намайг “өөрийг нь муу хэллээ гэж уурлаж” маргасан гэж мэдүүлсэн байна. Яг юунаас болж муудалцсаныг би санахгүй байна. Караокед байхад Д.Тамир гэнэт намайг цохиод авсан. Тэгээд “дотор маргалдаад яах вэ” гээд гадаа караокены үүдэнд гараад “чи яахаараа намайг цохидог юм бэ” гэж асуутал нэг юм хэлээд миний өөдөөс дайраад байсан. Би зөрүүлээд түүнийг 1 удаа цохисон. Д.Тамир эхлээд миний 2 нүд рүү цохиход, баруун талын нүд бүрэлзээд байсан. Би Д.Тамирыг зөрүүлээд цохисон, гэхдээ их хүчтэй цохиогүй. Энэ үед А.Бат-Эрдэнэ, Б.Баттулга нар хараад зогсож байсан. Би гарах хаалганы хажуу талын шатны бариулаас бариад тонгойход Д.Тамир миний ардаас толгой, нуруу руу гар болон хөлөөрөө цохисон. Миний биед учирсан гэмтлийг Тамир учруулсан. Маргааш нь Б.Баттулга, А.Бат-Эрдэнэ нар манай гэрт ирэхэд нь “би намайг зодож байхад та нар юу хийж байсан юм бэ” гэж асууж байсан. А.Бат-Эрдэнэ тухайн үед над руу дайрч, намайг нэг удаа цохисон. Тэр нүд рүү цохиогүй. Би энэ талаар хэлээгүй. Би урьд нь баруун нүдэндээ хагалгаа хийлгэн, болор суулгуулсан байсан. Д.Тамир миний нүд рүү цохисноос тэр болор нь цаашаа орж, гэмтсэн. Эмч цааш живсэн болорыг эхлээд соруулж аваад, дараа нь нүдний байдлыг ажиглаж байгаад дахин ямар болор суулгах талаар судална гэсэн. Энэ хагалгааг “Инфинти” болон “Болор мэлмий” нүдний эмнэлэг хийдэг. Шүүгдэгчийн өгсөн 2 000 000 төгрөг нүдээ эмчлүүлэхэд хүрэхгүй. Би урьд нь зүүн нүдэндээ хагалгаанд ороход зүүн нүд маань муудсан болохоор айгаад баруун нүдэндээ хагалгаа хийлгэхгүй байна. Одоо баруун нүд хүний дүрсийг давхарлаж хардаг. Зүүн нүд маань их муу хардаг. Би энэ хэрэг гарахаас өмнө болон хойно нь Д.Тамираас өөр хүнтэй маргалдаж, зодуулсан зүйл байхгүй. Би эхлээд 4 000 000 гаруй төгрөг нэхэмжилснээс 2 000 000 төгрөг авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Д.Тамирын амьдралд хар толбо суух вий гэж санаа зовж байна. Иймд түүнийг шоронд оруулахгүй байхаар хэргийг шийдэж өгнө үү. Энэ явдал Д.Тамирт сургамж болсон гэж найдаж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

...Д.Тамир бид 2 юм яриад сууж байтал Л.Мөнгөнчөдөр юу ч ярилгүй, ямар нэгэн маргаан болоогүй байхад Д.Тамирыг шууд шанаа руу нь гараараа цохисон. Тэгтэл Д.Тамир цочоод нэг инээж, цаашаа түлхсэнээ “яаж байна” гэтэл Л.Мөнгөнчөдөр “та 2 намайг нийлж шоолж байна” гээд тэр 2 барилцаад авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод “та хоёр больцгоо, таньж мэдэхгүй хүмүүс биш, юмыг нь эвдэллээ, гарцгаая” гэсэн. Тэр 2 барилцсан чигээрээ пабын гадаа гараад бие биенийхээ толгой, нүүр рүү гараараа харилцан цохилцсон. Тэр 2 бие биенийхээ нүүр болон толгой руу гараараа цохилцож байсан яг нүд рүү нь цохисон эсэхийг нь мэдэхгүй байна гэжээ. (хэргийн 15, 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Баттулга мэдүүлэхдээ:

...Намайг 00 руу орчихсон байхад зодоон эхэлсэн гэсэн. Би хэн нь хэнийгээ эхэлж цохисоныг мэдэхгүй. Тэр үед А.Бат-Эрдэнэ хажууд нь хамт байсан. Харин ажлын үүдэн дээр гараад тэр 2 барилцаж аваад бие биенийгээ 1-2 удаа цохих шиг болсон тэгээд А.Бат-Эрдэнэ бид 2 очоод салгасан гэжээ. (хэргийн 17, 18 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10585 тоот дүгнэлтэд:

1. Л.Мөнгөнчөдөрийн биед баруун нүдний болорын мултрал, цайлт, шилэнцэрийн бүдэгшил гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Д.Тамир ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Д.Тамир нь согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Центр” зоогийн газрын (паб) урд Л.Мөнгөнчөдөртэй маргалдан, улмаар түүнийг цохиж зодон,  бие махбодид нь баруун нүдний болорын мултрал, цайлт, шилэнцэрийн бүдэгшил бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Мөнгөнчөдөр, гэрч А.Бат-Эрдэнэ, Б.Баттулга нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10585 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч Д.Тамирын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

Хохирогч нь баруун нүдэндээ хагалгаа хийлгэхэд 4 200 000 төгрөгийн эмчилгээний төлбөр гарна гэж “Инфинити” нүдний эмнэлгийн бичгийг мөрдөн байцаалтад гаргаж өгсөн боловч одоогоор хагалгаа хийлгээгүй тул түүнд дээрх хэмжээний эмчилгээний зардал гарсан гэж үзэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч нь түүнд 2 000 000 төгрөг өгсөн, тэр гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул Д.Тамирыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Л.Мөнгөнчөдөр нь цаашид гарсан эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй ба үүнийг шүүгдэгч төлөхөө илэрхийлж байна.

 

Шүүгдэгч Д.Тамирт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.