Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгч: Н.Б, М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Н-ийн Б, Х овогт М-ийн А нарт холбогдох эрүүгийн 2235000000202 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 16-нд Увс аймгийн .........суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн ................ сумын ........дугаар багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д... овогт Н.Б,  регистрийн дугаар:............,

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 07-нд Увс аймгийн ..... суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн .......... сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х.... овогт .М.А , регистрийн дугаар:.....................,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 9 дүгээр 03-ны өдөр согтуугаар Увс аймгийн ....... сумын ....... дугаар багийн нутаг “Сэжүүр” гэх газарт хохирогч М.Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

Шүүгдэгч  М.А нь 2022 оны 9 дүгээр 03-ны өдөр согтуугаар Увс аймгийн ...............сумын ....... дугаар багийн нутаг “Сэжүүр” гэх газарт хохирогч Н.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Б нь ...............сумын ...... дугаар багийн нутаг “Сэжүүр” гэх нэртэй газарт 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч М.Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.А нь ...............сумын 2 дугаар багийн нутаг “Сэжүүр” гэх нэртэй газарт 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Н.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Н.Б, М.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Хохирогч Н.Б шүүхийн хэлэлццүүлэгт “М.А нь надад учирсан хохиролд 500.000 төгрөг төлсөн, одоо надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй” гэх,

3. Хохирогч М.А шүүхийн хэлэлцүүлэгт “Надад Н.Б 500.000 төгрөгийг эмчилгээнд хэрэглээрэй гээд өгсөн. Би Н.Бод хохирол гомдолгүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй.”  гэх мэдүүлгийг тус тус гаргасан,

4. Шүүгдэгч Н.Б, М.А нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй  болно.

Эрүүгийн 2235000000202 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

2. Хохирогч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна, нэг мэдэхэд  М.А ахтай Сэжүүрийн харган дотор зодолдож байсан, тэгж байтал хэдэн хүмүүс ирээд бид хоёрыг салгаж авсан, удалгүй цагдаа ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 22 дахь тал),

3. Хохирогч М.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сэжүүрийн харган дотор Н.Бтой тааралдаад ахынхаа мал харсан уу гэтэл чиний хонийг би яаж мэдэхэв, муу сайн баядын хулгайч  гэж хэлээд морины цулбуурнаас барьж авчихаад тавихгүй намайг морьноос татаж унагаах гээд байхаар нь миний уур хүрээд морин дээрээсээ Н.Бын нуруу хэсэгт ташуураар 4-5 удаа цохисон. Тэгээд би мориноосоо буугаад Н.Бтой барьцалдаж аваад бид хоёр хоорондоо зодолдсон. Н.Б намайг газарт унагааж байгаад миний дээр гарч сууж байгаад нүүр тус газар олон цохисон, тэгээд би Н.Бын баруун чихнээс хазсан, тэгж байтал манай хүү А.Ц ирээд бид хоёрыг салгаад намайг гэр лүү авч явсан, тэгээд би гэртээ очоод шууд унтчихсан. Н.Б бид хоёр хоорондоо маргалдаж барьцалдаж аваад нэг нэгнийхээ нүүр лүү гараараа олон удаа цохисон, яг хэдэн удаа цохиж, цохиулсанаа санахгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй " гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 26 дахь тал),

4. Гэрч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэр ...............сумын 2 дугаар баг “Сэжүүр” гэх нэртэй газар байдаг. Манай гэрийг тойроод харгана, дэрс их байдаг. 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би гэрээсээ урд зүгт харгана дотор малаа хариулсан ба 19 цагийн үед бог малаа аваад гэрт ирэхэд Н.Б, М.А нар манай гэрийн гадна, зүүн урд зүгт гэртээ ойрхон хоорондоо зодолдож байсан, М.Агийн хүү болон эхнэр нь М.А, Н.Б нарыг салгаад М.Аг авч харьсан. Н.Б өөрөө морио унаад харилаа гэж хэлээд явсан...Н.Б, М.А нар нь согтуу байсан ба хаана, хэнтэй архи уусныг мэдэхгүй.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

5. Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн үед гэртээ буцаж ирэхэд Н.Б, М.А нар нь хоорондоо зодолдоод аль алиных нь нүүр, хувцас гэх мэт зүйлүүд бүгд цус болчихсон байсан ба М.Агийн залуу, эхнэр нь ирж М.Аг аваад явсан. Би Н.Быг хүүгээс ялгаа юу байхав гэж бодоод цусыг нь угааж өгөхөд Н.Б надад хандаж, миний толгой их өвдөж байна. Та миний чихийг хардаа М.А хазчихлаа гэж хэлээд чихээ харуулахад чихнээс нь цус их гарсан байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

6. Гэрч А.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн үед хонгор морьтой, зөв талдаа аагт олом тамгатай чөдөртэй алга болсон даагаа хайж яваад “Сэжүүр” гэх нэртэй газарт очиход аав М.А, Н.Б хоёр хоорондоо зодолдож байсан. Аав М.А доор нь Н.Б дээр нь гарчихсан хоёулангийнх нь нүүр, хувцас цус болчихсон байсан. Би тэр хоёрыг салгах гэж дээр нь байсан Н.Быг татахад салахгүй байсан, тэгэхээр нь би арай гэж Н.Бын гарыг нь тавиулаад аав М.Аг салгаж аваад моринд нь мордуулаад аваад харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

7. Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ байж байгаад авдарт байсан нэг шил 0,5 граммын “Экс” гэх архи ганцаараа ууж дуусгаад мал хайхаар гэрээсээ гараад явж байсан,тухайн үед нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна, нэг мэдэхэд  М.А ахтай Сэжүүрийн харган дотор зодолдож байсан, тэгж байтал хэдэн хүмүүс ирээд бид хоёрыг салгаж авсан. Би яагаад М.А ахтай маргалдаж зодолдсоноо санахгүй байна.  М.А ахын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байна ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал),

8. Шүүгдэгч М.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би өглөө 09 цагийн үед ...............сумын 2 дугаар баг, “Сэжүүр” гэх газарт төв замын хажууд малаа хариулаад явж байгаад 0.5 литрийн хагас шилтэй архи олж аваад ганцаараа уучихсан, тэгж байгаад хээр унтаад 16 цагийн орчим сэрэхэд мал байхгүй байхаар нь морио унаж урд гол руу хайхаар явж байтал харган дотор Н.Бтой тааралдаад ахынхаа мал харсан уу гэтэл чиний хонийг би яаж мэдэх юм, муу сайн баядын хулгайч гэж хэлээд морины цулбуурнаас барьж авчихаад тавихгүй намайг мориноос татаж унагаах гээд байхаар нь миний уур хүрээд морин дээрээсээ Н.Бын нуруу хэсэгт ташуураар 4-5 удаа цохисон. Тэгээд би мориноосоо буугаад Н.Бтой барьцалдаж аваад бид хоёр хоорондоо зодолдсон. Н.Б намайг газарт унагааж байгаад миний дээр гарч сууж байгаад нүүр тус газар олон цохисон. Тэгээд би Н.Бын баруун чихнээс хазсан, тэгж байтал манай хүү А.Ц ирээд бид хоёрыг салгаад намайг гэр лүү авч явсан. Би гэртээ очоод шууд унтсан. Би тухайн өдөр нэг их согтоогүй, гэхдээ халчихсан байсан бөгөөд Н.Б намайг хэл амаар доромжлоход би уурласан уурандаа Н.Быг зодсон юм. Би хохирогч Н.Бод хохирол төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дахь тал),

            9. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 383 дугаартай “...Үзүүлэгч Н.Бын биед тархи доргилт, зүүн хөмсөгт язарсан шарх, баруун чихний дэлбэн үзүүр хэсгээр хазагдаж тасарсан шарх, баруун нүдний дээд зовхинд, баруун зүүн, мөрний ар дээд хэсэгт, баруун зүүн далны хэсэгт, сээрний түвшинд, баруун бугалга, шуу тохойн үений дотно хэсэгт, зүүн бугалга, шуу бүсэлхийн зүүн ард цус хуралт, зүүн нүдний  дээд зовхинд, хамрын зүүн талд, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд, зүүн чамархай, толгойн оройд, баруун далны гадна хэсэгт, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг дор үүссэн байх боломжтой буюу хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Баруун чихний дэлбэнд байрласан эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь хазалтын улмаас үүссэн байна. Тархи доргилт, зүүн хөмсөгт язарсан шарх, баруун чихний дэлбэнд хазагдсан шарх, баруун нүдний дээд зовхинд, баруун зүүн, мөрний ар дээд хэсэгт, баруун, зүүн далны хэсэгт, сээрний түвшинд, баруун бугалга, шуу, тохойн үений дотно хэсэгт, зүүн бугалга, шуу бүсэлхийн зүүн ард цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд, хамрын зүүн талд, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд, зүүн чамархай, толгойн оройд, баруун далны гадна хэсэгт, нуруунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх  (хавтаст хэргийн 52-54 дэх тал) дүгнэлт,

10. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 84 дугаартай “...Үзүүлэгч М.Агийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхины доор хий хуралт, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд, эрүү, хүзүүнд зулгаралт, баруун, зүүн бугалганд цус хуралт, үүдэн доод баруун 1 дүгээр шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг дор үүссэн байх боломжтой буюу хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхины доор хий хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 60-62 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

11. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

12.Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Н.Б, М.А нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

3. Шүүгдэгч Н.Б, М.А нар нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ...............сумын 2 дугаар багийн нутаг, Сэжүүр гэх газарт хэн аль нь согтуугаар хоорондоо харилцан зодолдож, бие биенийхээ халдашгүй байх эрхэд  гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Н.Б, М.А нарыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Н.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Агийн биед биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхины доор хий хуралт зэрэг хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 60-62 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр,  

5. Шүүгдэгч М.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бын биед биед тархи доргилт, зүүн хөмсөгт язарсан шарх, баруун чихний дэлбэн үзүүр хэсгээр хазагдаж тасарсан шарх, баруун нүдний дээд зовхинд, баруун зүүн мөрний ар дээд хэсэгт, баруун зүүн далны хэсэгт, сээрний түвшинд, баруун бугалга, шуу тохойн үений дотно хэсэгт, зүүн бугалга, шуу бүсэлхийн зүүн ард цус хуралт, зүүн нүдний  дээд зовхинд, хамарын зүүн талд, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд, зүүн чамархай толгойн оройд баруун далны гадна хэсэгт нуруунд зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 52-54 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогч нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгч Н.Быг 2022 оны 9 дүгээр 03-ны өдөр согтуугаар Увс аймгийн ...............сумын 2 дугаар багийн нутаг “Сэжүүр” гэх газарт хохирогч М.Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

-Шүүгдэгч  М.Аг 2022 оны 9 дүгээр 03-ны өдөр согтуугаар Увс аймгийн ...............сумын 2 дугаар багийн нутаг “Сэжүүр” гэх газарт хохирогч Н.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

7. Шүүгдэгч Н.Б, М.А нар  нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

8. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.Б, М.А нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч Н.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Агийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхины доор хий хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан,

2. Шүүгдэгч М.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт язарсан шарх, баруун чихний дэлбэнд хазагдсан шарх, баруун нүдний дээд зовхинд, баруун зүүн, мөрний ар дээд хэсэгт, баруун, зүүн далны хэсэгт, сээрний түвшинд, баруун бугалга, шуу, тохойн үений дотно хэсэгт, зүүн бугалга, шуу бүсэлхийн зүүн ард цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд, хамрын зүүн талд, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд, зүүн чамархай, толгойн оройд, баруун далны гадна хэсэгт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь  тус тус тогтоогджээ.

3. Шүүхийн шатанд шүүгдэгч Н.Б нь хохирогч М.Агийн  эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч М.А нь хохирогч Н.Бод эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлж барагдуулан хоорондоо эвлэрсэн тул бие биенээсээ цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мэдүүлсэн, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан гэх үндэслэлээр прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Б, М.А нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Н.Б, М.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Н.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 102 дахь тал), шүүгдэгч М.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 126 дахь тал) тус тус нотлогджээ.

4. Шүүгдэгч Н.Б, М.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд харилцан бие биендээ 500.000  төгрөг төлж, хор уршгийг арилгасан байна.

5. Иймд шүүгдэгч Н.Б, М.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

6. Шүүгдэгч Н.Б, М.А нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг тэдгээрийн хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.

7. Түүнчлэн шүүгдэгч Н.Б, М.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

8. Прокуророос шүүгдэгч Н.Б, М.А нарын хүсэлтийг хангаж, тэдгээрт холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

9. Иймд шүүгдэгч Н.Б, М.А нар нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч Н.Б, М.А нар зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Н.Б, М.А нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

10. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бод 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Ад 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус  гаргаж, шүүгдэгч нарт танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

11. Иймд шүүгдэгч Н.Б, М.А нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тэдгээрийн тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарын тус бүрт оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч Н.Б, М.А нар нь  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Б, М.А нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б, М.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Б, Х овогтой М.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, М.А нарын тус бүрт 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  650.000  (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нар нь  шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Б, М.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА