Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/189

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бгийн Бд холбогдох эрүүгийн 2235000000213 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны .......... дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ........... мэргэжилтэй, ............................. ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн ......... сумын 10-р баг .................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Бгийн Б (РД:.......................),

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Малчин сумын нутаг .......... нуурын хөвөө “Хар тэрмис” гэх газарт 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Огийн эзэмшлийн “Samsung-А71” загварын гар утас олж, ашиглан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.Од 790.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч Б.Од 790.000 төгрөгний хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй  болно.

Эрүүгийн 2235000000213 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн орчимд төрсөн эгч Б.Х, хүргэн ах Ц нарын хамт Увс аймгийн Улаангом сумаас .......... нуур руу амрахаар явсан. .......... нуурын хөвөөнд амарч байх үед 17 цагийн орчимд  миний гар утсанд Лаас дуудлага ирсэн. Уг дуудлагын авахад “Чи хаана байна. Бид нар .......... нууран дээр ирчихсэн байна” гэж хэлсэн. Тухайн үед бид нар хоорондоо гар утсаар ярилцаж байгаад уулзсан. Намайг тэд нарын байгаа газарт очиход С, Г, С, Б, С, Г нар байсан. Тэнд очоод удаагүй байтал Сгийн найз Б тэрний машинтай хүрч ирсэн. Бид нар юм ярингаа 2.5 литрийн хэмжээтэй, нэг сав пиво хувааж уусан. Пиво ууж байхдаа би өөрийн Samsung-А71 загварын гар утсыг найз Лд өгөөд “Сгийн машинд хүргээд хийчих” гэж хэлсэн. Тэр үед найз Л босож Сгийн машин руу явчихаад ирсэн. Тухайн орой С, Б нар маргалдаж байгаад машиндаа суугаад яваад өгсөн. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 07 цагийн орчимд найзуудаасаа салж ах, эгч хоёрын байгаа газар руу явахдаа Лд хандан “С, Б  хоёр ирвэл машинаас миний гар утсыг аваад ирээрэй. Би ах эгч хоёртой аймгийн төв рүү явлаа” гэж хэлсэн. Б.Б надад учирсан 1.200.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал),

2. Гэрч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү Б.О өмнө нь Samsung-А71 загварын гар утас ашигладаг байсан. Тухайн гар утсыг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Мобиком ХХК-ийн Улаанбаатар хотод байрлах Тэди худалдааны төвөөс 1.399.000 (нэг сая гурван зуун ерэн есөн мянга) төгрөгөөр худалдаж авсан. Манай дүү Б.О нь оюутан учраас өөрийнх нь нэр дээр гар утасны лизингийн төлбөрийг нь би төлнө гэж гуйгаад авахуулсан. Тийм болохоор би тэр утсыг анх өөрийнхөө нэр дээр лизингээр (зээлээр) худалдаж аваад өөрийн дүү Б.Од өгсөн. Тухайн утасны урьдчилгаа төлбөр болох 139.900 (нэг зуун гучин есөн мянга есөн зуу) төгрөгийг миний хадам ээж Г.Ж төлсөн. Мөн тухайн гар утсыг худалдаж авснаас хойш сар бүрийн төлбөр болох 105.000 төгрөгийг миний ээж Г.Ж сар бүр хийсээр байгаад 2022 оны 05 дугаар сард сүүлийн төлөлтийг хийснээр уг гар утас нь миний дүү Б.Огийн өмчлөлд бүрэн шилжсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

3. Гэрч Г.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний охин Б.О нь Улаанбаатар хотод .............. их сургуулийн 3 дугаар курст суралцдаг. 2021 оны хавар миний охин Б.О надаас “Би утасгүй болчихлоо. Надад шинэ утас худалдаж аваад өгөөч” гэж гуйсан Тухайн үед надад шинэ гар утас худалдаж авах мөнгө байгаагүй учраас зээлээр өөрийн хүргэн Б.Цаас “Би Б.Од шинээр утас авч өгөх гэсэн юм. Чи Мобиком  ХХК-аас нэг утас зээлээр аваад өгөөч, урьчилгаа болон сар бүрийн төлбөрийг нь би хийгээд өгье гэж гуйхад Б.Ц зөвшөөрсөн. Улмаар Б.Ц нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Мобиком ХХК-ийн Улаанбаатар хотод байрлах Теди худалдааны төвөөс 139.900 төгрөгөөр Samsung-А71 загварын утас зээлээр худалдаж аваад Б.Од өгсөн. Тухайн Samsung-А71 загварын утсыг 2022 оны 5 сард зээлийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн Samsung-А71 загварын утас манай хүргэн Б.Цийн нэр дээр авсан, би өөрөө зээлийн төлөлтийг хийж байсан нь үнэн боловч би тэр утсыг өөрийн охин Б.Од авч өгсөн учраас Б.Оийн өмчлөлийн утас юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

4. Гэрч Д.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би хүнээс 430.000 төгрөгөөр утас худалдаж авсан. 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах Итгэл барааны зах дотор байрлах Ө гэдэг хүний гар утас засварын газар луу ороход нэг үл таних залуу байсан. Тэр залуу “Би Самсунг Галакси А-71 загварын гар утас зарах гэсэн юм. Мөнгөний хэрэгцээ гараад хямдхан зарах гэж байна гэж хэлсэн. Би тэр залуугаас “Энэ өөрийн чинь утас мөн юм уу? Янз бүрийн асуудал байхгүй биздээ” гэж асуухад тэр залуу “Ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн” Би тэр залууд утасны үнэ болох 310.000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн 5............. дугаарын данснаас тэр залуугийн 5............ дугаарын данс руу шилжүүлж өгсөн юм. Үлдэгдэл 120.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Гар утсаа өөрийн эхнэр С.О бэлэглэсэн. Тэр цагаас хойш тухайн гар утсыг миний эхнэр ашиглаж эзэмшиж байгаа, Б гэдэг хүн яриад “Би танд утас зарсан залуугийн аав байна, танд зарсан утасны мөнгийг буцааж шилжүүлэх гэсэн юм гэж хэлээд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр миний утас худалдаж авсан мөнгө болох 480.000 төгрөгийг хаан банкны эзэмшлийн 5................. дугаарын данс руу шилжүүлж өгсөн...мөнгөө буцааж авсан учраас одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”...гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

5. Гэрч М.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өөрийн найзууд болох С, Б, С, Г, Л, Б, С нарын хамт 2022 оны 07 дугаар сарын дундуур /өдрийг нь тодорхой санахгүй байна/ найз С, С хоёрын машинтай Увс аймгийн Улаангом сумаас .......... нуур руу амархаар явсан. .......... нуурын хөвөөнд ойролцоогоор 15 цагийн орчимд очсон. Тухайн өдрийн 16 цагийн орчимд миний гар утаснаас найз Л Б.Огийн утас руу залгаад “Бид нар .......... нуурын хөвөөнд ирчихсэн байна. Чи хаана байна” гэж асуухад Б.О “.......... нуурын хөвөөнд гэрийнхэнтэйгээ цуг амарч байна” гэж хэлсэн. Тухайн үед бид гурав хоорондоо утсаар ярьж байгаад уулзсан ба найзуудынхаа байгаа газарт очсон. Бид гурвыг очсоны дараагаар С, Б хоёр хоорондоо маргалдаж, Сгийн машиныг Б унаж явсан. Хоёр цаг орчмын дараа Б буцаж ирээд Стай ярилцаж байгаад эвлэрсэн ба тэр хоёр машиндаа суугаад явсан. Маргааш нь Б.О “Б, С хоёр ирвэл миний утсыг машинаас аваарай” гэж Л бид хоёрт хэлчхээд ах эгч, хоёрынхоо байгаа газар руу явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

6. Гэрч Ж.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн найзууд болох С, Б, С, Г, Г, Б, С, нарын хамт 2022 оны 07 сарын дундуур /өдрийг нь тодорхой санахгүй байна/ С, С хоёрын машинтай Увс аймгийн Улаангом сумаас .......... нуур руу амрахаар явсан. .......... нуурын хөвөөнд очсоны дараагаар би найз Гийн утаснаас Б.Огийн гар утас руу залгаж “хаана байна. Бид нартай уулзах юм уу” гэж хэлэхэд Б.О .......... нууран дээр ирчихсэн байна. Та нартай уулзана” гэж хэлсэн ба Г бид хоёр утсаар ярьж байгаад Б.Отай очиж уулзсан. Тэгээд найзууд дээр явж очсон. Бид гурвыг тэнд очсоны дараа С, Б хоёр маргалдаж Сгийн машиныг Б унаж явсан. Тухайн үйл явдал болсноос хойш нэг цаг орчмын дараа Б буцаж ирээд Стай ярилцаж эвлэрсэн ба тэр хоёр машиндаа суугаад буцаад явсан. Маргааш Б.О 05 цагийн орчимд “С, Б хоёрыг ирэхээр машинаас нь миний гар утсыг аваарай” гэж надад хэлчихээд ах, эгч хоёрынхоо амарч байсан газар руу явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

7. Гэрч Р.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай найз залуу Б.Б болон манай найз Г, Л, С, Б, С, Г бид нар Хар тэрмис нуур дээр хонохоор явсан, бид орой 17 цагийн цагаас 18 цагийн үед очиж майхан татаж хоол хийж байтал Л, Г нар 00 явсан эргэж ирэхдээ Б.О найзтайгаа хамт ирсэн. Орой 22 цагийн үед найз залуу Б.Б бид хоёр аймгийн төвд гэрт очиж хоносон. Өглөө Б.О над руу миний утас чиний машинд байна уу гэж асуусан, би машинд орж харахад машины дунд талын хайрцагт ягаан өнгийн ноте-8 маркийн гар утас байсан, харин дунд хайрцаг суудал дундуур ягаан өнгийн кейс доошоо унасан байсан тул би хэний кейс болохыг мэдэж анзаараагүй юм. Б.О над руу чатаар өөрийн гар утсаар зураг дарж явуулсан. Бид хоёр өглөө 8 цаг болж байхад Хар тэрмис нуур дээр найзуудаа авахаар ирсэн. Би Л найзын хамт миний машин цэвэрлэж суудлын доор байсан  утасны ягаан кейс гаргахад миний запаас кейс байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

8. Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 7 сард Орхон аймгийн ажлаасаа чөлөө аваад Увс аймгийн Улаангом суманд ирсэн. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр С, Г, Г, Л, Сүнжидма, Б, С нарын хамт .......... нуур дээр очиход манай найзууд 1 сагс 0.5 литрийн пиво, архи, хоол унд  авсан байсан...Бид нар хоол унд хийж идчихээд найз охин С бид хоёр Улаангом сум руу явж манай гэрт хоносон. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн орчим найз охин Сгийн хамт .......... нуураас найзуудаа авч ирэхээр явсан. .......... нуур дээр 08 цагийн үед очиход манай найзууд хоол унд хийж байсан. Хоол унд идчихээд 15 цагийн орчим 00 орох гэж явж байгаад зам дээр шороонд дарагдчихсан  хар өнгийн зүйл харагдахаар нь очоод авч үзэхэд гар утас байсан. Тухайн утас унтраалттай байхаар нь асааж үзэхэд ямар нэгэн код байхгүй байсан. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би .......... нуураас ирэхдээ утас олж авснаа мартчихсан байсан ба 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн өмдний халаас уудлахад миний олж авсан гар утас байсан. Би 13 цагийн орчим Улаангом сумын 12 багт байрлах итгэлт барааны зах орж саван вок болон ойр зуурын зүйлс аваад захаас гарах замдаа утас засвар орж олж авсан утсыг гар утас засварт зарах гэж байхад гаднаас танихгүй ах орж ирээд зарах утас байна уу гэж асуухад би тухайн утсыг танихгүй ахад 430.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед миний амралтын хугацаа дуусч ажилдаа Орхон аймаг руу явах гэж байсан болохоор надад мөнгөний хэрэг гарч байсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу ганцаараа явсан юм. Би хууль эрх зүйн мэдлэг дутмаг, өөрийн хариуцлагагүй байдлаас болж хэрэгт холбогдсон. Би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал)

9. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №315 дугаартай “    ...2022 оны 07 дугаар сарын байдлаар Увс аймаг нэг жил гаруй ашигласан Samsung-А71 загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 790,000 (долоон зуун ерэн мянган) төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт (хавтас хэргийн 58 дахь тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

10. Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэх  урьдач нөхцлүүд бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

12. Хуульд заасан журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход шүүгдэгч Б.Б нь хохирогч 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Малчин сумын нутаг .......... нуурын хөвөө Хар тэрмэс гэх газарт амарч байхдаа Б.Огийн гээгдүүлсэн гэх “Samsung-А71” загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч, улмаар Б.Т т гээгдэл эд хөрөнгийг зарж борлуулж, завшсаны улмаас хохирогч Б.Од 790.000 төгрөгний хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь нотлогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “....гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай  үйлдлийн улмаас  хохирогч Б.Од 790,000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.

4. “Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлэх бөгөөд хохирогч Б.О нь өөрийн хүсэл зоригоос гадуур гар утсаа гээгдүүлсэн нь нотлогдож байх тул Б.Огийн эзэмшлийн “Samsung-А71”  гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.

5. Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө нь өөрийнх нь хүсэл зоригоос гадуур гээгдэх замаар, эсхүл бусад байдлаар гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

6. Гээгдэл эд хөрөнгө олж авсан этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, тийм этгээд байхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргийг хуулиар хүлээх бөгөөд  шүүгдэгч Б.Б нь гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Б.Огийн гар утсыг олж авсны дараа зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр тухайн гар утсыг иргэн Б.Тт худалдан борлуулж, захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

7. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

8. Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “.....гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            1. Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Огийн эд хөрөнгөд 790.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь өөрийн эзэмшлийн “Samsung-А71” загварын гар утасны үнийг бүрэн төлж, хохиролгүй болгосон нь хохирогч Б.Огийн мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бгээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 94 дэх тал),

            Хоёр. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 86 дахь тал),

4. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

6. Прокуророос шүүгдэгч Б.Бгийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

7. Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

8. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Б.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

10. Иймд шүүгдэгч Б.Бгийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогттоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

11.Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь гээгдэл эд хөрөнгө болох хохирогчийн “Samsung A-71” маркийн гар утсыг бусдад худалдан борлуулж, 430.000 төгрөгийн ашиг олсон нь нотлогдож, прокурортой ял тохиролцохдоо хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ болох 430.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

12. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 430.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.

13. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө болох “Samsung-А71” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 800 (найман зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогттоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бгээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 430.000 (дөрвөн зуун гучин мянга) төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА