Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2022/0****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, **** овогт ***** /РД: *******/

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь 2022 оны *** дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг Тээлийн амны Бургастай гэх газрын ойд 6 ширхэг хуш, 9 ширхэг шинэс нийт 15 ширхэг модыг гар хөрөө ашиглан зөвшөөрөлгүй бэлтгэж, **** ӨВР улсын дугаартай Бонго загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруутай... гэв.

иргэний нэхэмжлэгч ***** мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч **** мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай” тогтоол /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай” тогтоол /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын *** дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 33 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай зах зээлийн үнэлгээ /хх-ийн 54-55 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай албан бичиг /хх-ийн 17 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ****** дугаартай Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 49-50 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 21-25 дугаар хуудас/ зэрэг болно.

                                           Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ****** нь 2022 оны *** дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг Тээлийн амны Бургастай гэх газрын ойд 6 ширхэг хуш, 9 ширхэг шинэс нийт 15 ширхэг модыг гар хөрөө ашиглан зөвшөөрөлгүй бэлтгэж, ******* ӨВР улсын дугаартай Бонго загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...**** гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэдэд жил бүрийн намар 9 сард мод бэлтгэх зөвшөөрөл өгч байгаа. Тухайн иргэн хүн байгаль орчинд учруулсан хохирлыг бүрэн барагдуулах ёстой. Тухайн иргэн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Тус газар нь тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Шалгалтаар явж байх хугацаандаа Хужирт сумын *** багийн нутаг Бургастай гэх газар очиход **** нь мод бэлтгээд **** ӨВР улсын дугаартай Бонго маркийн автомашины тэвшин дээр мод аччихсан гэрийнхээ ард ирж зогсоход нь очиж шалгахад машин дээрээ 15 ширхэг мод аччихсан байсан. ****** надад эрхийн бичиг зөвшөөрөл байхгүй түлшний мод хийж бэлтгээд өөрийн эзэмшлийн **** ӨВР улсын дугаартай машин дээрээ ачиж ирлээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Өвөрхангай  аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай” тогтоол /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай” тогтоол /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын 08 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” зөвшөөрөл /хх-ийн 33 дугаар хуудас/,

Хөрөнгийн    үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ...“Тус үнэлэгдэж буй 15 ширхэг шинэс төрлийн хус мод нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 231,200 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх **** дугаартай зах зээлийн үнэлгээ /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...“Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутаг М46°49'28.86", Е102025'45.36" солбилцол бүхий Тээлийн амны Бургастай гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй байна...” гэх **** дугаартай албан бичиг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Өвөрхангай  аймгийн Сум дундын Ойн ангийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ...1.Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн “Шинэс” төрлийн хуурай 9 ширхэг мод, хуш төрлийн 6 ширхэг хуурай мод байна. ...Дээрх бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. ...нийт 418330 төгрөг /дөрвөн зуун арван найман мянга гурван зуун гучин төгрөг/... гэсэн ***** дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актанд: нөхөн төлбөрт 1,254,990 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 21-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ***** зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч **** ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн мод нь 2м 40см урттай байх бөгөөд Ойн тухай хууль, Монгол улсын стандартад зааснаар түлшний модны урт нь 1м, шинж чанараараа модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй, бөөрөнхий буюу цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг түлшний мод гэж хэлнэ.

Шүүгдэгчийн ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн мод нь түлшний мод биш, хэрэглээний зориулалтын мод болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн модоо ****** ӨВР улсын дугаартай Бонго 2 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг шүүгдэгч үйлдээгүй гэж дүгнэлт гаргаж байгаа нь хэрэгт авагдсан гэрч ******** ...шалгалтаар явах хугацаандаа Хужирт сумын 2 дугаар багийн нутаг бургастай гэх газарт очиход **** мод бэлтгээд **** ӨВР улсын дугаартай Бонго маркийн автомашины тэвшин дээрээ 15 ширхэг мод аччихсан гэрийнхээ ард ирж зогсоход нь очиж шалгахад 15 ширхэг мод ачсан байсан. Түлшний мод хийж бэлтгээд **** ӨВР улсын дугаартай машин дээрээ ачиж ирлээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч ******** 2022 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын **** баг Тээлийн амны Бургастай гэх газрын ойгоос 6 ширхэг хуш, 9 ширхэг шинэс нийт 15 ширхэг модыг гар хөрөө ашиглан зөвшөөрөлгүй бэлтгэж, **** ӨВР улсын дугаартай Бонго загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 418,330 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.    

Ойн санд учруулсан хохирол болох 6 ширхэг хуш, 9 ширхэг хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 418,330 төгрөг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ байх ба улсын байцаагчийн актаар ойн санд учруулсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрт 1,254,990 төгрөгийн ногдуулсан байна. /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

Шүүгдэгч байгаль орчинд учруулсан хохиролд 650.000 төгрөгийг 100900013040 дансанд тушаасан,  604.990 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс нөхөн төлбөрт 604990 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

                                     Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  байгаль орчинд учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлэх ял оногдуулах дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирол хир хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт ********* 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

                                              Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 03 сарын хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 талдаа модон бариултай, төмөр их биетэй гар хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 231200 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 6 ширхэг хуурай хуш, 9 ширхэг хуурай шинэс модыг хурааж худалдан борлуулж орлогыг,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* эзэмшлийн, **** ӨВР улсын дугаартай, “Киа Бонго” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 982,425 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт ********** 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 03 сарын хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс нөхөн төлбөрт 650,000 төгрөг төлснийг дурдаж, 604,990 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 231200 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 6 ширхэг хуурай хуш, 9 ширхэг хуурай шинэс модыг хурааж худалдан борлуулж орлогыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** ӨВР улсын дугаартай, “Киа Бонго” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 982,425 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулсугай.

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 талдаа модон бариултай, төмөр их биетэй гар хөрөө 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

                              

                                  

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА