Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 00774

 

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/00774

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат, ... байрны ... тоотод оршин суух, Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд- Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд амарын гудамж, өөрийн байранд байрлах, Х ХХК,

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                   

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлтэй иргэн надад холбогдох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан шүүхийн шүүгчийн 2016-04-28-ны өдрийн 3471 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулахдаа хууль зөрчин явуулсан. Энэ талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хуульд нийсэн гэж шийдвэрлэсэн гомдлын хариуг Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2018-10-19-ний өдрийн 4/73 дугаартай тогтоолоор, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2018-12-3-ны өдрийн 4/2474 дугаартай албан тоотоор тус тус мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зохион байгуулсан 2018-05-11-ний өдрийн дуудлага худалдаанд нэхэмжлэгч Хас банк оролцон улмаар дуудлага худалдааны ялагч болсон нь хууль журмуудыг зөрчсөн, илэрхий ашиг сонирхолын зөрчил бүхий хууль зөрчсөн ажиллагаа болсон. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.8 дахь заалт буюу уралдаанд ялагч нь уралдааныг зохион байгуулах комиссоос урьдчилан тодорхойлсноор хамгийн сайн нөхцөлийг хангасан этгээд байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол үнэ хаялцуулах ажиллагааны хэлбэрийг уг эд хөрөнгийн өмчлөгч буюу эд хөрөнгийн эрх эзэмшигч тогтооно гэсэн заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 197 дугаар зүйлээр тогтоосон журам болон Банкны тухай хууль тогтоомж, түүнийг дагалдах дүрэм журмууд, Банкны олон улсын стандарт, банкны ёс зүйн дүрмийг тус тус зөрчин, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй явагдсан нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018-05-11-ний өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Банк энэ дуудлага худалдаанд өөрөө оролцох эрхгүй гэж ойлгож байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3471 дүгээр захирамжаар Б.Т 56 014 481 төгрөгийг гаргуулж Хас банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16290967 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж тус газрын 2016 оны 3/33852 дугаар албан бичгээр үл  хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Тананцэцэгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 11 дүгээр байр 31 тоот хаягт байрлах орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр битүүмжилж, 2016-12-01-ний өдрийн тогтоолоор хураасан. Өмчлөгч Б.Т үл хөдлөх хөрөнгийн  үнийн санал ирүүлэхэд 2016 11 29 3/37973, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3/38522, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 3/2687 дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн саналаа  ирүүлээгүй тул тухайн үеийн мөрдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр томилон, 62 000 000 төгрөгөөр үнэлсэн. 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төлбөр төлөгч анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 4/7519 дугаар албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгчийн гар утасруу залгаж, төлбөр төлөгчийн оршин суугаа хаягаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаа нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч Б.Тананцэцэгийн өмчлөлийн дээрх  орон сууц 45 400 000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 138/075 дугаар тогтоолоор мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2 дэх хэсэгт зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд мөн Иргэний хуулийн  175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлад худалдаанд оролцох эрхтэй гэж заасан байдаг. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч Б.Т 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Тнь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 42,5 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай авсан. Зээл авснаас хойш үндсэн зээл 4,2 сая төгрөг, зээлийн хүү 4,9 төгрөг төлсөн байдаг. 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлөлтөө төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3471 тоот захирамжаар хариуцагчаас зээлийн төлбөрт 60 414 251 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 460 022 төгрөгийг гаргуулж Х олгох, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2206001118 Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 11 дүгээр байр 31 тоот 59 мкв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 3238 дугаар албадан гүйцэтгүүлэх захирамж гарч мөн өдрийн 288 дугаар гүйцэтгэх хуудас гарсан. Шийдвэр  гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч 62 000 000 төгрөгөөр үнэлсэн. 2018 оны 5 дугаар сард анхны албадан дуудлага худалдааг явуулсан байдаг.  Манайх анхны албадан дуудлага худалдаанд орж барьцаа хөрөнгийг худалдаж авсан байгаа. Өмнө нь мөн жилийн хугацаанд үйл ажиллагаа хойшилсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаад 2017 оны 4 сард түдгэлзэж байсан. Бүтэн жилийн дараа 2018 оны 3 дугаар сард дээд шүүхийн тогтоол гарч дахиж ажиллагаа явагдаж 2018 оны 5 дугаар сард албадан дуудлага худалдаа явагдсан. Банк бол 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнгөрсөн 4 жилийн хугацаанд  энэ хүн нэг ч төгрөг төлөөгүй. Зөвхөн ажиллагааг хойшлуулах цаг авах гэсэн үйлдэл гаргаж байна. Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулд төлбөр авагч дуудлага худалдаанд оролцож болно гэсний дагуу барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар авсан болно гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Тнь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явагдсан албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахаар шаарджээ /хх-1-2/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Т төлбөр авагч Х ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2019/02155 дугаар захирамжаар Х ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан /хх-24-29, 30/ бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг болно.

 

Нэхэмжлэгч Б.Тнь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03471 дугаартай талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар /хх-10-11, 40-41/ 60.414.258 төгрөгийг Х ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталсан байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр олгосон 102/ГХ2015/00288 дугаартай /хх-39/ гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16290967 дугаар тогтоолоор /хх-51/ үүсгэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч тал маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Б.Тнь Х ХХК-д төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлсэн талаар хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна /хх-38-93/.

 

Төлбөр төлөгч Б.Тнь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат хороолол, 11-р байрны 31 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206001118 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 138/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг нь нэхэмжлэгчийн ээж Жавзандуламд хариуцуулсан, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 138/01 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг төлбөрт хураасан байна /хх-54, 58/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/36973, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3/38522, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3/2687 дугаартай албан бичгээр /хх-60, 61, 64/ нэхэмжлэгч Б.Тананцэцэгт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох тухай мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат хороолол, 11-р байрны 31 тоотод байрлах орон сууцны үнэлгээ тогтоох шинжээчээр “Итгэлт эстимэйт” ХХК-ийг томилсон байна /хх-67/.

 

Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байх тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох “Итгэлт эстимэйт” ХХК нь дээрх орон сууцны зах зээлийн үнийг 62.000.000 төгрөг болохыг тодорхойлж үнэлгээний тайланд дурдсан байх /хх-68-71/ бөгөөд нэхэмжлэгч Б.Тдээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байсан талаар хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3/5514 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Б.Т түүний өмчлөлийн төлбөрт хураагдсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 62.000.000 төгрөгний 70 хувь болох 43.400.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох талаар мэдэгдсэн мэдэгдлийг нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан байна /хх-72/.

 

Төлбөр төлөгч Б.Тананцэцэгийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206001118 дугаартай, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат хороолол, 11-р байрны 31 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 3/7 дугаартай тогтоол 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гарсан байх бөгөөд анхны албадан дуудлага худалдаа 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 3/7864 дугаартай албан бичгээр мэдэгдэж Б.Т шуудангаар хүргүүлсэн /хх-79, 80, 81/,

албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 5/24 дугаартай тогтоол 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гарсан байх бөгөөд анхны албадан дуудлага худалдаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 4/7419 дугаартай албан бичгээр мэдэгдэж Б.Т шуудангаар хүргүүлсэн /хх-83, 84, 85, 86/ шийдвэр гүйцэтгэлийн эдгээр ажиллагаанд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй байна.

 

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2 санал ирж, Ч.У нь 44.900.000 төгрөгийн, Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х 45.400.000 төгрөгийн үнийн санал гаргаснаар ялагч болсноор нэхэмжлэгч Б.Т 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан /хх-87-91, 92/, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар хоёр оролцогч оролцсон талаарх болон дуудлага худалдаагаар түүний орон сууц худалдан борлогдсон, 14 хоногийн дотор төлбөр төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид орон сууцыг шилжүүлэх талаар шийдвэр гүйцэтгэгч уулзсан тэмдэглэлд нэхэмжлэгч Б.Тгарын үсэг зурж, “ойлголоо, дүү зохицуулах байх” гэсэн тайлбар өгсөн байна /хх-93/.

 

Тиймээс нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд хоёр оролцогч оролцсон талаар мэдсэн, хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд тухайн дуудлага худалдааны ялагч нь Х ХХК байх бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн төлбөр авагч Хас банк тухайн дуудлага худалдаанд оролцох эрхгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Учир нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-д “үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй” гэж, хуулийн 197 дугаар зүйлийн 197.11-д “нээлттэй дуудлага худалдаа, уралдаанд ямар ч этгээд оролцож болно” гэж зааснаар Х ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргаж, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.17-д зааснаар 2018-05-09-ний өдөр дэнчингийн төлбөрт 4.340.000 төгрөгийг төлсөн байна.

 

Үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээд болон ажиллагаа зохион байгуулагч дуудлага худалдаа, уралдааны үр дүнгийн тухай тэмдэглэлд явуулсан өдөрт нь гарын үсэг зурснаар тухайн тэмдэглэл гэрээний адил хүчинтэй байх бөгөөд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны ялагч буюу Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х тэмдэглэлд гарын үсэг зурснаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл хүчин төгөлдөр болсон байна /хх-87-91/.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Түнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байсан талаар хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар буюу “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” байна.

 

Уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үүссэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ажиллагаа цаг хугацааны хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн үйчлэлд хамаарах хэдий ч нэхэмжлэлийн шаардлага болох албадан дуудлага худалдаа 2018 оны 05 дугаар сарын 11-нд явагдсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хуулийг баримталсан болно /хх-51, 87/.

 

Мөн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны дагуу Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат хороолол, 11-р байрны 31 тоотод байрлах орон сууцыг дуудлага худалдааны ялагч Х ХХК-д шилжүүлээгүй, нэхэмжлэгч одоо амьдарч байгаа талаар зохигчид тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн албадан дуудлага худалдаанд төлбөр авагч Хас банк оролцох эрхгүй гэх үндэслэлээр 2018-05-11-ний өдөр явагдсан албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Учир нь төлбөр төлөгч Б.Тшүүхийн шийдвэрээр баталгаажсан 1330021407 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.

 

Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй тул төлбөр авагч дуудлага худалдаанд оролцох эрхгүй талаарх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, 197 дугаар зүйлийн 197.11, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны дагуу Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат хороолол, 11-р байрны 31 тоотод байрлах орон сууцыг дуудлага худалдааны ялагч Хас банк ХХК-д шилжүүлээгүй, нэхэмжлэгч одоо амьдарч байгаа талаар зохигчид тайлбарласан болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Д.Я