Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
                                                                                         Хэргийн индекс:166/2022/0361/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Орчуулагч*******,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******-д холбогдох эрүүгийн 2218000000454 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Оросын холбооны улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр******* төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт******* оршин суудаг,******* ОХУ-ын паспортын дугаар:*******,

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Цайдамын хөндий орчим авто зам дээр******* улсын дугаартай Lexus 350 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээ дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” 3.4.6-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх 12.4-д заасан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг, суурин газрын гадна цагт 80 км/цаг хэтрүүлэхгүй байна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Оросын холбооны улсын иргэн*******-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байгаа маргах зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2218000000454 дугаартай хэргээс:

Хохирогч*******-ийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос 16 цаг 30 минутын үед машинд суугаад*******, нарын хамт Улаан-Үдэ хот руу гэр рүүгээ явсан. Тэгээд замдаа явж байхдаа машинаа бариад хажуу талд нь эхнэр нь суусан, хойд талд нь******* бид хоёр суугаад явж байсан. Тухайн үед******* бид хоёр хамгаалах бүс зүүгээгүй байсан, харин урд зорчиж явж байсан хоёрыг хамгаалах бүс зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. Тээврийн хэрэгсэл гэнэт баруун тийш эргээд жолооны хүрдээ мушгиж эргээд маш хүчтэй хэд хэдэн удаа онхолдож замын хажуу жалга руу унасан. Бид нарын урд хэсэгт саад харагдах шиг болсон. Тээврийн хэрэгсэл онхолдсоны дараа би машин дотор ******* дээр хэвтэж байхад жолооч намайг машинаас гаргаад, дараа нь ******* татаж гаргасан. Миний 2 гар шуу хэсгээр хугарсан нурууны 3 дахь үе цууралт өгсөн гэж эмч хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 27-29/,

Гэрч *******-гийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нөхөр болон хамаатан, басгийн танил******* гэх хүний хамт бид дөрөв 17 цагийн үед Улаанбаатар хотоос Оросын холбооны улс Улаан-Үдэ рүү гэр рүүгээ харих гээд явсан. Тэгээд замдаа явж байгаад 19 цаг өнгөрч байсан байх би сайн мэдэхгүй байна гадаа харанхуй болчихсон зам дээр машин их явж байсан. Тэгээд гэнэт замын урд саад гарч ирээд манай нөхөр жолооны хүрдээ мушгихад машин өнхрөөд онхолдсон.” гэх мэдүүлэг /хх 40/,

Гэрч ******* өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед би,, нарын хамтаар Улаанбаатар хотоос Улаан-Үдийн чиглэлд машинтай гарсан. Тухайн үед би машины арын суудал дээр унтаад явж байтал машин гэнэт тоормослох үед би сэрсэн ба тэрхэн зуур машин маш хурдан өнхөрсөн. Түүний дараа машины жолооч болох гаднаас хаалга онгойлгож эхлээд өөрийнхөө эхнэр болохг гаргаад, дараа бид хоёрыг машинаас гаргасан. Үүний дараа бид нар дээр Монгол жолооч ойртож ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан..” гэх мэдүүлэг /хх 43/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1089 дугаартай шинжээчийн дүгнэлт:  
-*******-гийн биед бүсэлхийн 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, 2 гарын шууны доод 1/3-н битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.*******-ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 60-61/,

Шинжээчын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт: “...Оросын холбооны улсын иргэн******* нь өөрийн эзэмшлийн Lexus 350 маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Оросын холбооны улсын иргэн******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.2-д харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээ дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг зогсоож явна, 3.4.б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.4-д тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг, суурин газрын гадна цап 80 км/цаг хэтрүүлэхгүй байна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Оросын холбооны улсын иргэн******* нь дугаартай ОХУ-ын жолооны үнэмлэхтэй, жолооны үнэмлэхээс харахад В, В1, 0, Р1 ангилалтай байна. Осол гарах үед жолооны үнэмлэх хүчинтэй байсан, жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дуусахаар байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараах бичиг баримттай байна. А. Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцод нэгдсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, Б.Монгол Улсын хилээр тухайн тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлсэн тухай гаалийн байгууллагын тэмдэглэгээ бүхий баримттай байна гэсэн заалт байдаг. Энэ дүрмийн дагуу Оросын холбооны улсын иргэн******* нь Монгол Улсад жолоо барих эрхтэй, Lexus-350 маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй, тоормосны мөр харагдахгүй, машин шууд онхолдож эргэн осол гарсан байна. тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Н.Эрдэм, Т.Саяанна, жолооч К.Нимажапын мэдүүлгээр тээврийн хэрэгсэл 80-100 км/цагийн хурдтай явсан байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад замын тэмдэг бүлэг байдаг. Тус бүлэгт 5.3 тэмдэг буюу суурин газар гэсэн тэмдэг хүрээгүй байхад осол гарсан байна, тэгэхээр осол үйлдэгдсэн зам нь суурины гадна замд харьяалагдана. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасан заалтыг зөрчсөнөөс урсгал сөрсөн, мөн дүрмийн 3.4-д заасан заалтыг зөрчсөнөөс зорчигч бэртсэн, мөн дүрмийн 12.4-д заасан заалтыг зөрчиж хурд хэтрүүлсэн нь осол гарах үндсэн шалгаан болсон байна.” /хх 72/,

Шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 77 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын талаарх дүгнэлт: 
“...Тээврийн хэрэгслийн тооромосны эд ангиуд нь элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй...” /хх 78-81/,

Шүүгдэгч*******-ийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд /хх 102-108/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч******* нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Цайдамын хөндий орчим авто зам дээр******* улсын дугаартай Lexus 350 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээ дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” 3.4.6-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх 12.4-д заасан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг, суурин газрын гадна цагт 80 км/цаг хэтрүүлэхгүй байна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Оросын холбооны улсын иргэн*******-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч*******-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч  Дашеева Цыденовна-ийн өгсөн: “...Тээврийн хэрэгсэл гэнэт баруун тийш эргээд жолооны хүрдээ мушгиж эргээд маш хүчтэй хэд хэдэн удаа онхолдож замын хажуу жалга руу унасан.” гэх мэдүүлэг /хх 27-29/, гэрч Бабалаева Дашанимаевна-гийн өгсөн: “...замдаа явж байгаад 19 цаг өнгөрч байсан байх би сайн мэдэхгүй байна гадаа харанхуй болчихсон зам дээр машин их явж байсан. Тэгээд гэнэт замын урд саад гарч ирээд манай нөхөр жолооны хүрдээ мушгихад машин өнхрөөд онхолдсон.” гэх мэдүүлэг /хх 40/, гэрч Очиров******* Никалаевич-ийн өгсөн: “...би машины арын суудал дээр унтаад явж байтал машин гэнэт тоормослох үед би сэрсэн ба тэрхэн зуур машин маш хурдан өнхөрсөн.” гэх мэдүүлэг /хх 43/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1089 дугаартай шинжээчийн дүгнэлт:  “... *******-гийн биед бүсэлхийн 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, 2 гарын шууны доод 1/3-н битүү хугарал тогтоогдлоо... /хх 60-61/, шинжээчын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт: “...Оросын холбооны улсын иргэн******* нь өөрийн эзэмшлийн Lexus 350 маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Оросын холбооны улсын иргэн******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.2-д харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээ дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг зогсоож явна, 3.4.б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.4-д тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг, суурин газрын гадна цап 80 км/цаг хэтрүүлэхгүй байна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад замын тэмдэг бүлэг байдаг. Тус бүлэгт 5.3 тэмдэг буюу суурин газар гэсэн тэмдэг хүрээгүй байхад осол гарсан байна, тэгэхээр осол үйлдэгдсэн зам нь суурины гадна замд харьяалагдана. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасан заалтыг зөрчсөнөөс урсгал сөрсөн, мөн дүрмийн 3.4-д заасан заалтыг зөрчсөнөөс зорчигч бэртсэн, мөн дүрмийн 12.4-д заасан заалтыг зөрчиж хурд хэтрүүлсэн нь осол гарах үндсэн шалгаан болсон байна.” /хх 72/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Зам тээврийн осол гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.

Иймд шүүгдэгч*******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч******* нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх тайлбар /хх 123/-ыг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн гэмт  хэргээ хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч*******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    5.Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

    6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

    
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ТӨМӨРХҮҮ