Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч: Я.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ягийн Од холбогдох эрүүгийн 2235001580181  дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны ....... дугаар сарын 03-нд Увс аймгийн .............. суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн .............. сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ягийн О, (регистрийн дугаар: ......................),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.О нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн .............. сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Г.Шын нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Я.О нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн .............. сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Г.Штай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Хохирогчийн өмгөөлөгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Г.Шын үүдэн 3 шүд унасан учраас авиа гадагш биш дотогшоо гарч хүнтэй харилцахад хэцүү болоод байна. Шүд хийлгэх зардал өндөр гарахаар байгаа. Нэг шүд 2 сая төгрөгөөс 2.500.000 төгрөгийн хооронд хийгддэг талаар холбогдох эмнэлгээс нь лавлагаа авч, хэрэгт хавсаргасан. Эмчид үзүүлэхэд унасан шүдний яс, буйл нь бэхжээгүй байгаа тул имплант шүд хийх боломжгүй 1 жилийн дараа хийх боломжтой гэх хариу өгсөн. Иймд хохирогчийн хохирол, хор уршгийн талаар баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Я.Од гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч шуу, шилбэнд гэмтэл учирсан. Хохирогчийн хувьд нотлох баримтад үндэслэхгүйгээр 5 сая төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нотлох баримтаа бүрдүүлж, цуглуулаад бодит хохирлоо гаргуулж авах ёстой байтал баримтгүйгээр үндэслэлгүй хохирол нэхэмжилж байна. Иймд хохирогчийг хохирлын баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэлийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Хохирогч Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: “...бид маргалдаад барьцалдсан. Буцаад явах гэж байхад бууж ирээд миний нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгээд манай хонь руу давхиад явчихсан. Би шүд ийм болсон янзалж өг гэж хэлсэн. Чиний шүд угаасаа ийм байсан биз дээ хууль шүүхээр шийдүүл гэж хэлээд явсан. Би Я.Огаас 5 сая төгрөг нэхэмжилсэн. Би хувийн унаагаар 2, 3 удаа сумаас аймгийн төв орж ирсэн. Манай эмээгийн бие өвдөөд Улаанбаатар хотруу би дуудагдаж явсан. Тэгээд очсон дээрээ зардлаа хэмнээд  хотод эмнэлэгт шүдээ үзүүлэхэд яс эдгэрэхээр шүдийг суулгаж хийж болно. Дараа жил ирээд хийлгээрэй  гэж хэлсэн. Миний үүдэн 2 шүд гэмтэж унасан. Би хиймэл шүдтэй байсан, миний хиймэл шүдийг бэхэлж байсан шүд унасан. Нэг шүдийг 2 саяаас 2.5 сая төгрөгийн хооронд хийнэ гэсэн. Я.О надад шүүх хуралдаанаас өмнө 400.000 төгрөг өгсөн. Цаашид би шүд хийлгэж авмаар байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг,

5.  Шүүгдэгч Я.О нь “...Манайх уулнаас нүүж ирээд буусан байхад Г.Шын гэр нүүж дэнж дээр ирж буусан. Манайх 30 гаруй жил тэр газарт зусаж байгаа. Би Г.Шт малын бэлчээрт бууж байна гэж хэлсэн. Бид тэр газарт хэд хоносон. Тухайн үед малчин нас барсан гачигдалтай байсан. Хонь нийлж ялгаж байхад нь би очсон, Г.Ш байсан. Би юу болсон бэ? гээд очсон. Намайг хонио аваад зайл гэж хэлсэн. Бид хоёр маргалдсан. Би машинаа асаагаад явах гэж байхад миний араас Г.Ш нутаг заагдаж ирчихээд чи юу юм бэ? гэж хэлсэн. Би машинаасаа буусан. Г.Ш мотоциклиос буусан. Тэр намайг өшиглөсөн, би гараараа ам хэсэгт нь цохисон. Би Г.Шыг цохиж, гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг баримтын хэмжээнд төлж барагдуулна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2235001580181 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн Б.Тээс 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 19 минутад Увс аймаг дахь Цагдаагийн газарт ............ дугаарын утсаар гаргасан “................. сумын 2 дугаар баг “Цул” гэх газарт миний нөхөр Г.Шыг биед Я.О гэгч нь зодсон...”гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч Г.Шын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр .............. сумын 3-р баг хиймэл нуурын хажууд манай хонь айлын малтай нийлсэн байхаар би малаа ялгах гээд ирээд шүүж байхад жижиг машинтай Я.О ирээд мал нийлүүллээ гэж намайг загнаж хэл амаар доромжилсон. Тэгээд бид маргалдаад барьцалдаж авсан, ахиж мал нийлүүлэх юм бол чамайг ална гэж хэлэхээр нь би чи хэзээ хүн алж байсан юм гэхэд чамайг дайрч ална гэж хэлээд гараараа миний нүүрний ам хэсэгт цохисон. Би заамдалцаад зогсож байсан гараараа хаасан боловч миний гар доогуур гараа оруулаад миний шүдийг гэмтээж тухайн үед миний амнаас цус гарсан. Түүний дараа миний шүд уначихлаа гээд унасан хиймэл шүдээ үзүүлэхэд угаасаа ийм л байсан биздээ, хуулиараа яв гэж хэлээд яваад өгсөн. Иймд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би шүдээ янзлуулаад авчихвал одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Улаангом сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд хиймэл шүд бэхлэж байсан дээд уруулын үүдэн хоёр шүдийг авах шаардлагатай, бэхжихгүй болсон байна гэж хэлсэн." гэх (хавтаст хэргийн 15 дахь тал) мэдүүлэг,

3. Гэрч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр 2022 оны 08 сарын 14-ний өглөө 10 цагийн орчимд саахалт айл болох Я.О гэх айлын хоньтой манай хонь нийлэх гэж байна, би очоод эргүүлээд ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээд 30-40 минутын дараа гэртээ ирэхэд амнаас нь цус гарсан байдалтай нүүр нь улайгаад дээд уруул хэсэг нь бага зэрэг хавдсан байдалтай орж ирэхэд нь би юу болсон талаар асуухад тэр Я.Отай маргалдсан, тэр миний шүд рүү гараараа цохиод шүд гэмтээчихлээ гэж хэлсэн. Миний нөхрийн дээд үүдэн шүдний голын нэг шүд нь хиймэл хажуу шүдэндээ бэхэлсэн байсан. Үүний дараа бид эмчид үзүүлээд анхан шатны туслалцаа авсан. Тэр өглөө нөхөр Ш гэрээс гарахдаа нүүр амандаа ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй зүгээр гарсан, тэгээд удалгүй ийм болоод ирсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн алба хаагч ирээд мэдүүлэг авсан. Маргааш нь бид Улаангом сум орж нэгдсэн эмнэлгийн эрүү, нүүр, шүдний эмч Балжинням гэх эмчид үзүүлээд Шүүх шинжилгээний газар ирж шинжилгээ хийлгээд буцаж сум явсан. ...үүдэн 2 шүдийг авхуулсан, бэхжих боломжгүй авхуулах шаардлагатай гэсэн.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

4. Гэрч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 16-нд Увс аймгийн .............. сумаас Г.Ш надад ирж үзүүлсэн, 2022 оны 08 дугаар сарын 14-ны өдөр бусдад зодуулсан гэх өгүүлэмжтэй ирсэн бөгөөд түүнийг үзэхэд гэмтэл байсан тул эрүү хоншоорын ясанд гэмтэл учирсан эсэхийг тогтоох зорилгоор рентгенээр шүдний дэлгэмэл зураг авхуулсан. Зургаар: Эрүү, хоншоорын ясанд хугарал, цуурал байхгүй. Зүүн дээд 21-р шүд 3-4 зэргийн хөдөлгөөнтэй, уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн улмаас үүсгэгддэг бөгөөд эмчлэгдэх, бэхжих боломжгүй байдаг. Ийм хариу гарсан. Нүүрний арьс салстад ил харагдах гэмтэл, зулгаралт байхгүй байсан. Шүд хөдөлгөөнтэй, шинээр үүссэн гэмтэл байсан ба тогших үед хөндүүр эмзэглэлтэй байсан. Дээд 4, эрүүний 3 шүд нийт 7 шүд хөдөлгөөнтэй байсан. Үүнээс дээд үүдэн 2 шүд эмчлэгдэх боломжгүй байсан.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

5. Шүүгдэгч Я.Огийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 09-10 цагийн орчимд ...хол ойроос ах дүүгийн хүмүүс ирээд тэр хооронд хонио хариулаагүй түр орхисон байсан, гэтэл саахалт айл болох Шын хонь манай хонь явах замд байсныг анзаараагүй хонио гаргасан, хэсэг хугацааны дараа харахад Шын хоньтой захалдаад арай нийлээгүй ганц нэг хонь манай малд орсон байсан. Би гэрээсээ машинаа унаад түүн дээр очоод чи хорь гучин жил зуссан зусланд ирж буучихаад малаа зөрүүлээд явуулчихгүй яасан юм бэ? гэхэд хонио өөрөө авч зайлахгүй юу гэсэн, тэгээд бид маргалдаж хэрэлдээд, хоёр талаас ирээд барьцалдаж заамдалцаж маргаж байгаад би баруун гараараа түүний уруул, ам орчимд нэг удаа цохисон, түүний дараа Ш намайг шүд хөдөлчихлөө,  төлж өг гээд надад хөдөлж байгаа шүдээ хэлээрээ хөдөлгөж үзүүлсэн. Тэгэхэд нь би чиний шүд ямар байсныг мэдэхгүй, тийм байсан ч юм билүү гээд би гэрлүүгээ явсан. Г.Ш миний баруун хөлний шилбэ хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, тухайн үед бага зэрэг хөхөрсөн. Эмчилгээний гарсан зардлыг нөхөн төлж хохирлыг барагдуулна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал) гэх мэдүүлэг,

6. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 347 дугаартай “...Үзүүлэгч Г.Шын биед зүүн дээд 1 дүгээр шүдний /21/ 3-4-р зэргийн сулрал, баруун дээд 2 дугаар шүд /12/ болон баруун доод 2 шүдний /42/ 2-3-р зэргийн сулрал, түүшнээс салалт, доод уруулын салстад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 05 минтуад үүсчихсэн байсан талаар Г.Шын амбулаториор эмчлүүлэгчийн картад үзлэг хийсэн эмч бичсэн байна. Зүүн дээд 1 дүгээр шүдний /21/ 3-4-р зэргийн сулрал, баруун дээд 2 дугаар шүд /12/ болон баруун доод 2 шүдний /42/ 2-3-р зэргийн сулрал, түүшнээс салалт, доод уруулын салстад зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

8. Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

-Шүүгдэгч Я.О нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед Увс аймгийн .............. сумын 3 дугаар багийн нутаг, “Хиймэл нуур” гэх газарт “Мал нийлүүлсэн” гэх шалтгаанаар хөрш зэргэлдээ амьдардаг хохирогч Г.Штай маргалдан зодолдож, улмаар Г.Шын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, түүний үүдэн 2 шүдийг нь гэмтээсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ.

2. Шүүгдэгч Я.Огийн үйлдлийн улмаас хохирогч Г.Шын эрүүл мэндэд зүүн дээд 1 дүгээр шүдний /21/ 3-4-р зэргийн сулрал, баруун дээд 2 дугаар шүд /12/ болон баруун доод 2 шүдний /42/ 2-3-р зэргийн сулрал, түүшнээс салалт, доод уруулын салстад зулгаралт бүхий гэмтэл учирсан байх бөгөөд зүүн дээд 1 дүгээр шүдний /21/ 3-4-р зэргийн сулрал, баруун дээд 2 дугаар шүд /12/ болон баруун доод 2 шүдний /42/ 2-3-р зэргийн сулрал, түүшнээс салалт, доод уруулын салстад зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, шинэ гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

-Түүнчлэн хохирогч Г.Шын баруун дээд 1 дүгээр шүд, баруун доод 1 дүгээр шүд, зүүн доод 1,2 дугаар шүднүүд болон баруун дээд 4 ба түүнээс хойших, зүүн дээд 5 ба түүнээс хойшхи шүднүүд нь гэмт хэрэгт өртөхөөс өмнө унасан байсныг гэмтлийн зэрэгт хамааруулаагүйг шинжээч дүгнэлтдээ дурдсан байх бөгөөд Я.Огийн үйлдлийн улмаас хохирогч Г.Шын эрүүл мэндэд учирсан хохирол нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс буюу тухайн 3 шүд бэхжих болон зайлшгүй авагдах эсэхээс хамаарахыг шинжээч дүгнэлтдээ дурдсан байна.

3. Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн үйл баримт улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч Г.Шын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 15 дахь тал), гэрч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь), гэрч О.Бын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь), эрх бүхий шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дэх тал), шүүгдэгч Я.Огийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Т, О.Б нараас гэрчээр мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, хохирогч Г.Шын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч Г.Ш, гэрч Б.Т, О.Б нарын мэдүүлэг, 347 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч Я.О нь хохирогч Г.Шын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан, зодож, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Я.Ог  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Я.Огийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Шын үүдэн 2 шүд гэмтэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, гэмтлээс шалтгаалан хохирогчийн үүдэн 2 шүд нь суларч, бэхжих боломжгүй болж авахуулсан болох нь хохирогч Г.Ш, гэрч О.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.Огийн хохирогч Г.Шын нүүр тус газарт 1 удаа цохисон үйлдэл, хохирогчийн үүдэн 2 шүд гэмтэж, унасан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Я.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Я.Ог “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Я.О нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцаа шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

2. Гэмт хэрэг үйлдэгдэх үеэр шүүгдэгч Я.Огийн биед баруун, зүүн шуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй, алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болохыг эрх бүхий шинжээч тогтоосон байх тул Г.Шын үйлдэлд гэмт хэргийн шинж үгүйсгэгдэнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

2. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний эмч ажилтай, гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд “...Тухайн өдрийн амны хөндийн үзлэгээр хохирогч Г.Шын дээд 4, эрүүний 3 шүд, нийт 7 шүд хөдөлгөөнтэй байсан, үүнээс дээд үүдэн 2 шүд эмчлэгдэх боломжгүй гэмтэлтэй байсан” гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогчийн үүдэн 2 шүд гэмтлээс шалтгаалан суларч, эмчлэгдэх боломжгүй болсны улмаас авахуулсан болох нь хохирогч Г.Шын мэдүүлгээр нотлогдож байна.

3. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогч Г.Шын баруун дээд 1 дүгээр шүд, баруун доод 1 дүгээр шүд, зүүн доод 1,2 дугаар шүднүүд болон баруун дээд 4 ба түүнээс хойших, зүүн дээд 5 ба түүнээс хойшхи шүднүүд нь гэмт хэрэгт өртөхөөс өмнө унасан байсан нь тогтоогдож байна.

-Хохирогч Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт “Я.Од цохиулсны улмаас миний хиймэл шүдээ бэхэлж байсан үүдэн 2 шүд суларч унасан. Түүнээс болж би хиймэл шүдээ ч тогтоож чадахгүй, хоол идэх,  юм ярих зэрэгт хүндрэлтэй байгаа” гэх тайлбарыг гаргаснаас үзэхэд хохирогч Г.Ш нь шүүгдэгч Я.Од зодуулахаас өмнө хиймэл шүдтэй байсан, 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Я.Од нүүр хэсэгтээ цохиулсны улмаас түүний хиймэл шүд биш, хэвийн байсан үүдэн 2 шүд нь суларч унасан тул тэрээр хиймэл шүдээ ч бэхлэх боломжгүй болж хохирсон байна.

-Өөрөөр хэлбэл Я.Огийн гэм буруутай үйлдлээс болж хохирогч Г.Шын үүдэн 2 шүд унасан нь энэ гэмт хэргийн шууд хохирол бөгөөд хохирогчийн үүдэн шүд нь унасны улмаас хиймэл шүдээ бэхэлж тогтоох боломжгүй болсон нь энэ гэмт хэргийн хор уршиг юм.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу арилгахаар хуульд заажээ.

5. Тодруулбал: Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаас үзэхэд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх аргаар арилгах үүрэгтэй байна.

6. Хохирогч Г.Ш нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр гаргасан хүсэлтдээ гэмт хэргийн хохирол хор уршгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор сумаас удаа дараа ирж, буцсан тээврийн зардал 850.999 төгрөг, шүдээ эмчлүүлэхэд гарах зардал буюу 3 шүдний төлбөр 2500.000х3=7.500.000 төгрөг, /хиймэл шүдийг оруулсан/, өмгөөллийн хөлс 400.000 төгрөг, нийт 8.750.999 төгрөг нэхэмжилж, нотлох баримтаар Улаанбаатар хотод байрлах “Индранил” шүдний эмнэлгийн “Индранил дент шүдний эмнэлэгт инплант шүдэлбэр 2.000.000-2.500.000 төгрөг байгаа болно” гэх тодорхойлолт, шатахуун түгээс станцаас бензин авсан тухай 3 ширхэг НӨАТ-ын баримт, ХААН банкны гүйлгээний баримт, өөрийн эхнэр Б.Тийн ХААН банкны 5801067016 дугаартай дансны хуулга, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэргийг хавсаргажээ.

-Үүнээс Увс аймгийн .............. сумын шатахуун түгээс станцаас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр авсан гэх шатахууны төлбөр 115.000 төгрөг /НӨАТ-ын баримтаар/, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус шатахуун түгээх станцаас авсан гэх шатахууны төлбөр 150.000 төгрөг /НӨАТ-ын баримтаар/, Б.Тийн дансны хуулгаар нотлогдож байгаа 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр .............. сумын шатахуун түгээх станцаас авсан гэх шатахууны төлбөр 100.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр .............. сумын шатахуун түгээх станцаас авсан гэх шатахууны төлбөр 99.999 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Увс шатахуун түгээх станцаас авсан гэх шатахууны төлбөр 33.176 төгрөг, нийт 498.175 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, Я.Огаас гаргуулж, хохирогч Г.Шт олгож, бодит хохиролд нэхэмжилсэн 850.999 төгрөгийн үлдэх хэсэг болох  352.824 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Я.О нь шүүхийн шатанд хохирогч Г.Шт гэмт хэргийн хор уршигт 400.000 төгрөг төлснийг шүүхээс төлүүлэхээр тогтоосон дээрх 498.175 төгрөгөөс хасаж тооцон, үлдэх 98.175 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох үндэслэлтэй.

Шүүгдэгч Я.О нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө шүүхээс төлүүлэхээр тогтоосон 98.175 төгрөгийн хохиролд 100.000 төгрөгийг хохирогч Г.Шын эхнэр Б.Тийн ХААН банк дахь 5801067016 дугаартай дансанд төлсөн болох нь  2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Я.Огаас нотлох баримтаар гаргуулах хохирол, хор уршиг байхгүй гэж үзлээ.

7. Хохирогч Г.Шаас шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Ундарга Увс шатахуун түгээх станцаас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр авсан гэх 63.028 төгрөгийн шатахууны төлбөрийн баримт нь Увс аймгийн .............. сумын шатахуун түгээс станцаас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр авсан гэх 115.000 төгрөгийн шатахууны төлбөрийн баримттай цаг хугацааны хувьд давхцаж байгаа, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байх тул Ундарга Увс шатахуун түгээх станцаас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 07 цаг 07 минутад авсан 63.028 төгрөгийн шатахууны төлбөрийн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Түүнчлэн хохирогч Г.Шын эхнэр Б.Тийн дансны хуулгаар нотлогдож байгаа гэх 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 100.000 төгрөгийн зарлагын эх сурвалж тодорхойгүй, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 101.500 төгрөгийн зарлага нь гэмт хэргийн хохиролтой хамааралгүй, 2022 оны 8 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зарлагадсан 250.000 төгрөгөөр машиндаа сэлбэг авч тавьсан гэж хохирогч Г.Ш мэдүүлсэн тул эдгээрийг гэмт хэргийн хохиролд тооцох үндэслэлгүй, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Шинэ-Улаангом захын АТМ-с авсан 113.000 төгрөгийг гэмт хэргийн хохирол, хор уршигт зарцуулсан эсэх нь тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг хохирлын нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.

8. Хохирогч Г.Ш нь өмгөөллийн хөлсөнд 400.000 төгрөг нэхэмжилснийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирогч нь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд заавал өмгөөлөгч авахыг хуулиар үүрэг болгоогүй ба хохирогч өмгөөлөгч сонгож авснаар хууль зүйн хувьд түүний эрх зүйн байдал дээрдэж, давуу байдал бий болж байгааг гэмт хэргийн хохирол, хор уршиг гэж үзэх үндэслэлгүй байна.

-Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “өмгөөлөгчид төлөх зардал”-ыг оруулж тооцохоор заасан нь “томилогдсон өмгөөлөгч”-д хамаарах агуулга бүхий байна гэж үзлээ. Иймд хохирогч Г.Шаас гэмт хэргийн хохиролд тооцож нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Хохирогч Г.Ш нь гэмт хэргийн шууд хохиролд 3 шүдний үнэ 7.500.000 төгрөг нэхэмжилжээ. Ингэхдээ “Индранил” шүдний эмнэлгийн “Индранил дент шүдний эмнэлэгт инплант шүдэлбэр 2.000.000-2.500.000 төгрөг байгаа болно” гэх тодорхойлолтыг үндэслэн нэг шүдийг 2.500.000 төгрөгөөр тооцож, нийт 3 шүдний үнэ 7.500.000 төгрөг нэхэмжилсэн байна.

- Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар хохирогч Г.Ш нь гэмт хэрэгт өртөж, үүдэн 2 шүдээ авахуулсан нь тогтоогдсон, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилаагүй нь илэрхий байх боловч шүүхээс хохирогчид ирээдүйд гарах энэхүү хохирлыг нотлох баримтад үндэслэхгүйгээр урьдчилж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

-Иймд хохирогч Г.Ш нь гэмтлийн улмаас авахуулсан үүдэн 2 шүдээ хийлгэсний дараа гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Я.Огаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 1. Шүүгдэгч Я.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Я.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас 2 сарын хугацаанд явахыг хориглох буюу Увс аймгийн .............. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч Я.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Я.О нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлын хувьд 1-9 дүгээр ангийн 4 хүүхэдтэй. .............. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт мал маллаж амьдардаг. Одоогийн байдлаар .............. суманд цас их орсон учир малаа Тэс суманд отор нүүдэл хийж өвөлжүүлэх шаардлагатай байгаа. .............. сумын төвд хүүхдүүд нь хичээл сургуульд явдаг. Эхнэр нь хүүхдүүдээ харж, хандаж, хичээл сургуульд нь явуулдаг. Я.О нь ганцаараа хөдөө малаа малладаг. Иймд Я.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Хохирогчийн өмгөөлөгч Ө.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Я.О нь шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх тайлбарыг,

5. Хохирогч Г.Ш нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Я.Од оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар санал байхгүй” гэх мэдүүлгийг,  

6. Шүүгдэгч Я.О эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би өөрөө малаа малладаг. .............. цас их орсон өвөлжилтийн байдал хүнд байгаа. Тиймээс би Тэс суманд малаа өвөлжүүлэхээр явж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Я.О урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 54 дэх тал),  

-Шүүгдэгч Я.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь тогтоогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.

-Шүүгдэгч Я.О нь 1981 оны ... дугаар сарын 03-нд төрсөн, 41 настай, ам бүл 6, эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувьдаа 800 гаруй толгой малтай, мал маллаж амьдардаг, өрхийн амьжиргааны түвшингийн оноо 409-ээс дээгүүр, Y-1..... улсын бүртгэлийн дугаартай, Увс аймгийн .............. сумын 1 дүгээр багт байрлалтай, 78м2 хувийн сууцтай гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

-Шүүгдэгч Я.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маргаагүй хэдий ч хохирогч Г.Шаас нэхэмжилсэн хохирол хор уршгийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, хохирол, хор уршгийг арилгах талаар төдийлөн санаачлага гаргаагүй, шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршигт 500.000 төгрөг төлсөн, Г.Шт учирсан хор уршиг бүрэн арилаагүй нь илэрхий байхад цаашид хохирогчийн шүд хийлгэхтэй холбоотой гарах зардлыг төлөхөө бодитой илэрхийлээгүй зэргээр гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлагыг түүний хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй байна.

-Иймд шүүгдэгч Я.Од гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Од 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

8. Улсын яллагч нь шүүгдэгч Я.Од 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ял нь хамгийн хүнд төрлийн ял юм.

-Шүүгдэгч Я.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хувийн байдлын хувьд амьжиргааны 800 гаруй толгой мал маллаж, гэр бүл, бага насны хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг, хохиролд 500.000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэх нь дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирохгүй гэж шүүх үзлээ.

-Шүүгдэгч Я.О болон түүний өмгөөлөгчөөс шүүгдэгч Я.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ оногдуулах санал гаргасан нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирохгүй гэж үзлээ.

9. Шүүгдэгч Я.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Я.Од  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ягийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Од 280 (хоёр зуун ная)-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 280 (хоёр зуун ная)-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 8.750.999 төгрөгөөс өмгөөллийн хөлс 400.000 төгрөг, бензиний зардалд нэхэмжилсэн 352.824 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, баримтаар нотлогдож байгаа бензиний зардал 498.175 төгрөгөөс шүүгдэгч Я.О 500.000 төгрөгийг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Я.Огаас мөнгөн хэлбэрээр гаргуулах хохирол, хор уршиг байхгүй болохыг дурдсугай.

6. Хохирогч Г.Шаас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн, шүдний үнэ 7.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.Ш нь гэмтлийн улмаас авахуулсан үүдэн 2 шүдээ хийлгэж, эмчлүүлсний дараа гарсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч Я.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА